Дүүгээ аварсан нууц

Им Жи Ён / Солонгос, Соннам

6,188 үзэлт

Би долоон охин, нэг хүүтэй айлын долоо дахь хүүхэд. Би гоц гойд бусдын анхаарлыг татах юмгүй жирийн л нэг хүүхэд байлаа. Тосгоныхон тэр байтугай хамаатнууд маань хүртэл баяр ёслол болгоноор миний нэрийг асууна гээч.

Гэхдээ томчууд надад анхаарал хандуулсан үе бий нь бий. Манай гэрийн найм дахь, отгон дүүгийн минь тухай яриа ид гарч байсан үед юм даг. Дүү маань айлын ганц энхрий хүү нь байсан болохоор хүмүүс дүүг маань хэний дараа төрсөн юм гээд л их сонирхоно оо. Тэгэх явцад би өөрийн эрхгүй томчуулын анхааралд өртсөн. Тийм ч учраас бага насны минь хамгийн чухал үүрэг дүүгээ харах байлаа. Одоо бодох нь ээ би дүүгээсээ хоёрхон насны зөрүүтэй байсан болохоор намайг дүүтэйгээ муудалцахгүй, эв найртай байгаасай гэсэндээ л томчууд надад дүүгээ сайн харж хандахыг захидаг байсан юм билээ. Би ч тэр ажилдаа хариуцлагатай гэж жигтэйхэн. Гэхдээ миний хийж чадах юм гэж юу байхав, ердөө л ээжийнхээ өвөр дээр суух гэж дүүтэйгээ булаацалдахгүй байх гэх мэтчилэн жижиг сажиг үүрэг байна. Хэдийгээр би өөрөө балчир байсан ч дүүгийнхээ үйл хөдлөл нэг бүрийг анзаарч, оногдсон үүргээ биелүүлэх гэж хэрэндээ л их хичээнэ.

Нэг өдөр дүү бид хоёрыг тосгоны төвийн худгийн дэргэдүүр өнгөрч явахад насан турш мартагдахын аргагүй нэг явдал тохиолдсон юм даа.

Хүмүүс ус авах, юм угаах гэж ирдэг худаг нь томчууд байхгүй үед бол хүүхдийн тоглоомын талбай болоод хувирчихна. Тосгоны том хүүхдүүд худгийн нэг захаас нөгөө зах руу харайх гэх мэтээр нэлээд аюултай тоглоомоор наадна. Амжилттай харайсан нь онгирч, эр бяраа гайхуулна.

Тэднийг хараад үнхэлцгээ хагартал айдаг байсан би өөрөө туршиж үзэх талаар бодож ч үзээгүй юм. Гэтэл манай дүү өөр. Тэр өдөр дүү маань тэнд хүн байхгүйг анзаараад худгийн нэг захад гарч зогслоо. Би санаа зовсон ч ямар ноцтой болохыг нь мэдэхгүй учир дүүгээ зүгээр л харж байсан юм.

Дүү маань худаг дээгүүр хамаг хүчээрээ харайсан ч хүүе гэхийн завдалгүй худаг руу уначихав. Худаг томчуудын хувьд тийм ч гүн биш боловч дөрвөн настай дүүг минь залгихад бол хангалттай байсан юм. Дүү уснаас нэг ил гарч, нэг далд орж, тэндээ эргэлдээд л байлаа. Надад хийж чадах юм байх биш, дүүд минь ямар нэг юм тохиолдох вий гэхээс айж, бас түүнийг сайн хараагүйдээ харамсан дүүгийнхээ нэрийг дуудан чангаар уйлж гарлаа.

Яг л гайхамшиг гэмээр тэр агшинд тосгоны томчуул гүйж ирцгээн, дүүг минь аварч билээ. Миний уйлахыг сонсоод тэд ямар нэг ноцтой зүйл болсныг таамаглан хар хурдаараа ирцгээсэн нь тэр байв. Тэр цагаас хойш томчууд намайг харах тоолондоо л “Чи уйлж байж дүүгийнхээ амийг аварсан шүү” гээд магтдаг байж билээ.

Одоо би аюулд орсон сүнснүүдийг авралын зам руу хөтлөх сүнсний ажил гүйцэтгэж байгаа. Бүх зүйл санаснаар болохгүй үед багын энэ явдал санаанд минь орж ирдэг юм. Тэгээд “Үнэхээр л миний сэтгэл дутагдаж байна даа” гэж бодогдох үе бий.

Дүүгээ сайн хараагүйгээс болж үхчих вий гэж айн, гэмшиж уйлсан минь түүнийг аврахад хүргэсэн шиг, би ах дүү, эгч дүүгээ олж аврахсан гэх чинхүү сэтгэлээр амийн үнэнийг хашхирах юм бол тэдэнд минь амьдрах зам нээгдэнэ шүү дээ. Яагаад гэвэл тэгж хашхирахыг минь сонссон тэнгэр Эцэг Эх тусална гэдэгт би итгэлтэй байдаг.