Итгэвэл л Бурханыг харж чадна

13,766 үзэлт

Бурханы үг тунхаглаж явахдаа бид Бурханыг харуулах л юм бол итгэнэ гэх олон хүнтэй таардаг. Тэд “Бурханыг харахгүй байж яаж Түүнд итгэх юм бэ?” гэдэг.

“Харахаас нааш бүү итгэ” гэсэн утгатай барууны зүйр үг байдаг байна. Нэг хүн “Бурханыг надад харуул. Харахаас нааш бүү итгэ гэсэн үг байдаг юм чинь Бурханыг харах л юм бол би итгэнэ” гэж хэлж билээ. Бурхан түүнд юу гэж хариулсан гэж та нар бодож байна?

“Надад итгэ, тэгвэл Би чамд харагдана.”

Бурхан “Харахаас нааш бүү итгэ” гэж хэлээгүй харин “Хэрэв чи итгэвэл бүх зүйл харагдана” гэж хариулсан юм. “Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” (Евр 11:1) гэж Библид байдаг болохоор бид Бурханд итгэх л юм бол Бурханыг харж чадна. Бурханыг харж чадахгүй эргэлзэж байдаг шалтгаан нь итгэдэггүйтэй нь холбоотой.

Харах л юм бол Бурханд итгэнэ гэж хэлдэг үй түмэн хүн бий. Тийм итгэлгүй зүрх сэтгэлээр хэзээ ч Бурханыг харж чадахгүй. Тэр ч байтугай Бурхан яг дэргэд нь хамт юм яриад, зааж өгөөд явж байсан ч хүмүүс Бурханыг харахгүй юм. Зөгнөлийн үгс ч, Библийн бусад сургаал ч мөн адил. Бид тэр бүхэнд итгэсэн үед л тэдгээрийг олж харж, баталж нотлох юм. Тэнгэрийн хаанчлал нь бид зөв итгэлтэй байсан цагт л найдаж болох газар юм.

Бурхан энэ газар махан биеэр ирээд Өөрийгөө хүмүүст харуулсан ч хүн төрөлхтөн итгээгүй. 2000 жилийн өмнө тохиолдсон явдлаар дамжуулан өнөөдөр бид ямархуу итгэлтэй байгаагаа дор бүрнээ шалгаж нэг үзэцгээе.

Харавч харахгүй хүмүүс

Ихэнх хүмүүс Бурханыг бодитоор харагдаж, олон зүйл үзүүлбэл итгэж чадна гэж боддог. Үнэн хэрэгтээ харин ч эсрэгээрээ. Хүмүүс итгэж чадвал юм бүхнийг харна.

Бурхан 2000 жилийн өмнө энэ дэлхийд хүн болж ирэхдээ Бурханыг харагдах л юм бол итгэнэ гэж хэлж байсан олон хүнд харагдаж, тэр үеийн шашны удирдагчдын зааж чаддаггүй байсан Библийн сургаалыг ч бүгдийг нь тайлбарлаж, тэдэнд ойлголт өгч байсан юм. Гэсэн ч хүмүүс энэ дэлхийд хүн болж ирсэн Бурханыг харсан хэр нь итгээгүй.

“Харин “Та нар Намайг харсан боловч итгэхгүй” гэж Би та нарт хэлсэн.” Иох 6:36

“… Харин Би үнэнийг хэлдэг тул та нар Надад итгэхгүй байна.” Иох 8:44-45

Бурхан хүмүүст Өөрийгөө харуулсан ч итгээгүй болохоор Есүс “Та нар Намайг харсан боловч итгэхгүй” гэж хэлсэн аж. “Бурханыг хараагүй юм чинь итгэхгүй” гэж хэлдэг хүмүүст Бурхан махан бие өмсөж ирээд харагдсан юм. Тэр бол Есүс. Тэнгэр газар, түмэн зүйлийг бүтээсэн Бурхан Библийн зөгнөлийн дагуу энэ газарт ирээд Өөрийн оршихуйг харуулж, Өөрийн биеэр үнэнийг гэрчлээд байхад ч хүмүүс Түүнд итгээгүй.

Өөрт нь итгэдэггүй хүмүүсийн нүдэнд Бурхан ердөө ч харагддаггүй. Тиймээс Библид “Тэд харавч харахгүй” гэж айлдсан байдаг (Иса 6:9-10, Мат 13:14-15). Энэ нь тэд Бурханыг харсан ч Бурхан гэдгийг нь ухаарахгүй, итгэхгүй гэсэн утга болохгүй гэж үү?

“Тэднийг Надад өгсөн Эцэг минь бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа. Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв.” Иох 10:29-33

Бурхан өөрсдийнх нь нүдэнд үзэгдэж сургаалаа айлдаж, тэдэнтэй ярилцаж байлаа. Гэтэл тухайн үеийн иудейчүүд харсан хэр нь итгээгүй. Есүс сайн үйлсийг үзүүлж, үнэнийг өгүүлсэн ч тэд итгэхгүй байсны шалтгаан нь итгэе гэсэн сэтгэл байгаагүйтэй нь холбоотой. Итгэлгүй болохоор Есүсийн үндсэн төрхийг тэд ухаарч чадаагүй. Бурханы өөдөөс хараад юм яриад байгаа хэрнээ “Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна” гээд, харин ч бүр Бурхан руу чулуу авч шидэх гэв.

Энэ сэдвээс бид “Харахаас нааш бүү итгэ” гэдэг нь учир дутагдалтайг, итгэж байж л Бурханыг хардгийг батлан харж болно. Итгэлгүй зүрх сэтгэлээр Бурханыг зуун удаа харж, Бурханы түмэн сургаал сонслоо ч Бурхан гэдгийг нь хэзээ ч хүлээн авахгүй юм. Харах нь биш харин итгэх нь урьтах ёстой. Бурхан бол харвал л итгэж болохуйц Оршихуй биш, харин итгэх л юм бол аяндаа харагдах Оршихуй юм.

Шавь нарын итгэл ба ухаарал

2000 жилийн өмнө Есүсийг дагаж явсан шавь нарын дунд ч итгэлийн нүдээр Есүсийг харсан хүн бий, бас тэгж чадаагүй хүн ч бий. Петр Иохан нар итгэлээрээ онцгойрдог байлаа. Тэдний нүдэнд Есүс энэ газарт ирсэн Бурхан гэж харагдсан юм.

“Эхэнд Үг байсан ба Үг Бурхантай хамт байсан агаад Үг нь Бурхан байв. … Үг нь махбод болж, бидний дунд оршин, бид Түүний алдар сууг үзсэн. Энэ нь Эцэгээс цор ганц Төрөгчийн алдар бөгөөд нигүүлсэл ба үнэнээр дүүрэн юм.” Иох 1:1-14

Иохан номыг бичсэн Иохан элч Есүсийг “Эхэнд түг түмнийг бүтээсэн Бурхан” гэж баттай итгэсэн байж. Элч Петр ч мөн түүнтэй адил итгэлтэй байлаа.

“… Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ. Харин та нарын зарим чинь итгэхгүй гэв. Учир нь хэн итгэхгүйг болон хэн Түүнийг барьж өгөхийг Есүс анхнаасаа мэдэж байсан юм. Есүс —Тиймээс Би та нарт “Энэ нь Эцэгээс түүнд өгөгдөөгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй” гэж хэлсэн хэмээн айлдлаа. Үүнээс болж Түүний дагалдагчдаас олноороо буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй. Тэгээд Есүс арван хоёртоо —Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд Симон Петр Түүнд —Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн гэсэнд” Иох 6:63-69

Өмнөх ишлэлд нь Есүс таван арвайн талх, хоёр загасаар таван мянган хүн хооллосон тухай гардаг. Хүмүүс үүнийг “таван талх хоёр загас”-ны гайхамшиг гэдэг. Сонин содон гайхамшиг харсан хүмүүс Есүсийг хаанд хүртэл өргөмжлөх шахав. Гэвч гайхамшиг харан Есүсийг дагасаар л байхад нь Есүс тэдэнд сургаал л заагаад байж. Төд удалгүй тэнд цугласан таван мянган хүн Түүний сургаалыг цаашид сонсохоо больж, бүгд зайлан явжээ.

Тэд Есүст итгээгүй харин үйлдсэн гайхамшгийг нь л харжээ. Тиймд тэд гайхамшиг харан алмайрч байснаас биш тэдгээр гайхамшгийг үйлдсэн Есүсийг Бурхан гэж таниагүй.

Харин Петр тэргүүтэй арван хоёр шавь Есүсийг дагажээ. Петрийн хариулт дунд анхаарах ёстой үг байгаа нь Есүс Бурханы ариун Нэгэн гэдгийг “таньж мэдэцгээсэн” гэдэг хэсэг юм. Петр итгэсэн болохоор Есүсийг хэн болохыг нь таньж мэджээ. “Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна” гэсэн түүний хариултанд “Бид аль хэдийн хэн гэдгийг тань мэдсэн, итгэсэн” гэсэн утга багтаж байна.

Эхлээд итгэвэл дараа нь Бурхан харагддаг юм. Итгэхгүй хүнд Бурхан харагдахгүй. Есүс усан дээгүүр алхах, үхсэн хүнийг амилуулах гайхамшиг үзүүлсэн ч итгэлгүй хүн итгэлгүйгээрээ л үлдсэн.

Есүст итгэхгүй зүгээр л харсан хүн эцэс хүртлээ Түүний шавь хэвээр байж чадаагүй. Арван хоёр шавийн нэг Искариотын Иудас яг ийм хүн байж. Иудас ч мөн л бусад арван нэгтэйгээ адил Есүсийн дэргэд байж, олон сургаал сонсон, Есүсийн үйлдсэн болгоныг цөмийг нь харсан. Гэтэл эцэстээ Есүсийг 30 мөнгөн зоосоор зарчихдаг. Энэ нь түүний сэтгэлд Бурханд итгэх итгэл ердөө ч байгаагүйг илтгэж байна. Есүсийг хичнээн удаан дагаж явлаа ч итгэлгүй хүний нүдэнд Бурхан Өөрийгөө ердөө ч харуулдаггүй аж.

Паул элч Есүст итгэхийн өмнө ба итгэсний дараа

Итгэлтэй болсон үед бүх зүйл харагдаж эхэлнэ. Паул элч урьд өмнө иудейн шашинтан байхдаа Бурханы сүмийг хавчиж, Христийн эсрэг байр суурь баримталдаг байжээ. Тэрээр ариун хүмүүсийг барьж шоронд хорьж, Есүст үнэнээр итгэдэг байсан Стефаныг чулуугаар шидэн хөнөөх ажлыг толгойлж байжээ.

“Би урьд нь доромжлогч, хавчигч, хүчирхийлэгч байсан ч өршөөлийг авав. Учир нь би үл итгэл дор мэдэхгүйгээр үйлдсэн юм.” 1Тим 1:13

Паул ч Есүст итгэдэггүй байсан үедээ Есүсийг Христ үү, Назарын бүлэглэл үү гэдгийг нь ялгаж салгаж чаддаггүй байв. Итгэлгүй хүнд Бурхан харагдахгүй. Итгэлгүй нүдээр Бурханыг хичнээн хараад ч харж чадахгүй, Түүний амнаас гарах амийн үнэний үгийг сонссон ч сонсохгүй, ер ухаарч чадахгүй.

Харин Паул Дамаск руу явж байх зам зуур Христийн алдрын гэрлийг хүлээн авч, гэмшээд итгэлтэй болдог. Итгээд хартал Есүс зүгээр нэг мужаан биш Бурханы мөн чанараар оршдог Нэгэн байж. Тэгээд Паул хожим Есүс Христийн бүх сургаалд, мөн Есүс бол Христ мөн гэдгийг гэрчлэх болсон байна. Есүст итгэдэг болж Түүнийг үнэхээр Бурхан гэдгийг нь зөв таньж, хожим амь насаа үл хайрлан гагцхүү сайн мэдээний амьдралаар замнасан ажээ.

“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, …” Фил 2:5-6

“Эцгүүд ч тэднийх, Христ ч мах биеэрээ тэднээс гаралтай юм. Тэр бол бүгдийн дээр оршигч, үүрд мөнхөд магтагдах Бурхан мөн. Амен.” Ром 9:5

Филиппой, Ром номууд нь Паул элчийн Ариун Сүнсээр хөдөлгөгдөн бичсэн номууд билээ. Есүст итгэдэггүй байхдаа Түүнийг жирийн нэг мужаан, Иосеф Мариа хоёрын хүү гэсэн хэмжээнд л ойлгодог байж. Харин Есүст итгээд хартал төгс хүчит Бурхан байлаа. Тэгээд л өөрийгөө Бурханыг хавчиж эсэргүүцэж байснаа, тэрс хэмээн яллаж байснаа ухаарсан байна. Тиймдээ ч тэр “нүгэлтнүүдийн эхнийх нь би байна” хэмээн гэмээ улайсан байдаг (1Тим 1:15).

Итгэсэн болохоор юм бүхнийг үнэн мөнөөр нь харсан байна. Есүс яагаад дудран унаж Иерусалимд орж ирснийг, яагаад Есүс шавь нартайгаа цуг тэмдэглэсэн сүүлчийн Алгасал баярын ариун зоогийн ёслол дээр шинэ гэрээ тогтоосныг, яагаад гурав дахь хоногтоо үхэгсдээс амилсныг Паул элч бүрэн дүүрэн ойлгох болов. Бурхан гэж итгээд Есүсийг хартал Түүний бүх үйлс Библийн зөгнөлтэй яв цав таарч байгаа нь батлагдсан байна.

Библийн сургаал ч мөн итгэсэн үед л үнэн мөнөөрөө харагддаг. Итгэхгүйгээр, зүгээр нэг роман ч юм уу Израилийн түүх, хэн нэгэн хүний намтар шиг л хэмжээнд ойлгоод уншвал Библийн 66 ном бидэнд сүнслэг ертөнцийг ердөө ч харуулахгүй. Итгэлтэй болж байж л Библи ч ойлгогдоно, Бурхан ч харагдана. Тиймээс Есүст итгэхээсээ өмнө Түүнийг тэрс бүлгийн толгойлогч хэмээн бодож явсан Паул элч итгэснээсээ хойш Түүнийг Мессиа хэмээн хүлээн авч, “Амьдарлаа ч Эзэний төлөө, үхлээ ч Эзэний төлөө” гэсэн гал халуун итгэлээр сайн мэдээ тунхаглах болжээ (Ром 14:8).

Сүнс болон Сүйт бүсгүйд итгэ, авралыг олно

Бурхан махан биеийн төрхөөр энэ газарт ирээд Өөрийгөө хүмүүст илчилж харуулдаг. Анх ирэхдээ төдийгүй хоёр дахиа ирээд ч Өөрийгөө харуулсаар байхад нь хүмүүс итгэхгүй байна.

Өнөө цаг үед биднийг аврах гэж энэ газарт ирсэн тэнгэр Эцэг Эх бидэнтэй адилхан махан биеийн хувцас өмсөн, бидэнтэй нэг орон зайд нэг агаараар амьсгалж байна. Тиймд олон хүн зүгээр л хүн мэтээр ойлгоно. Харин итгээд харах, итгэхгүй харах хоёр хоорондоо асар том ялгаатай. Тиймээс бид итгэх хэрэгтэй. Итгэж байж л Бурханыг харна. Анхны сүмийн элч нар аврал авахыг хүссэн хүмүүст “Эхлээд Бурханд итгэ” хэмээн сургаж байлаа.

“… Тэр тэднийг гаргах зуураа —Ноёд оо, аврагдахын тулд би юу хийх ёстой вэ? гэв. Тэд —Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.” Үйл 16:30-31

Энд “Итгэгтүн, тэгвэл аврагдана” гэж байна. Бурханыг, итгээд нэг хараарай. Итгэвэл л та Бурханыг харна. Эргэлзэгч нэгэн Бурханыг харж чадахгүйгээр үл барам үнэнийг ухаарахгүй. Итгэхгүй хүн Искариотын Иудас шиг яг дэргэдээ амьдарч байгаа Бурханыг харахгүй. Өвөрмөц содон гайхамшиг өдөр бүр үзүүллээ ч, тэр гайхамшгийг л харахаас биш тэдгээрийг үйлдэгч Бурханыг огтхон ч олж харахгүй.

Хүмүүс махан биеэр ирсэн Бурханыг хараад “Бурхан яагаад тиймхэн юм хийж чадахгүй байна аа? Хүч чадлаараа энийг ч, тэрийг ч хийх л ёстой”, “Загалмайнаасаа буугаач. Тэгвэл бид итгэе” (Мат 27:42) гэсэн ч Есүс ердөө ч тэднийхээр болгоогүй. Яагаад гэхээр гайхамшиг хараад итгэе гэж байгаа нь жинхэнэ итгэл биш юм.

Итгэвэл л яагаад ийм зүйл тохиолдсон нь харагдана. Энэ газарт махан бие өмсөөд ирсэн Христийг Бурхан гэдэгт нь итгээд, үйлс нэг бүрийг нь ажин судалбал Есүсийг Библи болон эш үзүүлэгчдийн гэрчлэлийг даган, зөгнөлийн амьдралаар замнаж ирснийг нь ойлгох юм.

Бурхан бидний нүд, чих, ухаарах сэтгэлийг нээж өгсөн болохоор бид энэ газарт Сүнс болон Сүйт бүсгүй болж ирсэн Эцэг Бурхан, Эх Бурханаа хүлээн авсан билээ. Итгэлийн нүдээр харвал эрт цагт Есүсийн шавь нартаа харуулсан олон үйл санамсаргүй биелээгүйг ойлгоно. Үүн шиг өнөө үед Сүнс болон Сүйт бүсгүйн айлдсан, үйлдсэн алив бүхэнд хүн төрөлхтнийг аваръя гэсэн аугаа их хүсэл шингээстэй байдгийг бид ухаарч болохоор байдаг.

“Харахаас нааш бүү итгэ” гэдэг үг учир дутагдалтай юм. “Итгэж байж л харна” гэсэн зүйр үг бүгдээрээ гаргацгаая. “Эзэн Есүст итгэ, тэгвэл чи болон гэрийнхэн чинь ч аврагдана” хэмээн итгэлтэйгээр хашхирч байсан 2000 жилийн өмнөх элч нар шиг “Сүнс болон Сүйт бүсгүй болж ирсэн Елохим Бурханд итгэ, тэгвэл харагдана, бас аврагдана” хэмээн итгэлтэйгээр гэрчлэх энэ цагийн шинэ гэрээний үйлчлэгчид болоорой гэж та бүхнээс хүсэх байна.

Итгэж байж л юм бүхэн харагдана. Итгэж байж л тэнгэрлэг ертөнц нээгдэнэ. Бурханы айлдсан алив сургаалд итгээд, бүхнийг итгэлийн ертөнц дотор харваас Бурхан үнэхээр оршдог, Бурханы соёрхсон авралын амлалт гарцаагүй үнэн гэдгийг бид баталж чадах юм.

Харанхуй ертөнцөд нүдээ чилтэл хараад ч Бурханыг хараахан харж чадаагүй хүмүүс бидний хажууд амьдарч байна. Тэдэнд “Итгэ, тэгвэл харагдана” хэмээн тунхаглацгаая. Тэнгэр Эцэг Эх энэ газарт биднийг аврах гэж ирээд шинэ гэрээний үнэнийг сэргээж өгсөн. Тэгээд алдагдсан сүнсний ах эгч дүүсээ бүгдийг нь хайж олоод, мөнхийн тэнгэрийн хаанчлалдаа хамт буцан ирээрэй гэж захисан. Энэхүү Бурханы ариун үнэн хайр шингэсэн үгийг бид одоо биелүүлэх л үлдээд байна. Энэ үгийг сайтар ухаараад, Эцэг Эх биднийг хаашаа ч хөтөлсөн дагах Сионы гэр бүлүүд болохыг бүгдээс нь хүсэн ерөөе.