Зорилго, зорилт, төлөвлөгөө

6,053 үзэлт

Зорилгодоо хүрэхийн тулд эхлээд зорилт тавих хэрэгтэй. Зорилго гэдэг нь хийсвэр санаа, хэрэгжүүлэхийг хүсэж буй туйлын зорилго, чиглэл, харин зорилт нь тухайн зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаа юм. Харин төлөвлөгөө бол тухайн зорилтоо зохицуулж болохуйц жижиг жижиг алхам, тодорхой үйлдэл болгон задалж байгаа хэрэг.

Жишээлбэл гэр бүлээрээ арал руу аялж, загасчилж, хамтдаа далайн хоол идэхээр төлөвлөж байна гэж бодъё. Энэ хувилбарт зорилго нь гэр бүлийн эв эе, зорилт нь аялалд явах, төлөвлөгөө нь загасчлах, далайн хоол идэх юм.

Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд дандаа анхны төлөвлөгөөгөө яг төлөвлөсөн шигээ дагаж мөрдөх ёстой юу? Хүмүүс голдуу бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж байж хэвийн явагдана гэж боддог. Үүнээсээ болоод хүн барагтай бол төлөвлөгөөндөө өөрчлөлт хийх дургүй. Ялангуяа төлөвлөх явцад их цаг хугацаа, их бодол зарцуулсан бол бүр ч дурамжхан байдаг.

Атал ирээдүйг урьдчилан таамаглах аргагүй шүү дээ. Хамгийн няхуур нухацтай гаргасан төлөвлөгөө ч хүртэл гэнэтийн нөхцөл байдлаас болж тасалдах нь бий. Ийм учраас бид төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй, заримдаа төлөвлөгөө өөрчлөгдөх ёстой гэдгийг ухамсарлаж, уян хатан байх хэрэгтэй. (Мэдээжийн хэрэг зүгээр л залхуурснаас юм уу хүчин чармайлт гаргаагүйгээс болж хамаг юм нурвал энэ нь огт өөр асуудал.) Харин төлөвлөгөөндөө хэтэрхий баригдаж, хэт зууралдвал төлөвлөгөөнийхөө цаад зорилгыг алдах эрсдэлтэй. Өмнөх жишээг эргээд сана даа. Загасчлах, далайн хоол идэх төлөвлөгөө бүтэлгүйтсэнээс болоод гэр бүлийнхэн хоорондоо маргалдвал гэр бүлийн эв эе гэдэг нөгөөх анхны зорилго хэдийн алдагдаж байна. Эцсийн эцэст төлөвлөгөө нь гол биш, харин зорилго нь чухал.