“Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь аливаа хүн сэтгэлээ нэг юманд тууштай хандуулбал бүтэхгүй зүйл байхгүй гэсэн утгатай.
Оны эхэнд хүмүүс ихэнхдээ янз янзаар л төлөвлөгөө гаргадаг ч жилийн эцэс болохоор тэр гаргасан зорилгынх нь ихэнх биелээгүй байх талтай. Энэ тэр гээд, юм юм хийх гэдэг хүн эцэстээ олигтой ч хийсэн юмгүй үлдэх нь бий. Харин нэг л зорилгын төлөө тууштай зүтгэдэг хүнийг хараад байхад эрт орой хэзээ нэгэн цагт зорьсондоо заавал хүрдэг.
Далайн эрэг дээр амьдардаг чийгийн улаан хорхойд зэр зэвсэг болчихмоор эрхтэн гэж байхгүй, бие нь нилдээ зөөлөн юм байж нүх сайн ухдаг. Харин чийгийн улааныг бодвол хавч бие хаа сайтай ч өөрийн гэсэн гэр оронтой болохыг оролддог ч үгүй, бусдын бэлдсэн нүхэнд л амьдардаг гэнэ.
Энэ нь ганцхан ажлыг улайран хийдэг чийгийн улаан, янз янзын ажил хийх гэдэг хавч хоёрын амьдралын хэв маягийн ялгаанаас үүдэлтэй. Хавч нь хурц, хатуу гэгч нь хавчдаг хөл сарвуу гээд ажлын багаж болчихмоор хэрэгсэлтэй ч нэг талаар дайсантайгаа тэмцэнэ, нөгөө талаар хоолоо иднэ, явна гээд олон ажилд завгүй зүтгэсээр өөрийн гэсэн гэр барьж чаддаггүй байна.
Хятадын Хан улсын үеийн зоригт дайчин Ли Гуаны эртний явдлаас үүдэлтэй “Харвасан сум хаданд ч зоогдоно” гэсэн эртний үг бий. Энэ үг ч мөн зүрх сэтгэл, оюун ухаанаа төвлөрүүлж хийвэл боломжгүй ажил гэж байхгүй гэсэн утгатай аж.
Ли Гуан нь сур харваа, моринд гарамгай зоригт дайчин байсан гэдэг. Нэг өдөр нар шингэж, харуй бүрий болох үеэр нарсан ойг өнгөрч явтал тээр тэнд ойн гүнд бар биеэ хурааж өөрийг нь гэтэн харж байгааг олж харжээ. Аюулд орсноо мэдэрсэн Ли Гуан шууд л нум сумаа авч харвав. Нум суманд гаргууд болохоор барын цохонд нь зоожээ. Харин бар нум суманд оногдсон хэдий ч жаахан ч хөдөлсөнгүй.
Тэрээр болгоомжлон дөхөж очоод хартал бар биш, бар хэлбэртэй том хад байжээ. Хаданд зоогдсон өөрийн нум сумаа хараад алмайрч гайхширсан жанжин тэндээс ухарч холдон зогсоод дахиад нум сумаа харваж үзлээ. Гэтэл түүний дараагаас дахин хичнээн харваад ч бүгд л хад мөргөн үсчих чимээ л гарч байв.
Хар ухаанаар бодоход ямар ч мэргэн харваач хад нэвт харваж чадахгүй. Амь тулсан аюултай мөчид оюун ухаанаа төвлөрүүлж, бүх сэтгэлээрээ харвасан сум байсан болохоор л хадыг хүртэл нэвтэлж чадсан аж.
Энэ мэтээр бүх сэтгэлээрээ хийвэл боломжгүй ажил байхгүй. Бид нар ч бас сэтгэлээ нэгтгэвэл юм бүхнийг биелүүлж чадна шүү дээ. Есүс бидэнд бүх зүрхээрээ Бурханыг хайрла гэж захисан.
“… —Багш аа, хуулийн аль тушаал нь агуу вэ? гэв. Тэр түүнд —“Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн.”Мат 22:34-38
Бүх зүрх сэтгэлээрээ гэдэг нь Бурханыг бүрэн төгс 100% хайрла гэсэн утгатай. Бурханы хүсэл гэвэл бид сэтгэлээ Бурханы хүслээр бүрэн дүүргэх хэрэгтэй.
Тэгж байж бүх зүрхээрээ Бурханыг хайрлалаа гэж хэлж чадна. Библид махбодын бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван билээ хэмээсэн байдаг (Ром 8:5-6). Биднийг Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй хэмээн онцолсон (Лук 16:13). Гэтэл заримдаа бид ертөнцөд амьдрах явцдаа Бурханд бүх зүрх сэтгэлээ зориулж чадахгүй Бурханы хүслээс илүү энэ ертөнцийн зүйлсэд анхаарал хандуулдаг.
Бид Бурханыг бүрэн хайрлая гэвэл яагаад бүх зүрхээрээ Бурханыг хайрлах ёстой тэрхүү учир шалтгааныг ухаарах хэрэгтэй юм. Энэ нь Бурхан эхлээд биднийг тийнхүү хайрласан учраас тэр билээ. Бурхан бидэнд зүрх сэтгэл, амь, оюун ухаан гээд бүгдийг өгсөн. Харин бид одоог хүртэл тэр хайрыг ойлгохгүй, хэрэгжүүлж чадаагүй тохиолдол их байгаа болохоор Есүс “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла. Энэ бол агуу нь бөгөөд анхны тушаал мөн” хэмээсэн юм.
Бурхан бүх зүрх сэтгэлээ зөвхөн алдагдсан хүүхдүүдээ аврахад л зориулсан (Лук 19:10). Бидний авралын төлөө тэнгэрийн бүх эрх мэдэл, яруу алдар, амар амгалангаа орхиод хүн төрхөөр ийм газар хүртэл ирж, хүнд бэрх загалмайн доромжлолыг ч амссан юм.
“Тийнхүү хүүхдүүд нь мах цусны тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ хүчингүй болгоод, бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан бүгдийг чөлөөлөх юм.”Евр 2:14-15
Бурхан тэнгэр элч нараасаа ч арай доохно болж, хүний төрхөөр ирсэн нь биднийг аврахын төлөө байсан юм (Евр 2:5-9). Хүүхдүүд нь мах цусны тасархай болсон тул Өөрөө бас тасархай болж, хүүхдүүдээ аврахын төлөө л дорд мөхөс боолын дүрээр ирж, хүлцэнгүй гэгч нь хүмүүсийн доромжлолыг амссан.
“… Түүнээс нүүр буруулж, Тэр жигшигдсэн бөгөөд бид Түүнийг даанч эс тоожээ. Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ, гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан, хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ.”Иса 53:1-5
Бүтээсэн бүтээлүүддээ үзэн ядагдаж, бүх сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрч, бидний оронд бүхий л зовлон зүдгүүрийг эдэлсэн ч Бурхан зөвхөн бидний авралын төлөө тэвчсэн. Нэг удаа ч энэ хүсэл нь мохож, шантарч, бууж өгч байсангүй.
Өөрийнхөө энэхүү хүслийн дагуу шинэ гэрээг Бурхан байгуулж өгсөн. Энэ шинэ гэрээгээр бид Христийн мах цусанд оролцон, бид Бурхан дотор, Бурхан бидний дотор орших юм. Үүгээр бидний сэтгэл Бурханы сэтгэлтэй нэг болж, бид Бурханы туулсан замыг даган авралд хүрч чадна. Бидний авралын төлөөх Бурханы бүх сүнслэг явцыг харвал энэ бүхний цаана бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа биднийг хайрласан Бурханы сэтгэл шингээстэй байдаг.
Бурхан тэнгэрийн яруу алдраа орхин, нүгэлтний эдлэх зовлонг өмнөөс минь эдэлж, гагцхүү бидний л авралын төлөө зүтгэж байсан гэдгийг санавал Есүс яагаад бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханыг хайрлах нь тушаалууд дотроос хамгийн агуу тушаал гэснийг хангалттай ойлгож чадах юм. Бид эхлээд Бурханыг хайрлаж, авралд хүрсэн бус харин Бурхан биднийг хайрлаж, авралын замаар хөтөлсөн юм. 6000 жилийн уртаас урт цаг хугацааны туршид хоромхон төдий ч өөрчлөлтгүйгээр биднийг асран хамгаалж, хөтөлж байгаа тэнгэр Эцэг Эхийн сэтгэлийг ойлгож, бүгд тэр ивээлийг ганц ч хором мартахгүй байхыг хүсэх байна.
Хүүхдүүд биднээ л аврах гэж энэ газарт ирсэн Бурхан бидний сүнсний төлөөх залбирал болон авралын зар тараах ажлаа хэзээ ч зогсоож байгаагүй. Гагцхүү хүүхдүүдийнхээ авралд л бүх зүрх сэтгэлээ тавьдаг болохоор нүгэлтэн болсон хүүхдүүд нь сүнслэг ухаарал олж, үнэнээсээ гэмшин, тэнгэрийн хаанчлалд эсэн мэнд буцаасай гэсэндээ үүр шөнөөр залбирч, авралын мэдээг тасралтгүй тунхаглаж байсан юм.
“Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв. Симон болон хамт байгсад нь Түүнийг хайж, олоод —Бүгд Таныг эрж байна гэхэд Есүс —Цөмөөрөө зэргэлдээх суурингуудад очицгооё. Би тэнд ч бас тунхаглах болно. Учир нь Би үүний төлөө ирсэн билээ гэж айлдав.”Мар 1:35-38
“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв. … Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.”Мат 4:17-23
Өнөөг хүртэл Бурхан хүүхдүүдээ цуцаж унах вий, авралаас холдох вий хэмээн үргэлж санаа зовнин залбирсаар. Биднийг аврах гэсэн цорын ганц хүсэл нь л уйгагүй залбирч, тасралтгүй тунхаглахад хүргэдэг юм.
Христ биднийг аврахын тулд юм бүхнээ харамгүй зориулсан. Тэнгэрт одох хүртлээ Тэрээр үлдэгсдийн авралд л сэтгэлээ чилээн, үүний тулд сайн мэдээ тунхаглаарай гэж бидэнд захисан юм.
“… Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.”Мат 28:18-20
“Есүс тэдэнд —Бүх ертөнцөөр явж, сайнмэдээг хамаг бүтээлд тунхаглагтун.”Мар 16:15
Бидний эргэн тойронд одоог хүртэл аврал аваагүй өдий төдий хүмүүс байна. Бурханы тухай бодоод үз! Хүүхдүүдээ л аварч байвал ичгүүр, сонжуурыг үл хайхарч, юу ч хийхээс буцаагүй. Энэ л Бурханы хайрыг эргэн санаж, бид ч бас ертөнцийн бүх улс үндэстэнд шинэ гэрээний сайн мэдээг зоригтой гэрчлэх хэрэгтэй юм.
Бурхан бидний төлөө бүх сэтгэл зүрхээ өгсөн бол бид ч мөн Бурханд бүх зүрх сэтгэлээ өргөж чаддаг байх хэрэгтэй. Сэтгэл дотроо байгаа аминч зангаа хаяж, Бурханыг гэсэн сэтгэлээр дүүргэцгээе. Христ бидний дотор бүрэн орших хүртэл улам илүү хичээж, Бурханыг үнэнээр хайрлаж, үргэлж Бурхан дотор амьдарцгаая.
Мөн Бурхан биднийг хайрласны адил бид ч ертөнцийн бүх хүн рүү очиж, тэднийг хайрлах хэрэгтэй. Ах дүү нарынхаа нэгэнд үйлдсэн зүйл нь Бурханд хийсэн хэрэг, харсаар атлаа ах дүүгээ хайрладаггүй нь хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй гэх зэргээр Бурхан сургамжилсан байдаг (Мат 25:40, 1Иох 4:20). Улмаар бид ах эгч дүү нараа аврах ажилд бүх зүрх сэтгэлээ хандуулах үед сая нэг “Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла” хэмээсэн үгийг бүрэн дуулгавартай дагаж чадна хэмээн бодно.
Паул элч энэ үгийг сэтгэлдээ сийлээд, ертөнц даяар явж, бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглахад бүхнээ дайчилсан. Бүх зүрхээрээ авралд зүтгэсэн учраас адармаатай, хэцүү байдалд байхдаа ч очсон газар бүрдээ олон сүнс гэмшүүлж, Бурханы энгэрт хөтөлж байсан шүү дээ.
“… Гэвч би Бурханы нигүүлслийн сайнмэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн. … Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ.”Үйл 20:23-27
“Би сайн тэмцлээр тэмцсэн, замаа дуусгасан, итгэлээ сахисан. Урьд минь зөв байдлын титэм надад зэхэгдсэн байна. Зөвт Шүүгч Эзэн намайг… шагнах болно.”2Тим 4:7-8
Паул өөрийн амийг юман чинээ бодоогүй гэсэн нь бүх зүрх бүх сэтгэлээ дайчилсан гэсэн үг юм. Замаа дуусгаж, итгэлээ сахисан тул өөрт байсан бүхнээ Бурханы төлөө бүрэн зориулсан гэсэн үг. Бурханы төлөө зан чанар, амь бие, зүрх сэтгэлээ бүгдийг зориулсан Паулын амьдралыг бодоод бид ч бас түүн шиг агуу итгэлтэй байх ёстой. Бурхан Паулын үйлсийг Библид тэмдэглүүлсэн нь түүний итгэлийн төрх ба үйлсээс биднийг сураасай гэж хүссэндээ юм.
“… Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, … чи бүгдэд саруул ухаантай бай, хэцүүг тэвч, сайнмэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хий, үйлчлэлээ гүйцэтгэ.”2Тим 4:1-5
Одоо бид бүхэнд ертөнцийн үндэстнийг аврах үүрэг үлдсэн юм. Паул шиг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа ертөнцийн үндэстнүүдэд авралыг тунхаглацгаая. Бид бүх хүнд Бурханы үгийг дамжуулж, Бурханы хайрыг харуулах хэрэгтэй. Хэрвээ бид хүн төрөлхтөнд Бурханы бидэнд жишээ үзүүлсэн үзэсгэлэнтэй сайхан хайрыг өдөр тутмынхаа үйлдэл дээр хэрэгжүүлэх юм бол хүмүүс ч бас Бурханаас авсан амийн бэлгээ бусдад баяр хөөртэйгөөр өгнө гэдэгт итгэж байна.
Аливаа юманд бүх зүрх, бүх сэтгэлээ зориулах үед ивээлтэй үр дүн гардаг. Паул элч ч бүх зүрхээрээ сайн мэдээ тунхагласан болохоор тэр ганц хүнээр анхны сүмийн сайн мэдээ Самари ба дэлхийн хязгаар хүртэл дэлхий даяар тунхаглагдсан юм.
Бид ч ийм ухаанаар бүх ертөнцийг сэрээцгээе. Бид ч ийм ухаанаар бүх ертөнцийг сэрээцгээе. Бид нар чинь Бурханы өмнөөс ертөнцийг сэрэмжлүүлэх үүрэг бүхий өнөө үеийн харуулууд шүү дээ (Езе 3:17). Тэгвэл хүн төрөлхтнийг сэрээх үүрэг даалгавартаа л бүх сэтгэлээ зориулах хэрэгтэй. Бүх сэтгэлээ гаргахгүй бол хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадахгүй, зөвхөн мэдлэг л дамжуулж, Бурханаас ирдэг ухаарлыг тэдэнд дамжуулж чадахгүй юм.
Нэрт жүжигчин авсан дүрдээ хамаг ухаанаа бүрэн төвлөрүүлж байж сайн жүжиглэдэг. Тэгж хамаг ухаанаа төвлөрүүлэхгүй бол гол дүрээр хэлэх гэсэн санаа, сэтгэл хөдлөлийг байгаагаар нь гаргаж чаддаггүй гэнэ.
Бидэнд өгсөн алба, үүрэг даалгавраа Библиэс олж мэдээд, тэр албандаа л өөрсдийгөө зориулцгаая. Библид зөгнөсөн амлалтын хүүхдүүд бид хүмүүнийг манлайлах энэ үеийн гол баатрууд юм. Явж бүх үндэстэнд тунхагла гэсэн хүслийг сэтгэлдээ тээгээд, алдагдсан ах эгч дүүгээ аврах үйлсэд бүх зүрх сэтгэл, хүч чадлаа дайчилцгаая.
Бүх зүрхээ Бурханд зориулах үед биднийг хүчирхэгжүүлэгч Түүгээр бүхнийг хийж чадна (Фил 4:13). Сионы гэр бүлүүд ээ, бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаанаараа Бурханыг хайрлан, олон олон сүнсийг авралын замд хөтөлж, мөнхийн тэнгэрийн хаанчлалын авралд хүрцгээе.