Зөөлөн үг, ний нуугүй сэтгэл

20,455 үзэлт

Хамгийн тав тухтай газрыг төсөөлөхдөө хүмүүс ихэвчлэн орондоо хэвтэж байгаагаар, буйдан дээр амарч байгаагаар төсөөлдөг байх. Зөөлөн матрас, хөвсгөр зөөлөн дэр биеийн тань алжаалыг тайлж, бие тайвшрахаар дагаад сэтгэл оюун тайвширдаг даа. Үүний нэгэн адил бидний хэлэх үг хэн нэгний сэтгэлийг тайвшруулж, чихэнд нь, сэтгэлд нь таатай, зөөлөн байх ёстой.

Хүнээс юм хүсэх, хэн нэгний хүсэлтээс татгалзах, зөвлөгөө өгөх, үзэл бодол өөр байгаагаа илэрхийлэх зэрэг зөрчил маргаан үүсгэж болзошгүй нөхцөл байдалд ийм бодолтой харилцах нь онцгой чухал. Тийм мөчид бусдын сэтгэлийг шархлуулахгүйгээр санаа оноогоо бусдад хүргэх арга замаар ярих шаардлагатай. Зөөлөн, хүндэтгэлтэй үг хэллэг ашиглах нь таны үгийг зөөллөхөд тустай тул нөгөө хүн илэн далангүй хүлээж авах магадлал өндөр байдаг.

Ийм анхаарал халамж ихэвчлэн хэрэглэгчдэд үйлчлэх тухайд чухал байдаг л даа. Гэхдээ айл гэрийн дотор ч мөн чухал. Бид ер нь гэрийнхэндээ бидний үг яриа яаж тусахыг бодолгүй шууд, шууд хэлдэг. Гэтэл санаа тавьж анхаараагүй, хүндэтгэлгүй үг зөөлөвчгүй хатуу сандал дээр суухыг албадаж байгаа мэт тухгүй, тэвчихэд хэцүү санагдана. Эцсийн эцэст тэр таагүй байдал нь хүмүүсийг холдуулдаг.

Зөөллөх арга-1 Хүсэлт шаардлагаа хэлэх үедээ

Гэрийнхэн ер нь бие биедээ хариу нэхэлгүй тусалдаг. Ийм дотно байдлаас болж хэлсэн ярьсан хүсэлт шаардлага маань угаасаа биелнэ гэж боддогтоо сүүлдээ тушаах өнгө аясаар ярьдаг. Гэвч тухайн хүсэлт өөрөө наад захын энгийн зүйл байсан ч нөгөө хүндээ тушаал заавар мэт сонсогдвол дургүйцлийг нь төрүүлж мэднэ. Учир нь хүмүүс юу хийхээ хэлүүлэх дургүй байдаг талтай. Гэр бүлийн дотор ч аливааг хийх хүсэл сонгох эрх чөлөөнөөс үүсдэг. Дарамт шахалтаар биш, өөрсдийнхөө шийдвэрээр бусдад туслахдаа хүн илүү их баяр хөөр мэдэрдэг байна. Тийм учраас нөгөө хүндээ туслах хүсэл төрүүлэхүйц зөөлөн, урам өгөх өнгөөр ярих нь чухал юм.

“Угаалгын өрөө цэвэрлэ.”

“Ширээ засчих.”

“Надад ус аваад ир.”

Жишээ нь ингэж хэлэхийн оронд ийм маягаар хэлэхийг оролд.

“Намайг аяга тавгаа угааж байх хооронд чи угаалгын өрөөгөө цэвэрлэчихье, тэгэх үү?”

“Өлсөж байх чинь ээ, хэдүүлээ одоо хоол хийж идэцгээх үү?”

“Жаахан цангаж байна. Аяга ус авчраад өгөхгүй юү?”

Уг нь адилхан юм хүсэж байгаа ч ингэх нь илүү зөөлөн сонсогдож, хүсэлтийг тань нааштай хүлээж авах магадлал өндөр. Гэрийнхэн чинь таны хүсэл шаардлагад хариулахгүй байгаа бол өөрийгөө хэрхэн асууж байгааг нэг эргэцүүлж бодоорой. Бидний ярих арга бүх зүйлийг өөрчилдөг.

Зөөллөх арга-2 Үгүй гэж татгалзах үед

Гэрийнхэн чинь эелдгээр гуйсан ч “за” гэж хэлж чадахгүй үе байдаг. Магадгүй тэр гуйлт хэт их, эсвэл тохиромжгүй буруу цагт, эсвэл “за” гэж хэлэх нь тэдэнд тус болохооргүй байх нь бий.

Гэхдээ “Үгүй”, “Би чадахгүй”, “Би хийхгүй” гэж шууд хариулах нь хүйтэн хөндий эсвэл үл тоомсорлож буй мэт санагдаж магадгүй. Хүмүүс татгалзсан хариуг голдуу өөр дээрээ хүлээж авдаг. Гуйлт хүсэлтээс нь татгалзсан биш, харин өөрсдөөс нь татгалзсан мэт үздэг талтай. Хариулт нь хатуу ширүүн сонсогдвол сэтгэл нь шархалж мэднэ.

Тиймээс харилцаагаа хэвийн хадгалж үлдэнгээ яаж “үгүй” гэж хэлэх вэ? Гурван алхам бүхий энэ аргыг туршаад үзээрэй. Нэгдүгээрт, анхааралтай сонсож, нөгөө хүнийхээ нөхцөл байдлыг яг өөрийн байр сууринаас бодож адил мэдэрч байгаа сэтгэлээ илэрхийл. Хоёрдугаарт, яагаад тухайн гуйлт хүсэлтийг биелүүлж чадахгүй байгаагаа тодорхой, ний нуугүй тайлбарла. Гуравдугаарт, хэрэв боломжтой бол өөр хувилбар санал болгох эсвэл зөвшилцөн өөр шийдэл олох нь зүйтэй. Ингэж зөөллөх байдлаар харилцах нь шаардлагагүй зөрчил маргаанаас зайлсхийхэд тусална. Хэдийгээр тавьж буй санал чинь нөгөө хүний хүсэн хүлээсэн зүйл биш байсан ч санаа тавьсан байдлаар хариулах гэсэн хүчин чармайлт чинь таны сайхан сэтгэлийг харуулж, өөрчлөлт авчирна.

Жишээ нь эхнэр тань хагас бүтэн сайнаар хүүхдүүдээ салхинд гаргах санал тавьсан ч та ядарсан байна гэж бодъё. “Би зүгээр л амармаар байна!”, “Дараа болъё” гэж юу юугүй дургүйцэн, уурлаж уцаарлахын оронд “Би ханьтайгаа, хүүхдүүдтэйгээ хамт явахыг үнэндээ хүсэлгүй л яахав. Гэхдээ энэ долоо хоногт би маш их ядарч, амрах хэрэгтэй байна. Харин дараагийн хагас бүтэн сайнаар нэг юм төлөвлөвөл ямар уу?” гэж хэлэх нь зүйтэй. Хэдийгээр “үгүй” гэж хариулсан ч ийм хариулт таны хайр, халамжийг харуулж, гэрийнхэн чинь таныг ойлгоод зогсохгүй харин ч баяртай нь аргагүй амрах нөхцөл бүрдүүлж өгч магадгүй.

Зөөллөх арга-3. Зөвлөгөө өгөх эсвэл санал нийлэхгүй байх үед

Ихэнх хүмүүс зөвлөгөө өгөхөөр уг зөвлөгөөг шүүмж мэт санаж, тийм ч таатай хүлээж авдаггүй. Хэлж буй утга санаа нь тустай байсан ч шууд хэлэхээр хүлээж авах нэг л хэцүү.

Тиймээс хайртай хүндээ зааж зөвлөхийг хүсэж байгаа л бол таны хайр, хүндлэл үзэл бодолтой чинь адилхан тодорхой байх ёстой. Ингэх нэг тустай арга нь юу буруу байгааг хэлэхийн оронд магтаалаар удирдан чиглүүлэх юм. Жишээ нь “Чи мундаг, гэхдээ чи залхуу” гэж хэлэхийн оронд “Чи жаахан хичээсэн бол төгс байх байсан” гэж хэлэхийг хичээгээрэй. Магтаал бол аливааг зөөллөж, сонссон хүн биеэ өмөөрөөд байхааргүйгээр тухайн зөвлөгөөг дор нь хүлээн авахаар болгодог. Хэн нэгэнтэй санал нийлэхгүй байгаа бол “Чиний буруу” гэх мэтийг хэлэхгүй байх нь бас чухал. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Аливаа юм танд нийцэхгүй байсан ч нөгөө хүмүүст утга учиртай байх шалтгаан байж болно шүү дээ.

Үзэл бодол өөр байгаагаа илэрхийлэх шаардлагатай бол нөгөө хүнийхээ үзэл бодлыг эхлээд хүлээн зөвшөөр. “Яагаад ингэж бодож байгааг чинь би ойлгож байна”, “Аанха, тийм юм байна” гэсэн энгийн үг хүндэтгэлтэй хандаж байгааг харуулж, харилцан яриа өрнүүлэх боломж нээж өгдөг. Ингэснийхээ дараа “Би бол үүнийг ингэж харж байна л даа…” гэх байдлаар өөрийнхөө үзэл бодлыг зөөлөн шургуулаарай. Иймэрхүү эмпати сэтгэл санал зөрөлдөөн, зөрчил маргааныг зөөллөж, хүндэтгэлтэй яриа хөөрөө өрнөхөд хүргэнэ. Санал зөрөлдөх үедээ ойлголцлоор хандах юм бол аль аль талдаа ашигтай үр дүн гарахад илүү дөхөм болно.

Бусдын байр сууринаас мэдрэх ийм эмпати сэтгэл алив зөрчил маргааныг зөөллөж, нэг нэгнийхээ сэтгэлийг шархлуулахгүйгээр харилцан хүндэтгэлтэй ханддаг болгоно. Санал зөрөлдөөндөө харилцан ойлголцлоор хандвал илүү хялбараар аль аль талдаа ашигтай үр дүн гарна.

Зөөллөх харилцааны гол цөм нь хүндэтгэл. Дэрийг доторх дүүргэлт нь зөөллөж өгдөг шиг хүндлэл нь хэлэх үгэнд халуун дулаан уур амьсгал оруулж, тайтгаруулдаг. Хүндлэлгүйгээр хамгийн эелдэг үг хэллэг ч хоосон мэт санагдана. Бусдыг үнэхээр тайвшруулъя л гэж байгаа бол бидний үг яриа чин сэтгэлийн хүндэтгэлээр дүүрэн байх ёстой. Гэхдээ бидний юу хэлж байгаа нь биш, яаж хэлэх нь энд чухал. Зөөлөн өнгө аяс, халуун дулаан үг хэллэг, ний нуугүй үнэн харц, ний нуугүй биеийн хэлэмж зэрэг нь нөгөө хүндээ үнэхээр хүндэтгэлтэй хандаж байгааг мэдрүүлэхэд тустай. Эелдэг зөөлөн үгийг ч хурц өнгө аяс, хүйтэн хөндий царайгаар хэлбэл үр нөлөөгөө алдана.

Хэлж ярьж буй санаагаа бүрэн мэдрүүлэхийн тулд үйл хөдлөл, биеийн байдал маань хэлж буй үгтэйгээ таарч байх ёстой. Бусдыг таагүй болгохгүй ийм хандлага яагаад хамаатай вэ? Учир нь хүндлэл хүндэтгэл нь жинхэнэ харилцаа бий болгож, сайхан харилцаа гэр оронд эв эе авчирдаг. Аяндаа хүндлэл дүүрэн айл гэрт хүн бүр илүү аз жаргалтай байдаг. “Би санаа тавьж байна”, “Би хүндэлж байна” гэж чанга чанга ярих шаардлагагүй, харин түүнийгээ үгээрээ илэрхийл. Налахад зөөлөн буйдангийн дэр шиг сайхан сэтгэлээр ярь. Цаг хугацаа өнгөрөхөд та нэг л мэдэхэд бусад хүн аяндаа татагддаг сайхан сэтгэлтэй хүн болж хувирах болно.