Аав хүү хоёр

3,183 үзэлт

Энэ явдал 1992 онд Испанийн Барселона хотод зохиогдсон Олимпийн наадмын 400 метрийн хагас шигшээ гүйлтийн үеэр болсон юм. Гар буун дуу анир чимээгүйг эвдэхэд найман тамирчин хамаг хурдаараа гүйж эхлэв. Тамирчдын хувь заяа хэдхэн секундын дотор шийдэгдэх гэж байхад цэнгэлдэхийн 65,000 үзэгч хамаг анхаарлаа тэдний зүг хандуулсан байлаа. Гэтэл Английн тамирчин Дерек Рэдмонд (Derek Redmond) 150 метрийн зайд гэнэт хөлөө бариад газар суучихав. Тэгээд босохыг оролдсон боловч бусад тамирчид аль хэдийнээ барианд орж эхлээд байлаа.

Дерек тэсэхийн аргагүй өвдөж байсан хэр нь эмчилгээний багийнханд тэмцээнээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа хэлээд, доголон байж цааш алхлаа. Тэгтэл үзэгчдийн дундаас нэг хүн Дерекийг чиглэн гүйж ирэв. Ажилтнууд түүнийг зогсоохыг оролдсон ч тэрээр ажилчдыг түлхэн зам руу орж ирлээ. Тэр хүн Дерекийн аав байлаа. Дерек аавынхаа мөрнөөс түшээд, нулимс урсган алхсаар л байв. Хүүгээ бууж өгөхгүй байгааг харсан аав нь хүүгийнхээ мөрөн дээр зөөлхөн алгадаад, тэд хамт алхсаар барианы зурвасыг давлаа. Хөл нь өвдсөн чигтээ эцсээ хүртэл гүйж барианд орсон тамирчныг болон хажуунаас нь урам дэм өгөх аавыг нь харсан үзэгчид босож, чангаар алга ташин тэднийг угтав.

“Би хүүгээрээ бахархаж байна аа. Хүү маань алтан медаль авсан ч би ингэж их бахархахгүй л байсан болов уу.” Дерек Рэдмондын аав Жим Рэдмонд