
1996 онд АНУ-ын Иллинойс мужийн Брүкфилд амьтны хүрээлэнд гурван настай хүү тоглож байгаад гориллуудын хашаанд унан, ухаан алджээ. Горилла төрлийн сармагчин ерөнхийдөө зөөлөн авиртай ч нутаг дэвсгэрт нь халдах үед түрэмгий болж, маш аюултай нөхцөл байдал бий болдог байна.
Хүүгийн ар гэрийнхэн болон хажуугаас нь харж байсан хүмүүс яахаа мэдэхгүй сандралдаж байтал нэг горилла хүүхэд рүү тайвнаар ойртов гэнэ. Дараа нь болсон зүйл бүгдийг гайхшируулах нь тэр. Горилла хүүхдийг өвөр дээрээ зөөлөн тавьснаа нурууг нь аяархан алгадан илбэж, тэр ч байтугай хүүг хамгаалах гэсэн аятай бусад сармагчингаас халхалж байв. Аврах багийнхныг очиход тэрээр бүр хүүг болгоомжтой гэгч нь өргөн, аврагчдад авчирч өгч, хүүгийн аюулгүй байдлыг хангажээ. Түүний ачаар хүү аав ээжийнхээ энгэрт эсэн мэнд эргэн ирсэн байна.
Бинти Жуа нэртэй энэхүү гайхалтай горилла өөрөө моньшоо өсгөж байсан эмэгчин сармагчин байсан аж. Мэргэжилтнүүд түүний эл үйлдлийг эхийн зөн совинтой холбоотой гэж үзсэн гэдэг. Эхийн сэтгэл гэгч хаана ч, тэр байтугай амьтны ертөнцөд ч адилхан байдаг бололтой.