​Тэнгэрийн хаанчлалын үнэ цэнэ ба тэнгэрийн хаанчлалын тооцоолох арга​

10,426 үзэлт

Энэ дэлхийд амьдрах хүн бүрийн аливаа юмны үнэ цэнийг хэмжих хэмжүүр мэдээж янз бүр. Зарим хүн материаллаг юмс ба эд хөрөнгийг үнэ цэнэтэйд тооцож, зарим нь мэдлэг боловсролыг, зарим нэг нь зугаа цэнгэл, хүсэл сонирхлыг илүүд үздэг.

Харин бидний хүсэл найдвар ертөнцийн хүмүүсээс өөр, нүдэнд харагдахгүй мөнхийн зүйлст ханддаг. “Тэнгэрийн иргэний харьяалал”-тай хүмүүсийн хувьд бид ямар нэг зүйлийг хийхдээ “Хүмүүс үүнийг юу гэх бол?” гэхээс илүү “Бурхан энэ ажлыг юу гэж бодох бол?” гэдэг талаас нь тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийн хэмжүүрийг урьтал болгох хэрэгтэй (2Кор 4:18, Фил 3:20 үзэх).

Тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийн стандартын дагуу бол бид бүгдээрээ үнэ цэнэтэй. Газар дээрх ганц чулууг ч хүртэл Бурхан тэнд байх учир утга, үнэ цэнэтэйгээр бүтээсэн бол тэгэх тусам хүмүүн бид хичнээн илүү үнэ цэнэтэй байх бол оо! Бурхан үнэ цэнэгүй оршихуй бүтээж цагаа дэмий үрнэ гэж үү? Түүгээр ч үл барам Бурхан биднийг батлан, дэлхийн 7 тэрбум хүнд сайн мэдээ тараах үүрэг даалгасан шүү дээ. Хамгийн үнэ цэнэтэй үүрэг даалгаврыг авсан бид жинхэнэ үнэ цэнэтэй хүмүүс юм.

Үр жимс гаргаагүй бол “Бусад хүмүүс олон үр жимс гаргаж байхад би яагаад чадахгүй байна аа?” гэж өөрсдийгөө дорд үзэхийн оронд бүх зүйлд хүчээ дайчилцгаая. Тэгж гэмээнэ Бурхан өчүүхэн төдий хичээл зүтгэл, өчүүхэн төдий залбирлыг маань агуу мэт үзэн, хэзээ нэгэн цагт, хаа нэгтээ үзэсгэлэнтэй үр жимс соёрхох болно.

Хичээл зүтгэлээр хэмжигдэх тэнгэрийн орны үнэ цэнэ

Тэнгэрийн орны үнэ цэнэ юу болохыг, тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийг тооцоолох арга юу вэ гэдгийн хариултыг Лук 21-р бүлгээс олцгооё.

“Есүс хараагаа өргөтөл, эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг мөн хоёр жижиг зэс зоос хийж буй нэгэн бэлэвсэн үгээгүй эмэгтэйг Тэр харав. Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг хийлээ. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ хийлээ гэв.” Лук 21:1-4

Хоёр зоос гэдэг ертөнцийн хүмүүсийн хувьд ямар ч үнэ цэнэгүй, хэн ч тоохооргүй задгай мөнгө төдий л зүйл. Гэтэл Есүс ядуу бэлэвсэн эмэгтэйн өргөлийг ажиглан тэр хоёр зоосыг нь баячуудын өргөсөн их хэмжээний өргөлөөс илүү их гэж өгүүлж байна. Энэ газрын тооцох аргаар бол хоёр зоос гэдэг маш өчүүхэн үнэ цэнэтэй байтал Есүс тэр эмэгтэйн өргөлдөө шингээсэн итгэл ба чин сэтгэлийг нь сайхнаар харсан биш гэж үү?

Энэ дүр зургийг Есүс яагаад дурдаж, Библид тэмдэглүүлж, өнөө үед бидэнд дамжуулж өгөө юм бол? Үүнийг нухацтай бодож анхаарах хэрэгтэй. Чин сэтгэл болон Бурханыг чиглэсэн итгэлээр өргөх аливаа зүйлийг өчүүхэн ч байсан Бурхан баяртайгаар хүлээн авдаг. Үгийг дуулгавартай дагах гэсэн өчүүхэн хичээл зүтгэлийг ч Бурхан агууд тооцдог. Бурхан хүч бага хэдий ч бүх хүчээ дайчлах хүнийг илүү чадварлаг, том амжилт гаргасан хүнээс илүү үнэ цэнэтэйд тооцдог юм (Илч 3:8).

Энэ ертөнцийн хэмжүүрээр бол бид сул дорой, шалихгүй, үнэ цэнэгүй хүмүүс. Харин тэнгэрийн үнэ цэнийн хэмжүүрээр бол Бурхан биднийг маш үнэ цэнэтэйд үзсэн юм. Иймд сайн мэдээний төлөө хийх гэсэн бидний аливаа залбирал, хичээл зүтгэл өчүүхэн байсан ч Эцэг Эхдээ ихээр баяр хөөр авчрах биш үү? Бидний чадвар бага ч гэлээ яавал иймхэн чадвараа Бурханы төлөө үнэ цэнэтэйгээр хэрэглэж чадах вэ гэж өргөсөн чин сэтгэлийн залбирал, өөрсдийгөө сайн зүйлийн төлөө жаахан ч гэсэн өөрчлөх гэж хичээх бидний өчүүхэн төдий хичээл зүтгэл, Бурханы үгийг дагах гэж хичээх бидний сэтгэлийн хүсэл эрмэлзэл гээд энэ бүхэн бусдын нүдэнд агуу биш ч гэлээ тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийн хэмжүүрээр харвал туйлын үнэ цэнэтэй юм. Энэ л бодит үнэнийг сэтгэлдээ хоногшуулах хэрэгтэй.

Тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийг ухаарсан элч нар

Ийм сэтгэлтэй элч нар өчүүхэн жижиг ажилд ч Бурхандаа үнэнчээр зүтгэсэн. Тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийг зөв ухаарсан хүмүүс итгэлийн ямар төрх байдалтай байсныг анхны сүмд болсон түүхээс судалж үзье.

“Эрдэм номгүй, юм сураагүй Петр, Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад гайхацгаан, Есүстэй хамт байсныг нь мэдэв. Эдгэрсэн хүн тэдэнтэй зогсож буйг хараад, тэдэнд эсэргүүцэн хэлэх юу ч байсангүй. Тэгээд тэднийг Зөвлөлөөс гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн —Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн илт гайхамшиг нь Иерусалимд суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид үгүйсгэж чадахгүй. Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд сануулъя гэцгээв. Ингээд тэднийг дуудаж, Есүсийн нэрээр огт ярьж, заахгүй байхыг тушаав. Гэвч Петр Иохан нар тэдэнд —Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун. Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй гэжээ.” Үйл 4:13-20

Элч нар Есүсийн сүүлчийн тушаалыг дуулгавартай хүлээн авч Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тараах ажилд бүх хүчээ дайчилсан. Хэдийгээр элч нар эрдэм номгүй энгийн хүн байсан ч тэдний хэлж ярьж байгаа нь эрдэм номтой хүмүүсийн үгнээс ч илүү сүр хүчтэй байв. Үүнд гайхсан иудейн шашны удирдагчид цаашид энэ талаар ард олны дунд улам тархаахгүй байхыг анхааруулсанд элч нар “Та нарыг Бурханаас илүү сонсох нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүн тунгаагтун. Учир нь бид үзсэн, сонссоноо ярихаа зогсоож чадахгүй” гэж тэдний үгийг хүлээж авалгүй, ертөнцийн үнэ цэнийн хэмжүүрийг дагахгүй Бурханы үнэ цэнийн хэмжүүрийг дагана гэдгээ баттай илэрхийлж байжээ.

Тэд Бурханы талд зогсон, Бурханы тогтоосон үнэ цэнийн хэмжүүрт нийцүүлсэн болохоор гаднын ямар ч саад тотгорт шантраагүй юм. Ингэж тэнгэрийн хаанчлалын үнэ цэнэ ба тэнгэрийн орны тооцооны аргыг зөв ухаарсан хүмүүсийн ачаар сайн мэдээ улам бүр хурдан түгэн дэлгэрч байв.

“Бурхан үүнийг юу гэж шүүн тунгаах бол?” Энэ нь л тэнгэрийн хаанчлалын тооцооны арга буюу тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийн хэмжүүр юм. “Хүн юу гэж үзэх бол?” гэсэн бодол эхлээд төрвөл “Бурхан юу гэж бодох бол?” гэсэн Бурханы хэмжүүрээс хазайна. “Өнөөдөр миний хийж байгаа энэ үйлдлийг Бурхан юу гэж үзэх бол?”, “Өнөөдөр миний бодож байгааг Бурхан юу гэж бодох бол?” гэж Бурханыг үргэлж нэн түрүүнд бодох үед тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийн талаар зөв үзэл бодолтой байж чадна.

“—Энэ нэрээр сургаал заахгүй байхыг бид та нарт хатуу тушаасан. Гэтэл хараач, та нар Иерусалимыг сургаалаараа булж орхиод тэр хүний цусыг бидэнд нялзаахыг бодож байна гэв. Харин Петр болон элч нар тэдэнд —Бид хүнээс илүүтэйгээр Бурханд дуулгавартай байх ёстой. … үүнийг сонсон тэд уурсан хилэгнэж, тэднийг алахыг завджээ. Харин олонд хүндтэй, хуулийн багш Гамалиел гэгч фарисай хүн Зөвлөлийн дотор босоод, тэднийг түр гаргахыг тушаав. … Одоо би та нарт хэлэхэд, энэ хүмүүсээс хол байцгаа, тэднийг орхи. Учир нь энэхүү зорилго, үйлс хүнээс эхтэй бол нурж унах болно. Хэрэв Бурханаас байгаа бол та нар тэднийг дийлж чадахгүй төдийгүй харин ч та нар Бурханы эсрэг тэмцэгчид болох бус уу гэхэд тэд зөвлөгөөг нь авчээ. Тэд элч нарыг дуудаж авчран, ташуурдаад Есүсийн нэрээр дахин ярихгүй байхыг тушааж, тэднийг суллав. Түүний нэрийн төлөө доромжлогдон зовох нь зохистой гэж тооцогддогт баярлалдан тэд Зөвлөлөөс гарч явлаа. Тэгээд өдөр бүр сүм дотор бас айлаас айлд зааж, Есүс бол Христ гэдгийг тунхаглахаа эс зогсоов.” Үйл 5:28-42

Анхны сүмийн сайн мэдээ бага багаар цэцэглэж өдөрт гурван мянга, таван мянган хүн гэмшин орж ирэхэд сандарсан иудейн шашинтнууд сайн мэдээ тарааж байгаа элч нарыг байнга хавчиж саад хийсэн. Гэвч элч нар хүний талд зогсохоос илүү Бурханыг дуулгавартай дагах нь зохистой гэж үзэн, Бурханы талд байж, өдөр бүр сүм дотор ч, айлаас айлд ч Есүс бол Христ мөн хэмээн сургаж, тунхагласаар байв.

Ариун Эцэгийн үед Ёхова Бурханы нэрийг, Ариун Хүүгийн үед Есүс Христийн нэрийг тунхагласантай адил Ариун Сүнсний үед амьдарч байгаа бид Ариун Сүнс Ан Сан Хун Христ болон Сүйт бүсгүй болсон шинэ Иерусалим тэнгэр Эхийг гэрчилж, авралын зар тараах ажлыг зогсолтгүй хийх хэрэгтэй. Сатан анхны сүмийн үед ч одоо ч мөн адил Бурханы үнэнд саад хийж байгаа. Ариун Сүнсний түүх гал мэт асаж байгаа болохоор тэр хэрээр Сатан айн чичирч байдаг гэж хэлж болно. Гэвч Сатаны хавчлага саад дунд ч анхны сүмийн үеэс 7 дахин илүү хүчтэй Ариун Сүнсний хүч чадлаар Бурханы хүүхдүүд дэлхий даяар илүү хурдтайгаар Эцэг Эхийн энгэр рүү буцан ирж байна.

Бурханаас үүдэлтэй ажил үйлс хэзээ ч нурж алга болохгүй гэсэн. Бид ч бас ийм тэнгэрийн хаанчлалын үнэ цэнэ ба тэнгэрийн орны тооцооны аргыг оюун ухаандаа шингээж, хүн тус бүрд оногдсон сайн мэдээний үүргээ бүх хүчээ дайчлан гүйцэтгэх хэрэгтэй.

Тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийг харсан Мосе ба Ноа

Анхны сүмийн түүх төдийгүй Ариун Эцэгийн үед ч тэнгэрийн үнэ цэнийн хэмжүүртэй байсан хүмүүсийн жишээг судалж бид ч бас энэ дэлхийд амьдрахдаа юунд үнэ цэнийн хэмжүүрээ тавьж амьдрах ёстойгоо дахин нэг бодоцгооё.

“Итгэлээр Мосе, эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав. Нүглийн цаг зуурын зугаанаас Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм. Христийн төлөө буруутгагдах нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ. Учир нь тэр шагналыг харж байлаа.” Евр 11:24-26

Тэр үед Египетэд Фараоны охины хүү гэвэл хаан ширээг залгамжлах өв залгамжлагч ч болж болох дээд зиндаанд байсан. Гэвч Мосе тэр яруу алдраас татгалзаж, Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдэж, Христийн төлөөх буруутгал нь Египетийн эрдэнэсээс агуу их баялаг мөн гэж тэр үзжээ.

Дээрх ишлэлээс ч бас энэ газрын үнэ цэнээс илүү тэнгэрийн орны үнэ цэнийг сонгосон Мосегийн үнэ цэнийн талаарх үзэл бодлыг харж болно. Энэ газарт түрхэн зуур эдлэх яруу алдраас илүү Бурханы хүмүүстэй хамт ад үзэгдэж, тэднийг хөтлөх эш үзүүлэгчийн хувиар амьдрахыг илүү үнэ цэнэтэйд тооцсон Мосед Бурхан тэнгэрийн агуу нэр алдар ба яруу алдрыг зөвшөөрсөн юм.

“Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ.” Евр 11:7

Мосе төдийгүй Ноаг ч бас ертөнцийн хүмүүсийн үнэ цэнийн үзэл бодол ба тооцооны аргаар харвал ямар ч ашиггүй хоосон ажил хийж байгаа юм шиг харагдсан. Бурхан Ноад ойролцоогоор 135 метр урттай 3 давхар бүхээг хий гэж айлдсан. Бурханы өгсөн зааврын дагуу Ноа бүхээг хийжээ. Тийм том онгоцыг гол юм уу далайд хийсэн ч биш, бас худалдааны зориулалтаар эсвэл зорчигч тээврийн зориулалтаар хийж ашиг орлого ч олоогүй. Тэр онгоцонд чиглүүлдэг залуур, гол хүч болж өгдөг дарвуул ч байхгүй байв. Ертөнцийн тооцооны аргаар харах юм бол хэрэггүй юманд асар их зардал, хичээл зүтгэл гаргасан нь лавтай.

Харин Ноа эхлэлээс төгсгөлийг хардаг Бурханы айлдсан үгэнд заавал бидний төлөөх зүй тогтол байгаа гэдэгт туйлаас итгэж, Бурханы хөтөлж буй гайхамшигтай түүхэнд дуулгавартайгаар оролцсон. Тэрээр эргэн тойрны үй олон гүтгэлэг саадтай учирсан ч гэсэн эцсээ хүртэл тэр ажлыг хийж чадсан учир шалтгаан бол үнэ цэнийн хэмжүүрээ тэнгэрт тавьж, тэнгэрийн хаанчлалын тооцооны аргыг хэрэглэсэнд байгаа юм. Бурханы үгэнд дуулгавартай байвал заавал агуу ерөөл дагалдана гэдэгт туйлаас итгэж хийсний үр дүнд үхлээс хүн төрөлхтнийг аварч, дэлхий ертөнцийн амьтдын төрөл зүйл устахаас хамгаалах авралын онгоц хийсэн байна.

Өчүүхэн юмыг ч жижиг гэдэггүй тэнгэрийн хаанчлалын тооцооны арга

Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээс татгалзан Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдэх явдлыг сонгосон Мосегийн амьдрал ч, бүхээг хийхэд тоо томшгүй цаг хугацаа, хичээл зүтгэл зарцуулсан Ноагийн амьдрал ч мөн адил ертөнцийн хүмүүсийн огт ойлгохгүй амьдрал байсан. Ийм учраас Библид “Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ” гэсэн байдаг.

“Тэд итгэлээр, хаанчлалуудыг эзэлж, зөвийг үйлдэн, амлалтуудад хүрч, арслангуудын амыг хааж, галын хүчийг унтраан, илдний ирээс зайлж, буурайгаас хүчирхэг болгогдож, дайн тулалдаанд зоригжин, харийн дайчдыг буулган авч байлаа. Эмэгтэйчүүд өөрсдийн үхэгсдийг амиллаар буцаан авч байв. Зарим нь илүү дээр амилалд хүрэхийн тулд чөлөөлөлтийг хүлээж авалгүй тамлагдсан юм. Зарим нь доромжлогдон, ташуурдуулсан. Тийм ээ, бас гинжлэгдэн, хоригдож байлаа. Тэд чулуугаар шидүүлэн, соригдож, тас хөрөөдөгдөн, илдэнд хөнөөгдөж, хонь ямааны арьс нөмрөн явж, хоосон тарчиг байн, зовж, ад үзэгджээ. Тэд цөл, уул, агуй болоод газрын гаваар тэнүүчлэн байлаа. Тэдний хувьд дэлхий зохисгүй байжээ.” Евр 11:33-38

Итгэлийн өвөг дээдэс бүгд тэнгэрийн хаанчлалын үнэ цэнэд бүрэн анхаарч байв. Анхны сүмийн итгэгч нар ч бас үүнтэй адил тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийн үзэл бодол нь баттай байсан болохоор эргэн тойрны бүх хүнд Бурханы үгийг хэрэгжүүлж, зоригтойгоор сайн мэдээ тарааснаар Христийн сайн мэдээ Иерусалим, бүх иудей төдийгүй Самари, дэлхийн хязгаар хүртэл хурдацтай тунхаглагдах болсон.

Өнөө үед бид ч тэдэнтэй адил бас үзэсгэлэнтэй, мөнхийн тэнгэрийн хаанчлалыг энэ газарт амьдарч байгаа үй олон хүмүүст мэдүүлж, тэнгэрийн хаанчлалын гялалзсан өнгийг тэдний сэтгэл зүрхэнд гэрэлтүүлэх үүргийг авралын зараар биелүүлж байгаа. Бид бүхэн цаг үеийн үүргээ дагаад дэлхийн 7 тэрбум хүнд сайн мэдээ тунхаглая гэвэл эхлээд анхны сүмийн итгэгчдэд байсан тэнгэрийн хаанчлалын үнэ цэнийн үзэл бодолтой болох хэрэгтэй. Үргэлж Бурхан үүнийг юу гэж бодох бол гэсэн сэтгэлээр үйлс үйлдлээ цэгнэцгээе. Хүнээс эхтэй юм гар хүрээгүй байхад ч нурж унадаг. Харин Бурханаас эхтэй юмыг хүн огтхон ч нурааж чадахгүй.

Бурханы айлдсан тушаалыг дагаад Ноа бүхээг хийсэнтэй адил өнөө үед бид бүхэн Самари, дэлхийн хязгаар хүртэл сайн мэдээ тунхаглах нь ч бас Бурханы тушаалыг дагаад хийж байгаа ажил юм. Бурханы зөвшөөрөх дуудлагын шагналыг харан Мосе шиг түр зуурын зовлон эдлээд дараа нь өгөгдөх агуу яруу алдрын ертөнцөд Бурханаас илүү их ивээл, ерөөл авъя гэсэн утга үүнд агуулагдаж байгаа юм.

“Олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно” гэсэн байдаг (Дан 12:3). Тийм итгэл мөн тэнгэрийн орны талаарх үнэ цэнийн тухай зөв үзэл бодолтой байж, Бурханы хүсэлд илүү дуулгавартай амьдралаар амьдрахыг хүсэх байна. Энэ дэлхийн яруу алдраас тэнгэрийн яруу алдар илүү агуу гэж итгэх үед л тунхаглалд хүч зарж, үгийг сонсох сүнс нэг бүрийг Эхийн сэтгэлээр бүх зүрх сэтгэлээ зориулан анхаарч халамжлах учиртай юм.

Багахан залбирал, жаахан ч атугай гэмшил, өчүүхэн төдий халуун сэтгэлийг битгий үл тоогоорой. Жижиг мэт санагдах юмс үнэндээ жижигддэггүй юм. Хүний нүдэнд том харагдах үйлсээс илүү, өчүүхэн ч болов чин сэтгэлийн итгэл, хичээл зүтгэлээр хийсэн үйлсийг маань Бурхан том гэж үздэг. Энэ мэт өчүүхэн зүйлс хуримтлагдсаар үр дүнд нь эдүгээ мянга, арван мянга, хэдэн арван мянгаар үр жимс гарсаар байна.

Нэг талх, нэг цусанд оролцсон болохоор бид бүгд нэг юм (1Кор 10:16, 12:12-27). Бид зарим талаар сул, хичээл зүтгэл гаргахдаа заримдаа дутуу дулимаг байж мэднэ. Хаа нэгтээгээс хэн нэгний өчүүхэн төдий оч гялалзуулах халуун сэтгэл сайн мэдээ дэлгэрүүлэх агуу хэрэгсэл болж, дэлхийн сайн мэдээний үйл хэрэг гүйцэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ч чадах юм. Тэнгэрийн хаанчлалын тооцооны аргаар бол бага зүйл ч өчүүхэн биш байдгийг сэтгэлдээ шингээж, тухайн үеийн тоогоор дүгнэх хэрэггүй. Хүмүүсийн үзэл бодол, үнэ цэнэд нийцүүлэх гэхээсээ илүү тэнгэрийн хаанчлалын дүгнэлт, үнэ цэнийн хэмжүүрт илүүтэй хараа тавин, өнөөдөр ч бас Бурханы үгийн дагуух итгэл бүхий үзэсгэлэнтэй амьдралаар амьдарцгаая.