Ээжээс нь ирсэн хариу захиа

231 Үзсэн тоо

“Тэнгэрийн оронд байгаа ээждээ. Ээжүүдийн баярын мэнд хүргэе! Хайртай шүү ээж ээ, Елла нь.”

Энэ бол дөрвөн настай бяцхан шотланд охин Елла Ленноны ээждээ бичсэн захидал юм. Еллагийн ээж жилийн өмнө тархины хорт хавдартайгаа тэмцэж байгаад хорвоог орхижээ. Елла охин гэрийнхнийхээ зургийг зурсан цаасан дээр ээждээ захиа бичиж, дугтуйн дээр нь “Тэнгэрийн оронд байгаа ээждээ” гэж хаяглаад шуудангийн хайрцагт хийчихэж. Тэгээд тэр захиагаа ээжид нь заавал очоосой гэж залбирсан гэнэ.

Хэд хоногийн дараа Еллад зүүд шиг явдал тохиолдов. Түүнд нэгэн дугтуйн дээр “Тэнгэрийн орны үүлэн дундах сахиусан тэнгэрийн 1-р хаалганд суугаа ээж нь” гэж бичсэн захиа илгээмжээр ирсэн байлаа.

“Миний хөөрхөн охин Еллад. Ээжүүдийн баяраар ээждээ онцгой карт бэлэглэсэн охиндоо их баярлалаа. Ээж нь охиндоо хязгааргүй их хайртай шүү. Охиноо мундаг, ухаалаг охин болон өсөж байгаад ээж нь их бахархаж байна аа. Ээж нь охиноо өдөр бүр тэнгэрээс харж байгаа шүү. Охиндоо зөндөө их хайр, тэврэлт, үнсэлт илгээе, ээж нь.”

Үнэндээ Еллагийн захианы хариуг шуудангийн ажилтан бичсэн байв. Ээжүүдийн баярыг ээжгүйгээр өнгөрүүлсэн бяцхан охин хэн нэг үл таних хүний хайр халамжаас асар их баяр хөөр, аз жаргал мэдэрсэн гэнэ.