Үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрөөр
Энэтхэг WB Колката / Ражу Пурти
Амьдралын эцсийн зорилго бол Бүтээгч Бурхантай уулзаж, Түүгээр дамжин авралыг олж, тэнгэрийн хаанчлал руу буцах явдал. Нэг үгээр хэлбэл хүний амьдралыг мөнхийн тэнгэрийн хаанчлал явах бэлтгэлээ базааж буй үйл явц гэж хэлж болох юм. Олон хүн өөрсдийн үндсэн мөн чанараа мартаж, амьдралын утга учрыг мэдэхгүй явж ирсэн ч би өөрийгөө тэднээс өөр гэдэгт итгэдэг байсан. 1996 оны үед би хинди шашнаа христийн шашнаар өөрчлөөд, эцэст нь зөв замаа оллоо гэж санан, үүнээс илүү хүсэх зүйл байхгүй гэж боддог байлаа.
Арваад жилийн хойно би ажлынхаа нэг хүнээс Библийн үг сонсоод авралын мөн чанараа алдчихаад явж байгаагаа ойлгосон юм. Тэрээр Непалд үнэнийг хүлээн авсан байсан юм л даа. Бидний авралын төлөө Бурхан “шинэ нэр”-ээр ирчихээд байгааг түүнээс олж мэдээд, өмнө нь сурч мэдсэн бүхэн маань ямар ч утгагүй болж хувирлаа.
Шинэ нэрнээс эхэлсэн авралын нууц миний сүнсийг тэр дор нь сэрээсэн юм. Жинхэнэ Бурхан дэлхийн зүүн хязгаарын наран мандах улсад хоёр дахиа ирчихээд байгааг би яаж ч мэдэх билээ дээ. Тэгээд би алс холын Энэтхэг улсад хүртэл авралын мэдээ илгээсэн Бурхандаа маш их талархаж байлаа.
Ойр хавьд Бурханы сүм байгаагүй учир авралын амлалт хүлээн авахын тулд би бүтэн нэг жил хүлээх хэрэгтэй болсон ч энэ нь надад асуудал болсонгүй. Ертөнц хараахан мэдээгүй байгаа Аврагчийг гэрчлэх үйлсэд би хамаг амьдралаа зориулах ёстой гэж санагдаж байлаа. Ганц ч үсэг, ганц ч зураас алга болохгүй биелэх баттай үнэнийг би ганцхан өөртөө хадгалаад сууж бас чадсангүй. Үнэнийг ухаарсан даруй үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрөөр дүүрч, ар гэр, айл хөрш, сүмд хамт явдаг байсан танилууддаа гээд бүгдэд нь Бурханы үг тунхаглаж эхлэв.
Бурханы үгийг найзууддаа дуулгахын тулд би Самбалпурыг зорилоо. Би итгэлийн амьдралдаа олон жил тэдэнтэй нөхөрлөсөн юм л даа. Хэдийгээр би Бурханы үг тунхаглах бэлтгэл хангагдаагүй байсан ч дэвтэртээ нямбайлан бичсэн тэмдэглэлүүд дээрээ үндэслэн тэдэнд үнэний үг дамжууллаа. Өдөр эхэлсэн Библийн хичээл маань маргааш өглөө нь үүр цайхад сая нэг дуусав. Хоёр найз маань үнэнийг худал хуурмагаас ялгаж, тэр цагаас хойш тэр бүс нутагт сайн мэдээ тасралтгүй тунхаглагдсаар гэр сүм байгуулагдлаа. Одоогоор хорь гаруй итгэгч хамтдаа итгэлээ сахиж байгаа.
Хүсэн хүлээсэн баптисмаа хүртсэний дараа тунхаглах хүсэл сэтгэл минь бүр ч яарах нь тэр. Энэ хугацаанд тэнгэрийн гэр бүлүүд маань ч нэмэгдсээр байлаа. Мөргөл тэмдэглэх зай талбай давчдан, Бурханы ивээлээр манай гэрийн хашааны нэг талд мөргөлийн газар байгуулах боллоо.
“Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно” (Иса 60:22) гэж Библид байдаг шиг төд удалгүй манай жижиг мөргөлийн газар агуу түүх өрнөх нь тэр. Үр жимс нь үр жимс гаргаж, хүний тоо хоёр дахин нэмэгдсээр 50, 100, 200-д хүрэв.
Эхнэр дөрвөн хүүхдээ тэжээхээс гадна сайн мэдээ тунхаглах, мөн мөргөлдөө ирэх болгондоо хоёр гурав хоног зарцуулдаг гэр бүлүүддээ хоол бэлдэх гээд би яаж ч хичээнгүй ажиллаад зардал мөнгө хүрэлцдэггүй байлаа. Хүнд хэцүү байдал үргэлжилж, яаж даван туулахаа мэдэхгүй сандарч, ганцаардах үе ч надад байсан л даа. Гэвч Эцэг Эх маань цаг тухай бүрд нь зам нээн өгч, сайн мэдээнд л хамаг анхаарлаа хандуулах ерөөл бидэнд зөвшөөрдөг байсан юм.
Энэ хооронд Кендужар, Сундаргарх зэрэг хотуудад гэр сүм байгуулагдаж, сайн мэдээ бүр ч хурдан дэлгэрэх болов. Одоо олон итгэгч мөргөл тэмдэглэх гэж замдаа хоёр гурав хонох шаардлагагүй болсон. Ойрхон Сионтой болоод тэр л дээ. Гэвч бид одоогийн энэ байдалдаа сэтгэл ханаад сууж болохгүй шүү дээ. Учир нь одоо болтол сайн мэдээ тунхаглагдаагүйгээс, сонсоогүйгээс амьдралын утга учрыг мэдэхгүй хүн олон байгаа. Манай Сионыхонд адилхан хүсэл мөрөөдөл байдаг нь Одиша мужийнхаа бүх бүс нутагт Сион байгуулах.
Энэхүү хүсэл мөрөөдлөө нэг өдрийн өмнө ч болтугай биелүүлэхийн тулд тааралдсан хүн болгондоо би үнэнийг тунхаглаж байгаа. Амар байгаагүй ээ. Одиша мужид маш цөөн тооны христчүүд байдаг бөгөөд тэд амьдралаа залгуулах гэж өдөр бүр завгүй, Бурханы үг сонсохтой манатай байдаг. Биднийг сайн мэдээ тунхаглах үеэр санаанд оромгүй олон зүйл тохиолддог л доо.
Нэг удаа хөдөө тосгонд хэдэн хүн миний замыг хааж, намайг сүрдүүлэв. Би ухарсангүй, харин ч зоригтойгоор “Ойд баавгай хүртэл миний замд хөндөлсөж байхад би айгаагүй, түүнтэй тэмцэлдсэн. Үнэнийг тунхаглаж байгаа намайг хэн ч зогсоож чадахгүй. Бурхан надтай хамт байхад хэн намайг зогсоож дийлэх юм!” гээд л хашхирч билээ.
Үнэндээ өмнө нь би ан хийж явахдаа хоёр ч удаа баавгай агнаж байсан юм л даа. Харин замд минь хөндөлссөн хүмүүсийн өмнө би өөртөө биш Бурханд найдсан. Бурхантай хамт алхвал ямар ч саад сорилтыг ялж, эцэст нь Бурхан агуу ерөөл рүү хөтөлж өгдөг юм билээ. Саяхан нэг тосгонд амьдардаг 19 айл тэнгэр Эхийг хүлээн авсан даа.
Цаг хугацаа өнгөрөх тусам тэнгэрийн гэр бүлийн тоо нэмэгдсээр байна. Сүүлийн үед би Бурханы үгэнд илүү их анхаарал хандуулж байгаа. Хэрэв олон хүнийг сүнслэг хоолоор хангахын тулд сайн мэдээний үйлчлэгчдийг олноор өсгөх юм бол Бурхан үр жимсний арвин их ерөөл цутгаж өгнө гэдэгт би итгэж байна. Сионы ах дүү, эгч дүүс бүгдээрээ Бурханы мэлмийд зохистой үйлчлэгчид болж өсөх хүртэл би ч гэсэн бүх хүчээ шавхан зүтгэнэ ээ.
Үнэнийг хүлээн авсан цагаас хойш миний амьдрал баяр баясгалангаар дүүрэн байгаа. Эцэг Эхийн минь урсгасан нулимс байгаагүй бол би ингэж их баяр хөөр эдлэхгүй л байсан болов уу. Хөөрхийлөлтэй нүгэлтэн надад Бурхан ийм их ерөөл өгсөн байхад би энэ ерөөлдөө тоомжиргүй хандахгүй ээ. Одооноос ч болов Эцэг Эхийгээ баярлуулахсан гэж үнэн сэтгэлээсээ хүснэ. Елохим Бурханы яруу алдар Одиша муж болон Энэтхэг даяар, цаашлаад дэлхий даяар гэрэлтэх хүртэл би сайн мэдээг амралтгүй тунхаглах болно оо. Эцэг Эхдээ талархаж байна.