2016 оны 2 сарын 17-нд хүү маань бага сургуулиа төгсөв. Гэрээсээ 2 цаг явах зайд ажилладаг нөхөр маань надтай цуг хүүгийнхээ хонхны баярт оролцохоор бүр ажлаасаа чөлөө авав.
Төгсөлтийн баяр дээр нь төгсөгчдийн нэрийг нэг нэгээр дуудаж, сертификат гардуулж байлаа. Зарим нь шагнал авахаар тайз руу дуудагдана. Хүү маань ч шагнал авсны нэг нь байсан юм. Баярласандаа болоод нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ.
Хүмүүс хүүг маань ямар нэг хичээлдээ сайн байсан болохоороо шагнал авч байна гэж бодсон байх. Харин хүү маань хөнгөн атлетикийн арга хэмжээнүүдэд авьяастай хүүхдүүдэд гардуулж байсан хөнгөн атлетикийн шагнал авсан юм. Нөхөр бид хоёрт энэ шагнал ямар их утга учиртайг биднээс өөр хэн ч мэдэхгүй л дээ.
Зургаан жилийн өмнө бага сургуульд орохоосоо өмнө ханиад нь хүндэрснээс болоод хүү маань эмнэлэгт хэвтсэн юм. Бага сургуульд орсныхоо дараа хүү маань дахиад л ийм оношоор эмнэлэгт хэвтэв. Тэгснээ 2 сарын дараа дахиад хэвтэв. Байн байн эмнэлэгт хэвтээд хүү хичээлдээ тогтмол явж чадахгүй тасалж байв. Мөн ч хүнд үе байсан даа. Эмнэлэг рүү очихоос өмнө тийм муу байснаа нэг өдөр судас тариа хийлгээд л огт өвдөөгүй юм шиг сайжирсан нь үнэхээр ойлгомжгүй, хачирхалтай санагдана.
Сүүлийн удаа эмнэлэгт хэвтэхэд нь мөн л ийм юм болов. Эмч нь “Танай хүү маргааш эмнэлгээс гарч болно. Гэхдээ би өнөөдөр семинартай. Тийм болохоор эмнэлгээс гарах бичгээ өөр эмчээс авчихаарай. Би хэлчихье” гэлээ. Тэгээд эмч хүүг маань бүрэн эдгэрсэн, санаа зовох зүйлгүй гэж хэлсэн юм.
Тэр шөнөдөө би юм хумаа баглан, эмнэлгийн коридорт гарч, сувилагч намайг олж ирэх хүртэл жаахан зогсов. Сувилагч намайг хурдан дээш гараад ир дээ гэлээ. Сувилагч эмнэлгээс гарах бичгийн талаар л дуудлаа гэж бодтол харин тэрээр өөр эмчид намайг танилцуулав. Тэгтэл нөгөө эмч надад хүүгийнхээ цээжний томограф зураг авхуул гэж тун няхуур хэлэв.
“Эмнэлгээс гарах бичиг баримтыг чинь бэлдэх хоорондоо жаахан цаг гарахаар нь танай хүүгийн цээжний зургийг харсан юм л даа. Тэгтэл тэнд нэг сонин юм харагдаад байна.”
“Энэ чинь юу гэсэн үг вэ?”
“Хүүгийн чинь уушигны гадна нэг юм байх шиг. Уушгинд нь ч юм уу өөр хаа нэгтээ асуудал байгаа эсэхийг томограф зургаар харах хэрэгтэй байна.”
Гарах гээд хамаг юмаа бэлдчихсэн байсандаа надад хэлэх ч үг олдсонгүй.
Тэр эмчийн зөвлөснөөр хүүгийнхээ цээжний томограф зургийг авхуулж, өвчний урьдчилсан онош нэг цагийн дараа гарав. Эмч хүүгийн уушигны орчимд хавирганууд дээр нь нэг юм байна, маргааш дотрын мэс заслын эмч ирж үзнэ гэдэг байгаа. Маргааш өглөө нь хэд хэдэн эмч хүүгийн өрөөнд цуг орж ирээд мэс заслын эмч нь томографт харуулсан зургийн үр дүнгийн талаар надад тайлбарлаж өгөв.
Хавирган дээр нь нэг хавдар ургацаг байгааг хэллээ. Өсөх насандаа явж байгаа хүүхдийн хувьд хавирганы хавдартай тохиолдлын 90% нь хортой хавдар байдаг. Учир нь тийм насны хүүхдүүдийн хувьд яс нь маш идэвхтэй, төлжиж ургасаар байдаг юм. Хэдийгээр эмч биопси шинжилгээний дараа хортой юу, хоргүй юу гэдэг нь баттай болно гэж хэлсэн ч миний хувьд тэнгэр нөмрөх шиг л боллоо.
“Энэ юу болоод байна аа?”
Эмч нар миний хүүгийн талаар биш өөр хүний талаар яриад байх шиг санагдана. Нөхөр маань хар хурдаараа эмнэлэг рүү ирэв. Намайг юу ч хэлээгүй байхад нөхөр миний гарыг чанга гэгч нь шүүрч аван атгав.
Аль болох хурдан биопси шинжилгээ авах хэрэгтэй гэж хэлсэн эмчийн зөвлөсөн ёсоор эмчийн бичигтэйгээр Сөүл рүү шууд явлаа. Сургуулийн эмнэлэг рүү материал бүрдүүлж өгсний дараа мэс заслын өдөр товлогдох хүртэл бид хүлээх хэрэгтэй байсан юм. Тэр цаг үнэхээр удаан байж билээ. Хүнд хэцүү цагт ч хүртэл итгэлээ сахихад минь туслаарай, хүүд маань муу юм огт битгий тохиолдуулаарай гэж би Бурханд дахин дахин залбирч байв.
Сөүлд амьдардаг эгчийндээ байсан болохоор нэг Амралтын өдөр би Сөүлийн Сион дээр мөргөл сахив. Оройн мөргөлийн дараа гэр рүүгээ явж байтал нэг эгч дүү манай эгч рүү залгав. Тэр эгч дүү эгчид нэг юм өгөхийг үнэхээр хүсэж байна гээд, жаахан хүлээж болох уу гэлээ.
Бид хоёр замынхаа голд автобуснаасаа бууж, түүнтэй уулзтал тэр эгч дүү буудал дээр бид хоёрт нэг тортой юм атгуулав.
“Уучлаарай. Нэг их юм биш л дээ. Хүчтэй байгаарай.”
Торон дотор өргөст хэмхний кимчи, амталсан дууяа зэрэг байлаа. Эгч надад тэр эгч дүүг хүнд хэцүү байдалд итгэлээ сахиж байгаа гэж хэлэв. Өөрөө хэцүү байдалд байгаа хэрнээ эхлээд намайг бодон, миний төлөө санаа тавьж байгаагаа харуулах гэж хичээсэн тэр эгч дүүд би үнэхээр их баярлаж байлаа. Тэр нэг тэнгэрийн гэр бүлээс авсан Эхийн хайр надад хүч өгөв.
Эцэст нь мэс засал хийх өдөр боллоо. Хагалгааны өрөөний гадаа хүүд хийж байгаа мэс засал дуусахыг хүлээж байсан тэр агшин хэдэн арван жил шиг санагдаж байлаа. Болдогсон бол би л хүүгийнхээ оронд мэс заслын орон дээр хэвтэж байсан болоосой.
Тэнгэр Эхийн сэтгэлийг жаахан ч гэсэн ойлгож байлаа. Хүү нь шатаж байсан бол аав ээж хүүгээ зовохыг хүсэхгүйдээ ямар ч эргэлзээгүйгээр гал руу үсрэн орно. Тийм сэтгэлээр хүүхдүүддээ авралын замыг мэдүүлэхээр Эх махан бие өмсөж ирсэн. Учир нь хүүхдүүд нь нүглийнхээ улмаас хүнд хэцүү амьдрал туулж байсан юм. Зүрх зүсэгдэх шиг болж байв.
Тэнгэр Эхийн тухай бодолдоо зүрх минь шимшрэн байтал хүү мэс заслаасаа гарч ирсний дараа бүр ч зүрх зүсэгдэв. Наркозноосоо сэрээд тэсэхийн аргагүй өвдөлтөндөө шаналах хүүгээ хараад би уйлсаар байлаа.
Нэг хоёр өдрийн дараагаас хүү бага багаар дээрдэж надад ингэж хэлэв.
“Ээж ээ, би мэс заслын өрөөнд ороод, хутга, хөрөө, алх байхыг хараад үхтлээ айсан. Тэгээд би Бурханаас намайг битгий өвтгөөрэй гэж их залбирсан, ээж ээ.”
Би хүүгээ тэврэн авлаа.
“Тийм ээ миний хүү, Бурхан миний хүүгийн залбирлыг сонсоно гэж ээж нь итгэж байна.”
Хүүтэйгээ яриа дэлгэх зуураа би сэтгэлийн тэнхээтэй байхаар шийдлээ. Хэдэн өдрийн дараа хүү маань эмнэлгээс гарч, бид үр дүнг нь л хүлээж байлаа.
Мэс заслын үр дүнг хүлээж байтал хүүгийн сургуулийнхан хүүгийн төлөө хандив цуглуулах гэж байгаа гэж залгав. Би тэдэнд талархаад саналаас нь эелдэг гэгч нь татгалзсан юм. Үр дүнгээ ч хараагүй байж тийм муу ёртой нөхцөл байдлыг төсөөлөхийг ч би хүсэхгүй байлаа.
Магадгүй би ямар ч үр дүнг хүлээж авахад бэлэн байсан байх. Эмчилгээний үр дүнг сонсохоор эмнэлэг рүү явж байхдаа би харьцангуй тайван болсон байлаа. Дэлгэцэн дээрх үр дүнг харах зуураа хүүгийн эмч надаас хэд хэдэн зүйл асуув. Анх удаа өвчний шинж тэмдгийг хэрхэн анзаарсан болон янз бүрийн л юм хэлж байтал тэрээр гэнэт босож хүүгийн маань толгойг илэв.
“Ёстой азтай хүү байна даа. Азтай л гэж хэлэх юм байна. Эмэгтэй танд баяр хүргэе. Хүүгийн чинь шинжилгээ ясны хавдар мөн гэж батлагдлаа. Гэхдээ онош нь эрт гарсан болохоор битгий санаа зовоорой. Бид биопси шинжилгээ хийх явцдаа нэг хавиргыг нь авчихсан. Та энэ өвчнийг олж илрүүлсэн эмчид талархах хэрэгтэй шүү. Таны хүү тэр эмчийн өвчтөн биш байсан ч тун нарийн няхуур анхаарч, сайн үзсэн байна билээ. Мөн ийм эрт үед нь илрүүлэх тийм ч амар биш” гэлээ.
“Эцэг Эх минь баярлалаа. Баярлалаа.”
Бурханд талархаж байсан тэр мөчид илүү том аюулаас хамгаалах гэсэн Бурханы ивээлээр энэ бүх зүйл тохиолджээ гэдгийг би ухаарч авсан юм. Дахин дахин ханиад хүрснээсээ болж эмнэлэгт хэвтсэн нь, хүүг эмнэлгээс гарахаас өмнө эмч нь өөр газар томилолтоор явсан нь, хавдар нь биеийн бусад хэсэгт тархалгүй нэг нэгнээсээ салангид байдаг хавирганых нь нэг дээр байсан нь гээд л… Энэ бүхэн Бурханы хүсэл байжээ. Бурхан хүүхдүүдээ нүдний цөцгий мэт хамгаалдаг гэсэн Библийн үг үнэхээр үнэн юм билээ.
Сургуульд орсон эхний жилийнхээ эхний хагас хичээлийн жилд хүү маань олон ч өдөр хичээл нь тасарсан даа. Харин тэрээр дахин эрүүл болж, сургуульдаа явсан юм. Тэгтэл хүү маань эрүүл чийрэг болж өсөн, хөнгөн атлетикийн аварга хүртэл болж шагнуулж байна шүү дээ. Хүүгийнхээ эрч хүчтэй гэгч нь гүйж байхыг харах бүрдээ би хүүгийн минь өвчний оношийг эрт илрүүлсэн эмчид баярлаж, Бурханд яаж талархахаа мэдэхгүй байна.
Тэр эмч хүүг минь гэрт нь гаргахын оронд жаахан илүү анхаарал тавьсан шиг би сүнснүүдийн өвчний төлөө бусдаас илүү анхаарал тавьж, яаж эмчлэхийг нь хичээнгүйлэн заах болно оо. Миний бие муутай хүү эрүүл чийрэг болж өссөн шиг миний сүнс ч бас өдөр бүр өсөж тэнгэр Эхээ баярлуулах болно. Олон зүйл дээр дутуу энэ хүүхдээ тэнгэр Эцэг Эх маань хамаг амь амьдрал, утга учраа гэж үзэн, зарим үед номхотгож, заримдаа сорьж шалгадаг нь ч эцэстээ надад ерөөл өгөхийн төлөө юм билээ. Тэнгэр Эцэг Эхдээ үнэн сэтгэлийн талархал өргөе.