Сайн хөрс

3,385 үзэлт

Аливаа үр ургаж, үр жимсээ их өгөхийн тулд сайн хөрсөнд унах ёстой. Нэг үндэслэчихвэл дараа нь хөдөлж чадахгүй тул ямар хөрсөнд суух нь тухайн үрийн ургалтад маш чухал. Гэхдээ хөрсийг яг юу ургамалд тустай сайн болгодог вэ?

Ер нь газрын үржил шим ба үржил шимгүй байдал нь хөрсний чанараар тодорхойлогддог. Сайн хөрс гэдэг нь ус зайлуулалт сайтай, агааржуулалт сайтай сийрэг, ус, хүчилтөрөгч чөлөөтэй хөдөлдөг, хөрсний бичил биетээр баялаг байдаг. Бидний дархлааг дэмждэг гэдэсний бактерийн нэгэн адил эдгээр бичил биетүүд нь органик бодисыг задалж, ургамлыг шим тэжээлээр хангаж, өвчин, хортон шавжнаас хамгаалахад тустай байдаг байна. Бичил биетийн хөдөлгөөний үр дүнд ус зайлуулах суваг, агаарын урсгал аль аль нь сайжирч, улмаар хөрсний бүтэц сайжирна. Химийн бордоо эсвэл хортон шавжтай тэмцэх пестицид хэт их хэрэглэвэл уг бичил биетүүд үхэж, үүний уршгаар хөрс хатуурна. Хатуурсан хөрсөнд ургамал ургах их хэцүү. Товчхондоо амьд, идэвхтэй хөрс нь сайн хөрс юм.

Хөрс эрүүл бол тариалангийн ажлын талаас илүү хувь хэдийн хийгдчихсэн байгаа хэрэг. Тиймээс жинхэнэ тариачин хүн дан ганц тариаландаа анхаараад байдаггүй, хөрс шороондоо ч санаа тавьж анхаарна. Бидний сэтгэлийг голдуу тариалангийн талбайтай зүйрлэдэг тул сэтгэлийн хөрсөө арчилж байж л зорьсон бүхэндээ үр өгөөжтэй, ургац их хураах биш үү?