Хөлдүү газар булаастай байсан үр газраас цойлон урган гарч ирдэг шиг
Шин Дун Ре / Солонгос, Шихын
Би бага хүүтэйгээ цуг амьдрахаар Шихын хот руу нүүх болов. Жар гаруй жил амьдарсан нутгаа орхиод нүүнэ гэдэг амаргүй байсан ч том хүү охин хоёр маань Шихын хотод амьдардаг тул санаа зовох юмгүй нүүж ирсэн дээ. Нэг өдөр том охин маань ирснээ толгой эргэмээр зүйл ярьж сэтгэл тавгүйтүүлж орхив.
“Ээж ээ, Библид тэнгэр Эх гэж байдаг юм байна лээ.”
Үгүй ер, тэнгэр Эх гэнэ ээ. Би олон арван жил католик сүмд явахдаа тэнгэр Эхийн тухай ганц ч удаа сонсож байгаагүй юм даг. Тиймээс би хүний урманд охиныхоо үгийг сонсох дүр ч үзүүлсэнгүй, охиноо бараг хөөх шахам гэрээсээ гаргав. Түүнээс хойш би охиндоо хэд хэдэн удаа уурлаж, сүмийн талаар дахиж дурсахгүй байхыг хүсэн, элдвээр хэлж үзлээ. Тэгсэн ч охин маань болих шинжгүй, хэдэн жилийн турш надад Библи заах гэж мөн ч уйгагүй хичээсэн дээ. Хичнээн их сэтгэл гаргасан гээч.
“Ээжийгээ аврах гэж ингэтлээ зүдрэх гэж. Хүний эцэг эх байж үр хүүхэдтэйгээ дайсагнаад юу хийхэв. Ерөөсөө би л бодлоо өөрчилье.”
“Хэрэв үр хүүхэд нь шийдэмгий байвал ямар ч эцэг эх бууж өгдөг” гэсэн утгатай үг байдаг даа. Эцэст нь би чамгүй олон жил зарцуулж байж итгэлийн амьдралаа Бурханы сүмд шинээр эхлүүлэхээр шийдлээ. Бодлоо өөрчилтөл гайхалтай нь өмнө нь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг байсан Библийн үг гэнэт санаанд орж ирэх нь тэр. “Ямар нэг дүрс хийж Бурханд үйлчлэх нь шүтээн шүтэж байгаа хэрэг” гэсэн үг ч ортой санагдаж, би гэдэг хүн гэртээ байсан хамаг загалмайгаа устгаад хаячихав. Тэгээд охиноо дуудлаа.
“Ээж нь одооноос танай сүмд явахаар шийдсэн шүү.”
Охин маань итгэж ядан байв. Би нэгэнт сэтгэл шулуудсан тул бага охиноо ятгаж, хамтдаа сүмд явахаар болов. Бага охин маань уг нь эгчээсээ өмнө Бурханы сүмд явдаг байж байгаад түр зуур итгэлийн амьдралаа завсарлачихаад байсан юм билээ.
Сүмд очтол хүмүүс нь эелдэг найрсаг, тэд Библийн сургаалыг яг байгаагаар нь дагана. Тэдний надад заасан бүхэн үнэн байлаа. Мөргөл тэмдэглээд гарсны дараах мэдрэмж ч жигтэйхэн сайхан, сэтгэл хөнгөрөөд л. Итгэлийн амьдралаар зуршил мэт амьдарч ирсэн цагаасаа хойш би урьд өмнө хэзээ ч тийм их амар амгаланг мэдэрч үзээгүй юм даг. Мөргөлийн өдөр болонгуут л би өглөө эртлэн босоод бэлтгэлээ базаан, жинхэнэ итгэл хайрласан Бурхандаа ихэд талархаж билээ.
Үнэнийг ганцаараа мэдэх нь дэндүү хайран санагдаад, би хэнтэй ч уулзсан “Бурханы сүмд очъё” гэж тэднийг ятгах болов. Өмнө нь би хүмүүс цугласан газар очихоороо бусдын яриаг л сонсож суудаг байсан чинь тэр их зориг хаанаас гарсан юм бүү мэд, тунхагладаг болов. Гэсэн ч хүн бүр намайг тааламжгүй харцаар харан, миний тухай шивнэлдээд байхаар нь эргэн тойрноо анзаараад тэр үү өнөөх зүрх зориг маань бүр мохчихов.
Намайг айдсаа даван туулахад тусалсан зүйл бол Бурханы үг байсан юм. Сайн мэдээ зоригтой тунхагладгаараа алдартай элч Паул, Петр, Иохан зэрэг Есүсийн шавь нар ч гэсэн үнэнийг тунхаглах явцдаа олон бэрхшээлтэй тулгарсан л байж таараа. Гэсэн ч тэд итгэлээ тууштай сахисан шүү дээ. Би Библийн үгийг сонсоод тайтгарч, дахин урам зориг орлоо. Эргээд бодохнээ анх үнэнийг эсэргүүцэж байсан миний төрх тэднийхээс ч долоон дор байсан шүү дээ.
Намайг үнэнийг үгүйсгэсээр байх хооронд охины минь сэтгэл яасан их шаналаа бол гэж бодогдов. Өөр хүн байсан бол ч яая гэхсэн. Гэтэл төрүүлсэн эх нь тэгж муухай аашлаад байхаар муу охин минь яаж тэвчсэн бол доо. Охиноо удаан хугацаанд зовоосондоо би харамсаж, тэгсэн ч ээжийгээ л гэж байнга эргэж ирээд байсанд нь баярлаж байв. Тэгээд охиндоо баярласнаа хэлж, бас уучлал гуйсан даа.
Би шинэ эрч хүчээр өөрийгөө сэлбээд, гэрийнхэндээ тунхаглаж эхлэв. Төд удалгүй ач зээ нар, том хүү маань, бас нөхөр маань Сион руу ирлээ. Сэтгэл ямар сайхан байсан гээч. Ялангуяа охин маань анх нөхрөө үнэн рүү хөтлөх гэхэд нөхөр нь охиныг маань шашнаа өөрчиллөө гэж дургүйлхэж байсан юм билээ. Тэгтэл тийм байсан том хүргэн маань бодлоо өөрчилж, одоо бүр сүмд албан тушаалтай болсонд нь би бүр ч баяртай байгаа.
Сайн мэдээний саад тотгор мэт байсан айдсаа ялснаар би үр жимсний ерөөл авсан. Мөн өөртөө итгэх итгэлтэй ч болсон. Бас илүү хэцүү зүйлийг ч ялж чадах юм шиг санагдсан. Тэгээд далан жил амьдрахдаа огт оролдож үзээгүй зүйлээ хийх гэж оролдсон нь бичиг үсэг сурах явдал байлаа.
Би багаасаа л амьдрахын төлөө янз бүрийн хар бор ажилд нухлуулсан болохоор сургууль соёлоор яваагүй ээ. Уншиж бичиж чадахгүйгээс болж амьдралд минь олон таагүй зүйл тохиолдож байсан ч бичиг үсэг сурах завдал ер гарч өгөөгүй тул би байнга хойш тавьсаар ирсэн юм. Харин би ах эгч дүү нарын амнаас л сонсдог байсан Библийн үгийг өөрийн нүдээр уншихыг хүсэж, Библийн илтгэлийг ч дуржигнатал тавьж сурмаар санагдаад байв. Тэгээд би шуудхан л орон нутгийн халамжийн төвийн дэргэдэх солонгос хэл бичгийн сургуульд элсэж орсон доо.
Дал гарсан хойно хүний хараа муудаж, ой тогтоолт, сурах чадвар ч дорддог гэж хүмүүс ярьдаг юм билээ. Харин би Бурханы тусламжтайгаар заасан бүгдийг нь маш сайн ойлгож, тэнд байсан хүмүүсээс илүү хурдан сурч, бүр шүлэг бичих хэмжээнд хүрэв. Удалгүй анхан шатнаас ахисан түвшний анги руу дэвшлээ.
Өмнө нь надад зүгээр нэг хэлбэр дүрс аятай харагддаг байсан үг үсгийг би хоёр нүдээрээ уншдаг болов. Бусдад Библи дэлгээд харуулах хичнээн жаргалтай байсан гэж санана. Өмнө нь бичиг мэддэггүй байх үедээ би хүмүүст зөвхөн санаанд орсноо л ярьж, үнэнийг тодорхой зааж өгч чадахгүйдээ зүрх мохон, мэддэг юмаа хүртэл олигтой ярьчихаж чадахгүй мунгинаж явсан юм билээ. Харин одоо уншиж бичиж дөнгөхтэйгөө болоод ирсэн чинь дуу хоолой хүртэл чангаран, өөртөө илүү итгэлтэйгээр тунхагладаг болоод байгаа.
Би мөн солонгос хэл бичгийн сургуульд хамт суралцаж байсан ангийнхаа нэг сурагчийг “Бидний Эх” шүлэг зургийн үзэсгэлэнд урьж, үр жимс гаргасан. Түүнтэй хамт үзэсгэлэнгийн танхимаар тойрч явахдаа би тайван байснаа үнэнийг дуулгавартайгаар хүлээн авахыг нь хараад сэтгэл үнэхээр их огшиж билээ.
Гэтэл үнэнийг бага багаар сурч байсан эгч дүү маань эргэн тойрныхоо хүмүүсийн саад хавчлаганаас болоод сэтгэлийн үүдээ хааж орхисон тул миний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Тэр эгч дүү манай гэр бүлийн гишүүн биш анхны үр жимс маань байсан болохоор би түүний төлөө илүү их шаналж байлаа. Эгч дүүгээ эргэн ирэхийг тэсэн ядан хүлээх зуур тэнгэр Эх минь санаанд орно.
“Би ганцхан хүний төлөө ингэтлээ их шаналж байхад тэнгэр Эх маань энэ олон хүүхдээ асарч тойлох гэж яасан их шаналаа бол оо!”
Би Эхийнхээ сэтгэлийг бага ч атугай мэдэрч, сайн мэдээг Эхийнхээ төлөө илүү хичээнгүй тунхаглая гэж шийдлээ. Яагаад гэвэл Эхийн маань хамгийн их хүсдэг, хамгийн их баярладаг зүйл бол нэг сүнс гэмших явдал шүү дээ.
Би өөрөө үнэний тал дээр илүү их зүйл мэдэж байж л бусдад сайн зааж өгч чадах юм шиг санагдаад сүүлийн үед дэвтэр дээрээ Библи хуулж бичдэг болоод байгаа. Зүгээр уншаад ойлгоход хэцүү санагддаг үгс ч нэг бүрчлэн хуулж бичээд ирэхээр илүү сайн ойлгогдож, бүр сэтгэлд сийлэгддэг юм билээ. Эвдэрч моонийсон гартаа бал атгаад суухаар хамаг гарын үе янгинаж өвдөөд, өдөрт ганц хоёр нүүр л хуулж дөнгөдөг юм. Гэхдээ хэзээ нэгэн цагт Библиэ бүрэн хуулж дуусгаад, түүн доторх гүн хүслийг ойлгож ухаарах нь миний зорилго болоод байгаа.
Жинхэнэ Бурхантай уулзахаасаа өмнө би ямар нэг юманд хөөгдсөн юм шиг түгшүүртэй байдаг байлаа. Амьдралын эрхэнд гар хумхих завгүй элдэв ажилд нухлуулж ирсэн болохоор эрүүл эрхтэн гэж байхаа больсон. Ажил л хийхгүй бол ямар нэг юм болохгүй болох гээд байгаа юм шиг санагдаж, маш хүнд хагалгаанд орсон хэр нь тэнхэрч ч амжилгүй эмнэлгээс гарч, шуудхан л ажилдаа гүйгээд орчихож билээ.
Харин Бурхантай уулзсанаас хойш миний амьдрал эрс өөрчлөгдсөн дөө. Мөнхийн аз жаргалтай тэнгэр элчийн ертөнцийг төсөөлөх төдийд л нүүрэнд мишээл тодорно. Учир нь би уран тансаг үггүй ч гэлээ зуны тухай шүлэг бичиж, эвэршиж моонийсон хуруугаараа Библийн нимгэн хуудсыг эргүүлэн Бурхандаа хандаж талархлын үг бичдэг болсон. Ингээд бодохоор би өөрийгөө тэнгэрийн хаанчлалд амьдарч байна гээд хэлсэн ч хэтрүүлэг болохгүй байх аа.
Хүний амьдралын сайн мууг бүрэн мэднэ гэж хэлэх насан дээрээ дахин шинэ амьдрал эхлүүлсэн мэт санагдах юм. Өвөлжингөө хөлдүү газар булаастай байсан үр нарны дулаан элчийг хүлээн авч газраас цойлон урган гарч ирдэг шиг, тэнгэр Эхийн амийн гэрэл цэвдэг харанхуй ертөнцөд хориотой байсан над дээр тусан, би гэдэг хүн шинэ ертөнцтэй золгосон сон. Эхийнхээ хайрын үр шимээр сайн мэдээний гоёмсог цэцэг дэлбээлүүлж, бөнжигнөсөн цэвэр буудай үр жимс ургуулаад өгөөмөр их ивээлд нь хариулахсан.