Хэлснээр тань

Лук 5:1-7

18,347 үзэлт

Ард олон Бурханы үг сонсох гэсэндээ Есүсийн зогсож байсан Геннесаретын нуурын эрэг дээр ирэв. Нуурын хөвөөнд хоёр завь байхыг харсан Есүс Симоны завин дээр гараад, завин дээрээс ард олонд сургаалаа заалаа.

Тэрээр айлдаж дуусаад, Симонд:

“Усны гүн рүү нь оч, загасчлахын тулд тороо доошлуул” гэв. Симон:

“Эзэнтэн, бид шөнөжингөө зүдэж зүтгээд юу ч бариагүй, гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя” гэв.

Петр Есүсийн хэлснээр тороо доошлуултал маш олон загас орсноор тор нь хүүрч эхлэв. Нөгөө завин дээр байсан нөхөд нь ирж, түүнд туслан тороо татахад хоёр завь загасаар дүүрсэн байв.

Петр туршлагатай загасчин байлаа. Усны урсгал, загасны хөдөлгөөнийг анддаггүй чадварлаг загасчин хүний хувьд тэрээр загас их барих аргыг сайн мэднэ. Хэзээ тороо доошлуулж, хэзээ татаж авах ёстойг ч мэднэ.

Загасчин хүний хувьд Петр олон жилийн туршлага, мэдлэгтээ үндэслэн бодоход завьтайгаа усны гүн рүү очоод, тороо буулгана гэдэг утгагүй санагдсан байж болох юм. Тэрээр шөнөжин зүдэрсэн тул хурдхан харьж амрахыг хүссэн нь лав. Гэвч тэрээр Есүсийн үгийг дуулгавартай даган, завьтайгаа усны гүн рүү очин, тороо дахин доошлуулсан юм. Тэрээр өөрийн туршлага, мэдлэгээ хойш тавьж, зөвхөн “Хэлснээр тань” гээд тийн үйлдсэн билээ.

Хэрэв та ямар нэг зүйлийн мэргэжилтэн бол, ялангуяа бодит байдалтай эвлэрэхийг хүссэн үедээ өөрийн туршлага, мэдлэгт илүү их түших талтай байж мэднэ л дээ. Гэвч бид ямар ч нөхцөлд Бурханы үгийг юу юунаас илүү дээгүүр тавих учиртай юм шүү. Бурхан биднийг зүгээр л зовоохын тулд тушаал зарлигаа өгдөг биш. Түүний айлдсан бүхэн бидэнд ерөөл авчирдаг юм (Дэд.Хуу 8:11–16).

Өөрсдийн бодлыг хойш тавин, Бурханы хүсэл юу болохыг эхэлж тунгаан бодоод, Түүний хэлсэн болгонд найдвараа тавья.

Тэгэх аваас бид урьд өмнө хэзээ ч эдэлж байгаагүй агуу их ерөөл Бурханаас хүлээн авах юм.