WATV.org is provided in English. Would you like to change to English?

Амийн цаг хугацааны капсул болох үр

600 Үзсэн тоо
FacebookTwitterEmailLineKakaoSMS

Аливаа юмсыг дурсамжтай нь хамт хадгалж байдаг цаг хугацааны капсулыг урт удаан хугацааны дараа нээдэг. Хамгийн анх цаг хугацааны капсулыг 1939 онд Нью Йоркт болсон дэлхийн үзэсгэлэн яармаг дээр газарт булсан ажээ. Тэгээд 5000 жилийн дараа буюу 6939 онд нээсэн байна.

Амьд биетийн дунд урт удаан хугацааны зовлон тэсвэрлэн байж амьдран, цэцэглэдэг зүйл бол үр. Хамгийн эртний цаг хугацааны капсул 100 жилээс ч бага байдаг байхад Израильд олдсон 2000 жилийн настай үрнээс далдуу мод нахиалжээ. Ургамлын ийм бат бөх үр хэрхэн бий болдог вэ?

Ургамлын хамгийн олон төрөл зүйл болох цэцэгт ургамал (ангиосперм) нь цэцгийн тоос үр боловсрох оронд хүрч нэвтэрснээр үр үүсэж боловсордог. Хөдөлдөггүйгээрээ амьтнаас ялгаатай ургамал ногооны тухайд ус, салхи, хорхой шавьж, шувуу зэргийн тусламжтайгаар хөдөлж, дохиурын толгой болох үр тогтох оронд тоос хүртээнэ.

Тоосонцор нь үр тогтох оронд наалдаж тогтсон хэрнээ үр боловсрох хүртлээ урт зам туулдаг аж. Тиймээс тоосонцор нь урт гуурс маягтай ургадаг. Тоосонцрын гуурс нь үр тогтох оронд хүрэхэд цэцгийн тоосны бөөм уг гуурсаар доошилж, улмаар үр тогтоно. Үүний дараа цэцэг нь төд удалгүй хатаж, уг ургамал үр боловсруулахад бэлэн болдог байна.

Дэлхий дээрх хамгийн том үр далайн эргээр хийсэх явцдаа далайн эрэг рүү урсдаг болохоор нь ийн нэрлэсэн “коко де мер” (далайн кокос) юм. Үүнийг зарим үед Сейшелийн самар гэж нэрлэдэг. Сагсан бөмбөг шиг том хэмжээтэй, 20 кг жинтэй. Эсрэгээрээ хамгийн жижиг үр цахирмаа цэцгээс гардаг, тоос шиг өчүүхэн, нэг граммын 100000-ны нэг хувьтай тэнцдэг байна.

Төрөл зүйл бүр ялимгүй ялгаатай боловч ерөнхийдөө үр нь ургамлын их бие болох үр хөврөл, үр соёололтонд шаардлагатай шим тэжээлийг хадгалдаг эндосперм, үрийг хамгаалдаг үрийн хальс зэргээс бүрддэг. Угжаа барьсан хүүхэд өлгийдөө унтаж байгаа юм шиг байдалтайгаар үр харагддаг. Урт удаан хугацаанд ээжийнхээ асрамжинд байдаг хүмүүсээс ялгаатай нь ургамал эхээсээ эрт салж тусгаарлагддаг тул тэд эхийнхээ хайрыг авсан даруйдаа ертөнцөд гарч ирдэг байна.

Ургамлын их биенээс унасан ихэнх үр тодорхой хугацаанд нахиалалгүй унтаж байдаг. Үүнийг үрийн унтаа байдал гэж нэрлэдэг аж. Хэрэв үр газар унасан даруйдаа нахиалдаг байсан бол ирэх өвөлдөө хөлдөх юм. Тиймээс ургах таатай орчин ирэхийг үр хүлээж байдаг байна. Цаг улирал, температур, хөрсний чийгшил зэрэг тохирсон үед л үр сэрж байхаар цаанаасаа программчилагдсан байдаг. Тиймдээ ч орчин нөхцөл таатай болох үед үр соёолж нахиалж эхэлдэг байна. Зарим унтаа үрд температурын өөрчлөлт мэтийн физиологийн боловсруулалт шаардагддаг. Зарим үр янз бүрийн байдлаар соёололт нь удаашрах юм уу эсвэл үрийн хальс нь хатуугаас болоод ус шингээж авч чаддаггүй.

Үр тариа боловсруулдаг тариаланчдын хувьд үрийг хурдан, нэгэн жигд соёолдог байхыг хүсдэг. Тиймээс тэд орчин нөхцөлийг нь өөрчилж унтаа байдалд буй үрийг сэрээдэг. Тэд үрийг нойтон элстэй хольж хөрсөнд булах, эсвэл хөлдөөгчинд тодорхой хугацаанд байлгаж, температурын зөрүүг мэдрүүлэн, соёолох цаг болсныг үрэнд мэдүүлдэг. Үрийн хальс маш хатуу байх тохиолдолд хэдий харгис хатуу мэт санагдавч тариаланчид үрийг элстэй холин зуурч, хальсыг нь хагалах үүднээс зуурмагтаа нунтаглан хийх юм уу хүхрийн хүчил гэх мэт химийн бодисонд гаднах хальсыг нь уусгах нь бий. Зарим үед тэд температурыг -190°C хэм хүртэл бууруулж, шингэн агаар ашиглан эсвэл үрийг нь 100°C хэм ба түүнээс дээш температурт хадгалж, соёололт удаашруулагчийг нь идэвхгүй болгодог.

Соёолохоос өмнө үр таван хувиас бага чийгшилтэйгээр бодисын солилцооны урвал удаан явагдана. Хуурай үрэнд амьдрах шинж тэмдэг огт харагддаггүй тул үхсэн үр шиг байдаг. Гэвч тийм үр ус шингээж авахаараа хөөж, хальс нь хагаран, соёолоход бэлэн болдог. Ус бол үр соёололтонд зайлшгүй шаардлагатай элемент юм. Үрний төрөл зүйл бүр соёолох өөрийн гэсэн тодорхой температуртай байдаг. Соёололтын үедээ байгаа үр фотосинтез явагдахгүй, зөвхөн амьтан шиг амьсгалдаг тул хүчилтөрөгчийн хангамж зайлшгүй шаардлагатай. Салатны навч, инжрийн модны үр зөвхөн гэрэлд ургадаг байхад өргөст хэмх, улаан лоолийн үр эсрэгээрээ гэрэлгүй үед соёолж нахиалдаг. Энэ мэтээр ус, температур, хүчилтөрөгч, гэрэл гээд өөр өөрт нь зохицох үед л үр ургадаг юм.

Үрийн онцлог шинжийг ашиглан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) Хойд туйлын тойрог дахь Свалбард газар доор үр хадгалах байгууламж барьж, үйл ажиллагаа явуулаад байна. Уг үр хадгалах байгууламжийг уур амьсгалын өөрчлөлт мэтээр ирээдүйд дэлхий дахиныг хамрах гамшигт бэлдэх зорилгоор барьсан бөгөөд түүнийг “Ертөнцийн төгсгөлийн зоорь” (“Doomsday Vault”) буюу “Орчин цагийн Ноагийн бүхээг” (“Modern Noah’s Ark”) гэж тайлбарладаг. Одоо дэлхий дээр 1400 гаруй богино болон урт хугацааны үр агуулах зоорь байдаг.

Жижиг үр маш сул дорой харагддаг. Гэсэн хэдий ч хүйтэн, хатуу өвлийг давж, соёолсныхоо дараа жижиг үрэнд нуугдсан байсан хүч чадал нь илэрдэг. Соёолж буй үр бидний бодож байснаас ч хавьгүй хүчирхэг байдаг аж. Тиймдээ ч “Үр соёолоход будаа ачсан модон завь хоёр хуваагдаж, үр тариа хадгалдаг амбаар эвдэрнэ” гэсэн үг байдаг.

Соёололт эхэлмэгц үр хөврөл эндоспермийг шим тэжээл болгон авч, улмаар өсдөг. Фотосинтез явагдах навч байхгүй болохоор үр хөврөл амьсгалж байгаа хэдий ч өөрөө өөрийгөө шим тэжээлээр хангаж чадахгүй. Үр хөврөл өсөж ургахын хэрээр үрийн шим тэжээл аажмаар буурдаг. Гэсэн хэдий ч шар нахиа ургаж, ногоон хлорофилл үүсэх үед аажмаар фотосинтез явагдаж эхэлдэг бөгөөд үндэс нь шим тэжээлийг шууд шингээж авах хэмжээний хүчтэй болдог байна. Тийнхүү жижиг дорой үр бага багаар өөрчлөгдөж, эх ургамалтайгаа адилхан болж эхэлдэг ажээ.

АНУ-ын Калифорниад дэлхий дээрх хамгийн том амьд мод байдаг нь “Генерал Шерман” хэмээх хочтой аварга секвоиа мод юм. Иргэний дайны үеийн жанжны нэрээр нэрлэгдсэн энэ мод ойролцоогоор 83 метр өндөр, доод хэсгээрээ 31 метр орчим өргөн байв. Зургаан тийрэлтэт онгоц нийлүүлснээс том хэмжээтэй “Генерал Шерман” мод 2000 жилийн өмнө ердөө 1/6000 грамм жижиг үрнээс эхэлсэн юм. Бидний уншдаг ном, суудаг модон сандал ч хүртэл өчүүхэн жижиг үрнээс эхэлсэн юм шүү.

Үхсэн мэт санагдам үр урт удаан хугацааны тэвчээрээр сэргэж, нахиалж, цэцэглэж байгаа нь үнэхээрийн ер бусын, үнэхээрийн гайхамшигтай. Цаг хугацааны капсул гэгч зүйл цаг хугацаа өнгөрөх тусам хуучин юмыг хадгалдаг шиг аливаа ургамлын үр гэгч зүйл удаан хугацааны дараа ч арилахааргүй амийн хүчийг агуулдаг байна. Жижигхэн үрний амийн нууц үнэхээрийн гүн гүнзгий билээ.

Ашигласан материал
“Ургамлын физиологийн удиртгал (Norman P. A. Hüner, Introduction to Plant Physiology)”, Жон Вили &Сонс хэвлэлийн газар, 2009 он
Сивертаун Жонаттан “Үл үзэгдэх үр жимс тариалалт: Үр боловсрох байгалийн түүх, (An Orchard Invisible: A Natural History of Seeds)”, Чикаго их сургуулийн хэвлэлийн газар, 2009 он