Елиаг тэжээсэн Зарефатын эмэгтэй

1Хаад 17:8-16

107,384 үзэлт

Баал шүтэгч харь эмэгтэй Иезебелийг эхнэрээ болгосон Ахаб хаанаас болоод Израиль нутаг даяар ган гачиг нүүрлэв. Зарефат нутагт амьдардаг нэгэн эмэгтэй хотын үүдний ойролцоо мод түүж байлаа. Тэгтэл хэн нэгэн мөнөөх эмэгтэйд хандан:

“Надад уух ус авчирч өгөөч?” гэсэн нь Бурханы тушаалаар энэ нутагт ирсэн эш үзүүлэгч Елиа байлаа.

Эмэгтэйг ус авчрахаар явах гэтэл Елиа түүнийг дуудлаа.

“Надад зүсэм талх авчирч өгөөч?”

Эмэгтэй санаа зовсон нь царайд нь илт. Учир нь ган гачиг удаан үргэлжилсэн тул гэр оронд нь хоол унд гэхээр юм бараг байсангүй.

“Манайд талх байхгүй. Саван дахь атгахан гурил, домбон дахь жаахан тосноос өөр юу ч үгүй. Би гэртээ харьж, түүгээр өөртөө болон хүүдээ хоол хийхээр одоо түлээ түүж байна. Өнөөдөр гол залгуулаад, өөр идэх юмгүй тул дараа нь бид үхлээ л хүлээх байх даа.”

“Бүү ай. Явж, хийх гэснээ л хий. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн бин хийгээд над руу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн. Бурхан дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл танай саван дахь гурил ч дуусахгүй, тостой домбо ч хоосрохгүй.”

Мөнөөх эмэгтэй Елиагийн хэлснээр үйлдсэнд гэр оронд нь гайхамшиг тохиов. Бурханы Елиад айлдсанчлан эмэгтэйн гэр олон өдрийн туршид хоол ундтай байж, саван дахь гурил нь ч, домбон доторх тос нь ч дууссангүй. Эмэгтэйн гэрт буулгасан Бурханы ерөөл ган гачиг тайлагдтал үргэлжилжээ.

Ерөөлийн боломж хичнээн их ирсэн ч “бодит байдал” гэх хананд тулаад байвал яах бол? Боломж ирлээ ч түүнийг боломж гэж ухаарахад хэцүү юм. Зарефатын эмэгтэй үхлийн аюулаас мултарсан нь ч хэн хүнгүй арга тасармаар тийм хүнд байдалд ерөөлийн боломжийг ухааран тас зуурч чадсанд байгаа юм.

Өмнөх зам харагдахгүй байна гээд зүгээр л санаа зовоод суувал, мөн өөрт тулгарсан нөхцөл байдалдаа адгаад байвал Бурханы ерөөлийн амтыг яагаад ч мэдрэхгүй юм. Ерөөлийн боломж хэзээ ямагт итгэлтэйгээр Бурханы хүсэлд дуулгавартай байдаг хүүхдүүдэд нь л өгөгддөг. Итгэлийн мэлмийгээр “бодит байдал” гэх ханыг нэвтлэн Бурханы зэхсэн ерөөлийг олж харцгаая. Бид гар сунгахад л барьж авч болохуйц, ерөөл бидэнтэй тийм ойрхон байдаг юм шүү.