Гайхамшигтай ул мөр

10,364 үзэлт

Модны их биеийг хөрөөдөөд, модны хөндлөн огтлолыг нь харвал тухайн модны цагиргийн хээ харагддаг. Цаг агаар өөрчлөгдөхөд модны ургах хурд өөр өөр байдгаас болоод цагираг үүсэж бий болдог байна. Эсийн хуваагдал хүчтэй байх үед буюу хавраас зуны хооронд модны доторх бүтэц зөөлөн, өнгө нь тод байдаг бол зуны сүүл эсвэл намрын эхэн үеэс эхлэн эсийн хуваагдал удаан явагддаг тул хатуу бүтэцтэй, бараан өнгөтэй болдог байна. Ийм үйл явц давтагдах тусам модны их бие дээр өвөрмөц хээ бий болж, улмаар модны цагираг үүсдэг аж.

Модны цагиргийг харвал модны насыг төдийгүй тухайн модны амьдрах хугацаанд юу тохиолдсоныг мэдэж болно. Улирлын ялгаатай өөрчлөлттэй бүс нутгуудад ургасан шилмүүст модод тод цагирагтай байдаг бол улирлын өөрчлөлт багатай, зөөлөн уур амьсгалтай бүс нутагт ургадаг өргөн навчит далдуу мод харьцангуй бүдэг цагирагтай байдаг байна. Ижил төрлийн мод хүртэл амьдарч байсан орчноосоо хамааран цагираг нь өөр өөр хэлбэртэй байж болно. Ган гачиг, хортон шавьж, ой хээрийн түймэр зэрэг байгалийн гамшгаас авхуулан өтгөн саглагар ой, газрын налуу нь хүртэл модны цагирагт шууд бичигддэг байна. Изотопыг хэмжих замаар модны цагираг арван мянган жилийн өмнөх температур болон чийгшлийн жилийн мэдээллийг хүртэл өөртөө хадгалж чаддаг байна. Тиймдээ л модны жилийн цагиргийг тухайн модны ургалтын явцыг тодорхой харуулсан хар хайрцаг, цаг уурын өөрчлөлтийн өгөгдлийг тодорхой хадгалдаг байгалийн “хард диск” гэж нэрлэдэг байна.

“Харагтун, Би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдсэнийх нь дагуу буцаан төлөх шагнал минь Надтай хамт байгаа.” Илч 22:12

Библид “үйлдсэний чинь дагуу”, “юу хийснийх нь дагуу”, “юу тарьсны чинь дагуу” гэх мэт хэллэгүүд олон удаа гардаг. Бидний сайн мэдээний амьдралын ул мөр бүхэн Бурханы өмнө яг л модны цагираг шиг тэмдэглэгддэг гэсэн үг. Та сүнснийхээ өсөлтийн цагирган дээр ямархуу ул мөр үлдээх вэ? Зөвхөн Бурханы зарлигуудыг сахиж, сайн мэдээг тунхаглахын төлөөх хүчин чармайлтаар зогсохгүй ах эгч дүү нартаа хандах сэтгэл, үйлс зэрэг чинь таны сүнсний өсөлтийн цагираг дээр сийлэгддэг юм шүү (Мат 25:31-46). Өнөө үед хайр гэгч зүйл урьд урьдаас илүү чухал. Бурханд үйлчилдэгтэйгээ адилхан даруу төлөв байдал, хайр энэрлээр ах эгч дүү нараа асарч халамжилцгаая. Ийм сайхан үйлс л сүнслэг өсөлтийн цагирагт тэмдэглэгдэх учиртай.