Санаа зовнилоо хаябал аз жаргал ирнэ

Санаа зовнилоор юуг ч шийдэж чадахгүй. Шаардлагагүй айдас түгшүүр, санаа зовнилоо орхиж, баяр хөөртэй амьдраарай.

15,236 үзэлт

Эрт дээр үед санаа зовнилоор дүүрэн нэгэн хүн байжээ. Тэнгэр нурж, газар цөмрөх вий гэж санаа зовсондоо унтаж, идэж ч чадахгүй, тэр байтугай бүр гэрээсээ ч гадагш гарч чаддаггүй байж гэнэ.

Уг нь хүн бүр санаа зовох зүйлгүй амьдрахыг хүсэж мөрөөддөг ч үнэндээ хүн үй түмэн хэрэггүй санаа зовнил, айдас дунд амьдардаг аж. Амьдрал бол хичээл сурлага, эрүүл мэнд, холбоо харилцаа, ажил алба, гэрлэлт, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өндөр настан аав ээжээ дэмнэж тэтгэх, хожмын он жилүүддээ бэлтгэх гээд санаа зовнилын үргэлжлэл гэхэд хэтрүүлэг болохгүй байх. Бие султай нь сул дорой байдалдаа санаа зовж, эрүүл чийрэг нь эрүүл мэндээ алдах вий гэж айна. Аз жаргалгүй бол аз жаргалгүйдээ санаа зовж, аз жаргалтай байвал аз жаргалаа удаан үргэлжлэхгүй байх вий гэж айна. “1000 шуудай будаатай хүнд 1000 санаа зоволт, 10000 шуудай будаатай хүнд 10000 санаа зоволт байдаг” гэсэн солонгос хэлц байдаг шиг ядуу ч бай, баян ч бай хүн бүр өөрийн гэсэн санаа зовнилтой.

Санаа зовнил гэдэг хүний амьдралын урилгагүй зочин юм. Тийм байхад бид юундаа санаа зовсоор л айдаг юм бол? Тодорхойгүй ирээдүйн төлөөх айдас, эсвэл олон жилийн чинь мөрөөдөл биелэхгүй байх вий гэсэн түгшүүр, эсвэл өөр нэгнийг хэт их хайрлахаас үүдэлтэй байж мэдэх. Гэвч шалтгаан нь ямар байлаа ч сэтгэлийн гүнд санаа зоволт гэж нэрлэдэг нэг тийм сөрөг бодол байгаад байдаг байна. Ямар нэг муу юм болж магадгүй гэсэн сөрөг бодол нь сэтгэлийн түгшүүр төрүүлдэг аж.

Өдөр тутмын ажил үйл ердийн хэвшмэл, нэгэн хэвийн байсан өмнө үетэй харьцуулахад нийгмийн бүтэц улам бүр ээдрээтэй болж, томоохон осол аваар, хэрэг явдал байнга гарахын хэрээр ирээдүйд юу болохыг таамаглах хэцүү болж. Үүнийгээ дагаад ард иргэдийн бухимдал, түгшүүр нэмэгдсээр л. Ингэхэд санаа зовлоо гээд бага ч гэсэн тустай юу?

Санаа зоволт аз жаргалд саад болдог

Санаа зовох нь хий дэмий үндэслэлгүй зовнил түгшүүрээс цаашгүй зүйл. Ихэнхдээ санаа зовсон хэрээр тийм юм тохиолдоод байх нь ховор. Тохиолдлоо гэхэд урьдчилж санаа зовлоо гээд асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Санаа зовсон ч юу ч болоогүй бол санаа зовсны ачаар шийдчихсэн мэт бодох нь бий. Гэхдээ энэ нь юу ч биш, хий хоосон зүйл.

“Санаа зовсноор санаа зоволт арилдаг бол санаа зовох зүйлгүй болно” гэсэн Төвд ардын хэлц байдаг. Сурган хүмүүжүүлэгч Лео Бускалья “Санаа зоволт нь маргаашийн уйтгар гунигийг арилгадаггүй, харин өнөөдрийн баяр хөөрийг үгүй хийдэг” гэсэн байдаг. “Миний сурлага муудвал яана?”, “Намайг ажлаас халвал яана?”, “Манай хүүхэд буруу явбал яана?” гээд л энэ мэт санаа зовнил ой тойнд чинь байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Ердөө нүүрэнд тань санаа зовнил хуралдаж, сэтгэлд тань санаа зоволт овоорохын л нэмэр.

Хэт их санаа зовнил сэтгэл хямрааж, стресс бухимдлаас болж адгуу болгоно. Өөрийн хүсэл, айдас түгшүүртээ автсаар байгаад бусдын зовлон бэрхшээлийг амархан мартана. “Нийгмийн оюун ухаан” номын зохиолч Даниел Гоулман “Сэтгэлд айдас түгшүүр их байх тусам бусдыг өрөвдөж адил мэдрэх сэтгэл улам бүр доройтдог” гэж хэлсэн байдаг.

Хэт их санаа зоволт нь сэтгэлийн түгшүүрийн эмгэг, гипохондриаз, хэтрүүлэн бодох албадмал үйлийн эмгэг, нойргүйдэл, мөн өөр бусад өвчнийг улам бүр хүндрүүлдэг. Анагаах ухааны судалгаагаар ходоод гэдэсний замын өвчлөлийн 80%, арьсны өвчний 60% нь сэтгэл зүйн шалтгаантай байдаг төдийгүй нүдний даралт ихсэх өвчнөөр (глауком) өвчилсөн хүмүүсийн дунд юманд их санаа зовдог хүмүүсийнх нь нүд хүчтэй өвдөж, харааны гажигтай байдаг. Мөн юманд илүү их санаа зовдог эмэгтэйчүүдийн теломерийн урт багасч, хөгшрөлтийг хурдасгадаг гэсэн судалгаа байдаг аж.

Унахаас айдаг хүүхэд алхаж чаддаггүйтэй адил эхлээд санаа зовчихвол өөртөө итгэх итгэлээ алдаж, олон боломжоо алдана. Хийх ёстойгоо ч хийж чадахгүй, бүтэлгүйтэхээс айгаад өөрийгөө сорьдоггүй тул барагтай бол амжилтанд хүрдэггүй.

“Номч мэргэн хүнд бас санаа зовнил байдаг уу?” гэсэн шавийнхаа асуултанд Күнз “Язгууртан хүн төрийн албанд суухаасаа өмнө хүслээ эдэлж, түүнийгээ олж авсныхаа дараа хаанчлалыг эдэлдэг. Тиймээс тэр амьдралынхаа туршид нэг ч өдөр санаа зовохгүйгээр үргэлж аз жаргалтай байдаг. Харин өчүүхэн зантай хүн албан тушаалаа авахаасаа өмнө олдохгүй байх вий гэхээс айж, албан тушаалаа олсныхоо дараа алдах вий гэж санаа зовдог. Тиймээс тэрээр амьдралынхаа туршид баяр хөөртэй өдөр гэж байхгүй, санаа зовнилоор дүүрэн байдаг” гэж хариулсан гэдэг.

Аз жаргалын дайсан бол санаа зовнил айдас түгшүүр юм. Болоогүй зүйлээс болж одоогийн баяр баясгалан, аз жаргалаа алдах шаардлагагүй. Санаа зоволт байхгүй амьдрал л амжилттай, аз жаргалтай амьдрал юм.

Санаа зоволтыг даван туулах ухаалаг сонголтууд

① Бэлтгэл, дасгал сургуулилт хий

Аливаа юманд бэлтгэл сайн хийсэн бол санаа зовох юм ер нь байхгүй. Тэнгэрт өтгөн хар үүл бүрхсэнийг хараад бороо орох нь гэж шүхрээ бэлддэг шиг аливааг урьдчилан төлөвлөж, бэлдвэл санаа зоволт арилна. Ажил дээрээ удаан тогтохгүй байх вий гэдэгт санаа зовж байгаа бол өөрийгөө л хөгжүүлэх хэрэгтэй. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд санаа зовж байгаа бол мөнгө хадгалж хэмнэх хэрэгтэй. Эрүүл мэнддээ санаа зовж байгаа бол дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Тэмцээнд оролцох, эсвэл олон хүний ​​өмнө илтгэл тавих үед бэлтгэл сургуулилт их хийхийн зэрэгцээ өөртөө итгэх итгэл дүүрэн байх ёстой. “Таргалчих вий дээ” гэснээ шөнө юм идээд байвал, эсвэл “Залхуу хүрээд байна. Энэ ч ёстой том асуудал шүү” гээд хөнжилдөө шургаад байвал санаа зовоод ч яах юм билээ? Аливаад санаа зовж байгаа л бол юу хийхээ бодож сэдэж, ажил хэрэг болгох хэрэгтэй. Тэгж байж л санаа зоволт нь аз жаргалын дайсан байхаа больж, хөгжих эх үүсвэрийн эрч хүч энерги болно.

② Одоодоо итгэмжтэй бай

Өнхөрдөг чулуу хөвд цуглуулдаггүй, урсгал ус өмхийрдөггүйн адил уйгагүй хөдөлмөрлөдөг хүнд зовнил түгшүүртэй байх цаг гардаггүй. Марафон гүйлтийн тамирчин 42,195 километрийг яаж гүйх вэ гэж санаа зовдоггүй, харин 500 метрт, 1 километрт гүйх зорилго тавьдаг. Шумбагч эмэгтэйчүүд өчигдөр нь ч мөн тэгж байсандаа л хүйтэн өвлөөр далай руу үсэрдэг байна.

Хүний амьдрал өдөр бүр ийм байдлаар хөвөрдөг шүү дээ. Маргаашийнхаа төлөө санаа зовоод байгаа юм бол юунд та өнөөдрөө бодохгүй байна вэ? Өнөөдөр уг нь таны өчигдөр санаа зовж байсан маргааш чинь биз дээ. Өнөөдөр л хичээнгүйлэн амьдарвал маргааш нь ч тэгж чадна. Яг одоодоо итгэмжтэй байх юм бол өнгөрсөнтэй зууралдаж, ирээдүйд харуусаад байхгүй.

③ Эерэгээр бод

Хүмүүс “Би өндөр албан тушаалтай байсан бол, эрүүл байсан бол, эд хөрөнгө ихтэй байсан бол санаа зовох зүйлгүй байх байсан” гэж боддог. Тэдний энэ хүсэл биелэгдлээ гээд бүх санаа зовнил нь арилна гэж бодно уу? Өөр нэг санаа зоволт гарах нь дамжиггүй.

Одоо л сэтгэл хангалуун биш байгаа бол нөхцөл байдал өөрчлөгдсөн ч сэтгэл хангалуун байж чадахгүй харин ч дутуу зүйлдээ харамссан хэвээр л байна. Шүхэр зардаг болон гутал зардаг хоёр хүүтэй ээжийн үлгэрт гардаг шиг байнгын санаа зовнил түгшүүртэй амьдрах уу, эсвэл талархал дүүрэн амьдрах уу гэдэг бодлын чинь хандлагаас шалтгаална. Аюулгүй байдалд чинь заналхийлсэн асуудал тулгараад байгаа бол эргэлзэж, шалгаж нягтлах хэрэгтэй л дээ. Харин тухайн асуудал боломж бололцоо, чадвараас чинь давсан ихийг олж авах хүслээс чинь үүдэлтэй бол талархах, сэтгэл хангалуун байхыг сонгосон нь дээр.

④ Урам дэм өг

Нас биед хүрсэн хүүхдүүдийн тухайд баяр ёслолоор гэр бүл, хамаатан саднаасаа сонсох дургүй зүйл нь “Хэзээ хүнтэй суух гэж байна даа?” эсвэл “Чи ажилд орсон уу?” гэх мэт санааг нь зовоосон үгс байдаг гэсэн судалгаа бий. Иймэрхүү асуултыг нөгөөдүүл нь чин сэтгэлээсээ асууж байж болох ч сонсогчийн байр сууринаас авч үзэхээр өөрийг нь өрөвдөлтэй гэж үзээд байх шиг санагдаж магад.

Аав ээжүүд ер нь хүүхдийнхээ төлөө хэт санаа зовоод байвал хүүхэд өөртөө ч итгэж чадахгүй. Зарим хүмүүс эцэг эхчүүд нь үр хүүхдүүддээ санаа зовохгүй бол халамжилж санаа тавихгүй байгаа хэрэг гэж буруу бодон, санаа зовохыгоо санаа тавихтай андуурах нь бий. Харин үнэндээ санаа тавих, халамжлан хайрлахаа илэрхийлмээр байгаа бол санаа зовохоос илүүтэйгээр урам дэм өгч, урамшуулж баярлуулах нь хавьгүй дээр байх болно.

“Араатны хаан арслан” хүүхэлдэйн кинонд гол дүрийн арсланг хүнд хэцүүхэн үед найзууд нь “Хакуна Матата” гэж хэлдэг. Энэ нь “Зүгээр дээ. Бүх юм сайхан болно” гэсэн утгатай свахили хэллэг. Арслан саад бэрхшээлийг даван туулж, эцэст нь нугын хаан болдог шүү дээ.

⑤ Өөрчлөлтийг уян хатан хүлээж ав

Хүмүүс шинэ орчинд орохдоо эсвэл танихгүй хүнтэй нүүр тулахдаа хүлээлт найдвар, догдлолтой байдаг ч нөгөөтэйгүүр эхлээд санаа зовдог. Шинэ ажилд орох, сургуульд орох гээд хүний амьдрал тэр чигээрээ өөрчлөлтийн үргэлжлэл юм. Ирэх цаг байхад явах цаг бий. Уулзаж учрах цаг байхад салж хагацах цаг гэж бий. Дасал болсон зүйлтэйгээ цаг үргэлж зууралдаад байж болохгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний гаднах төрх, доторх бодол санаа өөрчлөгддөгтэй адил орчин нөхцөл өөрчлөгдөж, заримдаа огт санаанд багтамгүй зүйлийг ч даван туулж мэдэх шүү дээ.

Амьдралд болж буй бүхнийг угтан авцгаая. Хэдий төлөвлөснөөр чинь, хүссэнээр чинь болохгүй байсан ч тохиолдож буй бүхнийг хүлээж авбал зовлон, бэрхшээлийг даван туулж, ирээдүйн талаарх айдас, санаа зовнил арилах болно.

⑥ Өнгөрөхийг хүлээ

Зохиолч Эрни Ж.Зелинский номондоо “Аливаа санаа зовнилын 40% нь бодит байдал дээр огт болдоггүй зүйл, 30% нь хэдийн болчихсон зүйл, 22% нь л бага зэрэг санаа зоволт байдаг. Харин 4% нь өөрсдийн хүчээр буюу өөрсдийн төлөвлөснөөр хянаж удирдаж чадахгүй зүйл байдаг бол мөн ердөө 4% нь өөрсдийн хүчээр, өөрсдийн төлөвлөснөөр хянаж удирдах боломжтой зүйл байдаг” хэмээн бичиж. Тэгэхээр санаа зовнил, санаа зоволтын 96 хувь нь огт шаардлагагүй гэсэн үг.

Хүний урьдчилан сэргийлж, хянаж зохицуулж болох зүйл байдаг ч хянах боломжгүй олон зүйл байдаг. Хэрэв тийм бол хэтэрхий их санаа зовохын оронд “энэ ч бас болоод л өнгөрнө” гэж бодоод хүлээсэн нь дээр. Даваад гарсны дараа бол энэ нь өсөж хөгжих боломж ч байж болно. Угаасаа шийдвэрлэж чадах асуудал бол үүнд санаа зовох хэрэггүй, угаасаа шийдэж чадахааргүй бол санаа зовсны ашиг юу байна?

“Хүний бүх үүргээ биелүүлчихээд тэнгэрийн хүслийг хүлээ” гэсэн эртний үг байдаг. Библид “Маргааш нь өөртөө санаа тавих тул маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүдүүр өдөртөө хангалттай” гэж гардаг.

Шөнийн харанхуйд гэрэлгүй алхах мэт хүмүүн бид ирээдүйгээ огт харж чадахгүй. Юу болохыг мэдэхгүй болохоор угаасаа санаа зоволт байхгүйгээр амьдрах ч амаргүй. Тэгвэл ирээдүйг урьдчилан харах хүч чадалтай боллоо гээд аз жаргалтай байж чадах болов уу? Чадахгүй л болов уу. Санаа зовнилын зэрэгцээ найдвар бас алга болох тул амьдрал уйтгартай байх болно.

Маргааш юу болохыг мэдэхгүйдээ л бид хүчин чармайлт гаргаж, ямар нэгэн гайхалтай зүйл тохиолдохыг хүлээж, догдолж чадна. Мөн “Битгий санаа зов доо. Бүх зүйл сайхан болно” гэж бие биенээ тайвшруулж, урам зориг өгч чадна. Тэгж л бид чин сэтгэлийн иймэрхүү үгийн хүчинд итгэж, тайтгарч, амарч тайвширна!