Бурхан бидэнд мөнх амь төдийгүй ерөөл соёрхож, тэнгэрийн орныг захирах эрх мэдлийг ч хүртэл амласан билээ. Тэнгэрт үйлдсэн алдаа нүглийг маань бүгдийг нь уучилсан төдийгүй нүгэлтэн биднийг тэнгэрийн “хаан тахилч” болгож өөрчилж, мөнх амь авах хүртэл маань өдөр бүр тахилын ширээн дээрх Хурга болж үхлээс ч татгалзаагүй юм.
Бурханы энэ хайранд бид яаж хариулах вэ? Хүүхдүүд нь болсон бидний л авралын төлөө золиос болохоос буцалгүй, амь биеэ харамлалгүй бидэнтэй цуг байгаа тэнгэр Эцэг Эхдээ чухамхүү юуг өргөх вэ?
Бурханаас чухалчлан залбирч гуйхдаа бид ямар нэг юм өгөөч хэмээн нэхэхээсээ өмнө Түүнд юу өргөхийгөө, мөн энэ газар Бурханы гүйцэлдүүлж буй авралын ажлын төлөө бид юу хийж чадахыгаа нэг удаа ч болов бодож үзэх хэрэгтэй.
Хэзээ ч билээ дээ би нэг удаа “Эх ба өндөг” гэдэг өгүүллэг уншиж байсан юм байна. Аав нь хөдөө суманд багшилдаг нэгэн гэр бүл байж л дээ. Нэг өдөр ээж нь ар гэртээ тустай ажил хийх сэн гээд аавтай нь зөвлөлдөж гэнэ. Мэдээж гурван хүүгээ өсгөн, гэрийн эзнийг халамжилдаг эхэд гэрийн ажил багагүй байдаг ч хөвгүүд нь сургуульдаа явж, нөхөр нь ажилдаа гарсны дараа жаахан ч гэсэн зүгээр суух гэхээр сэтгэл нь тавгүй байв.
“Ямар нэг юм хиймээр байгаа бол тахиа өсгөж үзвэл ямар вэ?” гэж аав нь ээжид нь санал тавьжээ. Тэгээд хэдэн дэгдээхий худалдан авч, цаг нөхцөөх ажил гаргаж өгөв. Дэгдээхийнүүд аажмаар өсөн, зарим нь дунд зэргийн, зарим нь том тахианууд болжээ. Анх гурав байсан тахиа сүүлдээ хориод болон өсөв. Тахианууд нь өсөөд ирэхээр өндөг идэх боломж ч ихсэж, анхандаа ердөө л зууш төдийгөөр бодож байсан өндгөө хожим дэлгүүрт тавьж, бага зэрэг нэмэр болж байв.
Нэг өдөр ээж нь гурван хөвгүүнээ дуудаад, цаашид нэг сарын турш өндгөн зууш гарахгүй хэмээн мэдэгдэв. Дунд хүү нь “Яагаад одооноос өндөг идүүлэхгүй гэж?” хэмээн гомдоллосон өнгөөр асуусанд ээж нь ийн хариулжээ.
“Ах чинь сарын дараа сургуулиа төгсөнө. Төгсөлтийн баярын үеэр ахад чинь өмсөх хувцас авч өгмөөр байна. Тэгээд л тэр.”
Ээжийнхээ үгийг сонсоод том ахын сэтгэл ихэд өвдөв. Дүү нарынхаа амттай зүйлийг нь хорин байж шинэ хувцас өмсөх бодолгүй болохоор “Зүгээр ээ” гээд татгалзсан ч ээжийнх нь хүсэл өөрчлөгдсөнгүй. Төгсөлтийн баяраар том хүү нь нийт сурагчдын дотроос “Тэргүүний сурагч” гэсэн шагнал авах болохоор хувцас хунар муутай хүүдээ тэр л өдөр сайхан хувцас өмсүүлэхийг хүссэн нь эхийн сэтгэл байв.
Тэр өдрөөс хойш хэсэг хугацаанд ах дүүс өндөг идсэнгүй. Гэтэл хэдэн өдөр өнгөрөхөд тахианы байрнаас хоёр ширхэг өндөг дутав. “Сонин хэрэг гэж байх юм” гэсээр ээж нь аавтай нь ярилцав. Хулгайч оров уу гэж сэжиглэсэн ч “Тэгсэн бол бүгдийг нь аваад явчихмаар юм, ердөө л хоёрхон ширхгийг авч явсан нь ойлгомжгүй байна” гэлцэв. Хичнээн ажиж харсан ч гаднаас хүн орж ирсэн ул мөр байсангүй. Аав нь “Нурони” гэдэг нохойгоо үүдэнд нь уясан хэр нь өдөр бүр өндөг алга болсон хэвээр байв.
Тэгж байтал ахынх нь төгсөлтийн баярын өдөр ч болов. Аав нь өглөө эртлэн яарч, хөвгүүдээ шавдуулав. Урд өдөр нь ээжийнхээ авч өгсөн шинэ хувцсыг том ах өмсжээ. Тэр өдөр сайн ээжийн ёсоор хүүтэйгээ хамт индэр дээр гарах болсон ээж нь ч мөн гамнаж өмсдөг “цайны” ганц ханбугаараа гангарч, ердийн үед буддаггүйгээрээ будаж, нүүрээ гоёод бэлдэж гарав. Гэтэл бага хүү нь үргэлж л назгайраад байлаа. Аав нь чанга дуугаар шавдуулан яаруулахад бага хүү ямар нэг юм нуучихаад, жуумалзан инээмсэглэсээр өрөөнөөсөө гараад ирэв.
Бага хүү гэрийнхнийхээ харцыг өөртөө татан, гараа аажуухан сунган нэг зүйл өгсөн нь цагаан резинэн шаахай байлаа. Резинэн шаахайг хараад тэд хормын төдийд сэтгэлээрээ ойлголцов. Ээжийнх нь ханбугны хормойн завсраар цухасхийх резинэн шаахай хуучрахын дээдээр хуучирч, гандаж, өнгөө алдсан байлаа.
Бага хүү ээжийнхээ резинэн шаахайг хэт хуучирсан юм шиг болохоор нь өндөгнөөс хоёрыг сэмхэн авч байснаа хэлжээ. Тэрээр “Гэсэн ч би тийм ч муу зүйл хийгээгүй ээ. Тэртээ тэргүй миний л идэх хувь болохоор цаашдаа хоёр өндөг идэхгүй л байвал бол оо биш үү” гэж хэлээд ээждээ резинэн шаахай авч өгсөн нь тэр байв.
Энэ байдлыг хараад ээж нь мэлмэртэл уйлав. Тэгээд онцгойлон гоёсон нүүр нь дахиж будахаас өөр аргагүй болов. Цаг саатсанд тэд санд мэнд төгсөлтийн баяр руу явцгаалаа. Том ах нь дээгүүрх хувцас нь л шинэ болохоос байнга өмсдөг хуучин өмдөө өмссөн байв. Гэсэн ч дүүгийнхээ өхөөрдөм сэтгэлийн улмаас бүх зүйлд талархжээ. Дунд хүү ээжийнхээ төлөө юу ч хийж өгөөгүй ч дүүгийнхээ ээжийгээ гэсэн сэтгэлд нь цээж тэнэгэр явлаа. Ийнхүү тэр нэгэн өдөр эцэг эх, ах дүүс халуун ам бүлээрээ аз жаргал бялхан байлаа.
Энэхүү түүх нь жирийн нэг айл гэрт болсон явдал боловч бидэнд сүнсээр ихээхэн ухаарал өгч байна. Эцэг Эх Бурханаасаа байнга л ихийг авдаг бид бүхэнд чухамдаа Эцэг Эхдээ хийж өгч чадах юм байна уу гэж бодогдоно.
Бурханд үнэндээ бидний бэлэг сэлт, тус дэм хэрэггүй л дээ (Иса 40:15-18, Иов 35:5-8 үзэх). Бүхнийг бүтээгч төгс хүчит болохоор Бурханд бүгдийг бүтээх хүч чадал, эрх мэдэл бий. Харин хүүхдүүд нь болсон бидэнд тэнгэр Эцэг Эхдээ өргөж чадах, Тэднийг гэсэн хайр, зүтгэлээ илэрхийлэх өчүүхэн ч болов зүйл байх ёстой гэж би санадаг юм.
Дээрх өгүүллэгт гарч байгаа эхийн уярч баярласан зүйл нь ердөө нэг резинэн шаахайнд байсангүй, харин эцэг эхээ гэсэн үрийнхээ сэтгэлд байлаа. Хоёр ах нь эцэг эхээсээ авахаа л бодож, ямар нэг юм хийж өгье гэж бодоогүй байхад бага хүү нь үүнийг бодож байж. Бага хүү ээжийгээ “сайн ээж” гэгдэн ахтай нь хамт индэр дээр гарахыг бодож. Ахыгаа яаж гоё хувцас өмсөхийг нь мэдэхгүй ч ээжийгээ удаан өмссөн ханбуг дээрээ хуучин резинэн шаахайгаа углаад гарахыг нь мэдээд, ээждээ шинэ шаахай худалдан авч өгөхийг хүссэн байв. Резинэн шаахай гэхээсээ түүнд шингэсэн бага хүүгийн сэтгэл хичнээн хөөрхөн!
Бид ч мөн тэнгэр Эцэг Эхээсээ юм болгоныг л авах албатай хувь заяанд төрсөн гэж бодох бус, одооноос энэ бага хүү шиг байя. Хэдий Бурханд юу ч биш, байсан байгаагүй нь ялгаагүй ч өчүүхэн жижиг зүйл гэлтгүй ямар нэг баярлуулах сэтгэлийг Бурханд өргөцгөөе.
“Иймд тэдний хамсаатан бүү бай. Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна. Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол. Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.” Ефе 5:7-14
Эзэнд таалагдах юмыг олж, тийм зүйлийн талаар арга бодож олоорой гэсэн байна. Өнөөг хүртэл үргэлж Бурханаас зөвхөн авахаа бодож, бэрхшээл тулгарах бүрд гуйж хүсэж ирсэн. Тийм юм чинь Бурханы ивээл, хайранд хариулж чадах зүйл бидэнд байж л таараа. Тэр юу байж болохыг хайж олоод, Бурханыг баярлуулах ажил хийцгээе.
“мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж, Түүний цог жавхлант эрх мэдлийн дагуу бүх хүчээр хүчирхэгжин, баяр хөөртэйгөөр бүхий л тэсвэр, тэвчээрт хүрч, гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна. Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм. Хүүгийнх нь дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байна.” Кол 1:10-14
Тэнгэрийн хүүхдүүдийн хувиар Бурханд зохистойгоор явж, Түүнд таалагдах үйлс юу байж болохыг бүх талаар бодож чаддаг болох хэрэгтэй. Дээрх түүхэнд аав ээж хоёр нь өдөр бүр яг адилхан хоёр өндөг л алга болоод байсан учрыг мэдэхгүй байсан нь мэдээж. Гэвч ээжийнхээ төлөө өөрийнхөө идэх хувь гэж бодсон өндгийг зараад, резинэн шаахай авч өгсөн балчир хүүгийнхээ сэтгэлийг ойлгосон аав ээж хожим хичнээн тааламжтай, баяртай байсан бол? Ах нар нь ч мөн өөрсдийнх нь хийх ёстой ажлыг дүү нь хийсэнд хичнээн таатай, баяр хөөртэй байсан бол? Манай тэнгэрийн гэр бүлүүд ч мөн үүн шиг Эцэг Эхийнхээ ивээлийг ухаарч ойлгоод, бас Тэдэнд таалагдах үйлс юу вэ гэдгийг үргэлж бодож, илүү их яруу алдрыг Бурхандаа өргөөсэй гэх байна.
Тэгвэл Бурхан ямар үйлсэд баярладаг бол? Бурханд яруу алдар, баяр баясгалан өргөе гэвэл Түүний хамгийн ихээр баярладаг үйлс нь юу байж болохыг мэдэх хэрэгтэй.
Авралд хүрэх үйлс, авралд очих итгэл, мөнхийн тэнгэрийн хаанчлалд байнга найдах амьдрал гээд энэ бүгд нь Бурханыг үргэлж баярлуулдаг үйлс юм. Бурхан хамгийн ихээр баярладаг зүйл нь эцэстээ бидний аврал юм. Энэ тухай Есүс сургаалт зүйрлэлээр ийн ойлгуулсан байдаг.
“ийм сургаалт зүйрлэл тэдэнд айлдав. —Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.” Лук 15:3-7
Бид тэнгэрээс алдагдсан тэнгэрийн хүүхдүүд юм. Хүүхдүүд нь нэг хоёроороо Бурханы энгэрт эргэж ирэх үеийг Исаиа эш үзүүлэгч үүл мэт, үүрэндээ буцах тагтаанууд мэт нисэж ирнэ гээд уг үзэгдлийг дүрслэн бичсэн. Мөн эргэж ирсэн хүүхдүүдээ хараад Иерусалимын царай гэрэлтэнэ гэсэн байдаг. Царай гэрэлтэнэ гэдэг нь баяр баяслаар дүүрэн байгаа нүүр царайны төрхийг өгүүлж байна. Үр хүүхдээ алдсан эхийн царай баяр хөөрөөр дүүрч гэрэлтэх агшин байна гэвэл энэ нь алга болсон хүүхдээ олж авах тэр цаг мөч юм. Тэгэхээр бид тэнгэрээс алдагдсан нүгэлтнүүдийг гэмшүүлж, Бурханы энгэрт хөтлөх нь Түүнийг хамгийн дээдээр баярлуулах үйлс болно гэдгийг ухаарч болохоор байна (2004 оны хэвлэлт Иса 60:1-5, 49:14-23 үзэх).
Тэнгэр дэх гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс газар дээрх нэг нүгэлтэн гэмшээд буцаж ирэхэд илүү их баяр хөөр болно гэсэн. Бурхан нүгэлтнүүдийг гэмшихэд хамгийн ихээр баярладаг гэдгийг Лук номноос дахин нэг удаа бататгаж үзье.
“Хүний Хүү алдагдсаныг хайж, аврахаар ирсэн билээ гэв.” Лук 19:10
Есүс Христ алдагдсаныг хайж, аврахаар энэ газарт ирсэн хэмээсэн. Энд гарч буй “алдагдсан” гэдгийг холбоотой ишлэлтэй нь судлаад үзвэл үүрд үхэхээс өөр аргагүй үхлийн нүглийг тэнгэрт үйлдээд, энэ газарт хөөгдөж ирсэн нүгэлтнүүдийг заасан байна (Мат 9:13). Алдагдсан хүүхдүүд буюу өөрөөр хэлбэл нүгэл үйлдээд энэ ертөнцөд хөөгдөж ирсэн нүгэлтнүүд нэг нэгээрээ гэмшин, дахин Бурханы хайр ерөөл дотор эргэн ирэхэд Тэрээр маш их баяр хөөр болдог. Мөн бидний хичээнгүйлэн авралын зар тараадаг учир үүнд оршдог юм.
Бурханы хамгийн их баярладаг зүйл нь нүгэлтнүүдийг гэмшүүлэн авардаг авралын зарын ажил юм бол одооноос бид гэмшүүлэх ёстой үй олон хүнийг, сүнс нэг бүрийг аварч, Бурхан руу хөтөлцгөөе. “Бүх ертөнцөөр явж, бүх үндэстэнд сайн мэдээ тараагаарай, бүх үндэстнийг дагалдуулан, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж авраарай” гэсэн нь Бурханы ариун хүсэл билээ.
“Есүс дөхөж ирээд, тэдэнд —Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн. Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ, та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.” Мат 28:18-20
Баптисм бол нүглийн уучлалын утга агуулсан ёслол юм. Гэмшсэн тул одооноос зөвхөн Бурханы хүслийн дагуу амьдарна гэсэн амлалтын ёслолыг баптисм гэж болно. Явж, бүх үндэстэнд баптисм хүртээ гэсэн нь бүгдийг гэмшүүл гэсэн утга биш гэж үү? Үргэлж бидэнтэй цуг оршдог Бурханы биднээс хамгийн ихээр хүсдэг зүйл энэ.
Эцэг Эх маань юунд баярладгийг мэддэг бол тэр зүйлийг дээрх өгүүллэгт гарсан бага хүүгийн адил шийдээд хийх үү, эсвэл зөвхөн сэтгэлдээ л хадгалаад байх уу, дахин нэг бодож үзээрэй. Энэ ертөнцийн юунаас ч илүүгээр Бурханы эрхэм нандинд тооцдог эрдэнэ нь Бурханы хүүхдүүд юм. Ертөнцөд гэмшиж чадаагүй, харанхуй дунд одоо хүртэл бэдрэн тэнүүчилж буй олон олон ах дүү, эгч дүү маань байна. Тэднийг тэнүүчилсэн чигт нь зөнд нь орхиж болохгүй. Самари ба дэлхийн хязгаар хүртэл эрж олох хэрэгтэй. Тэднийг олж хайж Эцэг Эхийн тухай мэдээ дамжуулъя. Тэнгэрийн гэр бүлийнхээ талаар мэдүүлж, мөнхийн тэнгэрийн хаанчлалын эх нутагт нь хүргэх замыг хэлж өгцгөөе.
2000 жилийн өмнө Есүс Чидун уулан дээр дээш өргөгдөхдөө шавь нартаа “Та нар Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно” хэмээн айлдсан. “Самари болон дэлхийн хязгаар хүртэл гэрчил” гэсэн үг, мөн “Бүх үндэстнийг дагалдуулагтун” гэсэн үг нь эцэстээ Бурханы үгээр хүүхдүүдийг нь гэмшүүлж, тэнгэрийн хаанчлалд ирүүлээрэй гэсэнтэй адил захиас юм.
Сионы гэр бүлүүд бүгдээрээ арван талантын үр жимс гарган, тэнгэр Эцэг Эхдээ баяр баясгалан, яруу алдар өргөөд, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орохыг хүсье. Ертөнцийн бүх үндэстнийг үнэн зөвөөр гэмшүүлж, авралын зам руу хөтлөгдөн ирэх хүртэл нь үргэлж залбиран, Бурханд таалагдах үйлс гаргаж, ээжийнхээ өмнө резинэн цагаан шаахай тавьсан бага хүү шиг сайхан сэтгэлийг Бурханд өргөх тэнгэрийн хүүхдүүд болохыг хүсэж байна.