Бүх хүн шантарсан ч

299 Үзсэн тоо

2019 оны 5 сарын 8-нд Аманда Аллер хэмээх гуч орчим насны эмэгтэй Хавайн Мауи арлын дархан цаазат газар зугаалж яваад төөрчихжээ. Тэрээр гар утсаа машиндаа орхисон тул хэнтэй ч холбоо барих боломжгүй байлаа. Аманда гарах гарц олохоор алхах тусам улам гүн ой руу орж, улмаар гэгээ ч тасарчээ.

Амьд үлдэхийн тулд тэрээр хүндхэн өдрүүдтэй тэмцэх хэрэгтэй болж. Шөнөдөө сэрүү орохоор тэр дулаацахын тулд модны навч болон ухсан шороогоороо хамаг биеэ хучна. Өдөр нь зэрлэг жимс, хорхой шавьж, голын усаар өл зогоон, замаа олох гэж хамаг л аргаа барж байв. Тэгж явахдаа хаднаас унаж хөлөө гэмтээн, уулын үерт гутлаа урсгачихаж. Ойд ганцаархнаа өдөр шөнийг өнгөрүүлэн, 17 дахь өдрөө тэрээр сая нэг анх байснаасаа 11 км-ийн зайд аврах багийнхантай гэнэт таарчээ. Хэдийгээр албан ёсны эрэн хайх ажиллагаа дуусаад байсан ч Амандагийн гэрийнхэн сайн дурын ажилтнуудад шагналын мөнгө амлаж, нисдэг тэрэг явуулан, тэдэнтэй цуг ажиллагааг үргэлжлүүлж байжээ.

Охиноо аврагдсан тухай мэдээ сонсоод Амандагийн аав нулимсаа барьж дийлэхгүй байв. “Би ганц ч хором бууж өгөөгүй. Аврах ажиллагаагаа үргэлжлүүлэх л юм бол охиноо олж чадна гэдэгтээ бид бат итгэлтэй байсан” гэж түүний ээж хүүрнэж байв. Аманда асар хүнд цаг мөчтэй тулгарч байсан. Гэвч гэрийнхнийх нь охиноо аврах гэсэн шантарч няцдаггүй тэр сэтгэл түүний амьдралд гэрэл гэгээ авчирсан ажээ.