Хоол идэх гээд ресторанд орох юм уу эсвэл дэлгүүрт худалдан авалт хийхээр орох үед худалдагч өөдөөс чинь уриалагхан угтан авбал сайхан санагддаг байх аа. Бараанд нь төдийлөн татагдаагүй хэрнээ худалдагчийнх нь сайхан аашнаас болоод заримдаа юм авчихдаг тохиолдол бий биз.
Энэ мэтээр эелдэг байдалд их хүч бий. Тэгвэл энэ сард бид гэрийнхнээ харилцагч нар шигээ үзэж, тэдэндээ аль болох эелдэг хандаж яагаад болохгүй гэж? Зарим үед ууртай байхдаа, өвчтэй байхдаа, эсвэл өөр юманд анхаарч байх үедээ хүн ширүүн дориун ярьж, авирлаж магадгүй байдаг. Үүнээсээ болоод нэг нэгнийхээ сэтгэлийг шархлуулах, хоорондоо үл ойлголцол үүсгэн, үүндээ гэмших тохиолдол гардаг.
Зүс ч үзээгүй танихгүй хүнд болохоор инээмсэглээд л янзтай сайхан хандаж чаддаг хэрнээ гэрийнхэндээ үүн шигээ хандаж чадахгүйн учир юун? Хэрвээ гэрийнхнээ VIP харилцагч хэмээн үзэж, эелдэг дөлгөөн хандвал танай гэр бүл гэрэл гэгээ, хөгжил хөөр дүүрэн байх болно.
- Зөвлөмж
- Толины өмнө дөлгөөн инээмсэглэх дадлага хийх.
- Гэрийнхэнтэйгээ ярилцахдаа нөхөрсөг өнгө аясаар зөөлөн ярих.
- Гэрийнхнийхээ мэдэхгүйг эелдгээр тайлбарлаж өгөх.
- Гэрийнхнээ сонсож дуусах хүртлээ нүүрэндээ инээмсэглэл тодруулах.
- Байнга “Баярлалаа”, “Талархаж байна” гэж хэлэх.
- Гэрийнхнийхээ алдаа эндэлд хүлээцтэй, тэвчээртэй хандах.
- Гэрийнхэнд нь ямар нэг юм хэрэгтэй болбол асуухаас нь өмнө авч өгөх.
- Гэртээ хамт орохоор бол бүгд гэрт ортол нь хаалгаа нээж өгөх.
- Тодорхой хугацаа товлон ямар нэг үүрэг гүйцэтгэснийхээ дараа нэг нэгнийхээ сайхан сэтгэлд дүн тавих.