Америкийн түүхэнд “Газар доорх төмөр зам”-ыг байгуулсан хэсэг бүлэг хүмүүсийг өнөө үед баатрууд гэлцдэг. Учир нь тэд ямар ч хариу нэхэлгүй шударга, өгөөмөр сэтгэлээр боолуудыг чөлөөлөхийн төлөө амь насаараа дэнчин тавьсан юм.
1600-1865 он хүртэл Нэгдсэн Улсад Африк гаралтай Америкчуудын боолчлолыг хуулиар хүлээн зөвшөөрдөг байв. 1800-аад он гэхэд Америкийн хойд мужуудад боолын ёсыг халсан ч, өмнөд мужуудад боолчлол хэвээрээ л байлаа. Хэдийгээр дүрвэнэ гэдэг туйлын хэцүү, бүтэшгүй оролдлого боловч энэ үеэр эрх чөлөөтэй амьдрахын тулд үй олон боол умард руу дүрвэн гарахыг санаархаж байв. Эдгээр боолуудад эрх чөлөөгөө олоход нь туслахаар хар, цагаан арьстай эрх чөлөөт иргэд нэгдэж, умардын эрх чөлөө тийш “аюулгүйн шугам” гэж нэрлэсэн төрөл бүрийн замаар, боолууд замдаа хоноглох тусгай байр болох “өртөө”-нд буудаллан, боолуудыг умард руу аюулгүй хөтлөх “хөтөч” нараар удирдуулсан найдвартай, үр дүнтэй нууц ажиллагаа бүхий “Газар доорх төмөр зам”-ыг байгуулсан юм.

Боолуудыг чөлөөлөлтийн зүг хөтлөх энэхүү ажиллагаа нь төмөр замын хөтчийн хувьд цаг мөч бүхэнд амь насаа удаа дараа эрсдэлд оруулсан ихээхэн аюултай ажиллагаа байсан юм. Умард руу дүрвэсэн эхний боолууд дахин боолчлогдох эсвэл амь нас нь эрсдэж ч мэдэх аюул заналхийлж байсан ч бусад боолуудаа чөлөөлөхөөр өмнөд рүү буцан явцгааж байжээ.
“Хөтөч” нарын дунд ард түмний танил болж, олноо ихээхэн хүндэтгэл хүлээсэн Харриет Тюбмэн хэмээх нэгэн бүсгүй байв. Эхэлж дүрвэсэн боолын хувьд тэрээр умардад ямар ч саад тотгор, зовлон бэрхшээлгүй амар жимэр амьдарч болох л байсан. Харин хүмүүсийг эрх чөлөө рүү аваачихаар тэр бүсгүй өмнөд муж руу олон арван удаа сайн дураараа буцсан байна. Харриет амь насаараа олон ч удаа дэнчин тавьж, цагаан арьстнуудад хүртэл хөөгдөж байсан юм. Түүнийг амьдаар нь олзолж авчирсан юм уу хөнөөсөн хүнд 40000 ам.долларын шан харамж хүртэл амлаж байжээ. Иймэрхүү сүрдүүлэг ч түүнийг зогсоож дийлээгүй юм. Харин ч бүр ард түмнийг эрх чөлөө рүү хөтлөх үүрэг зорилгодоо махран, улам үнэнчээр хүчин зүтгэхэд хүргэжээ.
Боолуудын эрх чөлөө, амь амьдралын төлөө Тюбмэн өөрсдөөс нь ч илүүгээр санаа тавьсан юм. Боолуудыг умард зүг рүү хөтлөх үеэр ард түмний ихэнх нь айж, эзнийхээ гэр, боолын амьдрал руугаа буцахыг хүсэцгээж байсан ч тэднийг эцэст нь эрх чөлөөгөө олох хүртэл нь Тюбмэн зэмлэн, шахан шаардаж байжээ. Тэр ч байтугай боолуудын хувьд “Баярлалаа” гэсэн ганцхан үгнээс өөр түүнд хариу барих юу ч үгүй байсан ч тэрээр боолуудын эрх чөлөөний төлөө олсон бүх ашгаа зарж дуусгасан юм. Түүний нөр их золиосын ачаар 300 гаруй боол эрх чөлөөгөө олжээ.
Боолуудыг эрх чөлөөтэй болгох гэж амьдралаа дэнчин тавьж, аюул осолд өртөн, амь биеэ зориулсан хүмүүс зөвхөн Харриет Тюбмэнээр ч зогсоогүй. Үй түмэн хүн түүнтэй хамт тэмцэж байсан юм. Тэднийг эдүгээ ардын баатар хэмээн Америкчууд хүндэтгэл үзүүлэх болжээ.
Дээрх түүхийг судлаад би сүнслэг боол болох бидний цугларсан энэ дэлхий рүү ирсэн тэнгэр Эцэг, Эхийнхээ тухай бодож билээ. Эцэг минь биднийг нүглээс чөлөөлөхөөр тэнгэрийн яруу алдраа орхисон сон. Мөн Өөрөө эрх чөлөөтэй хийгээд ямар ч үүрэг хариуцлаган доор байдаггүй Нэгэн атлаа энэ газарт хоёр дахиа ирсэн билээ. Энэ газарт ирээгүй байсан бол зовлон шаналал гэж үгүй тэнгэрийн хаанчлалд гагцхүү яруу алдар эдлэн амьдарч болох л байсан. Гэвч Өөрийн амиараа ялын төлөөсийг маань төлж, үхлээс биднийг чөлөөлсөн.
Биднийг “Алт, мөнгө мэтийн устах зүйлсээр бус, харин гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсон” хэмээсэн Библийн айлдлын дагуу Эцэг биднийг аврах гэж мөнгө төлөөгүй. Харин үхлээс л биднийг чөлөөлөх гэж амиараа, цусаараа биднийг худалдан авсан юм. Хэн нэг эрх чөлөөт хүн боолуудыг чөлөөлөх гэж сайн дураараа амиа зориулна гэж үү?
Америкчууд өнөөдөр “Газар доорх төмөр зам”-ын хөтөч байсан хүмүүсийг баатрууд хэмээн хүндэтгэл үзүүлж байна. Гэтэл биднийг аврахаар энэ дэлхийд ирсэн агуу Баатар тэнгэр Эцэгийг маань талархаж, биширч, хүндэтгэж угтсан нь хэн билээ? Харин ч бүр ёс бусыг үйлдэгчид Эцэгийг маань яг л гэм буруутан шиг чичлэн шүүмжилж байсан шүү дээ. Ийм хүйтэн хөндий хандлагыг нь ч ажралгүй Эцэг хэзээ ч, хэнд ч гомдоллолгүй тэвчин, сүнслэг нүгэлтэн биднийг гэмээс чөлөөлж өгсөн шүү дээ.
Тэнгэр Эх маань ч мөн ялгаагүй ямар ч үүрэг хариуцлага хүлээгээгүй эрх чөлөөт Нэгэн атлаа нүгэлд боолчлогдсон хүүхдүүдээ чөлөөлөхийн тулд эдүгээ нүгэлтний хувцас махан бие өмсөн, бүхий л зовлон зүдгүүрийг хүлцэн тэвчсээр сууна. Үхлийг чиглэн гүйж байсан үй олон сүнс Эцэг, Эхийн тэр их золиосын ачаар эрх чөлөөгөө дахин олсон билээ.
Үхлээс чөлөөлсөн Бурхандаа “Баярлалаа” гэж хэлэхээс өөр юу ч бидэнд байхгүй. Бурхан биднийг нүглээс маань чөлөөлсөн ч бид ичгүүртэйгээр ертөнц рүү эргэн харж, боолын амьдрал руугаа буцаж очих хүсэл өвөрлөдөг. Харин Эцэг эрх чөлөөнд маань биднээс ч илүү анхаарч, урмын үгээрээ, амийн номнууддаа бичсэн мөнх амийн тухай үнэ цэнэтэй сургаалаараа биднийг ятгадаг. Эх ч мөн адил амийн үгсээрээ урам зориг, хүч өгсөөр байгаа шүү дээ.
Үхэх тавилантай байсан олон сүнсийг хэмжээлшгүй их золиосоороо Бурхан аварсан. Авралын минь л төлөө энэ газарт ирсэнд нь одоо хэр нь Бурханд талархаагүй ядмаг нүгэлтний алдаагаа бид засмаар байна. Дахин бид ертөнц рүү эргэлгүй, тэнгэрийн хаанчлалыг л чиглэн хүчтэй алхах болно. Эцэгийн захиасаар тэнгэр Эхийгээ ёсчлон дагаад, эрх чөлөөний орон, тэнгэр эх нутагтаа буцах хүртэл баяр хөөр, талархах сэтгэлээр хичээнгүйлэн тунхаглах болно оо.
Тэнгэр Эцэг Эх минь ээ! Та хоёр минь бидэндээ жинхэнэ Баатрууд юм шүү. Мөнхийн талархал, магтаалыг минь хүлээн авна уу!