Онцгой дурсамж бэлэглэсэн жүжигчин

2,922 үзэлт

“Ач хүү маань таныг их алдартай хүн гэж хэлсэн юм л даа. Та гарын үсгээ өгч болох уу?”

Нэгэн настай эр онгоцны буудлын амрах өрөөнд сонин уншаад сууж байсан Рожер Мур руу дөхөж ирснээ ийн асуужээ. Рожер Мур бол “007 цуврал” киноны Жеймс Бондын дүрд тоглосон жүжигчин юм. Тэрээр онгоцны тийзний ар талд гарын үсгээ зураад түүнд өгөв. Гэвч долоон настай ач хүү нь жүжигчний жинхэнэ нэрийг мэдэхгүй тул тийзэн дээрх гарын үсгийг нь хараад “Жеймс Бонд” гэж бичээгүйд сэтгэл дундуур байжээ. Өвөө нь ач хүүгийнхээ төлөө гарын үсгээ дахин өгөхийг жүжигчнээс хүсэхэд тэрээр бяцхан хүүд ямар нэг зүйл ойлгуулах гэж байгаа аятай хүүгийн чихэнд ийн шивнэв.

“Өөр нэр бичихгүй бол болохгүй байна аа. Намайг энд байгааг Блофельд (киноны хорон санаатны нэр) мэдчихэж магадгүй.”

Бяцхан хүү өөрийгөө киноны нэг хэсэгт орж, Жеймс Бондтой хамт даалгавар гүйцэтгэж байгаа юм шиг санагдаад ихэд баяртай байв.

Цаг хугацаа ч өнгөрч, хүү том болоод нэгэн телевизэд зохиолчоор ажиллаж байв. Олон нийтэд үзүүлэх зар сурталчилгааны зураг авалтын үеэр тэрээр жүжигчин Рожер Муртай дахин таарчээ. Тэрээр хүүхэд байхдаа онгоцны буудал дээр болсон явдлын талаар ярьтал жүжигчин тэр талаар огт санахгүй байсан ч баяртайгаар хүлээж авав. Харин зураг авалт дууссаны дараа Рожер Мур эргэн тойрноо анзаарснаа зохиолч руу дөхөж ирээд дуугаа намсган:

“Мэдээж би тэр өдрийг саналгүй яахав дээ. Гэхдээ би түрүүн чамд хэлж чадаагүйн учир нь зураглаачдын дунд Блофельдын хүмүүс байж магадгүй гэж бодсон юм аа” гэжээ.

Гучин настай зохиолч тэр өдөр яг л долоо насандаа эргэж очсон юм шиг баярласан тухайгаа дурсан, ийн хүүрнэж байжээ.