Би Дани улсад төрсөн л дөө. Харин намайг 12 нас хүрэхийн алдад ээж бид хоёр Шведийн Малмо хот руу нүүсэн. Өсөж торнихын хэрээр би хувиа хичээсэн амьтан болж, энэ амьдралын утга учрыг олж харахгүй байв. Дани руу буцаж нүүж ирээд юм л бол зугаа цэнгэлд автдаг байв. Илүү хүчирхэг, гоё биетэй харагдах гэж маш их дасгал хийнэ. Тэгээд Швед рүү дахиж нүүгээд амьдралаа шинээр эхлэхээр сургуульдаа эргэж орсон юм.

Нэг өдөр хэн нэгэн манай хаалгыг тогшив. Тэнгэр Эхийн тухай ярих гэсэн юм гэсээр хоёр солонгос хүн үүдэнд маань зогсож байлаа. Тэд англиар тийм ч сайн яриагүй тул юу яриад байгааг нь би огт ойлгосонгүй. Гэсэн ч нэг л сонирхлыг минь татаад байв. Тэд цаасан дээр бичиж тайлбарлах гэж оролдоно. Би ойлгоогүй зүйлээ цахим толиноос хайсан боловч төдийлөн ойлгохгүй л байлаа. Тэгснээ надаас шведээр ярьдаг хүнтэй цуг ирэх долоо хоногт дахин ирж болох уу гэж асуув. Ирэх 7 хоногт нь тэд амласнаараа нэгэн швед үйлчлэгчтэй ирж, Амралтын өдөр болон тэнгэр Эхийн тухай тайлбарлаж өгөв. Би ч сайн ойлгож, илүү ихийг мэдмээр санагдав. Тэгээд тэд намайг сүмдээ урилаа.
Сүм рүү ортол гэр бүлүүд бүгд л надтай найрсаг мэндлэн, баяртайгаар угтаж авсанд нь би жаахан гайхав. Сүмийн гэр бүлүүдийн хайранд би татагдаж, байнга сүм дээр ирэн Библийн хичээл үздэг боллоо. Эцэг Бурханы тухай зөгнөлүүдийг сураад, эцэст нь Бурханд итгэхгүй байх шалтгаан надад байсангүй. Удаа ч үгүй Бурханы хүүхэд болж дахин төрсөн дөө.
Ээждээ христийн сүмд явдаг болсноо хэлэхэд эхэндээ баярлаж байв. Харин миний явдаг сүм Шведийн бусад сүмүүдээс ялгаатай гэж тайлбарлангуут сүүлдээ санаа нь зовж, намайг сүмд явуулахыг хүссэнгүй. Тэгсэн ч би итгэлээ сахисаар л байв. Гэтэл удаа ч үгүй ээжийгээ Сион руу хөтлөх замыг Бурхан надад нээж өгдөг юм байна.
Өвчиндөө шаналж байсан ээжид маань гадагшаа гарна гэдэг амаргүй байсан ч ээжийгээ Сионд урихад надтай хамт явахыг зөвшөөрөв.
Ээж бид хоёр Сион дээр гэр бүлүүдтэй хамт хооллож, Библийн тухай ярилцав. Бардам зантай, биеэ тоосон байсан намайг хэрхэн өөрчлөгдсөнийг ээж маань анзаарч л дээ. Гэр бүлүүдийн хайранд ээжийн маань сэтгэл хөдөлж, Сион руу байн байн ирэх болж, удалгүй мөн л авралын ерөөлийг авсан даа.
Ээжийн маань амьдрал хатуу бэрхээр дүүрэн байсан юм. Өнгөрсөн жил л гэхэд үхэхээс наагуур хэд хэдэн хагалгаанд орж байсан. Саяхнаас ээжийн зүрх, дотор эрхтэн ч мөн сайнгүй болов. Гэсэн ч Эцэг, Эх Бурхан үргэлж ээжид минь тусалж байлаа.
Зүрхэн дэх цусны бүлэгнэлийг арилгах нэг хагалгааных нь үеэр эмч нар ээжийн зүрхэнд цусны олон бүлэгнэл байсан хэр нь аяндаа шинэ артерийн судас бий болж, амьдрах боломжтой болсон тухай гайхалтай мэдээ хэллээ. Хагас жил гаран хугацаанд ээжийн зүрх ингэж сайжирсныг нь хараад эмч нар ёстой гайхацгааж билээ. Цаг үргэлж л өвдөж, хямардаг байсан ээжийг улам бүр баяр хөөртэй, хайр бялхсан хүн болсныг нь ээжийн ойр дотныхон дор бүрнээ л шагширцгаана.
Эргэн тойрных нь хүмүүс ээжийг маань өмнө нь үргэлж өвчтэй, гунигтай царайтай байсан харин одоо хайраар дүүрэн аз жаргалтай болсныг хараад гайхацгаасан. Сүүлийн үед ээж маань өөрт нь туслахаар ирсэн хүмүүстээ сайн мэдээ тарааж байгаа. Зарим нь бүр Сионд ирсэн шүү. Одоо хэр нь ээж минь махан биеийнхээ өвчин эмгэгийг тэсвэрлэх хэрэгтэй байгаа ч өөрийгөө хянахыг сурч, түүний төлөө бүхнийг бэлтгэсэн Эцэг Эх Бурханыг дагах нь л амьдралынх нь хамгийн чухал зүйл гэж ярих болсон.
Тэнгэр Эцэг Эх Бурханыг ухаарсны дараа миний амьдрал ч бас бүхэлдээ өөрчлөгдсөн. Өөрөөсөө өөр хэнийг ч сонсдоггүй, боддоггүй байсан бол одоо Бурханы үгийг сонсож Бурханыг бодож амьдардаг болсон. Би одоо бардам зангаа хаяж, даруу байдлаар тэнгэр Эцэг Эх Бурханы жишээг дагахсан гэж хичээж байгаа.
Махан биеийн зүйлсээс сүнслэг зүйлс нь илүү чухал гэдгийг сурч, ямар нэгэн асуудал гарвал сүнслэг талаас нь харахыг хичээх болсон. Ямар ч нөхцөлд надад юу ч тохиолдсон үүнд намайг илүү их өсөж, юм сурч аваг гэсэн Бурханы хүсэл байгаа гэдгийг хэдийн би ухаарч дээ. Тэр ч байтугай заримдаа намайг мэхлэх, тэсвэрлэхийн аргагүй сорилттой тулгардаг ч нөхцөл байдалд бууж өгөхийн оронд өөрийгөө хянах, тэнгэр Эхийн сургаалыг дагах ёстойг ухаарч авсан.
Үнэнийг хүлээж авснаас хэдэн сарын дараанаас би сайн мэдээ тарааж эхэлсэн. Анхандаа зүгээр л ах эгч дүү нарыг дагаж явдаг байсан бол тэднийхээ халамж, урам дэмжлэгээр би бага багаар сайн мэдээ тарааж эхлэв. Авралын зар тараах тусам ингэж сайн мэдээ тараана гэдэг ямар чухал болохыг ухаарч, хичнээн завгүй ажилтай байсан ч авралын зар тараах цаг заавал гаргахыг хичээх болсон доо.
Энэ зун надад Солонгост очиж Эхтэй уулзах боломж тохиосон юм. Үнэнийг хүлээж авснаасаа хойш үргэлж л тэнгэр Эхтэй уулзахыг битүүхэндээ хүсдэг байж билээ. Библийн олон ч хичээл үзэж Библи үнэн гэдгийг ухаарсан хэрнээ Эхийг энэ дэлхий дээр ирсэн гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан юм. Тэнгэр Эхийг төгс хүчит Бурхан гэдгийг толгойгоороо мэдсэн ч сэтгэл дотроо бол бүрэн хүлээн авч чадахгүй л байлаа. Харин Эхтэй уулзаад би хязгааргүй хайрыг нь шууд л мэдэрсэн дээ. Эх надад “хайртай шүү” гэж билээ.
Одоо би Шведдээ буцаад ирчихсэн байна л даа. Тэнгэр Эхтэй уулзаж ирээд сайн мэдээний ажлыг Эхийн хайраар хийх, өөрийнхөөрөө хийх хоёрын ялгааг би биеэрээ мэдэрч байгаа. Тэнгэр Эцэг Эхийн хайрыг тээн, Сионд ах эгч дүү нартайгаа илүү нэгдэж, авралын мэдээ хичээнгүйлэн тараагаад алдагдсан бүх ах эгч дүү нараа хайж олмоор байна аа.