Аз жаргал талархлын хаалгаар орж ирдэг
Талархал гэдэг нь нэгэнт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг олж харах, улмаар түүндээ сэтгэл хангалуун байх чадвар юм. Талархах тухайд ямар нэг нөхцөл болзол шаардлагагүй.
Бүх зүйл дээр гомдоллодог нэгэн залуу байжээ. Тэрээр багшийнхаа лекцийг сэтгэлд хүрсэнгүй гэж шүүмжилж, юм л бол эргэн тойрныхондоо уурлаж ундууцан, таагүй үгсээр гомдоодог байв. Тэрээр бодит байдалдаа сэтгэл дундуур байдаг тул бүхнээс зугтахаар шийдэн, ганцаарчилсан аялалд гарчээ. Гэтэл нислэг нь хойшлогдох, хэтэвчээ алдах гэх мэтээр түүний аян замд элдэв бэрхшээл тасарсангүй. Цөхрөнгөө барсан тэрээр боломжийн үнэ өртөгтэй өрөө хайж явтал нэгэн эмгэн түүнийг гэртээ урьж, халуун шөлөөр дайлж, ойр зуур хуучлангаа “Хүний амьдралд сайн сайхныг дууддаг гайхалтай үг байдаг юм шүү” хэмээн намдуухан өгүүлэв гэнэ.

Настны хэлсэн эл үгэнд залуу чих тавин анхааралтай гэгч нь сонсов. Улмаар үгийг нь сэтгэлдээ сийлэн, тэр өдрөөс хойш өөрөөр амьдрахаар шийджээ. Үнэхээр л сайн сайхан зүйл ар араасаа тохиож, тэрээр улам жаргалтай болж байв. Тэр хэлсэн үг нь энгийн хэр нь гүн утгатай “Баярлалаа” гэх үг байсан аж. Уг явган яриаг Японы техникийн ухааны нэгэн доктор өөрийн туршлагаас сэдэвлэсэн номондоо өгүүлсэн байдаг.
Солонгосын төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид 24 цагийн турш тасралтгүй ажилладаг машин техникүүд дээрээ талархлын үгтэй стикер наажээ. Гайхалтай нь хоёрхон жилийн дотор тэдгээр техникийн эвдрэл хоёр дахин буурсан үзүүлэлт гарав. Машин техник ингэхэд тэр талархлын үгсийг ойлгох уу? Судалгаагаар стикер нааснаас хойш ажилчид техник хэрэгсэлдээ өмнөхөөс илүү анхаарал болгоомжтой хандан, засвар үйлчилгээг нь нямбайлан хийж байсан нь тогтоогджээ.
Талархал гэгч нь дотроо ер бусын хүч агуулж байдаг. Алив таагүй нөхцөл байдлыг эргүүлээд зогсохгүй тогтмол талархаж, дадал болговол амьдралыг бүхэлд нь илүү сайхнаар өөрчилдөг байна.
Бие сэтгэлийн нэмэлт тэжээл, талархал
Хүмүүний зүрх сэтгэл талархлаар бялхах үед нүүрэнд нь инээмсэглэл тодорч, амнаас нь илүү эелдэг зөөлөн, халуун дулаан үг гардаг. Энэ нь сэтгэл тэнүүн байх, баяр хөөртэй байхтай л адилхан мэдрэмж гэсэн үг. Утас зүүгээ дагадаг шиг талархахад сэтгэл аяндаа сайхан болж, улмаар аз жаргал ирнэ.

Талархал нь сэтгэл зүйн хувьд төдийгүй бие махбодын хувьд ч өөрчлөлт бий болгодог. Эрдэмтэд талархал нь аз жаргал, баяр баясгаланг мэдэрдэг тархины төв мэдрэлийг идэвхжүүлж, “аз жаргалын гормон” гэгдэх окситоцин, допамин, серотонин зэрэг даавар ялгаруулдаг болохыг тогтоожээ. Энэ гормонууд баяр хөөрийг нэмэгдүүлээд зогсохгүй тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, стрессийг бууруулж, улмаар хүнд хэцүүг даван туулах чадвар суулгана. Ийм үйл явц давтагдаад байвал хүний тархи илүү эерэг, баяр хөөртэй үзэгдлийг мэдэрч, байнгын сайн үр нөлөө дагуулдаг ажээ.
АНУ-ын Калифорнийн их сургуулийн доктор Пол Миллс зүрхний өвчтэй 186 өвчтөнд туршилт хийсний үр дүнд хүн талархсан үедээ сэтгэл гутралын түвшин буурч, сэтгэл санаа нь тогтворжиж, нойрны чанар сайжирдгийг баталжээ. Тэрээр мөн дараагийн нэмэлт туршилт болгон өвчтөнүүдээс хоёр сарын турш талархлын өдрийн тэмдэглэл хөтлөхийг хүссэн байна. Үр дүнд нь тэдгээр өвчтөнүүдийн үрэвслийн түвшин буурч, зүрхний өвчин тусах эрсдэл нь багассан байв.
Ийнхүү зүрхний эрүүл мэндэд талархал нөлөөлж буй шалтгаан нь зүрх тархи хоёр хоорондоо нягт холбоотой байдагт юм. Хүн уур хилэн, дургүйцэл гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл мэдрэх үед стресст хариу үйлдэл үзүүлэх үүрэгтэй тархины амигдала идэвхжиж, кортизол болон адреналин даавар ялгаруулдаг байна. Энэ стрессийн дааврууд нь зүрхний цохилтыг түргэсгэн, хүнийг тогтворгүй болгож, цусны судсыг нарийсган, цусны даралтыг нэмэгдүүлж, дархлааг сулруулан, бие махбодод хор хөнөөлтэй гинжин урвал үүсгэдэг аж. Ноцтой тохиолдолд энэ нь бүр цээжээр өвдөх, зүрх өвдөхөд хүргэнэ. Харин зүрхний цохилтыг хэмжих болон тархины соронзон резонансын дүрслэлийн (MRI) шинжилгээний үр дүнд зүрхний цохилт, цусны даралт, дархлааны систем, дааврын тэнцвэрт байдал зэрэг нь хүмүүс талархах зүйл бодох агшинд хамгийн тогтвортой байдгийг тогтоожээ. Тиймээс талархал гэдэг нь зүгээр нэг таатай мэдрэмж биш, харин бие махбод болон сэтгэлийн эрүүл мэндээ хамгаалж, өөртөө санаа тавьж буй нэгэн төрлийн арга аж.
Талархалд саад болдог хүчин зүйлс
Хүүхдүүд ихэвчлэн эцэг эх нь хоорондоо муудалцсан, эсвэл өөрт нь маш их уурлаж байсан дурсамжийг мартдаггүй байна. Тэд эерэг сайн зүйл гэхээсээ сөрөг муу зүйлийг илүү тод, илүү удаан санах хандлагатай байдаг. Энэ хандлага насанд хүрсэн хойно нь ч үргэлжилдэг. Ер нь хүн өдөрт арван сайхан үйл хэрэг тохиолдлоо ч нэг л таагүй зүйл тохиолдоход үүнд л илүүтэй анхаарал хандуулдаг талтай. Ашгаас илүү алдагдалд, амжилтаас илүү бүтэлгүйтэлд, магтаалаас илүү шүүмжлэлд анхаардаг сэтгэл зүйн энэ хандлагыг “Сөрөг хандлага (Negativity Bias)” гэж нэрлэдэг. Үүний уршгаар хүмүүс өөрт нь угийн байгаа ивээл ерөөлийг үл хайхран, сэтгэлийн түгшүүр, уур хилэн, айдас хүйдэст илүү мэдрэг болдог аж. Ийм сөрөг хандлагыг ухаж ойлгоогүй бол хүн өөрийн мэдэлгүй байнга гомдоллож, дургүйлхэж мэднэ.

Зарим хүн гомдол дургүйцлээ дотроо хадгалж байснаас шударгаар хэлэх нь дээр гэж үздэг. Гэтэл судалгаа өөрөөр харуулж байна. Бидний амнаас гарах үг сэтгэл санаанд нөлөөлдгийг бүү мартаарай. Гомдлын үг урсгах, уураа гаргахын тулд дэр цохиж балбах гэх мэт үйлдэл нь сөрөг сэтгэл хөдлөл, хямралыг намжаах нь байтугай харин ч бүр хурцатгадаг болохыг судалгаагаар тогтоожээ. Учир нь хүний тархи төсөөлөл болон бодит байдлыг ялгаж салгаж чаддаггүй тул сөрөг нөхцөл байдлыг эргэн санахдаа дахин тийм явдал болсон мэтээр хүлээн авч мэдэрдэг байна.
Харьцуулалт хийнэ гэдэг талархлын гол дайсан юм. Хүн ер нь өөрийгөө өөрөөсөө илүү гэж санадаг хүмүүстэй харьцуулбал өөрийгөө дорд үзэж, аз жаргал, баяр хөөр төрөхгүй. Эсрэгээрээ өөрөөсөө дор хүмүүстэй өөрийгөө харьцуулбал өөрийгөө бусдаас давуу гэсэн бодолд төөрөлдөж магадгүй. Жинхэнэ талархал нь аливаа харьцуулалтаар биш, харин өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрснээр бий болдог аж.
Өөрийгөө хэт үнэлэх хандлага ч мөн талархалд саад учруулдаг. Хэт нарциссист чиг хандлагатай хүмүүс алив амжилтыг өөрсдийн сайных гэж үзэн, бусдын оруулсан хувь нэмрийг хүлээн зөвшөөрөхдөө харам байдаг. Бусдын өгөөмөр сэтгэл, сайн үйлсийг байдаг л нэг энгийн зүйл мэтээр хүлээж авах нь талархалд саад учруулдаг. Жинхэнэ талархдаг хүн болохын тулд энэ мэт талархалд саад болдог хүчин зүйлсийг таньж мэдэн, тэдгээрийг арилгах ёстой.
Талархал нөхцөл байдлаас биш ухамсраас гардаг
Хүний амьдралд гэнэтийн зүйл, санаснаар болохгүй үйл хэрэг, сөрөг сэтгэл хөдлөл өдөөх хүчин зүйлс хэзээ ч тохиолдож болно шүү дээ. Харин бидний хийж чадах цорын ганц зүйл бол тэдгээрийг хэрхэн хүлээж авах, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ л сонгох юм. Аливаа нөхцөл байдал хоёр талтай. Сайн эсвэл муу мэт санагдах нөхцөл байдал ихэвчлэн бидний яаж авч үзэхээс л шалтгаална. Гадаад хүчин зүйлд автахын оронд аливаа юмны эерэг талыг олж харан, талархлыг сонгох тусам амьдрал илүү гэрэл гэгээтэй, баялаг байх болно.
Зөвхөн ямар нэг онцгой эсвэл сайн сайхан зүйл тохиолдоход л талархал шаардлагатай байдаг биш ээ. Хэзээ ч, ямар ч аргаар талархаж болно. Талархал бол тодорхой үйл хэрэг, нөхцөл байдлаас шалтгаалан гардаг сэтгэл хөдлөл биш, харин угийн өөрт буй ашиг тус, ивээл ерөөлийг анзаарч, хүлээн зөвшөөрч буй үйлдэл мөн. Аливаа юмны үнэ цэнийг байхгүй болсон хойно нь л голдуу ухаардаг учраас ингэх л ёстой, байдаг л зүйл мэт авч үздэг, талархах ёстой зүйлийнхээ тухайд бид хөшүүн, мэдрэмжгүй болдог. Тиймээс бид аливаад анзааргатай, мэдрэмжтэй байх ёстой. Эргэн тойрноо талархлын нүдээр харвал баярлаж талархах зүйлс үй олон байгааг анзаарч эхэлнэ.
Талархал нь одоогийн өөрт байгаа аз жаргалаа эдлэх боломж олгоод зогсохгүй өнгөрсөн дурсамжаа ч эергээр нэхэн санахад тустай. Нэгэн цагт зовлонтой, хүнд хэцүү санагдаж байсан үйл явдал өсөн дэвжихэд маань тустай нандин дурсамж болж үлдэж болно. Энэхүү сэтгэлгээний хэв маягийн өөрчлөлт цаашдын амьдралд биднийг илүү уян хатан ханддаг болгоно. Учир нь ямар ч зовлон бэрхшээлийн цаана нуугдсан давуу талыг ухаарч, талархах юм бол тэрхүү зовлон бэрхшээлийг даван туулах хүч, урам зориг орж, хий дэмий санаа зовнил, сэтгэлийн түгшүүрээсээ ангижирна.

Зарим хүн талархдаг амьдралыг ямар ч зорилгогүй, хүсэл тэмүүлэлгүй, амьдралын төлөөх зүтгэлгүй, эрч хүчгүй, идэвхгүй хандлага гэж андуурах нь бий. Гэвч үнэн хэрэгтээ талархал нь биднээс ухаан, мэдрэмж, хүндэтгэл шаарддаг харин ч идэвхтэй хандлага юм. Биеийн тамирын дасгал хийх, хөгжим тоглож сурахтай л нэгэн адил талархал биднээс байнгын дасгал сургуулилт, хичээл зүтгэл шаарддаг. Талархлыг зөвхөн сэтгэл дотроо мэдрэхээс илүүтэйгээр гаднаа илэрхийлэх дадал хэвшилтэй болбол дээд зэргийн үр нөлөөтэй. Талархлаа илэрхийлэх тухайд талархлын карт, талархлын өдрийн тэмдэглэл, талархсанаа тэмдэглэлийн цаасан дээр бичиж хөтлөх зэрэг нь хамгийн үр дүнтэй аргууд юм.
Тийнхүү талархлыг амьдралынхаа хэв маяг болговол өөрийн эрх ямбаа дөвийлгөх нь багасч, өөрт буй ивээл ерөөл, давуу талын цаана нуугдсан бусдын хүчин зүтгэлийг олж хардаг болно. Өөрийгөө анхаарахаасаа илүү эргэн тойрон руугаа чиглэн өчүүхэн, энгийн зүйлд ч хэн нэгний золиос, хүчин зүтгэл шингэсэн байдгийг бид анзаардаг болно. Сөрөг сэтгэл хөдлөл үүсэх мөчид ч “талархал” хэмээх ерөндөг байгаа болохоор бид хэрэггүй дэмий юманд сэтгэлээ чилээж, хүчээ шавхах нь багасна. Аажимдаа бүр илүү өгөөмөр уужуу болж, сэтгэл хавьгүй тайван болно.
Сайн сайхан зүйл тохиолдоход л аз жаргалтай байна гэвэл тэр сайн сайханд хүрэх зам тийм ч хялбар биш байж мэднэ. Учир нь хүний амьдралд гэнэтийн баяртай явдал, аз жаргалтай үйл хэрэг барагтай бол тохиогоод байдаггүй, ховорхон үзэгдэл. Эхэндээ хичнээн баяртай байсан ч цаг хугацаа өнгөрөхөд тэр баяр хөөр буурчихсан байдаг.
Харин “талархал” гэгч зүйлээр бид хүсэх л юм бол хэзээ л бол хэзээ аз жаргалтай байж чадна. Өглөө нүдээ нээх мөчөөс үдэш унтаж амрах хүртлээ ар гэрийнхэндээ талархан, баярлаж, нэг нэгнээ талархлын “эх үүсвэр” гэж харцгаая. “Аз жаргал талархлын хаалгаар орж ирдэг” гэсэнчлэн аз жаргалтай айл гэрт талархлын тэрхүү хаалга цаг ямагт нээлттэй байдаг юм шүү.