Надад урам хүч өгдөг хүн

Солонгос Хуасон / Ан Ха Жон

5,349 үзэлт

Саяхан би хувьдаа нэг юм бэлдэх шаардлага гарч хэд хоног шөнө дөл болтол сууж ажилласан юм л даа. Олигтой унтаж ч чадахгүй, гэр орны ажлаа ч хийж амжихгүй байлаа. Нэг өдөр би ажлаа арай эрт дуусгаад 20 цагийн үед ядарсан байдалтай гэртээ ирэв.

Гэртээ орж иртэл гэрэл асаалттай, гал тогооны ширээн дээр хүнсний дэлгүүрийн сурталчилгааны хуудас байхыг хараад баярлах нь тэр. Нөхөр маань ажлаасаа түрүүлж ирээд, хаалганд наасан тэр хуудсыг хараад дэлгүүр явсан бололтой байв. Би нөхөр рүүгээ залгах гээд утсаа хартал түүнээс хэд хэдэн дуудлага ирсэн байлаа. Тэгээд нөхөр рүүгээ залгалаа.

“Дэлгүүр яваа юу?”

“Харин тийм ээ, өнөөдөр эрт иржээ? Би чамд самгетан (хүн орхоодой, тахианы махтай шөл) хийж өгөх гээд.”

“Нээрэн үү?”

Сэтгэл огшоод ирэх нь тэр. Үнэндээ би гэртээ орж ирэнгүүтээ л самгетан идэх юм сан гэж бодож байсан юм. Гайхалтай нь нөхөр маань яг адилхан бодож! Будаа агшаахаас ч төвөгшөөгөөд байдаг нөхөр маань надад хоол хийж өгөх гээд ажлаасаа яаран ирсэн байв.

Утсаар ярьж дуусаад би ёстой их аз жаргал мэдэрсэн. “Би яаж ийм хүнийг хайрлахгүй байх вэ дээ!” Үнэхээр аз жаргалтай байлаа. Ийм халамжтай сайн хань заяасан Бурхандаа талархаад би уйлж гарав. Нэг мэдсэн би алчуур бариад мэлмэртлээ уйлчихсан байлаа.

Нөхөр маань орж ирлээ.

“Чи яагаад ийм эрт ирэв? Намайг самгетан хийж дууссаны дараа ширээн дээр гаргасан хойно л ирэх ёстой байсан юм сан.”

“Надад гэнэтийн бэлэг барих гэж байжээ? Би ямар их догдолсон гээч. Намайг самгетан идмээр байгааг чи яаж мэдсэн юм бэ?”

“Би зүгээр л эрүүл мэндэд чинь санаа тавьж, хүч өгөх гээд.”

“Маш их баярлалаа. Чамаас минь мундаг нөхөр лав байхгүй байх аа.”

Би нөхрөө үнэн сэтгэлээсээ магтав.

Нөхөр маань интернэтээс харсан жороороо сэтгэл гарган надад самгетан хийж өглөө. Дараа нь бас аяга таваг угаах, цэвэрлэгээ гээд бүгдийг нь хийчихэв. Тэр самгетан шөл үнэхээр амттай болж, надад маш их урам хүч болсон доо.

Би багадаа “Хайртай хүнтэйгээ л хамт байх юм бол баян чинээлэг биш ч гэсэн аз жаргалтай амьдрах байх” гэж боддог байлаа. Эгэл жирийн энэ хүсэл мөрөөдөл минь биелж дээ. Бид хэдий олон талаар дутмаг, ур дүй муутай байсан ч одоогийнх шигээ бие биенээ гэх сэтгэл маань өөрчлөгдөхгүй бол энэ л ёстой хайр, аз жаргал юм даа.