“Жи-им” гэсэн үг байдаг. Ханзаар “жи” гэдэг нь “мэдэх”, “им” нь “дуу” гэсэн утгатай. “Дуу мэдэх” гэдэг нь нэг нэгнээ сайн мэддэг, сэтгэлийнхээ гүнээс бие биеэ ойлгодог, дотнын анд найзуудыг заасан үг юм.
“Жи-им” гэх үг төрсөн түүх ийм учиртай. Хятадын Байлдаант улсын үед Бэг-А, Жун Жа Ги гэдэг үй зайгүй андууд байжээ.
Бэг-А босоо ятга тоглохдоо ер бусын чадварлаг. Түүнийг утсан хөгжмөө чавхдаж эхлэхэд ёстой нөгөө хятадын хэлц үгэнд гардаг шиг “Зургаан морь өмнөх өвсөө мартаад тэнгэр ширтэн уярдаг” гэмээр байдаг аж. Найз Жун Жа Ги нь андынхаа ингэж тоглох аялгууг сонсоод л дотоод сэтгэлийг нь нэвт шувт уншдаг байж.
Хожмын нэг өдөр Жун Жа Ги-г өвчнөөр таалал төгсөх үед Бэг-А босоо ятгынхаа утаснуудыг тас татаж, хөгжмөө дахиж бариагүй гэдэг. Өөрийнх нь тоглох ятгын аялгууг үнэн голоосоо ойлгож өгдөг анд нь байхгүй болсноос тэр аж. Хүний сэтгэлийг ойлгож өгдөг хүн гэдэг юу юунаас эрхэм нандин байдаг учир энэ ажгуу.
“Та Өөрийн орших газар болох тэнгэрээс сонсон, уучлахдаа, хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг мэддэг учир Та хүн бүрд өөрийнх нь үйлдлийн дагуу хариулаарай. Зөвхөн Та л хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг мэддэг шүү дээ.” 2Шас 6:30
Бурхан бидний сэтгэлийг хэнээс ч илүү сайн мэдэж, зүрхний гүн рүү нэвтэлж хардаг. Ертөнц биднийг мэдэхгүй ч огторгуй, түмэн бодис, хүнийг бүтээсэн Бурхан “Жи-им” маань болж бидэнтэй хамт байгаа. Иймд хорвоод биднээс илүү жаргалтай хүн гэж байхгүй биз. Бид ч бас хамгийн эрхэм чухал Бурханаа сэтгэлийн гүндээ хоногшуулаад, шинэ ондоо сайн мэдээний цэргийн марш дууг хүч түрэн дуулцгаая. Бурхан тэр дууг чимээгүйхэн сонсоод, бидний үйлс бүрийг өлзийтэй болгож өгнө.