WATV.org is provided in English. Would you like to change to English?

March 25, 2021

Ээж минь хөгжөөн дэмжигчдийн ахлагч

Кори Даниэл Макклеллан, АНУ NY Нью Виндсор

143 읽음
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Би бага залуудаа усанд сэлэгч байсан юм. Ихэнх сэлэгчдээс арай хожуу эхэлсэн болохоор нэлээн тааруухан байсан л даа. Баг дотроо хамгийн муу нь байсан болохоор өөрийгөө хэзээ ч тэднийг гүйцэхгүй юм байна гэж бодож байлаа. Орой болгон би гэртээ уйлсаар ирж, тэгээд ээждээ усанд сэлэхээ болимоор байгаагаа зөндөө хэлж билээ. Тэгтэл ээж үргэлж надад урам зориг өгч, болилгүй зүгээр л яаж ийгээд таслалгүй байж байгаад дасгал сургуулилт уйгагүй хийвэл багийнхаа хамгийн мундаг нь болно гэж хэлдэг байлаа.

Ээжийн маань зөв байлаа. Би чадлынхаа хэрээр уйгагүй бэлтгэл хийж, бэлтгэлдээ ирэх болгонд улам л хурдан сэлдэг болоод байв. Энэ үедээ би нээрээ л багийнхаа хамгийн хурдан сэлдгүүдийн нэг болж, тэр ч байтугай бүр хэрхэн усанд сайн сэлдэг болохыг хүмүүст заах хэмжээнд болсон юм. Ээж минь надаар маш их бахархана. Намайг богино хугацаанд яаж ийм сайн сэлдэг болсныг хүмүүст сайрхан ярихыг нь би байнга л сонсдог байв.

Ээж маань бэлтгэл болгон дээр ирдэг болж, ингэхийгээ намайг сайжрахад тус болж байгаа мэтээр бодно. Ээж бүр бэлтгэл цуглаан дээр цаг зав гарган, сайн дураараа хэрхэн арын зохион байгуулагч болох талаар сургалтанд суун, арын албаныхантай хамт ажиллах болов. Биднийг эв нэгдэлтэй байлгахын тулд ээж манай багийн хүн тус бүрд хөнжил хүртэл хийж өгсөн юм. Манай багийг санхүүгээр дэмжин, бэлтгэлийн үеэр зуушны мухлаг нээж ажиллуулна.

Гэвч би ээжээсээ ичихийг яана. Ялангуяа ээж намайг дэмжиж, байдаг хоолойгоороо хашхирахад нь би ичээд бөөн юм болж, усан сэлэлтийн тэмцээнээсээ гарч ирэнгүүтээ ээжээс зугтаж, ээж рүүгээ огт хардаггүй байлаа. Хүмүүс ээжийг маань “хөгжөөн дэмжигч ээж” гэдгээр нь мэддэг болсон нь ч надад бас л таалагдаагүй. Гэхдээ миний ээж намайг тасралтгүй зоригжуулж, урмыг минь хэзээ ч хугалалгүй олон жил байнга дэмжиж ирсэн дээ.

Усан сэлэлтэндээ би дээд амжилтаа эвдэх зорилго тавин, цөхрөлтгүй хичээж байсан юм. Гол тэмцээн маань 50 ярдын (45.72м) газар чөлөөт сэлэлт хийх байв. Бүтэн жил хагасын хугацаанд сургуулилт хийхдээ би 30 секундыг ер эвдэж үзээгүй. Амжилтаа эвдэх боломж тохиох улирлын хамгийн сүүлийн тэмцээн боллоо.

Тэр өдөр би урьдчилсан шалгаруулт дээр хамгийн хурдан нь байсан хэрнээ шувтаргын тэмцээнд хамгийн гадна талын эгнээнд байрлалтайгаар уралдах болов. Энэ нь надад ашиггүй гэсэн үг л дээ. Учир нь гадна талын эгнээгээр явах тусам бусад тамирчдын урсгалын эсрэг илүү хүч гарган сэлэх хэрэгтэй болдог юм. Дотроо би хэдийн ялагдчихаад байв.

Нүдний шилээ тавиад, өөрийнхөө хэсэг дээр байраа эзэлтэл ээж намайг дэмжиж чанга хашхирч байгаа нь сонсогдлоо. Энэ удаа би ээжийгээ дуугаа аядаасай гэж бодоогүйгээр үл барам харин ч анхааралтай сонслоо. “Чи чадна аа! Бүү санаа зов! Зүгээр л өөрийгөө гол дунд нь байна гэж төсөөлөөрэй! Өнөөдөр чи 30 секундээ эвдэнэ ээ! Миний охин 30 секундээ эвдэх болно!” гэх нь тэр.

Ээжийгээ би тэгтлээ чанга хөгжөөн дэмжиж байгааг ер сонсож байгаагүй юм. Ус руу шумбан орохдоо би зөвхөн ээжийнхээ дуунд л анхаарлаа төвлөрүүлж байлаа. Ойр тойронд маань юу байгааг, хэн өмнө минь байгааг, хэр их зам надад үлдсэнийг гээд харж чадахгүй бүгдийг ээж хэлж өгсөн юм. Эгнээнийхээ төгсгөлд ирж, хана цохихдоо би ээжийнхээ хашхирах дууг сонслоо.

Ээж дахин дахин чанга хашхирсаар л байлаа. Би цаг харсан ч үгүй, ум хумгүй ээжийнхээ царайг олж харах санаатай хайв. Ээжийгээ хараад би ч бас ялалтын дуу хадаан байдгаараа хашхирав. Тэгээд шууд л ээж рүүгээ гүйн очиж, хамтдаа дээр дээр үсрэв.

“Чадна гэж ээж нь мэдэж байсан юм аа!”

Ээжийн минь нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. Миний айдас, итгэлгүй байдал, бардам зан зэргийг үргээсэн ээжийнхээ хашхирах дууг сонссондоо л би 30 секундын амжилтаа эвдэж чадсан юм. Ээжийнхээ ачаар л энэ амжилтанд хүрсэн. Намайг удаан сэлэхэд, мөн багийнхандаа саад төвөг болоход минь ээж надаас огт ичиж байгаагүй шүү дээ. Ээжтэйгээ би яаж тийм хүйтэн харьцаж чадаж байсан юм бол оо? Би өөрөөсөө ичиж, зүгээр л ээжийгээ зууран уйлсаар л байлаа.

Тэр өдрөөс хойш би тэмцээн дуусав уу үгүй юү ээж дээрээ гүйн очдог болов. Тэгээд ээж шигээ адилхан бусдыг дэмжин хашхирах болсон. Талархууштай нь ээж бид хоёр хоёулаа “хөгжөөн дэмжигчдийн ахлагч” гэж нэрлэгдэх болсон доо. Усан бассейнд ээжийнхээ хөгжөөн дэмжиж байгааг харахаа больсон ч гэлээ ээж минь одоо ч миний хөгжөөн дэмжигч хэвээрээ. Насан үүрд амьдралыг минь өгөөмөр сэтгэлээр хөгжөөн дэмждэг үүрдийн хөгжөөн дэмжигч бол миний ээж.

FacebookTwitterEmailLineKakaoSMS