Бид аз жаргал түгээдэг

Паг Чэ Үн / Солонгос, Инчон

7,182 үзэлт

2019 оны амралтаар ийм нэгэн явдал болсон юм. Манай сүмийн сурагч багийнхан хариуцагч багштайгаа хамт сайн дурын үйлс явуулахаар төлөвлөж, сайхан дурсамж үлдээн, амралтаа утга учиртай өнгөрүүлэхээр өндөр настны асрамжийн төв дээр очив. Уг төвийн хүн бидний төлөвлөгөөг сонсоод баярлан, дуртайяа зөвшөөрөв. “Бурханы сүмийнхэн сайн дурын ажлыг хэрхэн явуулдгийг нь харж байсан. Та нар тэр сүмийн сурагчид юм бол та бүхнийг үргэлж л баяртайгаар угтана” гэв. Тийм санаанд оромгүй эелдэг занд нь талархан, бид өндөр настнуудад баяр хөөр, урам зориг өгөхөөр шийдэн хөтөлбөр бэлтгэлээ.

Сайн дурын ажил явуулсан өдөр өндөр настнууд биднийг гадаах сайхан цаг агаар шиг малилзтал инээмсэглэн сайхан зантай угтав. Тарж бутарсан айл гэрийнхэн амралтаараа хөдөөгийн гэртээ халуун ам бүлээрээ цуглаж байгаа аятай л уг төвд инээд хөөр дүүрэн байлаа.

Тэдэнтэй мэндэлсний дараа бид тэр даруй ханцуй шамлан уг төвийг цэвэрлэв. Ариун цэврийн өрөө, гал тогоо, том өрөө, тэдний өрөө тус бүрийг цэвэрлэсний дараа бид ахмад настнуудад мөрөн дээр нь массаж хийж өгөн, гурав дөрвөөрөө цуглан тэдний амьдралынх нь үүх түүхийг сонслоо. Тэднийг сонсоод тэдгээр настангууд алс хол амьдардаг үр хүүхдүүдээ хичнээн их санадгийг нь бид мэдэрсэн юм. Бид найрал дуу бүжиг гэх зэрэг тоглолтоор сюрприз барихад тэд их баяртай байгаа харагдлаа. Тоглолт үзүүлж байгаа бидэнтэй нэг настан зураг даруулан, биднийг санахаараа харж байна гэж хэлэх аж. Өөр нэг эмээ бидний гарыг атгаад, дараа дахин ирээрэй гэлээ. Бид ч их догдоллоо. Богинохон хугацаа байсан ч бидэнд үр ач шигээ чин сэтгэлээсээ хандсан тэдгээр ахмадуудад бид их дассан байлаа. Тэндээс явахдаа бүр дурамжхан байсныг яана. Баяртай гээд тэр асрамжийн төвөөс явахад тэдний нэг нь “Өндөр настан бид хэн болоод та нар настан бидэнд их санаа тавина вэ? Биднийг анхаарч халамжилсанд баярлалаа. Бид өнөөдөр их баяртай байлаа. Маш их баярлалаа” гэж хэлэв.

Тэгэхэд л би анх удаа бидний анхаарал халамж хэн нэгэнд асар их баяр хөөр авчирдгийг мэдэрсэн юм. Тэр өдрөөс хойш би ойр тойронд байгаа хүмүүстээ анхаарал халамж тавьж, тэдэндээ аз жаргал, баяр хөөр өгөхийн төлөө хичээдэг болсон доо.