Эхийн угаалга

Мэри Рөүз Тандугон Тандю / Филиппин, Кесон Сити

7,757 үзэлт

Хичээлдээ сурах гээд дотуур байранд амьдрахаар гэрээсээ явснаас хойш хувцсаа угаалгахаар долоо хоногтоо нэг гэртээ харьдаг байв. Ээждээ бөөн ажил нэмчихээд залхуурч, идэж ууж байгаад хэдхэн цаг болоод л дотуур байр руугаа буцна.

Манай гэр надад улам л дотуур байр шиг, харин дотуур байр миний гэр шиг болоод байлаа. Нэг удаа гэртээ нэлээн хэд хонохоор ирлээ. Энэ үеэрээ л гэртээ нэг дорвитойхон юм хийе гэж шийдээд хувцсаа гаргаж янзлах зуураа угаах хувцсаа хумин, нэг нэгээр нь овоолж гарлаа. Угаах гэж овоорсон хувцсаа хараад, “Ээж минь долоо хоног болгон гэрийнхний бүх хувцсыг угааж цэвэрлэхийн хажуугаар миний бүх хувцсыг яаж угааж байсан юм бол оо?” гэж бодлоо.

Нас нь хэдийн 60 хэвийж байгаа ч ажлаа тараад үргэлж л унталгүй шөнө дунд хүргэж, гэр орноо товхинуулах, хоол унд хийх, угааж арчих гээд үүрээр босно. Охин нь хүртэл илүү ачаа болж байхад ээжид минь хэцүү л байсан байж таараа.

Ингэж бодох бүрдээ аав ээжийнхээ төлөө нээрээ юу ч хийгээгүй юм байна гэдгээ ухаарна. Ээжийгээ бодохоор зүрх хөндүүрлэвч өөр ямар нэг юм тохиолдоход л ээжийнхээ зовлонг таг мартчихна. Харамсалтай нь сүнсээр ч би адилхан ийм байж.

Долоо хоног бүр гэртээ угаах хувцас авч очиход минь хэзээ ч дургүйцэн гомдоллож байгаагүй ээжийн минь төрх Амралтын өдөр болон гурав дахь өдрийн мөргөл бүр дээр овоолж авчирсан миний нүглийг угааж, над руу инээмсэглэн харах тэнгэр Эхийг минь санагдуулав. Тэнгэр Эх минь өдөр шөнөгүй залбирч, үй олон хүүхдийнхээ нүглийг угааж байдаг билээ. Юм болгон дээр бид удаан хойрго, дутуу дулимаг байхад ч Эх золиосоороо цэвэршүүлж байдаг.

Сион дээр нэг өрөө цэвэрлэж байхад минь хог шүүрдэж байсан нэг эгч дүү шалан дээр үсний сэв байгаа эсэхийг асууж байсан нь тодхон санагдаж байна. Тэгэхэд нь би яаж ч шүүрдээд үс үлдэнэ шүү дээ гэж хариултал эгч дүү “Бид нүгэл үйлдсэн хэвээрээ, нүглээсээ хараахан салахгүй байгаа тул тэнгэр Эх цаг үргэлж бидний нүглийг шүүрдэн цэвэрлэж байгаа даа” гэж намуухан хэлж байсан юм.

Бид үргэлж мөргөл тэмдэглэж, Библи үзэж, буруу зүйлдээ гэмшдэг. Ямар ч нөхцөл байдал тулгарсан хүн бүрд Эцэг Эхийг тунхаглахыг үргэлж бид зорилго болгодог. Харин Сионы хаалгаар гараад, гудманд ганцаараа алхаж байхдаа юм уу эсвэл сургууль дээрээ байх үедээ үгийг тунхаглахаас хойш сууж, хуучин төрхөндөө эргэж ордог. Бурханд талархал өргөн, “Бид Танд хайртай” гэж хэлдэг хэрнээ үйлс маань үгнээсээ урвасан байдаг. Өөрөөсөө арилгаад хаячихаж чадахгүй нүглээ үйлдсээр Эхдээ би улам бүр зовлон шаналал нэмсээр байна.

Үүнийг маань ч үл тоон, Эх биднийг л хамаг амь амьдрал, утга учраа хэмээн айлдаж, бидний төлөө л санаагаа чилээж суудаг нь хэзээ ч үйлсээсээ урвадаггүй үнэн гэгч энэ юм. Юм болгон дээр дутуу дорой, тэнгэрт Өөрийг нь өвтгөн зовоосон биднээс л болж энэ үед Эх махан бие өмсөж бидэнтэй хамт оршиж байгаа шүү дээ.

Эцэг Эхийн хийсэн, мөн одоо ч хийсээр байгаа бүх зүйл бидний л төлөө. Эргэн тойронд байгаа хүмүүстээ зөвхөн гэмшлийн нулимсаа харуулах биш, амаараа л зөвхөн ивээл хайрыг нь хашхираад байх биш, гол нь үйлсээрээ авралын зар тараамаар байна. Миний төлөө зөндөө зовлон туулсан аав ээж хоёртоо ч бас би амаараа, үйлсээрээ төдийгүй тэнгэрийн найдвар болох хамгийн агуу бэлгийг барьж, хайр талархлыг дамжуулмаар байна.

Ядаж хувцсаа ч болов өөрөө угааж ээждээ тусалъя гэж шийдээд, тэнгэр Эцэг Эхдээ би чин сэтгэлээсээ ийнхүү залбирч байна.

“Эх минь долоо хоногтоо угааж цэвэрлэх сүнсийг нэг сүнсээр ч болов хасахын төлөө надаар дахин нүгэл бүү үйлдүүлээрэй. Үзэсгэлэнтэй хайраар сэтгэлийг минь хөндөж байдаг Бурхандаа ачаа дарамт болдог хүүхэд нь биш, ачлалтай охин болгож өгөөрэй. “Амен” гэж хэлээд үгийг зөвхөн сонсдог биш, инээмсэглэл болон хайрын сэтгэлээр амьдрал дээр хэрэгжүүлдэг байхад минь туслаарай.”