Бух өргөсөн хүн

6,566 үзэлт

МЭӨ 6-р зуунд Грекийн Кротон мужид Олимпийн зургаан удаагийн аварга Мило хэмээх алдарт бөх амьдарч байжээ. Бөхийн барилдаан гэдэг тамирчид өрсөлдөгчөө нүцгэн гараараа барьж ноцолдон, унагах ёстой спорт учраас биеийн хүч болон тэсвэр хатуужил л тэдний амжилтыг шийдвэрлэдэг байна. Домогт өгүүлснээр Мило нэг тонн гаруй жинтэй бух өргөж чадсан тийм гайхам бяр тэнхээтэй нэгэн байжээ. Ингэхэд тэрээр тийм гайхалтай хүч чадалтай болохын тулд ямар бэлтгэл сургуулилт хийгээ юм бол?

Тэрээр багадаа нэгэн нялх тугал мөрөн дээрээ өргөдөг энгийн дасгал хийж эхэлж. Тугал нь өргөж чадах хэмжээний хөнгөн байсан тул тэрээр тугал өргөхийг өдөр тутмын ажил болгосон байна. Тугал нь аажмаар том бух болон өсөхөд ч Мило түүнийг өдөр бүр өргөсөөр л байв. Дөрвөн жилийн хугацаанд өнөөх бух нь ч нас бие гүйцэн бүдүүрч, Мило ч бяр чадалтай болж өсөв гэнэ. Тэрээр анхнаасаа тэр бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байсан болохоор нас бие гүйцсэн нүсэр том бух болсон үед нь ч төвөггүйхэн өргөж чадсан байгаа юм.

Хэрэв тэр эхнээсээ нас бие гүйцсэн бух өргөх гэж оролдсон бол яах байсан бол? Бүтэлгүйтсэндээ болж шантарч, бүрмөсөн бууж өгөх байсан байж ч магадгүй. Милогийн бэлтгэл сургуулилтын аргатай адилханаар аливааг жижиг, хүрч болох алхмуудаас эхлээрэй. Одоогийн хийж чадаж байгаа зүйлдээ тууштай хэвээр байвал хэзээ нэгэн цагт боломжгүй гэж бодож байсан зүйлээ ч хийж мэдэх юм шүү.