Үхлийн босгон дээр

5,150 үзэлт

“Яг энэ мөчид эртний найз нөхөд, өнгөрсөнд уулзаж учирч байсан хэнийг ч хамаагүй хайрлан, дуртайяа тэврэх юмсан. Өнөөдөр ингээд үхэлтэй нүүр тулж, хайртай хүмүүсээсээ хагацах энэ мөчид л би амьдрал бол бэлэг гэдгийг, амьдрал бол аз жаргал гэдгийг, хором мөч бүхэн нь аз жаргалын цаг үе байж болох байсныг мэдэрч байна.”

Засгийн газраа эсэргүүцсэн хэргээр яллагдан, 28 настайдаа цаазын тавцан дээр зогсох нэгэн эрд амьдралаа эргэцүүлэн тунгаах сүүлчийн таван минут өгчээ. Үхэлтэй нүүр тулах түүнд тэсгим өвлийн жавар ч хүйтэн санагдалгүй, нүцгэн хөлөөрөө зогсох цэвдэг хүйтэн газар ч юутай ч зүйрлэмгүй үнэ цэнэтэй, үзэсгэлэнтэй сайхан мэт санагдана. “Би яагаад үүнийг өмнө нь мэдэрсэнгүй вэ?” гэх харуусал түүнийг нөмрөв. Яг тэр агшинд цаазын ялын гүйцэтгэлийг зогсоох тушаал буух нь тэр. Цаазын ял нь цөллөгөөр солигдож, үхлээс ам мөлтөс мултарчээ.

Тэр хүн бол “Гэм зэм”, “Солиот”, “Ах дүү Карамазов” зэрэг шилдэг бүтээл туурвиж, бүх цаг үеийн утга зохиолын хамгийн агуу зүтгэлтнүүдийн нэг болсон Фёдор Достоевский байлаа. Дээрх захидлыг тэрээр үхлийн ирмэгээс буцаж ирсэн тэр өдөр ахдаа зориулж бичсэн аж. Энэ мөчөөс эхлэн Достоевский зовлон шаналал, зовлон зүдгүүрийн талаар огт гомдоллохоо байж, бусдын алдаа дутагдалд ч уужуу хандан, амьдралын өчүүхэн баяр хөөрийг ч үнэлэн, өчүүхэн зүйлд ч талархдаг дадалтай болсон гэдэг.

Үнэ цэнэтэй зүйлийн жинхэнэ үнэ цэнэ түүнийгээ яг алдахын даваан дээр юм уу хэдийн алдсаных нь дараа л тодорхой болдог. Өдөр тутмын амьдрал маань ч ялгаагүй. Өнөөдөр бол өчигдөр хорвоог орхисон хүмүүсийн хүсэн хүлээж байсан маргааш нь шүү дээ. Тиймээс өдөр бүрийг нандигнан хайрлаж, өдөр бүр талархлаар дүүрэн байцгаая.