Нутгаасаа олж авсан шинэ хүсэл мөрөөдөл

И Мин Гюү / Солонгос, Соннам

7,850 үзэлт

Намайг дунд сургуульд орох үеэр гэрийн маань санхүүгийн байдал илт дордож, би аав ээжээсээ тусдаа амьдрах болов. Шинээр суурьших болсон газар маань нагац эгчийн амьдардаг Америк орон. Ингээд би хайртай гэр орныхноосоо хагацан, харьд цагаачилсан юм даа.

Аз болоход дэлхийн нөгөө өнцөг дэх амьдрал маань тийм ч муу байсангүй. Сургуульд миний үеийн солонгос хүүхдүүд олон байв. Бас би америк хүүхдүүдтэй ч дорхноо дотноссон. Намайг Америкт ирээд нэг их удаагүй байхад эмээ маань надад санаа зовсондоо араас ирлээ. Тийм болохоор надад ганцаардсан, гадаадад орхигдсон мэт мэдрэмж огтхон ч төрж байгаагүй ээ.

Гэхдээ л би Солонгосоо их санана. Хэдэн жил өнгөрч, Солонгосоос илүү Америкт дасал болсон ч зүрх сэтгэл минь нутагтаа тэмүүлсэн хэвээр. Хэрвээ би Америкт тэр чигтээ үлдсэн бол коллежоо төгсөөд нэг ажил олж хийн, тэндээ тогтвортой амьдрах байсан байх л даа. Харин хичнээн бодсон ч миний байх ёстой газар бол Солонгос байв. Солонгост суугаа сүнсний Ээжтэйгээ уулзах аян зам маань магадгүй яг тэр үеэс эхэлсэн гэж би боддог юм.

Хэдийгээр цаашид яах нь тодорхойгүй, бүх зүйлийг шинээр эхлэх ёстой байсан ч би ямар нэг төлөвлөсөн юмгүй Солонгос явах онгоцонд суулаа. Угаасаа л болох ёстой юм болж байгаа юм шиг. Миний санаа огт зовоогүйгээр үл барам сэтгэл хөнгөрөөд сайхан санагдана. Нутагтаа очоод хийхийг хүссэн зүйл, биелүүлэхийг хүссэн мөрөөдөл ч зөндөө.

Мөрөөдөлдөө хүрэхийн тулд би их сургуульд анги дэвшин суралцахаар бэлтгэж, гэр орноосоо жаахан зайдуу амьдрах хэрэгтэй боллоо. Би олон жилийн дараа Солонгост эргэн ирсэн болохоор шинэлэг зүйлс харж догдлоод ч тэр үү, хүсэл мөрөөдөл маань биелж байгаад ч тэр үү надад ер нь хэцүү санагдсан юм байгаагүй ээ. Шинэ найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрүүлэх ч хөгжилтэй байлаа.

Тэгээд нэг өдөр би гудмаар явж байхдаа Бурханы сүмийн итгэгчидтэй таарч Эх Бурханы тухай сонссон юм. Багаасаа эмээгээ дагаад протестант сүмд явдаг байсан ч Эх Бурханы тухай хэзээ ч сонсож байгаагүй л дээ. Яг тэр мөчид надад эсэргүүцэх бодол орж ирж, тэдэнд “Хэрвээ Эх Бурхан байдаг юм бол Библиэс харуул. Тэгвэл би итгэе” гэж хэлэв. Тэгтэл тэд үнэхээр Библиэс Эх Бурханы талаарх ишлэлүүдийг олж харуулах нь тэр. Би маш их гайхаж, дараа нь Библиэс хэд хэдэн удаа хичээл үзээд, Бурханы сүм дэх итгэлийн амьдралаа шинээр эхлүүлсэн дээ.

Тэр үед сүм миний амьдарч байсан газраас хол байсан ч нэг ах дүү надад цаг гарган байнга Библи заахаар ирдэг байлаа. Ах дүүгийн намайг гэсэн чин сэтгэл, зүтгэл миний итгэлийг бага багаар өсгөсөн юм. Бурханы болон сүнсний ертөнцийн зүй тогтлын тал дээрх ухаарал маань бага багаар нэмэгдэж, үнэнийг ухаарах тусам бүрхэг ойлголтуудаасаа ангижран, бодол санаа, үйлс үйлдэл маань ч өөрчлөгдөөд ирэв. Би эрүүл мэндэд хортой муу зуршлуудаа хаяж, өөр бусдыг нь сайн мэдэхгүй ч Бурханы хуулийг бол заавал сахья гэж дотроо шийдсэн. Үнэнийг хүлээн авахаасаа өмнө би өөрийгөө итгэлтэй гэж боддог байсан ч Бурханд хайртай эсэхээ, мөргөл яагаад тэмдэглээд явдгаа ч ойлгодоггүй байж. Харин Бурханы сүмийн сургаалаар өөрийгөө өөрчлөгдөж байгааг анзаарсан.

Гэтэл тэр үед гэнэтийн зүйл тохиолдох нь тэр. Аавын маань бие муудаж, би аав ээжийнх рүүгээ нүүх шаардлага гарав. Сургуулиасаа чөлөө авах өргөдөл бичиж суухдаа би аавдаа санаа зовж, мөрөөдлөө түр зуур орхихоос өөр замгүй болсондоо сэтгэл хөндүүрлэж байлаа. Аав ээжийн амьдардаг хотод сүм хаана байдгийг нь ч мэдэхгүй тул сүмд үргэлжлүүлэн явна гэдэг бүтэшгүй мэт санагдаж байв.

Гэтэл юу болсон гээч. Манай гэрийн яг урдхан талд Бурханы сүм байдаг байгаа! Би маш их талархаж, нөгөө талаар энэ бүхэн Бурханы хүсэл юм шиг санагдаж билээ.

Би аавыгаа асарч тойлж байхдаа үе үе Сион руу очно. Санаанд оромгүй байдлаар үргэлжилсэн итгэлийн амьдрал маань урьд өмнөхөөс ч илүү урам зоригтой байв. Би сургаалуудын агуулгыг ч өмнөхөөсөө илүү сайн ойлгодог болсон байлаа. Бурханы үгийг ганцаараа судалж байхад ч урьд өмнө уншсан ишлэлүүд надад цоо шинэ ухаарал өгнө.

Олон сургаал дотроос миний зүрх сэтгэлд гүн гүнзгий нөлөөлсөн нэг зүйл бол Бурхан алдагдсан хүүхдүүдээ хайж олоход хамгийн их баярладаг гэсэн ишлэл. Тэр цагаас хойш би Бурханы үг тунхагладаг гэр бүлүүдийг дагаж явдаг боллоо. Библийн сургаал үнэхээр тодорхой болохоор хүн бүр л над шиг Эх Бурханыг сонсоод л шууд хүлээж авна гэж найдсан ч бодит байдал дээр тэс өөр байв. Сонсох нь ч цөөн, сүмийн маань талаар буруу ойлголттой хүн ч зөндөө. Сайн мэдээ тунхаглах амархан ажил биш гэдгийг би тэгэхэд л ойлгосон доо.

Гэхдээ би сайн мэдээ тараахгүй байж чадаагүй. Учир нь тэнгэрт хагацсан сүнсний гэр бүлээ хайж олох нь миний баяр хөөр, тэр тусмаа бүх хүнийг аврагдаасай гэж хүсдэг тэнгэр Эхийн маань баяр баясгалан шүү дээ.

Би бас гэрийнхэндээ хэлэхгүй байж чадаагүй. Ээжийгээ аврагдаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байлаа. Гэвч ээж маань ер нь л сүмд сонирхолгүй, дээр нь би гэрийнхэндээ хэлэхээс ичиж нэрэлхээд, хэсэг зуур яах учраа олохгүй самгардсан. Гэсэн ч цааш тэвчиж сууж чадалгүй зориг шулуудав. Ээж маань өмнө нь огт сонсож байгаагүй Бурханы үгийг сонсоод биширч, хэд хоног Библи сурсны эцэст үнэнийг баяртайгаар хүлээн авсан юм даа.

Ээжийгээ харахаар би урам орж, хамаатнууддаа ч хичээнгүйлэн тунхагласан. Тунхаглах тусам өөртөө улам итгэлтэй болж, шашны өөр урсгалаас болоод урам нь хугарсан байсан нагац эгч нар, эмээ, авга ах маань хүртэл ар араасаа ирж шинэ амийн ерөөл хүртлээ. Хэсэг хугацааны дараа аав маань ч Бурханы хүүхэд боллоо.

Эхэндээ би өөрийгөө ийм их ерөөл авна гэж төсөөлж ч байгаагүй. Гэрийнхнээ үнэн рүү хөтлөх хэцүү байх гэсэн бодол толгойноос ер салахгүй, бас тэдэнд Бурханы үг тунхаглахаас ч өмнө хүмүүс хэрхэн татгалзаж байсан тэр дурсамж маань сэдэрч, би тээнэгэлзэж байв. Харин Бурхан миний ганцхан удаагийн зүтгэлийг үнэлж, надад бүх хаалга цэлийтэл нээж өгсөн.

Эргээд бодох нь ээ надад тохиолдсон бүхэн үнэхээр биширмээр. Эх орноо санасандаа Солонгост буцан ирсэн маань ч, тэнгэр Эхийг тунхагладаг хайрын элч нартай учирсан маань ч, аав ээжийн гэрийн урдхан талд Сион байсан нь ч… Санамсаргүй мэт санагдах энэ бүхэн миний төлөө Бурханы нэгэнт тогтоосон төлөвлөгөө байсныг би ухаарсан даа.

Бурханаас авсан ивээл нигүүлсэлтэйгээ харьцуулахад би Бурханы төлөө онцгой зүйл хийгээгүй, ялангуяа найз нараа үнэн рүү хөтөлж чадаагүйдээ сэтгэл дундуур байв. Хэрэв би сайн үйлсээрээ тэдний итгэлийг олж, дараа нь Бурханы яруу алдрыг харуулж, тэдэнд сайн мэдээ тунхагласан бол үр дүн нь өөр байж болох л байсан.

Өнгөрсөн үеийн алдаа дутагдлаасаа сургамж авч, одооноос би илүү итгэлтэйгээр олон сүнсийг Эхийн энгэрт тэврүүлмээр байна аа. Тэгэхийн тулд сайныг үйлдэж, ах дүү, эгч дүү нартайгаа нэгдмэл байх ёстой шүү дээ. Тунхаглалын туршлага багатай ч Сионы гэр бүлүүд хоорондоо нэгдэн, нэгнээ урамшуулсан үед сайн үр дүнд хүрдэг аж. Сайн мэдээний ажил бол ганцаараа биш хамтдаа хийдэг ажил гэдгийг би мэдрээд байгаа.

Зарим хүн “Сайн мэдээ бол золиос” гэж хэлдэг ч сайн мэдээ тунхаглаж байхдаа би өөрийгөө золиослогдож байна гэж нэг ч удаа бодож байгаагүй ээ. Харин ч Бурхан сайн мэдээгээ Өөрийн зөвт гэж үздэг хүндээ даатгадаг болохоор Бурханд хүлээн зөвшөөрөгдсөндөө талархаад талархаад бардаггүй юм.

Одоо надад тэнгэрийн бүх гэр бүлээ олох гэсэн шинэ мөрөөдөл бий болсон. Тийм ч учраас Бурхан намайг энд авчирсан гэдэгт би итгэдэг.

Тэнгэр Эхэд өдөрт 25 цаг бий. Биднээс болоод унтаж, амрах ч зав Эхэд олддоггүй. Би ч гэсэн тэнгэр Эхийнхээ үзүүлсэн жишээг дагаад, үргэлж эрүүл итгэлтэй байж, сайн мэдээний төлөө зүтгэх болно оо. Учир нь энэ бол дэлхий дахиныг аврах хөдөлгөөнийг бүрэн гүйцээх эхлэлийн цэг гэж би боддог юм.