Галт тэрэгний тасалбарын дурсамж

Ким Хэ Сон / Солонгос, Сөүл

3,881 үзэлт

Баярын өдрүүд ойртох үеэр би аав ээждээ очихоор гэр рүүгээ галт тэргээр явах захиалга өгөхөөр тасалбарын сайт руу нэвтрэв. Амралт баяр ёслолын үеэр тасалбар нүд ирмэхийн зуур дуусдаг тул эртхэн онлайн захиалгаа баталгаажуулав. Хэд хэдэн оролдлого хийж, баахан клик хийсний эцэст би арай гэж тасалбараа авч чадлаа. Сүүлд нь би аав, ээждээ хэзээ очихоо хэлэх гээд нарийн ширийн зүйлийг дахин нягталж үзээд зүрх салгалав. Галт тэрэгний хөдлөх цаг миний бодож байсан цаг биш байх нь тэр. Би өмнө нь ийм алдаа гаргаж байсан болохоор уг нь маш болгоомжтой байсан юмсан. … Гэсэн ч би дахиад л будилж орхилоо.

Энэ энгийн алдаа галт тэрэгний тасалбартай холбоотой мартагдашгүй дурсамжийг маань сэргээлээ. Ахлах сургуульд байхдаа би аавтайгаа хамт нэг чухал ажлаар Сөүл явах хэрэгтэй болсон юм. Нийслэлээс алслагдсан Гимхэ хотод амьдарч байсан болохоор Сөүл рүү аялах ховор төдийгүй сэтгэл хөдөлгөм үйл явдал байлаа. Ганцхан галт тэрэгний аялал л гэхэд намайг олон өдрийн турш догдлуулсан даа. Би анх удаа бие даан тасалбар захиалж байсан тул сайтаа сайн судалж, хоёр талын хоёр тийз авахаас өмнө явах цаг, суудлын сонголт энэ тэрээ сайн харьцуулж нягтлав. Би аавдаа бүх зүйлийг хянасан, санаа зовох хэрэггүй гэж бардам гэгч нь хэлж билээ. Үнэнийг хэлэхэд би нэг их юм бүтээсэн аятай байлаа.

Товлосон өдрөө аав бид Сөүлд ирж бүх юмаа жин тан болгоод харихаар 18:00 цагтай өрсөн вокзал руу очлоо. Бид арай эрт ирж, хүлээлгийн танхимд суугаад галт тэрэгний явах самбараа харав. Гэтэл хичнээн олон удаа шалгасан ч миний захиалсан цаг огт алга байх нь тэр. Сэтгэл тавгүй болов. Би тасалбараа сайн нягтлах гээд гаргаж ирэхдээ л дөнгөж миний захиалсан галт тэрэг оройны 6 цагт биш, өглөөний 6 цагт байсныг анзаарлаа.

“Өө, яана аа! Яах вэ!”

Би яахаа мэдэхгүй дэмий л зогсож ядан, нааш цааш сандран алхаж байлаа. Төлбөрөө буцаан авахад хэтэрхий оройтсон байлаа. Дээр нь тасалбар хурдны галт тэрэгнийх болохоор тийм ч хямдхан байгаагүй юм даг. Яалт ч үгүй алдаанаасаа болж би нэлээн мөнгө үгүй хийлээ. Аавынхаа нүд рүү харахаас ч ичиж байлаа. Тэгтэл аав минь ингэж хэлэв.

“Зүгээр дээ. Алдаа гарч л байдаг. Зүгээр дахиад л шинэ тасалбар авахад болно.”

Аав дуугаа өндөрсгөж, загнасангүй. Харин ч намайг тайвшруулж, зүгээр гэж байлаа. Аавынхаа энэ хэдэн үгэнд би хичнээн их баярласан гээч. Тэр өдөр аав бид хоёр ээжид хэлэхгүй гэж сэмхэн тохиролцсон. Ээж маань их хямгач, хэрэв намайг санамсаргүй байдлаар мөнгө үрсэн гэж мэдвэл уурлана гэдгийг аав бид хоёр мэдэж байсан л даа. Ээж одоо ч мэдэхгүй хэвээрээ байгаа. Саяхан тасалбарын алдаа гаргатал удаан хадгалж ирсэн тэр дурсамж дахин сэргэв. Нэг ёсондоо тэр алдааны ачаар гэх үү дээ. Аавын минь эелдэг зөөлөн сэтгэлийг, бурууг минь чичилж буруутгахын оронд эелдгээр далдалж байсныг санагдууллаа.

Энэ жил очихдоо би аавынхаа дуртай амттанаас авч явна гэж бодож байгаа. Галт тэргэндээ сууж ч амжаагүй байж яагаад ч юм хэдийн гэртээ очсон мэт санагдаад байх чинь.