Өөрчлөлт

Жан Е Жин / Солонгос, Ансан

12,679 үзэлт

Би ээжийнхээ гэдсэнд байхаас л Бурханы сүмд явдаг байж билээ. Энэ нь нэг ёсондоо эхийн хэвлийд байх үеийн итгэл гэсэн үг юм даа.

Би ээжийнхээ итгэлээс хамааралгүй болж, өөрийнхөө итгэл дээр зогсох болсон үе маань миний дунд сургуульд байсан үе л дээ. Сургууль дээрээ өөр шашинтай олон найзтай байсан болохоор “Намайг тэнгэрийн хаанчлал руу хөтлөх үнэн нь юу юм бол?” гэж би гайхах болов.

Энэ асуултынхаа хариуг би нэг их удсангүй оллоо. Сион дээр Библи хичээнгүйлэн үзээд ирэхээр шинэ гэрээний үнэнийг тодорхой ойлгох болов.

Гэвч миний итгэлийн амьдрал ахлах сургуульд байхад маань нам зогсчихсон юм. Найзуудтайгаа цаг нөхцөөх маш дуртай байсан маань миний амьдралын тэнцвэрийг алдагдуулчихсан байж. Хичээлдээ явах дургүй болж, гэртээ байнга шөнө аажуу ирнэ. Заримдаа арайхийн ганц мөргөл тэмдэглэж л нэг юм Бурхантай харилцаж байсан юм.

Өсвөр насны галзуу үе ард хоцорлоо. Хэдэн доргио найзтайгаа байхаараа хэрээ мэдэхгүй байж би их зан гаргаж, сэтгэлийн хөдлөлөөр хандан, цаг мөч бүрийг бодох санах юмгүй зугаацан өнгөрөөдөг байлаа. Гэрийнхнийхээ надад санаа зовохыг нь ч би тоогоогүй юм.

Гэвч дандаа ч тийм аз жаргалтай байсангүй. Яагаад ч юм хүссэн зүйлээ хийх бүрд ямар нэг зүйл миний дотоод сэтгэлийг хатгах шиг болно. Найзуудтайгаа наргисны дараа дандаа л сэтгэл хоосон оргино. Мэдээж энэ нь юуны дохио вэ гэдгийг мэдэж байсан юм. Сэтгэл эзгүйрэх болгонд Бурхан санаанд орно.

Тэгсэн хэрнээ надад амьдралын хэв маягаа өөрчлөх зориг дутаж байлаа. Найзуудаасаа өөр юм хийчихвэл тэдэндээ гадуурхагдчих вий гэхээс би айж байсан юм. Өдөр бүр би улам л гэмтэй санагдаж байв.

Тэгж байтал хориод насны босгон дээр нэг санаанд оромгүй зүйл боллоо. Ялихгүй үл ойлголцлоос болж гэнэт л найзуудаасаа холдчихов. Энэ нь намайг шинэ найзуудтай болгож, хичээлдээ шамдахад хүргэсэн билээ.

Удаан хугацааны төөрөгдсөн үе минь эцэс болж байх шиг санагдана. Гэвч сургуулиа төгсөөд бүр ч хэцүүдэв. Дунд сургуулиа дүүргэж, хорь хүрсэн тул зугаацах эрхтэй болов.

Бурханы хүслээс холдуулдаг үй түмэн сорилтын өмнө дотроо би зөрчилдөж, гэмшинэ. Дотоод ухамсар маань ахлах сургуульд байсан шигээ Бурханы хүүхэд юм байж ингэж болохгүй дээ гэж жингэнэх шиг.

Тууштай биш ч гэсэн би хүүхэд байхаасаа л итгэлтэй байсан юм. Мөргөл болгоныг тэмдэглээгүй ч гэсэн мөргөлийн ерөөл маань хэзээ ч тасарч байсангүй. Тэдгээр ерөөл миний сүнсийг Бурхантай холбон уяж, тэр уяа нь намайг чухал агшинд барьж байсан гэдэгт би итгэж байна. Тэгсэн ч энэ маань намайг төөрөгдлийн буулганаас бүрэн гаргахад хангалттай биш байв.

Яг тэр үеэр залуучууд баг болон оюутан багийнхан “Шинэ дууны анхдугаар наадам”-д бэлдэх гээд хоорондоо маш дотно болж, би мөн урьд өмнөхөөсөө ч илүү Сион руу явах болов.

Ойролцоо насны ах эгч дүү нартай шинэ дуу давтаад цаг сайхан байлаа. Бурханы л хүүхэд зөвхөн дуулж чадах шинэ дууны үнэ цэнийг бодохоор нэг л сайхан. Бас цуглах болгондоо хоорондоо ярьдаг ах эгч дүү нарын сэтгэл хөдлөм, гоё яриа түүхүүд надад их таалагдана. Чуулганаа тараад гэр рүүгээ явах болгондоо миний сэтгэлд нэг сайхан зүйл өсөөд байх шиг санагдаж байсан юм.

Миний сүнс дахин тайвшран хэвэндээ орж байсан тэр үеэр намрын баярууд эхэллээ. Тэр үеийг хүртэл өмнө нь тэмдэглэж байсан баяруудаас тэр намрын баяр надад ёстой тэс ондоо санагдаж байлаа. Сүнсний баяр хөөр гэдгийг бага багаар мэдрэх болсон баяр болохоороо тийм байсан ч, юу юунаас илүү Майхан баярын тунхаглалын наадам дээр хэлсэн Эхийн урмын үгийг сонсоод би төдийг хүртэл томоогүй байж, хийсэн бүх гэм нүглээ санаж билээ.

Хүссэнээ хийн, цагийг дэмий өнгөрүүлж байхад минь Эх шархалсан сэтгэлээр над руу харж, үргэлж хажууд минь байсан юм билээ. Эх намайг тийн харж байхдаа сэтгэл нь ямар их эмтэрсэн бол оо гээд бодохоор гэмшлийн нулимс хацар даган урсана.

“Эхэд маань ямар хэцүү байсан бол оо.”

Би тэнгэрт нүгэл хийсэн, тэр байтугай энэ дэлхий дээр ч бас Эхийн сэтгэлийг сэмэлсээр байгаа хамгийн ачлалгүй хүүхэд нь байж. Харин Эх тэнгэрийн хаанчлалын баяр хөөрийг надад бэлэглэх гэж тасралтгүй хүч, урам зориг өгч байж. Тийм удаан хугацаанд Эх Өөрөө догшин шуургыг тэсвэрлэн байж тэрхүү хөлсийг нь төлж байж.

Эхийгээ би тийм их санаа зовоход хүргэсэн болохоор одооноос эхлэн би бүх сэтгэлээрээ Эхдээ тусалмаар байна. Бурханыг баярлуулдаг сайн мэдээний ажилд оролцон, Эхийнхээ ачааг хөнгөлөх шийд гаргасны дараа би бүх хичээл зүтгэлээ тунхаглалын наадамд зориулж гарлаа.

Секунд хором бүрийг авралын ажилд зориулахаар би ах эгч дүү нартай цуг авралын зар тарааж, Бурхан ч намайг олон үр жимсээр бялхааж өгсөн дөө. Ганцаардсан сүнс Сион дээр ирж гэр бүлүүдтэй уулзаад ямар их баяртай байдгийг би харлаа. Тэгээд өглөө, өдөр, орой гээд шил дараалан үр жимс гаргаж байлаа.

Хэдийгээр энэ богино хугацаа байсан ч гэсэн би хоёр хөлөө хавдтал нь амралтгүйгээр хаанчлалын сайн мэдээ тараах гэж хичээсэн юм. Бурханы үгэнд чих тавьж анхаарлаа хандуулах сүнс нэг бүр үнэхээрийн үнэ цэнэтэй харагдаж байлаа.

Тунхаглалын наадмын баяр хөөр үргэлжилсэн хэвээр байхад 1 жил ард үлдлээ. Одоо би дөнгөж их сургуулийн оюутан болсон болохоор сургууль дээрээ Бурханы яруу алдрыг гаргахын тулд Бурханы үгнээс хичээнгүйлэн сурч, урьд өмнөх шигээ дахин төөрөлдөхгүйн тулд Сион руу шамдан явж байна.

Өдөр бүр Сион руу явж, Бурханы хүслийн дагуу бурханлаг амьдралаар амьдрах гэж хичээхийг минь хараад ээж нулимс унаган догдолно. Сэтгэлийнхээ хөдлөлийг нэг их гаргаад байдаггүй аав маань хүртэл “Миний охин мундаг болж байна шүү!” гэж хэлээд сайн охиноо дахин хараад жаргалтай харагдана. Эгч миний ингэж өөрчлөгдсөнд тавгүй байгаа юм шиг санагдана. Намайг хүн бүрд төвөг удаж байсан цагт цэрэгт явсан ах маань энэ жил халагдаж ирсэн юм. Миний өөрчлөгдсөн нь түүний хувьд бүр итгэхийн аргагүй байгаа бололтой ах маань цаг ямагт л Бурханы хүч чадлыг магтана.

Толгой нь эргэчихсэн байсан миний төлөө санаа зовж байсан манай гэрийнхэн бие биедээ урмын үг хэлж, ам нээх болгондоо Бурханд талархал өргөнө. Би аав ээжтэйгээ цуг тэнгэр Эхийн талаар тунхаглаж, үнэнд дурласан нэг сүнсийг Сион руу хөтөллөө. Залуучууд сайн байвал бүх зүйл сайн сайхан болно гэсэн Эхийн үгийн биелэлтийг манай гэрийнхэн биеэрээ мэдэрч байгаа гэдэгт би итгэж байна.

Баяр хөөр өдөр бүр бялхана. Намайг гүн нойрноос сэрээж, өөрчлөгдөж сайн мэдээний ажлын баяр хөөрийг мэдрүүлсэн Бурханы хүслийг би тунгаан бодлоо. Бурхантай байхад боломжгүй юм байхгүй гэдгийг надад ухааруулахын тулд байжээ гэдэгт би итгэж байна.

Урьдын үйлсээсээ болоод Бурханы яруу алдрыг халхалж магадгүй гэж бодон хийхээс эргэлзсэн зүйл надад байсан. Харин Бурханыг түшиж, Бурханаас тусламж гуйхаар би тэдгээрийг хийж чадсан юм. Найзууддаа анх удаа сүмд явдгаа хэлсэн минь тээнэгэлзсэн зүйлсийн нэг байлаа. Найзууд маань миний санаа зовж байснаас тэс өөрөөр хүлээн авч, харин ч дуртай байгаа бололтой байв. Сион руу хэд хэдэн удаа ирж байсан нэг найз маань бүр гудманд явж байгаад манай сүмийн байшинг хараад зургийг нь авч над руу явуулаад “Энэ танай сүм, тийм ээ? Гоё юм аа” гэсэн мессеж бичсэн гээч.

Нэг найз маань манай сүмийг Солонгосын ерөнхийлөгчийн шагнал авсан гээд өөр нэг найздаа бахархан ярьсан байна билээ. Бас нэг найз маань надад сүм дээр ямар нэг арга хэмжээ болбол уриарай гэж байв. Би Сион руу найзуудыгаа нэг нэгээр нь урина даа гээд бодохоор сэтгэл бүр яарчихдаг юм. Бурхан надтай хамт байгаа болохоор бүх зүйл тэгш дардан болно гэдэгт би итгэж байгаа.

Хийхийг хүсэж байгаа, хийх хэрэгтэй байгаа өдий төдий зүйл мэдээж бий л дээ, надад. Харин үнэхээр их хүсэж байгаа маань тэнгэр Эхэд нийцсэн сайн мэдээний хамгийн сайн хэрэгсэл болох. Эхээс авсан сүнсний ивээлээ дэлхийн хязгаар хүртэл бүр илүү тараана гэж залбирч байгаа. Нэг хүнээс эхэлсэн өөрчлөлт хараахан дуусаагүй л байна.