Хоорондоо дэндүү ялгаатай эрэгтэй эмэгтэй хүн. Тиймдээ ч хоорондоо илүү зохицно!
Эрэгтэй эмэгтэй хүн хоорондын ялгаагаа мэдвэл ойлголцож, ойлголцвол хоорондын харилцаа амар хялбар болдог.
“Ангарагаас эрчүүд, Сугараас бүсгүйчүүд (Men Are from Mars, Women Are from Venus)” гэдэг ном хэвлэгдсэн цагаасаа хойш олныг шуугиулж, “бестселлер” болоод байгаа билээ. Уг номонд эрэгтэй, эмэгтэй хүний зан байдал, сэтгэлгээний хэв маяг ялгаатай байдаг нь тэд өөр өөр гаргаас ирсэн учраас гэсэн сонирхолтой үзэл бодол гардаг. Нөгөөтэйгүүр мөн эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлзүйг дүрсэлсэн нь олны санаа бодолтой нийцээд байгаа.
Үнэндээ нэг адилхан хүйсийн хүмүүс ч хоорондоо үл ойлголцох үе гардаг. Ээж охин хоёр, аав хүү хоёр, хадам бэр хоёрын хооронд зөрчил маргаан гарах энүүхэнд. Тиймээс хоорондоо үл ойлголцох шалтгаан хүйсийн ялгаанд байгаа гэж шуудхан дүгнэж болохгүй юм. “Эмэгтэйчүүд иймдээ л асуудалтай байхгүй юу”, “Эрчүүд бүгд л ийм шүү дээ” гэх зэргээр хүйсийг үндэслэн эрэгтэй эмэгтэй хүнийг шүүх нь учир дутагдалтай. Мэдээж эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлгээний хэв маяг, дадал зуршил, санаа бодлоо илэрхийлэх арга зэрэг нь цаанаасаа л, төрөлхийн ялгаатай. Тэглээ гээд хэн нэгэн нь илүү давамгай, эсвэл хэн нэгэн нь арай дутмаг, сул дорой гэсэн утга биш юм. Ердөө өөр хоорондоо л адилгүй гэсэн үг.
Тиймээс зөрчил маргаанаас урьдчилан сэргийлж, хоорондын харилцаагаа арай эелдэг тайван байлгахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондын ялгаагаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг эрэгтэй, эмэгтэй хүн зан авирын тухайд хувь хүн бүр ялгаатай ч нөгөө хүнийхээ ойлгох аргагүй зан авир, үйлдэлд ямагт хүндэтгэх шалтгаан байдгийг ой тойндоо шингээвэл түүнийг засах гэж оролдох, эсвэл шүүмжлэх гэхийн оронд уужуу сэтгэлээр хүлээж авч чадна.
Ээжийгээ уйлахад охин нь дагаж уйлдаг бол хүү нь тоодоггүй
Нэгэн теле нэвтрүүлэг бага насны охид хөвгүүдэд туршилт хийжээ. Хүүхдүүдийг тоглоомоор тоглож байхад ээж нь хуруугаа өвтгөсөн дүр эсгэн уйлахад балчир охид хөвгүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харуулахыг зорьжээ. Эрэгтэй хүүхдүүд нь төдийлөн сүр болгон тоолгүй тоглоомоо үргэлжлүүлж байхад охидууд нь гунигтай харагдаж байснаа сүүлдээ уйлж орхидог.
Ерөнхийдөө эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү уян зөөлөн сэтгэлтэй байдаг. Эмэгтэйчүүд бусдын байранд өөрийгөө тавьж, “Би энэ хүний оронд байсан бол” гэж хийсвэрлэн төсөөлж чаддагтаа зовсон үед нь бусдыг өрөвдөн ойлгож, улмаар цуг уйлдаг аж. Харин эрчүүд өөрсдөө биеэрээ мэдрээгүй зүйлийн тухайд ямар ч мэдрэмжгүй ханддаг. Өөрөө цэрэгт байхдаа зовж байсандаа л цэрэг хүний зовлонг ойлгох жишээний. Гэвч кино, савангийн дуурь зэргээр гарах хүмүүсийн сэтгэл санааг огт ойлгож чаддаггүй.
Эмэгтэй хүн бусдын нүүрний хувирлыг сайн уншдаг
Эмэгтэй хүн бусдын нүүрний хувирлыг харах төдийдөө л сэтгэл санааных нь байдлыг ойлгодог. Охин хүүхэд ээжийнхээ нүдийг хараад л сэтгэл санааг нь шууд анзаардаг. Харин эрэгтэй хүн ээжийнхээ ч бай, эхнэрийнхээ ч бай сэтгэл санаа ямар байгааг мэддэггүй. Мэдэхгүйгээр үл барам уурлахад нь яагаад уурлаад байгааг анзаарахгүй, харин ч эсрэгээрээ “Яасан?” гэж асуун, бүр ч бачимдуулж орхино. Эрчүүд тэр байтугай өөрсдийнхөө сэтгэл санааг ч сайн мэддэггүй бөгөөд сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй нуух хандлагатай байдаг. Тиймдээ ч тэд бусдын сэтгэл санааг сайн ойлгож чаддаггүй талтай. Тийм учраас эхнэрүүд аливаад гярхай сэтгэл хөдлөлийг тань нөхрийгөө бүгдийг нь ойлгоно гэж найдах хэрэггүй. Эхнэрүүд уурласан үедээ эсвэл сэтгэл санаа нь тавгүй байгаа үедээ ингэсэн тэгсэн учраас сэтгэл ийм тийм байна гэдгээ нөхрүүддээ сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй.
Эмэгтэй хүн “Тэгээ юү?, “Сэтгэл чинь зовсон байх даа” гэх мэт ганц хоёр үгэнд л тайвширдаг
Эмэгтэй хүн сэтгэл санаагаа үг хэлээр илэрхийлж байж сэтгэлээ цэгцэлж, стрессээ тайлах тохиолдол их байдаг тул эрэгтэйчүүд тэдний юу хэлэх гэснийг сайн сонсож өгөх нь чухал. Хэрэв эхнэр нь өдрийн болсон явдал юм уу санаа зовсон зүйлээ яривал нөхөр нь нүд рүү нь хараад, хариулахад л асуудал шийдвэрлэгдэж буй нь тэр. Эмэгтэйчүүд нь ярилцаж байж тайвширч, бусдыг адил мэдэрч ойлгодог бол эрчүүд уг асуудлыг шийдвэрлэх аргыг хайдаг болохоор үе үе зөрчилддөг. Жишээлбэл нэг ийм явдал болжээ. “Өнөөдөр гэрийнхээ хамаг юмыг цэвэрлээд, нуруу бүр өвдчихлөө.” “Тэгвэл маргааш эмнэлэгт очиж үзүүлэхгүй юү.” “Тэгтлээ их өвдөөгүй л дээ.” “Ер нь дасгал хөдөлгөөн хийдэггүй болохоор л тэр байхгүй юу. Завчлаад дасгал энэ тэр хийж бай.” “Дасгал хийх зав надад хаана байна аа?” “Тэгээд намайг яа гээд байгаа юм?” Ингэвэл энэ байдлаараа эцэстээ яриа нь хэрүүл болж үргэлжилнэ. Угтаа бол эхнэр нь “Өө, тийм үү? Хэтэрхий их ажиллаж дээ?” гэх мэт ойр зуурын үг л сонсох гэсэн төдий. Эхнэрээ ямар нэг зүйлийн тухайд сэтгэл нь тавгүйрхэх үед зөвлөгөө өгөх, эсвэл асуудлыг шийдвэрлэх гэвэл сөрөг үр дүн гардгийг ой тойндоо санаж яваарай.
Эрчүүд “агуй” руу ордог
Эмэгтэйчүүд яриа хөөрөөгөөр стрессээ тайлдаг бол эрчүүд харин “Ангарагаас эрчүүд, Сугараас бүсгүйчүүд” номны зохиогч доктор Жон Грейн илэрхийлснээр аливаа асуудал тулгарах үед “агуй” руу орох хандлагатай байдаг аж. Эрчүүд ганцаараа байхыг хүсэж, яриа хөөрөө нь багасаад ирвэл эмэгтэй хүн нөхрөө өөрт нь хайргүй болсон мэтээр буруу ойлгох талтай. Үүнийг нь бүсгүйчүүд эрэгтэйчүүдийн ерөнхий нийтлэг авир гэж ойлгох хэрэгтэй. Тэр “агуйнаас” нь хүчээр гаргах гэх, эсвэл яриа өдөж хүсээгүй байхад нь зөвлөгөө өгөх гэвэл эрчүүдийн “агуйд” байх хугацааг сунгахаас цаашгүй.
Түүнээс гадна эрчүүдийн тархи түр зуур амрах хэрэгтэй байдаг тул эрчүүд зарим үед үг дуугүй, чимээгүй тайван амрахыг хүсдэг байна. TV үзэх эсвэл хэдэн цагаар загасчлан бодлогошрох нь ч мөн л ийм шалтгаантай юм. Заримдаа тэд дасгал хийх юм уу дуртай спортоо үзэх зэргээр стрессдүүлсэн асуудлаа мартах нь бий. Ийм үедээ эрчүүд нөгөө хүнийхээ үгийг хальт мульт сонсож, өөр зүйлд анхаарлаа хандуулж чаддаггүй. Тиймд нөхрөө эсвэл хүүгээ тулган шаардаад байлгүй түр зуур ганцаараа байж амрах хугацаа өгөөрэй. Харин эхнэрүүд эсвэл ээж хүн дуу шуугүй байвал санаа тавьж, яриа хөөрөө өдөхөд гэмгүй.
Эрчүүд тухайн нэг агшинд нэг л зүйлийг хийж чадна
Эмэгтэй хүн хүүхдээ харангаа хоолоо хийж, радио сонсонгоо дундуур нь гэрээ цэвэрлэж чаддаг. Эмэгтэй хүний зүүн баруун тархийг холбодог дунд тархи нь эрэгтэй хүнийхээс илүү том байдаг тул хоёр тархи нь хоёулаа идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг аж. Тиймдээ ч нэг дор олон ажил зэрэг хийж чаддаг байна. Харин эрэгтэй хүний тархи нэг дор нэг л зүйлийг хийж чадахаар байдаг тул нэг ажилдаа улайрвал бусад зүйл харагдах ч үгүй, сонсогдох ч үгүй . TV үзэж байгаа нөхрөө эсвэл хүүгээ дуудахад нэг ч удаа хариулахгүй байгаа нь нөгөө хүнээ үл тоомсорлож байгаа хэрэг биш тул үнэхээр сонсдоггүй гэдгийг нь харгалзан үзвэл сэтгэл санаа тань тэгж их бухимдаад байхгүй. Тиймд эрэгтэй хүнд олон ажил даалгахдаа нэг дор бүгдийг нь хэлэлгүй, нэг ажлаа хийгээд дуусгасных нь дараа нөгөөг нь гуйх хэрэгтэй. Хүүгээсээ “Шүдээ угаасан уу?” “Гэрийн даалгавраа яасан?” “Маргаашийн хичээлдээ бэлдсэн үү?” гэх зэргээр нэг дор олон юм зэрэг асуух нь бараг л үглэж байгаатай адилхан.
Эмэгтэй хүн тойруу утгаар ярих чадвар сайтай байдаг
Эрчүүд илэн далангүй товчхон шууд хэлчихдэг талтай бол эмэгтэйчүүд шууд бус, тойруугаар ярьдаг. Эмэгтэй хүн хүсэж байгаа юмаа тойруугаар цухайлгаж, нөгөө хүнээ дотоод сэтгэлийг нь ойлгоосой гэж хүсдэг. Эхнэр хүн “Хань аа, шпагети идмээргүй байна уу?” гэж асууж байгаа нь нөхрийгөө шпагетти идмээр байгаа эсэхийг мэдэх гэсэндээ асууж байгаа биш, харин “Би шпагетти идмээр байна” гэсэн утгатай юм. Эхнэр тань хэрэв “Шинэ авсан даашинз маань ямар байна” гэж асуувал байдлыг нь шууд хэлэхээ азнаж, “Гоё зохиж байна” гэвэл эхнэрийн тань сэтгэл сайхан байх болно. Хэрэв нөхөр тань хүссэн хариултыг чинь хэлэхгүй бол, эсвэл хэлэх гэсэн үгний тань утгыг ойлгохгүй бол эхнэр та үүнд бүү гомдож, уурлаарай. Энэ нь эрчүүдийн буруу биш шүү.
Эрэгтэй хүний тухайд шилдэг магтаал бол тэднийг хүлээн зөвшөөрөх
Эрчүүд өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх дуртай гэдэг. Өөрийг нь хүлээн зөвшөөрдөг хүний төлөө юу л бол юу хийдэг. Заримдаа бодлогогүй, аюултай үйлдэл гаргадаг нь ч мөн л өөрийгөө зоригтой, мундаг эр гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө юм. Ямар нэгэн асуудал гарсан үед ганцаараа шийдвэрлэх гэж хичээдэг шалтгаан нь ч ялгаагүй үүнээс нь болдог. Хэн нэгнээс зөвлөгөө авах нь өөрийнхөө чадваргүйг харуулах явдал гэж боддог зуршилтай болохоор зам мэдэхгүй байсан ч бусад хүмүүсээс асуухгүй өөрийнхөө хүчээр хайж олох гэдэг. Ийм тохиолдолд хажуугаас нь юу юугүй зааж шавдуулалгүй, тэвчээртэйгээр хүлээн, замаа олбол магтах хэрэгтэй.
Түүнчлэн нөхөр тань бэлэг өгвөл сэтгэлд тань нийцэхгүй, дургүй байсан ч баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлээрэй. Тэр нь мөн нөхрөө хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Нөхөртөө “Миний хань хамгийн шилдэг”, “Үнэхээр мундаг юм аа” гэж, мөн аавдаа “Та манай аав байсан нь ашгүй”, “Аавдаа итгэдэг шүү” гэж хэлбэл тэрээр нээрээ л хамгийн мундаг хань, мундаг аав байхын төлөө зүтгэдэг.
Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд өөр тоо томшгүй их ялгаа бий. Эрэгтэйчүүд орон зайн ойлголтыг маш сайн эзэмшсэн байдаг хэрнээ юм хум хаана байгааг хайхдаа тааруу байдаг. Эмэгтэй хүн аливаа юмыг сайн олдог хэрнээ зүг чиг баримжаалахдаа тааруухан байдаг. Хайраа илэрхийлэх тал дээр ч мөн өөр. Эмэгтэй хүн хайраа үгээрээ илэрхийлдэг бол эрэгтэй хүн үгнээс илүү үйлдлээрээ илэрхийлдэг. Нөхөр нь “Хайртай” гэж хэлэхгүй байлаа гээд эхнэртээ хайргүй гэсэн үг биш. Эхнэртээ хүнд хүчир юмыг нь өргөх, эсвэл хамт зах явах нь эхнэртээ хайр халамжтайн нотолгоо юм.
Эрэгтэй нь эмэгтэй хүний үгийг анхааралтай сонсож, хайр халамжаа түлхүү илэрхийлэх хэрэгтэй. Харин эмэгтэй нь эрэгтэй хүнийг хайрлаж, сэтгэл санааны дэм өгч, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бурхан эрэгтэй эмэгтэй хүнийг ийнхүү өөр өөр байхаар бүтээсэн нь бие биенээ ойлгон, харилцан тусалж, дутуугаа нөхөж амьдраарай гэсэн утгатай биш гэж үү.