“Ээж ээ, намайг пневмоторакс (цээжний хөндийд хий хуримтлагдах өвчин) туссан гэнэ. Яаралтай хагалгаанд орохгүй бол үхэж ч мэднэ гэнэ.”
Амьсгалахад хэцүү байна гээд эмнэлэгт хандсан хүүгээс маань ийм дуудлага ирлээ. Залгуулаад эмчийнх нь дуу сонсогдлоо.
“Сайн байна уу, эгч ээ. Бид дөнгөж сая рентген зураг авч харсан чинь таны хүүгийн биеийн байдал тун хүнд байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Бид хүүг тань хэвтүүлж, хагалгаанд нь бэлтгэж байя. Та түргэхэн ирээрэй. Таныг ирэнгүүт хагалгаагаа эхэлье дээ” гэлээ.
Тийн хэлээд утсаа таслахад миний ухаан балартаад ирэв.
“Пневмоторакс аа?”
Би сэхээ орж, пневмоторакс гэж ямар өвчин болохыг олж мэдэхээр хайж гарав. Хүний уушгинд цоорол үүссэний улмаас цээжний гялтангийн хооронд агаар юм уу хий хуримтлагддаг өвчин гэнэ.
Би шуудхан л юм хумаа бэлтгээд эмнэлэг явлаа. Хүү маань хэдийн өвчтөний халаад өмсчихсөн мэс заслын өрөөнд ороход бэлэн сууж байв.
Хагалгааны өмнө би эмчтэй ярилцлаа. Хүүгийн минь хоёр уушгины хэлбэр рентген зурагт өөр өөр харагдаж байлаа. Нэг уушгины судаснууд нь харагдахуйц тунгалаг, эрүүл байхад нөгөө уушги нь агшаад бүр тас хар өнгөтэй болчихсон байв. Анагаах ухааны тал дээр ямар ч мэдэгдэхүүнгүй надад хүртэл байдал ноцтой харагдаж байлаа.
Аз болоход эгзэгтэй нөхцөл байдалтай нь харьцуулахад мэс засал харьцангуй хөнгөн байв. Гэвч хүү маань мэс заслын өрөөнөөс гарч ирэхдээ биеийнх нь байдал сайнгүй байлаа. Амьсгалын аппарат зүүсэн, цээжнийхээ хажууд цоолуулж урт гуурс зүүсэн хүү маань хөдлөх тоолонд нь гуурс хавиргыг нь хөндлөө гэж ёолж гоншгононо. Хүүгийнхээ энэ байдлыг харах зүрх зүсэгдмээр.
Удалгүй эмч мэс заслын өмнөх болон дараах рентген зургийг харьцуулан үзүүлж, үр дүнг нь тайлбарлав. Хагалгааны дараа хэвийн байдалдаа орсон хүүгийнхээ уушгины зургийг хараад би сэтгэл амрах шиг боллоо.
Хагалгааны өмнөх зурагнуудыг эргэж хараад би ёстой мэл гайхав. Хүүгийн маань уушги тэгж их агшчихаад байхад яагаад зүв зүгээр амьдраад байсныг нь би ер ойлгохгүй байлаа. Эмч хүртэл гайхширч байв. Ийм өвчтэй хүмүүс ихэвчлэн яаралтай тусламжаар хүргэгдэж ирэх юм уу амьсгалын замын хүндрэлээс болж царай нь цонхийчихсон ирдэг гэнэ. Гэтэл миний хүү ийм уушгитай байж хоёр өдөр хөл бөмбөг хүртэл тоглосон гэхэд эмч нь ихэд хачирхан, “Ёстой байж боломгүй хэрэг” гэж дахин дахин хэлж байлаа. Бидний огт анзаараагүй нөхцөл байдал, хором мөчүүдэд ч гэсэн үргэлж биднийг хамгаалан, харж ханддаг Бурханы ивээлд талархахгүй байхын аргагүй юм даа.
Би хүүгийнхээ мэс заслаас олон сургамж авсан. Амьсгалыг маань зохицуулдаг эрхтэн хэвийн ажиллахгүй бол амь насанд ч хүртэл аюул учруулдаг шиг сүнсний амьсгал ч ялгаагүй. Хэрэв бидний сүнс бас амьсгалахад хүндрэлтэй бол үхлийн аюул учирна.
Сүнсээрээ эрүүл амьсгалахын тулд би үргэлж залбирлаар Бурхантай харилцаж, сүнслэг хүчилтөрөгч тасралтгүй хүлээн авч байя гэж шийдсэн. Сүнслэг уушги минь ямар ч нөхцөлд амьсгал давчдахааргүй, эрүүл саруул байгаасай гэсэндээ тэр л дээ.