Гичний үр доторх тэнгэрийн хаанчлал

419 Үзсэн тоо

Бурхан хамгийн өчүүхэн зүйлээр ч хүртэл агуу түүхээ гүйцэлдүүлж, харахад ялихгүй жаахан юманд ч гүн хүслээ шингээсэн байдгийг бид Библиэс харж болно.

“Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” хэмээн зөгнөснийх нь дагуу өчүүхэн сул дорой Бурханы сүмд сайн мэдээний агуу түүх гарсаар байна (Иса 60:22). Одоо сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж байгаагаас үзвэл чадвар маруухан итгэгч нар зөгнөлд итгэдэг тэрхүү итгэлээрээ Самари ба дэлхийн хязгаар хүртэл явж, үндэстнүүдэд Бурханы яруу алдрыг их гаргаж байна. Ийнхүү “Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно” гэсэн нь сайн мэдээ тунхаглагдах онцлог гэхэд болно.

Сайн хөрсөнд цацагдсан үр

Есүс бидэнд “Гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү” гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно” хэмээсэн байдаг (Мат 17:20). Мөн тэнгэрийн хаанчлалын зүй тогтлыг гичний үртэй зүйрлэж тайлбарласан юм.

“Есүс тэдэнд өөр нэгэн сургаалт зүйрлэл хэлэхдээ —Тэнгэрийн хаанчлал нь хүний авч, цэцэрлэгтээ суулгасан гичний үр мэт юм. Энэ нь бусад бүх үрээс жижигхэн боловч ургахдаа ургамал ногооноос илүү томорч, мод болдог тул тэнгэрийн шувууд ирж, мөчрүүд дээр нь үүрээ засдаг юм гэлээ.” Мат 13:31-32

Энд гичний үр гэж хамгийн жижиг зүйлийг зааж байна. Үрүүдээс хамгийн жижигхэн нь гичний үр тул хэн ч харсан маш өчүүхэн, ялихгүй зүйл л дээ. Харин энэ жижиг гичний үрийг хөрсөнд тарьж ургуулахад хожим нь шувууд мөчир дээр нь үүрээ засам тийм том мод болдог.

Бидний чадал чансаа хэдийгээр гичний үр төдий өчүүхэн ч Бурхан биднээр сайн мэдээний агуу түүхийг гүйцэлдүүлж байна. 2000 жилийн өмнө Есүс Петрийг дуудаж байсан тэр үеийг бодоод үзээрэй. Тэгэхэд Петр чадварлаг хүн байгаагүй. Ердөө л загас барьж хоногийн хоолоо залгуулдаг загасчнаас хэтрэхгүй хүн байв. Иаков, Иохан ч мөн Петртэй адил загасчид байсан бөгөөд муухан чадвараар Есүсийг дагаж эхэлсэн юм. Харин Бурхан тэднийг “хүмүүсийн загасчин” болгон хэрэглэж, анхны сүмийн сайн мэдээний агуу түүхийг биелүүлжээ.

Итгэлээр Сионы гэр бүлүүд бидэнд хийж чадахгүй юм гэж үгүй. Бүгдийг хийж чадах хэдий ч гагцхүү сэтгэлийнхээ талбайг хагалсан эсэхээс шалтгаалаад үр жимс их гаргах эсэх маань хамаарна.

“Тиймээс тариачны сургаалт зүйрлэлийг сонсогтун. Хэн нэг нь хаанчлалын тухай үгийг сонссон авч эс ойлговол ёрын муу нэгэн ирж, зүрхэнд нь юу суулгагдсаныг булаан авдаг байна. Энэ нь зам хавиар унагсад юм. Чулуурхаг газар унасан нь үгийг сонсоод, тэр даруйдаа баяртайгаар хүлээн ававч, харин тэрээр үндэсгүй тул түр зуур байдаг аж. Үгээс болж зовлон эсвэл хавчлага тохиолдоход тэрээр шууд л бүдрэн унадаг. Хогийн ургамлын дунд унасан нь үгийг сонсдог. Харин энэ дэлхийн зовнил, эд баялгийн хуурамч нь үгийг боомилж, энэ нь үр жимсгүй болдог. Сайн хөрсөнд суусан нь үгийг сонсдог бас ойлгодог нэгэн бөгөөд тэрээр үнэхээр үр жимс гаргадаг. Зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахинг гаргах болно гэж айлдав.” Мат 13:18-23

Асуудал нь үрний том жижигт байсангүй. Өөр бусад хүчин зүйлсээс илүү ямар талбайд унасан бэ гэдэг нь чухал. Бурханы үгийг ямар сэтгэлээр хүлээж авсан нь ихээхэн чухал. Бид үржил шимт сайн хөрс бүхий сэтгэлийн талбай боловсруулсан бол зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их үр жимс гаргаж чадна гэж Есүс маш тодорхой амласан юм.

Одоо миний сэтгэлийн талбай зам хавиар байна уу, эсвэл чулуурхаг газар, хогийн ургамлын дунд байна уу, эсвэл сайн хөрсөнд үү гэдгээ бодож үзэцгээе. Чадвар тааруу, итгэл дутуу гээд айж эмээн, өөрөөсөө ичээд бидэнд тушаасан Бурханы хүсэлд хойрго хандаж мунхаглах гэм үйлдэх ёсгүй. Бурхан хийгээрэй гэсэн л бол тэр ажлыг хийх тодорхой шалтгаан байж л таараа. Ийн хийлгэснээрээ Бурхан бидэнд ерөөл л өгөхийг хүссэн юм. Хэдийгээр бид яг одоо тэр хүслийг нь ойлгохгүй ч Бурханы үгийг түшээд түүхийг биелүүлнэ гэсэн сэтгэл байвал Бурхан зуу, мянга, арван мянга дахин үзэсгэлэнтэй үр жимс өгөх болно.

Бага юманд итгэмжтэй сэтгэл

Эрт дээр үед нэгэн баян айл гурван бэртэй байжээ. Баян тавин насныхаа ойг угтан, гэр бүлээ нэг дор цуглуулан найр хийв. Найр наадмаа дуусгаад, мөнөөх баян хожим арван жилийн дараа жаран насных нь ойгоор өөрт нь нэг нэг бэлэг бэлэглэхийг бэрүүдээсээ хүсжээ. Бэлгээ зүгээр өгөөч гэсэнгүй. Бэлэг бэлдэх зардлыг нь өгье гээд бэрүүддээ нэг нэг атга будаа өгөв.

Том бэр нь “Аав өнөөдөр баяртай байгаа учраас ингэж тоглож байна даа” гэж бодоод, авсан будаагаа идэг гээд тахианд цацчихав гэнэ. Удаах бэр нь “Ганцхан атга будаагаар яаж насны ойн бэлэг авч чадах вэ дээ” гээд саванд нь буцаагаад хийчихэв. Бага бэр нь авсан атга будаагаа харж “Ийм жаахан юмаар яагаад ингэж гуйсан юм бол?” гэж гайхан, хадам аавынхаа хүслийг ухаж ойлгохоор нэгд нэггүй бодов гэнэ.

Нэг л мэдэхэд цаг хугацаа өнгөрөн жаран насны ойн өдөр тохиов. Өнөөх баян гурван бэрээ дуудаад ийн асууж гэнэ.

“Би арван жилийн өмнө насныхаа ойгоор та нараас гуйсан зүйл байгаа. Өнөөдөр бэлгээ авчирсан уу?”

Том бэр нь гайхан цочиж “Үгүй ээ! Хэзээ тэгж хэллээ?” гэж мэлзэв. Удаах бэр нь “Аавыг тэр үед тоглож байна гэж би бодоод будааны саванд зүгээр хийж орхисон” гэж хариулжээ.

Гэтэл бага бэр нь данс тооцоо хөтөлсөн дэвтрээ авчирч хадам аавдаа өгөв. Зай завсаргүй бичсэн тооцооны дэвтрийн хамгийн ард “Таван үнээ, арван гахай, хорин ямаа, зуун тахиа” гэж бичигдсэн байлаа. Баян энэ юу болохыг нь асуутал бага бэр нь цэгцтэй гэгч нь ийн тайлбарлажээ.

“Анх аав таныг атга будаа өгөхөд “Яагаад заавал ийм өчүүхэн юм өгөөд, арван жилийн дараа насны ойн бэлэг бэлд гэсэн юм бол? Атга будаа үнэ хүрэх зүйл ч биш байтал яаж ойн бэлэг бэлтгэх билээ?” гээд шөнөжин бодлоо. Тэгээд маргааш нь хөршийндөө очиж, нөгөө будаагаа нэг дэгдээхийгээр сольсон юм. Дэгдээхийгээ сэтгэл гарган тэжээсэн чинь нэг мэдэхэд өсөөд өндөглөдөг боллоо. Тэгээд дахин тэр дэгдээхийнүүдээ тэжээв. Ингээд зуугаад тахиатай болоод ирэхээр нь нэг хэсгийг нь ишгээр сольсон юм. Ямаа маань ч бас тарга тэвээрэг сайн авч ишиглээд, хориод толгой болоход нь гахайгаар сольж эхлэв. Гахайгаа олон болохоор нь зараад үхэр худалдаж авлаа. Ингээд арван жилийн хугацаанд бэлдсэн юм данс тооцооны дэвтэрт бичигдсэн нь энэ.”

Бага бэрийн үгэнд гэрийнхэн нь гайхахгүй байж чадсангүй. Энэ үгийг сонссон баян “Та нар бас харлаа. Би гэрийнхээ бүх эд хөрөнгийг өнөөдрөөс эхэлж бага бэрдээ даатгана” гэж сонордуулаад, түүнд бүх хөрөнгөө өвлүүлж үлдээсэн гэдэг.

Гурван бэрдээ ав адилхан атга будаа өгсөн боловч хүлээж авсан нь өөр өөр байж. Бага зүйлийг бага гэж хэнэггүйтдэг сэтгэл болон бага юмыг ч чухалд тооцон эрхэмлэдэг сэтгэл хоёр хоорондоо ийм ялгаатай, тэс өөр үр дүн дагуулж байна шүү дээ.

Бага бэр шиг бага ажилд итгэмжтэй, үнэнч байх нь гичний үрэн дотор биелэгдэж буй тэнгэрийн хаанчлалын түүх төдийгүй Бурханы хүсэл гэхэд болно. Бүх зүйл багаас эхэлдэг. Анхны сүмийн сайн мэдээний түүх ч гоёмсог орд харшаас эхлээгүй, Маркийн дээд давхрын өрөөнөөс эхэлсэн юм. Есүс загасчин, татвар хураагч гэх мэт ядуусыг дуудан шавиа болгож, тэрхүү жижигхэн гичний үрээр дамжуулан гайхамшиг гаргасан байдаг.

Сүүлчийн сайн мэдээний түүх ч бас л ийм байх болно. Махан биеийн өнцгөөс бодоход бидний чадвар гичний үр мэт мөхөс хийгээд өчүүхэн бага ч гичний үр ургаж өсөөд шувууд олноороо үүрээ засдаг том мод болдгийн адил Бурхан биднийг зуу, мянга дахин үзэсгэлэнтэй үр жимс гаргадаг оршихуй болгон өөрчилж өгнө.

Бурханд дуудагдсан хүмүүсийн амьдрал

Бид Бурханд дуудагдсан хүмүүсийн хувьд Бурханы яруу алдрыг дэлхий даяар түгээе гэвэл ямар амьдрал сонгох ёстойгоо Есүсийн сургаалт зүйрлэлээс жишээ аван бодож үзье.

“Тэрээр —Нэгэн сурвалжит хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зорьжээ. Тэр арван боолоо дуудаж, тэдэнд арван маанэ өгөөд “Намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл” гэжээ. … Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь хэр эргүүлснийг мэдэхээр тэднийг дуудуулж гэнэ. Эхнийх нь ирж “Эзэн, таны нэг маанэ арван маанэ болсон” гэхэд тэр түүнд “Сайн байна, сайн зарц минь. Чи маш бага юманд итгэмжтэй байсан тул арван хот захирах эрх мэдэлтэй боллоо” гэжээ. Хоёр дахь нь ирж, “Эзэн, таны нэг маанэ таван маанэ болсон” гэхэд тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ. Өөр нэг нь ирж, “Эзэн, үзэгтүн, би таны нэг маанээг алчууртаа боогоод хав дарчихсан. … “Өөдгүй боол чамайг үгээр чинь Би шүүнэ дээ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу? Тэгвэл чи мөнгийг минь юунд мөнгө хүүлэгчид өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд, хүүтэй нь авах байсан юм” гээд, дэргэдээ байгсдад “Түүнээс нэг маанээг авч, арван маанэтай хүнд өгсүгэй” гэв. Тэд “Эзэн, түүнд арван маанэ байгаа шүү дээ” гэхэд “Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.” Лук 19:12-26

Энэ зүйрлэл нь зүгээр нэг хүүрнэл биш, үнэхээр цаашдаа бидэнд биелэгдэх зөгнөл гэдгийг мартаж болохгүй. Баян айлын бага бэр шиг атга будаагаа дэгдээхийгээр сольж, дэгдээхийгээ сэтгэлээсээ өсгөн тэжээгээд ямаагаар сольж, ямаагаа сайн өсгөн гахайгаар сольж, гахайгаа үржүүлээд үхэр худалдан авч, бүх данс тооцооны дэвтрээ хадам эцэгтээ үзүүлсний адил сайн мэдээний амьдралынхаа тайлан тооцоог гаргаж хөтөлсөн данс тооцооны дэвтрээ Бурханд өргөх сүүлчийн агшин гарцаагүй бидэнд тулж ирнэ.

Бурхан бага юманд итгэмжтэй хүнийг ерөөдөг. Хүмүүс шударга хийгээд нэр хүнд бүхий том ажил үйлсэд амархан сэтгэл нь хөдөлдөг атлаа өчүүхэн бага харагдах зүйлд хандахдаа алгуурлах байдалтай байдаг. Харин Бурхан хүүхдүүдийнхээ зөвхөн нэр хүндтэй, том ажилд анхаарч хүч гаргахаас нь илүүтэй бага ажил ч бай Бурхан хэлсэн л бол бүх сэтгэл зүрхээрээ хийж биелүүлж байгаа тэр төрхийг нь илүү эрхэмлэдэг.

Бага юманд итгэмжгүй хүн, мөн бага юманд хайнга тоомжиргүй ханддаг хүн эцэстээ авсан ерөөлөө бүгдийг нь алдах үр дагаварт хүрдэг. “Бурхан яагаад намайг арай чадвартай хүн болголгүй энийг ч, тэрийг ч хийж чаддаггүй болгосон юм бол оо” гээд гомдоллож болохгүй. Бурхан бүгдэд нь талант өгсөн учраас авсан талант нь хэдий бага байлаа ч түүнийгээ эрхэмлэж, үргэлж баярлах хэрэгтэй юм.

Бурхан шинэ гэрээний Алгасал баяраар бидэнд мөнх амийг зөвшөөрсөн болохоор бид юм бүхнийг хийж чадна. Жижиг гичний үр том мод болон өөрчлөгддөг учир нь түүн дотор амь байдагтай нь холбоотой. Бурхан гагцхүү том үрэнд л амь өгсөн биш. Том бага гэлтгүй бүх үрэнд амь өгсөн.

Амьгүй үр хичнээн том байлаа ч утга учиргүй, илүү өсөж ч чадахгүй. Харин амьтай гичний үр хэдийгээр тэрхэн агшинд жижиг байгаа ч цаашлаад шувууд үүрээ засах тийм сүрлэг том мод болж, яаж л бол яаж бүдүүрч ургадаг. Бид бүхэн ийн ухаараад, мөнх амийн амлалт авсан тэнгэрийн хүүхдүүдийн хувиар бага юманд ч хайнга хандахгүй байж, Бурханыг баярлуулах үр жимс гаргахад хүчээ зарцуулцгаая.

Бага юмаар гүйцэлдүүлдэг Бурханы ажил

Бага юманд итгэмжтэй байвал их юманд ч итгэмжтэй хандаж чадна. Харин бага юманд хайнга хандвал их юманд ч мөн тэгж л хандана.

“Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг.” Лук 16:10

Өөрт байгаа талантын тоо бусдынхаас цөөхөн ч сэтгэлийн талбай нь сайн хөрстэй бол зуу, бас мянга дахин үзэсгэлэнтэй үр жимс гаргаж чадна. Харин хичнээн талант олонтой ч талбай тааруу бол юу ч хийж чадахгүй. Хүн тус бүрд оногдсон талантаа өөр хоорондоо харьцуулалгүй, бидний дотор амь оруулсан Бурханы хүслийг ухаараад, үр жимс гаргахад хүчээ дайчилцгаая.

“Хэрэв чи Бурханыг хайж, Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйх юм бол, хэрэв чи цэвэр бөгөөд зөв шударга бол, Тэр гарцаагүй чиний төлөө Өөрөө босож, чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно. Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно.” Иов 8:5-7

Хэдийгээр чадвар маань мөхөс бага ч хүч чадлын Бурхан бидэнтэй цуг оршдог. Одоо ч Бурхан гичний үр дотор тэнгэрийн хаанчлалын түүхийг гайхалтайгаар биелүүлсээр байгаа.

Мөнхийн тэнгэрийн хаанчлал нүдний өмнө ирсэн энэ үед Бурхан бидэнд шинэ Иерусалим тэнгэр Эхийн яруу алдрыг дэлхий дахинаа тунхаглах үүрэг даалгасан. Үг заах чадвар дутуу байсан ч санаа зоволтгүй. Бид уйгагүй зүтгэвэл Бурхан бидэнд тусална.

Атга будаагаар үхэр худалдаж авсан нь тэр хэмжээний хичээл зүтгэл, чин сэтгэл байгаагийнх шүү дээ. Аяндаа бий болдог юм гэж байдаггүй. Бурханы үгийг хэрэгжүүлдэг чин сэтгэл болон итгэлээр Бурханыг баярлуулах үед Ариун Сүнсний түүх биелдэг юм. “Гичний үр доторх тэнгэрийн хаанчлал” гэсэн үгийг сэтгэлийн гүндээ тээгээд, таван далай, зургаан тивийг туулан шинэ гэрээний сайн мэдээг дэлхий даяар тунхаглацгаая.