Ач ивээл мэддэг шар шувуу

2,331 үзэлт

Хүний сайхан сэтгэлд хариулж буй амьтдын тухай түүхийг “талархлын үлгэр” гэж нэрлэдэг. Уг нь үлгэрт л гардаг мэт санагддаг ч бодит амьдрал дээр хааяа ийм түүх гардаг байна.

Өмнөд Африкт нэгэн эр гэрээсээ гарах гэж байгаад газар дээр нэг шархадсан шар шувуу арга тасран хэвтэж байхыг харав. Тэрээр шар шувууг гэр рүүгээ болгоомжтой гэгч нь авч явж, шархыг нь эмчилж, дулаан үүр хийж өгч, шим тэжээллэг хоол өгчээ. Тэгж чин сэтгэлээр санаа тавьсны ачаар шувуу аажмаар хүч тамир орж, хоёр сар орчмын дараа дахин нисэх боломжтой болжээ. Цаг нь болоход тэрээр эдгэрсэн шар шувуугаа байгальд нь буцааж тавив гэнэ.

Гэвч тэр өдрөөс хойш шар шувуу тэр хүнийг марталгүй, эрх чөлөөтэй болсон хэр нь үе үе буцан ирж, ирэх ирэхдээ бүр хоосонгүй ирдэг байсан гэнэ. Ирэх болгондоо хулгана, могой, хорхой шавьж бэлгэнд авчирдаг байв. Хэдийгээр эдгээр нь хүн бэлгэнд аваад байх хэмжээний тийм таатай бэлэг биш ч гэсэн шар шувууны хувьд барьсан ангаа өгөх нь түүний туйлын чин сэтгэлийн талархлын илэрхийлэл байсан юм. Шар шувууны авчирсан уг хоол эцэстээ өнөөх эрийн тэжээвэр мууранд очдог байсан ч хамгийн сэтгэл уярам зүйл нь шар шувууны талархаж мэддэг хөөрхөн сэтгэл нь байлаа.

Сайхан сэтгэлийг таньж мэдэж, ачийг нь хариулна гэдэг уг нь дээд ёс зүй хэдий ч хүмүүс тэгж чадахгүй байх нь бий. Тиймээс хэдий төрөлх зөнгөө дагасан ч гэлээ сайхан сэтгэлийн хариуг заавал барьдаг амьтдын тухай түүх хүний сэтгэлд гүн хоногшдог байж магадгүй.