Пингвин ниссэн нь

7,156 үзэлт

Бяцхан пингвин тэнгэрээр нисэх цахлай шувууг хараад, “Би тэр шувуу шиг нисдэг болох юм сан. Үнэхээр хөгжилтэй харагдаж байх чинь. Би ч бас далавчтай шүү дээ. Уйгагүй шаргуу сургуулилт хийвэл би бас нисэж чадах болов уу?” гэх зэргээр гүн бодолд автжээ.

Тэр үеэс эхлэн бяцхан оцон шувуу нисэх гэж байдгаараа оролдох болов. Харамсалтай нь тэрээр далавчаа яаж ч дэвсэн нисэж чадсангүй гэнэ. Удаа дараа бүтэлгүйтсэндээ урам нь хугарч байтал ээж нь түүнийг өндөр гэгчийн мөсөн ханан дээр аваачив. Тэрээр доошоо харснаа толгой нь эргэв гэнэ.

“Зүгээр дээ. Битгий санаа зов. Зүгээр л үсрээд буу. Тэгээд чи нисэж чадна.”

Бяцхан оцон шувуу айсан боловч ээжийнхээ үгэнд зориг орж, мөсөн хаднаас үсрэн буулаа. Тэгтэл нисэх талаар ярих ч юм биш. Тэрээр далай руу толгойгоороо шурган унав. Далай руу унах тэр мөчид нэгэн гайхамшигтай зүйл болох нь тэр. Тэрээр яг л ээж пингвинийхээ хэлсэн ёсоор нисэж гарах нь тэр. Яг л өнөөх тэнгэрээр нисэх цахлай шувуу шиг бяцхан пингвин өргөн уудам далайгаар сэлж, “өөрийнхөө” тэнгэрт аз жаргал эдлэн байлаа.