Эхийн халамж хайр дутсан сэтгэлээ дүүргэсэн нь

Хун Сүн Тэ / Солонгос, Ганрын

7,682 үзэлт

Аагим халуун зунаар Ганрын Сионы тавь орчим гэр бүл оюуны бэрхшээлтэй нэг залуугийн гэрийг цэвэрлэх сайн дурын ажил явуулсан юм. Тэрээр ээжийгээ өнгөрснөөс хойш ганцаараа амьдарч байсан аж. Гэрээ цэвэрлээгүй удсанаас болоод гэр нь их замбараагүй заваан байв. Хана шал, шүүгээ, хувцас гээд бүх л зүйл нь хөгцөрсөн байлаа. Ийм газар хүн амьдарч чадахааргүй санагдана.

Шуурхай цэвэрлэхгүй бол тэр залуугийн эрүүл мэндэд нь аюул учруулахаар байв. Бид хэд хэдэн баг болж хуваагдаад, маск зүүн, резинэн бээлий өмсөөд шуудхан цэвэрлэж гарав.

Юуны өмнө эхлээд бүх хөгцөрсөн хувцаснууд, шалны хулдаасыг нь авч, тавилгануудыг нь гаргаж байгаад цэвэрлэж угааж гарав. Өнцөг булан бүгдийг нь шүүрдэж, угаалгын өрөөнд нь засвар хийв. Халуунд ажиллаад хөлс урсана. Гэсэн ч хүн бүр л цэвэр болж байгаа байрыг хараад ажилдаа урамшин баяртай байлаа.

Эхэндээ тэр залуу бөөн танихгүй хүмүүс орж ирээд гэрийг нь цэвэрлээд унахаар тавгүйрхэж байгаа юм шиг санагдсан. Харин нэлээн хугацаа өнгөрөөд тэрээр санаа нь амарсан шинжтэй бидний ажилд энэ тэрээр тусална. Тэр өдөр бид нэг тонн хог цуглуулсан гээд бод доо.

Жаахан завсарлага гарахаар бид тэр залуутай яриа дэлгэнэ. Тэр айлд ээж нь өнгөрснөөс хойш цаг хугацаа зогсчихсон бололтой. Залуу оюуны бэрхшээлтэй болохоор өмнө нь бүх зүйлийг зохицуулж байсан ээж нь өнгөрснөөс хойш, өөрийгөө ч арчилж чадахгүй, гэр орныхоо цэвэрлэгээг ч өөрөө хийж чадахгүй байсан аж.

Ээжгүйгээр хэвийн амьдрах нь түүний хувьд тун ярвигтай байж. Харин түүний ээжийгээ гэсэн хайр нь хэн хүнтэй адил хүчтэй байлаа. Тэрээр ээжийнхээ хамаатай гэсэн болгоныг нь хадгалж байв. Бас ээжийгээ их санаж байгаа нь илт.

Хамт өдрийн хоол идэх зуур түүний нүдийг нулимс бүрхэнэ. Ээжийгээ алдсан сүүлийн мөч ой тойноос нь гардаггүй гэнэ ээ. Тэрээр урьд нь тийм ч их эрүүл чийрэг биш байж. Ээж нь өнгөрснөөс хойш бэлэн гоймонгоор л амьдарч байсан бололтой. Нэг аяга будааг маш хурдан идчихлээ. Бидний хийсэн хоол маш амттай байсан гэнэ ээ.

Би маш их өрөвдөв. Яг тэр мөчид ээжгүй байна гэдэг хичнээн ганцаардмал, хичнээн гунигтай байдгийг цоо шинээр ухаарч авсан билээ. Бидний сүнс ч бас тийм байдаг байх. Сүнсний Эхтэй байгаадаа би дахин маш их баярлаж билээ.

Тавын таван цаг цэвэрлэсэн их цэвэрлэгээ дууссаны дараа тэдний гэр тэс өөр харагдаж байлаа. Өнөөх залуу цэвэрхэн болсон гэрээ хараад баярлаж байгаа гэж жигтэйхэн. “Танихгүй хүмүүс байж хүрч ирээд манай гэрийг шинэ болгоод өглөө” гээд л хөөрнө. Бидний хийсэн зүйл нэг их сүртэй том ажил биш байсан боловч ээжийгээ алдсан түүний сэтгэлийнх нь ганцаардал хоосрол түр ч гэсэн дүүрсэнд би их баяртай байлаа. Хүмүүсийн тус дэмээр тэр залуу өөрөө босдог болж, илүү тохитой орчинд амьдраасай гэж би залбирч байгаа.