Хоёр дахь боломж

И Жүн Гон / Энэтхэг, TN Ченнай

6,071 үзэлт

Дунд сургуульд байхдаа аав ээжтэйгээ цуг Энэтхэг улсад анх удаа хөл тавьж байсан тэр өдрийг би одоо ч тодхон санадаг юм. Амьдралдаа анх удаа онгоцоор ниснэ гэхээс догдолж байсан ч Тамил Наду мужийн төвд орших Тиручираппалли хот миний хувьд цоо шинэ ертөнц байв. Амьсгал боогдом халуун нь ч шинэ зүйл байсан юм. Балчир хүүхэд байхдаа “Манайх зүгээр л Солонгос руугаа буцаад явчихаж болох биш үү?” гэж бодож байсан төдийгүй чулуун шалан дээр хөл минь өвдөж, хаанаас ч юм өдий төдийгөөрөө гараад ирдэг гүрвэлээс би байдгаараа айдаг байлаа. Нэг захаас нь нөгөө зах хүртэл нэг цаг ч явдаггүй жижигхэн хот байсан болохоор түргэн хоолны газар гээд байх юм бараг байдаггүй байж билээ.

Намайг тэндхийн амьдралын хэв маягт дасан зохицоход Сионы гэр бүлүүд маань надад мөн ч их тусалсан даа. Англиар сайн ярьж ч чадахгүй, дээр нь тамил хэлийг бол бүр ярих ч юм биш. Тийм байсан болохоор гэр бүлүүдээсээ би их тусламж авсан. Ер нь нутгийнхан аливаа мэдрэмжээ шударгаар шулуухан илэрхийлэхийг багаасаа сурдаг юм билээ. Тиймээс ах эгч дүү нар сайн мэдээний төлөө хайр, зүтгэлээ илэрхийлэх бүрд нь би эрч хүч мэдэрдэг байсан. Алс холын бүс рүү автобусаар явах болгондоо хоорондоо ярилцаж, авчирсан хоолоо хувааж иддэг байв. Тэр өдрүүдийг дурсах бүрд миний нүүрэнд инээмсэглэл тодордог.

Би хэдийгээр сайн мэдээний тухай гүн гүнзгий мэдэхгүй ч гэлээ жижигхэн гэр сүмд ах эгч дүү нарын тоо өдөр өдрөөр өсөн нэмэгдэхийг, ойр хавийн хотуудад Сион хурдан байгуулагдахыг хараад их догдолж байлаа. Сайн мэдээний ажилд бага ч болов хувь нэмэр оруулахыг хүссэн ч яг тэр үеэр Солонгос руугаа буцах боллоо. Ойр дотно болсон ах эгч дүү нартаа “Баяртай” гэж хэлэх гунигтай байлаа. Түүнээс гадна тэнд байхдаа томоогүй хүүхэд шиг авирлаж, хамаг цагаа дэмий өнгөрүүлсэндээ гэмшиж байлаа. Тэгээд хэрвээ надад Энэтхэгт ирэх хоёр дахь боломж олддог л юм бол зөнч болон буцаж ирээд, Бурханы ивээлд болон ах эгч дүү нараас авсан хайрандаа хариулна гэж бат шийдлээ. Энэ найдвар хүслээ сэтгэлдээ сийлж, би аав ээж хоёртойгоо онгоцондоо суун, Солонгос руугаа буцаж билээ.

Энэтхэг рүү явах хоёр дахь боломж миний төсөөлж байснаас ч хурдан тохиолоо. Би Солонгостоо эргэн очоод, залуучууд багт орж, сайн мэдээний хамтран зүтгэгчийн замд орон, улмаар Бурхан намайг Энэтхэгийн Тамил Надугийн нийслэл Ченнай руу илгээсэн. Би Тиручираппалли хотод амьдарч байхдаа тэнд хоёр удаа очиж байсан л даа. Энэ удаад би тэнд аав ээжийнхээ ард зогсож байсан балчир хүүхдийн хувиар биш, харин сайн мэдээний эш үзүүлэгч болж очсон юм. Энэ нь миний удаан хугацааны турш мөрөөдсөн зүйл байсан ч гэр бүлүүддээ сайн үлгэр дуурайл үзүүлэхгүй байх вий гэж санаа зовж байлаа.

Тэгтэл Энэтхэг рүү явахыг хүссэн шалтгаан минь тодорхой хэвээрээ байлаа. Үнэндээ би Солонгост эргэж ирснийхээ дараа л Энэтхэгт өнгөрүүлсэн өдөр бүр Бурханы ивээл байсныг, тэнд л надад Бурхан ерөөлийг бялхам их буулгаж өгч байсныг ухаарсан л даа. Хэдийгээр миний санаа зовж байсан ч хожим ямар ч гэмшил харуусал үлдээхгүйн тулд энэ удаа ёстой чадлынхаа хэрээр сайн мэдээнд зүтгэх шийдвэр гаргасан юм.

Ченнай нисэх онгоцны буудал дээр газардахдаа сэрүүхэн цаг агаарт нь бүр гайхаж орхив. Өнгөрсөнд надад тохиолдож байсан аагим халуунтай харьцуулахад ёстой төсөөлшгүй цаг агаар байлаа. Энэ нь надад Бурханы өгсөн гоё бэлэг шиг л байлаа. Сион дээр ах эгч дүү нар намайг хөөрхөн инээмсэглэл, оргилсон хүсэл тэмүүллээр угтан авав. Өнгөрсөн удаа Ченнайд очиход уулзаж байсан зарим ах эгч нар тэр үеэ дурсаж, надтай дахин уулзсандаа баяртай байв. Удаан хугацаанд бие биенээ хараагүй гэр бүлүүд улсын баяр наадмаар цугларч, хөөрөлдөж байгаа юм шиг л баяр хөөртэй, сэтгэл хөдлөм байлаа. Солонгост байхаас л намайг эзэмдээд байсан хамаг айдас түгшүүр арилж, би хайраар дүүрэн тэнгэрийн гэр бүлүүдтэйгээ уулзах боломж соёрхсон Бурхандаа талархав.

Энэтхэгийн сайн мэдээнд анхаарч байх зуураа би нэг шинэ ухаарал олж авав. Эндхийн айл болгон нь бурхандаа үйлчлэх тахилын ширээ эсвэл шүтээнтэй. Хүмүүс нь өглөө бүр тэр тахилын ширээндээ цэцэг тавьж бурхадтайгаа мэндэлнэ. Гол чухал гэсэн арга хэмжээ нь бүс нутаг болгонд байдаг дуган хийд зэрэг дээр нь зохиогдож, олон хүн бурхны тусламжгүйгээр хийх юм юу ч байхгүй гэж итгэн, бүх амьдралаа тэр бурхаддаа үйлчлэхэд зориулна. Тэдгээр бурхаддаа үйлчлэх дадал зуршил амьдралд нь бүр нэвчсэн байлаа.

Тиймээс энэтхэгчүүд үнэн Бурхантай уулзах үедээ маш их уярч догдлон, амьдрал нь Бурханд мөргөж үйлчлэх ерөөлтэй амьдрал болон хувирна. Үнэнийг хүлээн авч, Сион руу ирэх ах эгч дүү нар хором мөч бүрд Бурханд талархал өргөн, өчүүхэн зүйл дээр ч Бурханыг түшин, Бурханы хүслийн дагуу чин үнэн амьдралаар амьдрахын төлөө уйгагүй зүтгэнэ. Тэдний сайн мэдээ хичээнгүйлэн тараах, хүнд хэцүү нөхцөл байдлаа ч үл ажран сайн сайхан зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцах зэргийг нь харахаар тэд надад Библид бичигдсэн анхны сүмийн үеийн ариун хүмүүсийг сануулдаг юм.

Ийм ивээлтэй ах эгч дүү нартай хамт ажиллаж байх зуураа би сайн мэдээ нь хувь хүмүүст асар их нөлөө үзүүлдэг төдийгүй тэр ч байтугай амьдралынх нь хэв маягийг ч хүртэл өөрчилдгийг мэдэрлээ. Зарим ах эгч дүү нар Бурханы хууль сахихаар хол явж, зарим нь болохоор шашны болон соёлын ялгаанаас болж хүмүүс өөрсдийг нь үгүйсгэж үл тоохыг ч ажрахгүй, шантралгүйгээр сайн мэдээ тунхаглана. Салбар сүмүүдэд туслахаар зарим сайн мэдээний хамтран зүтгэгч нар нь дөчин минутын зайтай ойрхон газар явж, зарим нь Ченнай Сионоос бүр долоон цаг галт тэргээр явах хэмжээний хол газар явах болдог. Гэр бүлүүд маань Бурханыг түшин, нэгдмэлээр сайн мэдээ тунхагласан болохоор тэнгэрийн гэр бүлээ оллоо гэсэн мэдээ сонсох бүрийдээ би хүч олж авдаг юм.

Ялангуяа сурагч гэр бүлүүд тэнгэр Эцэг Эхийн ач ивээлийн талаар ярихаар Бурхан болон амийн үнэн бол юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ гэдгийг ухаараад зогсохгүй, үнэнийг бүр багаасаа сурч мэдсэн байж үнэний үнэ цэнийг заримдаа мартаж байсандаа ч мөн би гэмшдэг юм. Тэгээд би эш үзүүлэгчийн хувьд дутуу дулимаг байгаагаа ухаарч, ах эгч дүү нартайгаа хайр хуваалцах хэмжээнд хангалттай сайн байж чадаагүйдээ одоо ч Бурханаас хүлцэл эрдэг юм. Эдүгээ ч би Сионыхноосоо Бурханд үйлчлэх зөв хандлага, ах дүүсийн хайр, сайн мэдээний төлөөх хичээл зүтгэл зэргийг сурч авсаар л байна.

Бурхан яагаад намайг дахин Энэтхэг рүү дуудсаныг нь би одоо л жаахан ойлгож байна. Намайг Энэтхэгт буцаж ирэхэд миний төсөөлөөгүй олон бэрхшээл тулгарсан л даа. Өмнөх туршлагадаа түшээд би байнга л “Энэтхэгийн амьдралд дассан гэдэгтээ итгэлтэй байна” гэж их боддог байсан ч бодит байдал дээр бүх зүйл шинэ содон, танил бус байсан юм. Соёлын ялгаа, амьдралын нөхцөл байдлын ялгааг нь ярихаа больё гэхэд хэлний бэрхшээл ч нэлээн их байлаа. Тамил Наду мужид хинди хэлээр бус тамил хэлээр ярьдаг. Бага байхдаа сурч мэдсэн тамил хэлээ санахад л ямар ч асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байсан чинь миний бодож байсан шиг тийм ч амар байсангүй. Тамил хэлэндээ яг дадаад ирсэн чинь үнэнийг үгүйсгэж, сайн мэдээний ажлыг хаадаг хүмүүсийн ёжтой үг сонсоод бүр сэтгэлээр унав.

Тэнгэр Эцэг энэ дэлхийд хоёр дахиа ирэхдээ ямархуу байсан бол оо? 2000 жилийн өмнө хаанчлалын сайн мэдээг л тунхаглах гэсэндээ загалмайн зовлон тарчлалыг тэсвэрлэж, шинэ гэрээний үнэнийг алдсан хүүхдүүдийнхээ төлөө авралын үнэнийг зааж өгсөн. Эхний удаа ирэхэд нь Эцэгийн маань зам хичнээн их сэтгэл өвтгөм байсныг төсөөлж ч чадахгүй байхад тэр бүх зовлон шаналал нь ой тойнд нь тодхон байсаар байгаа энэ дэлхий рүү буцан ирж дээ. Нэг газар руугаа дахин ирсэндээ л би Эцэгийнхээ хязгааргүй их хайрын өчүүхэн жижиг хувийг ухаарахтайгаа боллоо. Надад оногдсон сайн мэдээний орчин нөхцөлд хичнээн их талархах ёстойг ч мөн ухаарсан даа.

Эцэгийнхээ золиос хайрыг сэтгэлдээ шингээн, сайн мэдээний үүргээ биелүүлнэ ээ. Бурхандаа чин сэтгэлээсээ үйлчилж, үзүүлсэн жишээг нь дагаад, ах эгч дүүсээ өөрийн бие адил хайрлах сэтгэлээр Энэтхэг дэх сайн мэдээний замаараа би уйгагүй алхах болно оо. Тэгж гэмээнэ тэгтлээ хүсэн хүлээж байсан хоёр дахь боломж маань гэмшил болж хувирахгүй шүү дээ.