Эх гүүг нь ялгах арга

5,251 үзэлт

Нэгэн улсын элч эв эе, нөхөрлөл нэрийн дор хөрш улсдаа зочлохдоо хоёр морь бэлэглэжээ. Гэвч түүний далд санаа нь очсон тэр улсынхаа мэргэн ухааныг тандаж үзээд болбол хожмоо тэр улсыг эзлэн дийлж, дарлахыг санаархаж байсан аж. Элч өнөөх морьдоо хаанд өргөн барихдаа:

“Энэ хоёр морины аль нь эх гүү, аль нь унагыг хэлж өгнө үү?” гэж асуув гэнэ.

Уг хоёр морь бие, өнгө зүсэм яг адилхан байлаа. Зөв хариулж чадахгүй бол улсынх нь нэр төрд харшлах болохоор хаан болон албатууд нь ихээхэн санаа зовов гэнэ. Тэр орой нь хааны хамгийн ойрын түшмэл гэртээ их л гуниглангуй харьжээ. Тэгж санаа зовнихыг харсан ээж нь хүүгээ ингэж тайвшруулав.

“Наад хоёр морио хоол тэжээл өгөлгүй нэг өдөр өнжчих. Дараа нь жаахан овьёос өгөөрэй. Нэг нь ухаан жолоогүй иднэ, харин нөгөө нь хүлээж байгаад үлдсэнийг иднэ. Хүлээсэн нь мэдээж эх гүү нь гэсэн үг” гэлээ.

Түшмэл ээжийнхээ зөвлөгөөг дагаж, эх гүүг нь зөв ялгаж танив. Өнөөх элч энэ мэргэн ухааныг бишрэн гайхширсаар буцаж, дахин тэр улсыг хэзээ ч басаж дорд үзээгүй гэнэ лээ.