Тэнгэрт үйлдсэн нүглийнхээ уршгаар сүнсний хоргодох хот болох энэ дэлхийд хөөгдөж ирсэн нүгэлтнүүд бол хүмүүн бид. Ийм л өрөвдөлтэй хүн төрөлхтнийг аврах гэсэндээ Бурхан гэм зэмгүй, толбогүй Христийн цусаар авралыг, өөрөөр хэлбэл нүглийн уучлалыг өгч, Бурханы хүүхэд болгон дахин төрүүлээд, тэнгэрийн хаанчлалдаа буцах ивээл ерөөлийг соёрхсон билээ.
Бурханы хүнээр дахин төрсөн бид Бурханаас юун түрүүнд юу гуйх ёстой юм бол? Мөн Бурхан хүүхдүүд биднээсээ хамгийн их хүсдэг зүйл нь юу юм бол? Энэ бол амь, өөрөөр хэлбэл мөнх амь юм. Бурхан хүүхдүүдээ мөнх амийг олж, тэнгэрийн хаанчлалын баяр баясгаланд оршихыг л тэсэн ядан хүлээж байдаг юм.
“Харин Бурханы хүн чи энэ бүгдээс зугт. Зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгө. Итгэлийн сайн тэмцлээр тэмц. Мөнх амийг зуур. Чи үүнд дуудагдсан бөгөөд олон гэрчийн өмнө сайн гэрчлэл хийсэн.” 1Тим 6:11-12
Бурхан хүүхдүүддээ мөнх амийг зуур хэмээн захижээ. Харин мөнх амийг зуурахын тулд бидэнд зайлшгүй туулах ёстой явц гэж бий. Энэ нь зөвт байдал, итгэл сүсэг, итгэл, хайр, тэвчээр ба дөлгөөн занг мөшгөж, итгэлийн сайн тэмцлээр тэмцэх явдал юм.
Энэ хорвоод амьдрах явцад хүн бүр өөрийн гэсэн зовлонтой. Бусад хүн мэддэггүй энэ зовлон бэрхшээл нь хүн бүрд махан биеийн өргөс болж байдаг юм.
Бурхан ажлаа хийж байгаа эш үзүүлэгч нартаа таатай сайхан нөхцөл байдал өгч болох байтал харин ч зовлон зүдгүүр илүү өгдгийн учир юу юм бол? Энэ нь хайртай хүүхдүүдээ газар дэлхийн юмсаар сэтгэлийг нь хангахгүй гэсэндээ, тэнгэрийн хаанчлал болон мөнх амийг хүсэн хүлээдэг байлгах гэсэндээ, өнөөгийн зовлон зүдгүүртээ Бурханыг л түшүүлж, бүгдийг чадагч Бурханы хүч чадлыг харуулах гэсэндээ тогтоосон Бурханы зүй тогтол юм.
“Би сайрхахыг хүсвэл мунхаг болохгүй. Учир нь би үнэнийг ярина. … Мөнөөх агуу гайхамшигт илчлэлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж, өөрийгөө хэт дөвийлгөхөөс сэргийлж намайг Сатаны зарлага элч дэлссэн аж. … “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана. Иймд Христийн төлөө мөхөсдөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг.” 2Кор 12:6-10
Анхны сүмийн үеийн элч Паул ч мөн махан биеийн өргөс зовлонтой байсан ба олон удаа Бурханаас тэр зовлонгоо зайлуулж өгөхийг гуйсан. Харин Бурхан түүнд “Миний нигүүлсэл чамд хангалттай” хэмээж, үүгээрээ түүнийг загалмайгаа үүрч, Христийг дагадаг болгосон юм. Бурхан яагаад зовлон өгснийг Паул ухаарч, хүнд байдалд орж, хавчлага, гачигдал, шахалт, доромжлол амсах үедээ ч Бурханыг гэсэн хайраа бүр ч тууштай харуулснаараа харин ч талархаж баяртай байсан юм (2Кор 11:23-30).
Бурхан сайн мэдээ тараах ажлыг төлөвлөж, тэр төлөвлөгөөгөө биднээр биелүүлэхдээ бидэнд хэцүү бэрх, хавчлага саадыг ч давхар амсуулдаг. Түүний шалтгаан нь өвдөлт, шаналлаар дамжуулан хүүхдүүдээ тэнгэрийн оронд найдан, тэнгэрийг чиглэн нисэх далавчаа дэвж сураг гэсэндээ тэр аж. Өөрөөр хэлбэл Бурхан биднийг тэнгэрийн орны хаан тахилчийн үүргийг хүлээхүйц хүчтэй, тууштай итгэлтэй болох хүртэл маань дасгалжуулж байгаа хэрэг.
Итгэлийн өвгүүд бүгд өөрийн гэсэн зовлонгийн өргөстэй байв. Бурхан төгс хүслээ тэднээр биелүүлэхийн тулд өргөс зовлонг өгч, тэднийг цэвэршүүлж байсан юм. Бурханыг хайж, Бурханыг бодоход цаг гаргаж, Бурханыг л туйлаас түшдэг байлгахын тулд бэрхшээл зовлонтой нөхцөл байдлыг тэдэнд бий болгожээ.
Бүргэд дулаан үүрэндээ юу ч хийхгүй залхууралд автаад байвал жигүүртний хаан болж чадахгүй учраас эх бүргэд зулзагануудаараа туйлын хүнд дасгал сургуулилт хийлгэдэг аж. Яг үүнтэй адил Бурхан ч бас итгэлийн өвгүүдийг ертөнцийн юмсад сэтгэл хангалуун байлгахгүй гэсэндээ цэвэршүүлэх гэж тэдний өмнө өргөс зовлонг бий болгосон юм.
Хүн төрөлхтний хамгийн анхны алуурчин Каин хэмээх хүү төрүүлсэн Адамын зовлон (Эхл 4:1-8), садар самуун, ёс жудаггүй хүүгээсээ болж сүйрсэн Ели тахилчийн зовлон ч (1Сам 2:12-25), тэрслэгч хүү Абсаломдоо хөөгдөн зугтсан Давид хааны амьдрал ч (2Сам 15:1-23) тийм байсан юм. Ахаб хаан, Иезебел нараас болж зовлон эдэлсэн Елиа Бурханаас үхэхийг хүсэмжилтэл тэнгэр элч жигнэсэн бин, ваартай ус авчран тусалж, амь гараад үүргээ үргэлжлүүлсэн (1Хаа 19:1-18). Елиагийн шавийн хувиар эш үзүүлэгчийн үүргийг өвлөн авсан Елишад ч Гехази гэдэг шунал ихтэй худалч зарц өргөс болон өгөгдсөн байж.
“Бурханы хүн Елишагийн зарц Гехази —Үзэгтүн, энэ арам хүн Нааманы авчирсан эд зүйлийг гараас нь аваагүйгээрээ миний эзэн түүнийг өршөөн хэлтрүүллээ. Иймд ЭЗЭН амьд! Би түүний араас гүйн очоод түүнээс ямар нэгэн юм авсугай гэв. Ингээд Гехази, Нааманыг нэхэж одов. … Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас авч гэртээ оруулан тавиад тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав. Харин тэр өөрөө орж ирэн эзнийхээ өмнө зогсов. … Тэгтэл Елиша түүнд —Нэгэн хүн чамтай уулзахаар тэрэгнээсээ буух үед миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү? … Тиймээс Нааманы уяман өвчин чамд болон чиний үр удамд мөнхөд наалдах болтугай гэв. Тиймд Елишагийн хажуугаас гарч ирэхдээ тэрээр цас шиг уяман өвчтэй болжээ.” 2Хаа 5:20-27
Елиша Бурханы олон гайхамшгийг үйлддэг эш үзүүлэгч байсан тул зарцынхаа дураараа, шунахай үйлдлийг хэрхэн мэдэхгүй байх билээ? “Миний зүрх чамтай хамт яваагүй гэж үү?” гэж хэлснээс нь харвал худлаа ярьдаг зарц нь Елишагийн хувьд өргөс болж байсныг мэдэж болно.
Есүс ч урвагч Искариотын Иудас гэх өргөстэй байсан. Өөрийг нь цаазын газар тушаах хүн хэн гэдгийг Есүс мэдэж байсан ч юу ч болоогүй юм шиг түүнийг гурван жил дагуулан хамт алхсан юм.
“… Тэднийг зооглон байх үед Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд… —Тавганд Надтай гар дүрэгч нь Надаас урвах болно. Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ.” Мат 26:19-24
Есүс Искариотын Иудастай гурван жилийн турш хамт байсан ч сайн мэдээний үгийг ивээлтэйгээр гэрчлэн, сүнс аврах ажилд л бүх сэтгэлээ зориулж байсан юм. Хэрвээ Есүс Өөрт нь зовлонгийн өргөс болж байсан Искариотын Иудасаас болж сэтгэлээ зовоож, цагийг хий дэмий үрсэн бол авралын мэдээ хэрхэн тунхаглагдах байсан бэ? Есүс өргөснөөсөө болж сэтгэлээ зовоох гэж биш, тэнгэрээс алдагдсаныг хайж аврахаар ирсэн гэж айлдсан юм.
Үүн шиг хэрвээ бид сайн мэдээнд саад болж буй өргөснөөс болоод “Мөнх амийг зуур” гэсэн зорилгоо орхин, зовж шаналаад л байвал хэрхэн бүх үндэстэн ард түмэнд мөнх амийн замыг зааж өгөх билээ? Есүсийн жишээг бид ч дагаж, зөвхөн сүнс аврах ажилд л зүрх сэтгэлээ зориулж, махан биеийн өргөсөө ялдаг мэргэн ухаантай болцгооё.
Кауфман хатагтай “Цөлийн баянбүрд” гэдэг номондоо аян замд нь тохиолдсон зүйлсээ тодорхой дүрсэлж, хүр хорхой үүрнээсээ гарч нисэх өсөлтийн явцыг нарийн харуулсан байдаг.
Нэг өдөр өнөөх хатагтай үүрээ задлан гарах гэж тэмцэх хүр хорхойн эрвээхийг хараад өрөвдөж, үүрийг нь амархан задрахаар болгох гэж хайчаар багахан хайчилжээ. Харин бүх хүр хорхойнууд нисчихээд байхад үүрнээсээ амархан гарч ирсэн мөнөөх хүр хорхойн эрвээхий нь бусдаасаа дор, нисэж чадахгүй байж гэнэ. Хүр хорхойн эрвээхий өөрөө хүч гарган бүх хүчээрээ тэмцэн тийчигнэж байж далавчаа дэлгэн, үүрээ зад татан гарч ирж байж л далавчных нь булчин сайжирч хүчтэй нисэж чаддаг нууцыг тэгэхэд л өнөөх хатагтай ойлгосон гэнэ лээ. Зовлонг ялах гэж хичээн зүтгэх явцад далавчинд нь нисэхэд хэрэгтэй хүч хуримтлагддаг гэсэн үг л дээ.
Бидний сүнслэг далавч ч үүнтэй адил. Тэнгэрийн орныг чиглэсэн бидний сэтгэл зовлон бэрхшээлээр л илүү баттай болж, сүнслэг далавч маань дэвэн нисэж чадах хэмжээний хүчтэй болдог юм. Зовлон бэрхшээл хэрэв байхгүй бол алсын хараагүй болж, энэ ертөнц дээрх одоогийн байр байдалдаа сэтгэл нь ханан, мөнх амийг ч зуурч чадахгүй, мөнхийн эх нутаг тэнгэрийн хаанчлалд ч орж чадахгүй амьдралаа дуусгаж мэднэ. Одоогийн байдал нь зовлон шаналалтай байгаа учраас л өвчин, үхэл байхгүй мөнхийн тэнгэрийн хаанчлалыг хүсэн хүлээх юм.
Далайн эргийн нарс мод ширүүн салхинд улам гүн үндэслэдэг. Мөн хотын төвийн бохирдол туйлдаа хүрч байгаа Сөүлийн Намсан уулан дахь нарс мод ердийн нарс модыг бодвол илүү их боргоцойтой байдаг. Учир нь нарс мод тийм хатуу ширүүн нөхцөл байдалд дасан зохицож илүү ургац сайтай болж, үр удмаа хадгалж үлддэг аж.
Зовлон зүдгүүр, ядуу зүдүү байдал, ганцаардал зэрэг нь амьдрал өсөж дэвжихэд саад болдог ч Бурханы өмнө тэр тааруу нөхцөл байдал нь Бурханы тусламжийг эрж, Бурханыг л туйлын түшиж тулдаг бат итгэлтэй болж өсөхөд цэвэршүүлэлт болдгийг санах хэрэгтэй. Бурхан бидэнтэй хамт өргөст халгай, сундуу байлгасан ч үгийг зоригтой тунхагла гэж айлдсан.
“Хүний хүү, тэднээс бүү ай. Хэдийгээр өргөст халгай, сундуу чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч тэд тэрслүү гэр тул үгсээс нь чи бүү ай, царайнаас нь чи бүү эмээ. Тэд сонссон ч, эс сонссон ч чи үгсийг минь тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд тэрслүү юм.” Езе 2:6-7
Өргөст халгай ба сундууг бидний эсрэг тавьж, үнэнийг эсэргүүцдэг хүмүүсийг Бурхан тамын шийтгэлээр захирах учир тэд хичнээн тэрслүү байлаа ч тэднээс бүү айгтун гэсэн. Хэдийгээр одоо өргөс зовлонтой ч цаг хугацаа өнгөрвөл зүтгэсний үр дүн гарах л болно. Тиймээс Бурхан тэр үр дүнг дурдан, биднийг тайвшруулдаг.
“Дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь Бурханаас ерөөл авдаг. Харин тэр нь хогийн ургамал ба халгайг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг. Хайртууд минь, хэдийгээр бид ийнхүү ярьж байгаа боловч та нарын тухай илүү сайн зүйлс буюу авралд хамаатай зүйлсийн тухайд итгэлтэй байна.” Евр 6:7-9
“Есүс тэдэнд олон зүйлийг сургаалт зүйрлэлээр хэлэхдээ —Харагтун, тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үр цацахад… Зарим нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал ургаж, тэднийг боомилов. Харин зарим нь сайн хөрсөн дээр унаж, ургацаа өгөхөд зарим нь зуу, зарим нь жар, зарим нь гуч дахин их болов.” Мат 13:3-8
Бүгдээрээ ашиг тусгүй галд шатах хогийн ургамал, өргөст бут бололгүй, Ариун Сүнсний ган тайлах бороог уугаад, Бурханы ивээлтэй үгийг тунхаглан, сайн үр жимс гаргадаг хүүхдүүд болцгооё. Хогийн ургамал мэт хүнд хэцүү орчин нөхцөл байлаа ч бүгдийг ялан гарч, сайн мэдээ тарааж, Бурханы үнэ цэнэтэй бэлэг болох мөнх амийг зуурах учиртай.
“Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ.” Иох 6:27
Өргөст халгай ба сундуун зовлонгоос болж мөхөж устах хоолны төлөө хөөцөлдөж, мөнх амиас татгалзвал хичнээн үнэ цэнэгүй, мунхаг амьдрал болох билээ? Бидний амьдрал ямар ч утга учиргүй болох биш үү? Мөнх амь өөд хүргэх хоолны төлөөх амьдралаар амьдарч, Бурханы үгийн дагуу хамгийн чухал, үнэ цэнэтэй бэлэг болох мөнх амийг чанга зуурцгаая.
Бурхан Адам Еваг бүтээхдээ газрын шороогоор хийсэн махан бие рүү амин амьсгалыг үлээж амь өгөөгүй байсан бол тэд тэгтлээ үзэсгэлэнтэй байж чадах байсан болов уу? Үгүй юм. Газрын шороо гэдэг сайхан зүйл биш. Амин амьсгал үлээн оруулснаар л Адам үзэсгэлэнтэй болсон юм.
Бурхан бидэнд мөнхийн амь өгье гэсэндээ, биднийг үзэсгэлэнтэй төрхөөр дахин бүтээе гэсэндээ л энэ нүгэлт ертөнцөд Өөрийн биеэр ирсэн билээ. Есүсийн мах, цусыг идэж, уугаагүй хүнд амь байхгүй. Харин Есүсийн мах ба цусыг идэж уусан бид бүхэн амьтай учраас үзэсгэлэнтэй төрхтэй. Сионы ах эгч дүү нар цаг үргэлж үзэсгэлэнтэй гэрэлтсэн царайгаар ертөнцийн хүмүүсээс магтаал авч байгаа нь ч мөн адил Бурханы амийн хүчийг авсантай холбоотой билээ.
Бурхан заримдаа хавчлага, саад, зовлон бэрхшээлээр биднийг цэвэршүүлж, өсгөж байгаа нь хожим бидэнд тэнгэрийн орныг өв болгон өгөх гэсэндээ тэр юм шүү.
“Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь ч бас мөн. Христтэй хамт алдаршуулагдахын тулд хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол, бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид юм. Энэ цагийн зовлонгууд бидэнд илчлэгдэх тэрхүү алдрын дэргэд юу ч биш гэж би боддог.” Ром 8:16-18
Ертөнцийн зүйлийг чухалд үзэн, тэнгэрийг чиглэх далавчаа дэлгэн нисэж чадахгүй байгаа биднийг Бурхан өрөвдөж, “Бурханы хүн ээ! Мөнх амийг зуур” хэмээн хүн нэг бүрд маань айлдсан юм. Энэ нь “Бурханы хүн ээ! Ертөнцийн зүйлсийг олж авах гэхээсээ илүү мөнхийн баяр баясгалан, яруу алдар байдаг тэнгэрийн хаанчлал руу явахын төлөө хүчээ дайчил. Тэнд л чи хүссэн бүхнээ авах болно. Тиймээс мөнх амийг л зуур. Гагцхүү мөнх амийг л хэрхэвч алдаж болохгүй шүү” гэсэн Бурханы чин сэтгэлийн гуйлт юм. Бурхан хүүхдүүдээ хамгийн чухал зүйл болох мөнх амийг л аваасай гэж хүсэж байгаа.
Бурханы хүний хувиар мөнхийн тэнгэрийн яруу алдарт орохын төлөө, харагдахгүй ертөнцийн зүйл байлаа ч Бурханы л үг бол итгэж ухаарахын сацуу амьдрал дээр хэрэгжүүлэх ёстой. Биднийг сонгож, мөнх амийн гүн гүнзгий нууцыг заасан Бурхан! Тэр л Бурханыг “Аав! Эцэг минь! Эх минь!” гэж дуудах бид үнэхээрийн ерөөл хүртсэн Бурханы хүн юм.
Бурхан бидний мөнх амьдрах тэнгэрийн орныг бэлтгэж, биднийг эх нутагтаа буцан ирэхийг шаналан хүлээж байгаа. Бурханы хүслийг ухаарсан Бурханы хүний хувьд Бурханы хайрыг хэрэгжүүлж, Бурханд яруу алдар өргөж, Ариун Сүнсний нандин үр жимс бялхам ихийг гаргацгаая. Бурханы хүн болох зуун дөчин дөрвөн мянга бид бүгдээрээ мөнх амийг зуурах тэр өдрийг хүртэл сайн мэдээг хичээнгүйлэн тарааж, Бурхандаа баяр баясгалан өргөх Бурханы хүн болохыг хүсэж байна.