“Хичээл зүтгэл” хэмээх авьяас чадвар

226 Үзсэн тоо

Пёнчан-2018 өвлийн олимп амжилттай болж өндөрлөлөө. Үзэгчид ямар амжилт гаргаснаас нь үл хамааран эцсээ хүртэл тэвчсэн тамирчдад чангаар алга ташин, урам зоригийг нь бадраав.

Тэдний дунд уйгагүй хөдөлмөрлөн, өөрийн дээд амжилтыг эвдэж, дэлхийн хэмжээний тамирчидтай мөр зэрэгцэн өрсөлдсөн Солонгосын эмэгтэй уран гулгагч байв. Ер нь уран гулгагч болохын тулд хүнд хэцүү техник эзэмшиж, жүжиглэлт сайтай байх ёстой аж. Тэрээр бэлтгэл хийх явцдаа эдгээр тал дээр өөрийгөө голж, “Надад яагаад онцгой авьяас, ур чадвар заяагаагүй байна аа?” гэж ээждээ тунирхаж л дээ. Тэгтэл ээж нь “Хичээл зүтгэл нь өөрөө авьяас юм” хэмээн охиноо зоригжуулжээ. Охин ээжийнхээ үгэнд урамшин, ур чадвараа дээшлүүлэхэд хамаг анхаарлаа хандуулсан байна.

Олон авьяас дундаас хамгийн гоц гойд нь шаргуу хөдөлмөрлөх хичээл зүтгэл аж. Хүн хичнээн авьяаслаг байсан ч хөдөлмөрлөхгүй бол тэрхүү авьяасыг ашиглах боломжгүй юм. Тэгэхээр та төрөлхийн авьяас заяасангүй гэж шантарч, сэтгэлээр унах арай эрт байна. “Хичээл зүтгэл” хэмээх авьяасаа ашиглахын тулд бүхнээ дайчлаарай!