Энэ ертөнцөд тэнгисийн эргийн элс мэт олон хүн амьдарч, тэдний олонх нь Бурханд итгэдэг гэцгээдэг. Гэтэл Бурхан хүн төрөлхтнийг хараад зөвт хүн ганц ч алга, Бурханыг эрэн хайдаг нь ч алга, сайныг үйлддэг нь ганц ч алга хэмээсэн байдаг.
“Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга. … Бурханыг эрэн хайдаг нь ч алга. … Сайныг үйлддэг нь алга. Бүр ганц ч алга»” Ром 3:10-12
Тэгвэл Бурханы хүлээн зөвшөөрдөг зөвт хүн гээд байгаа нь ямар хүн юм бол? Библийн сургаалын дагуу үзвэл зөвт хүн биш л бол Бурханыг эрэн хайж эсвэл Бурханд ойртож чадах нэг ч хүн байхгүй аж.
Хүн төрөлхтний өвөг Адам нүгэл үйлдэхээсээ өмнө үргэлж Бурханыг хайн, Бурхантай ойр байсан авч сайн муугийн жимсийг идэж нүгэл үйлдсэнийхээ дараа “Адам аа, Адам аа” хэмээн дуудах Бурханы дуу хоолойг сонссон ч “За, би энд байна” гээд түргэн гарч ирэх нь бүү хэл бүр нуугдчихдаг. Нүгэлтэн болсон тэр мөчөөс эхлэн тэрээр Бурханаас айж зайлсхийн, Бурханаас холдох болжээ. Үйлдсэн нүглээс нь болж Адамын зүрх сэтгэл ийнхүү өөрчлөгджээ.
Хэрвээ бид яагаад ч юм Бурханд ойртохоос зайлсхийн, Бурханаас холдоод байх шиг санагдвал өөрийгөө зөв шударга байдлаас л аажим аажмаар холдож байгааг ухаарч, үүнээсээ эргэх хэрэгтэй. Бурхантай ойр байдаг зөвт хүн болъё гэвэл яах ёстойгоо одоо мэдэж авцгаая. Эхлээд “зөвт хүн” гэх ойлголтын талаар Ноагийн удам угсаагаар судалж үзэцгээе.
“Ноагийн удам угсаа ийм билээ. Ноа бол зөвт, үеийнхнийхээ дунд гэм зэмгүй агаад Бурхантай хамт явдаг хүн байв.” Эхл 6:9
Ноа юу хийсэн болохоороо Бурханаас зөвт, гэм зэмгүй хүн гэсэн магтаал авах болсныг судалж үзье.
“Итгэлээр Ноа, хараахан харагдаагүй байсан зүйлсийн талаар сэрэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө бүхээгийг сүсэглэн бэлдсэн бөгөөд түүгээр дэлхийг яллаж, итгэлийн дагуу зөвт байдлыг өвлөгч болжээ. Итгэлээр Абрахам, … адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак, Иаков нартай хамт майханд амьдарч, амлалтын газарт харийн нутагт буй мэт суусан. Учир нь Абрахам суурь бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг бүтээгч ба барилгачин нь Бурхан мөн.” Евр 11:7-10
Зөвт хүн Ноа юу хийсэн бэ? Тэр үед ертөнцийг шүүхээр төлөвлөсөн Бурханы хүслийг ухан ойлгож, Бурханы тушаасан ёсоор бүхээг бэлдсэн. Ийнхүү Ноа итгэлээрээ бүхээг бэлдсэн тул түүнийг Библид зөвт хэмээн дуудаж, зөвт байдлыг өвлөгч гэж айлдсан.
Мөн Абрахам, Исаак, Иаков гэх мэт зөвт байдлын өвөг дээдэс, итгэлийн өвөг дээдэс хэмээх хүндтэй алдар хүртсэн бүх хүн Бурханыг гэсэн хувиршгүй туйлын итгэлтэй байсан тул Бурханы хийгээрэй гэсэн юуг ч бай дуулгавартайгаар биелүүлж чадсан юм.
Бурханыг гэсэн туйлын итгэлээр бүхээг хийж, гэрийнхнийгээ болон ертөнцийг аварсан Ноагийн үйлс Бурханыг харахад хамгийн зөв байсан ба улмаар Ноа зөвт байдлыг өвлөгч болж чадсан билээ.
“Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. … Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? … Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. … Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.” Иак 2:17-26
Иаков ном нь зөвт байдлын талаарх Бурханы хүслийг сайтар харуулжээ. Бурхан зөвхөн үгийг нь сайн мэдэж байхыг зөвт гэлгүй, үгийн дагуу бүрэн дүүрэн үйлс гаргахыг зөвт гэж үзсэн байна.
Бид ч мөн Бурханд итгэж байгаа. Бурхан зуун дөчин дөрвөн мянгыг цуглуулна гэдэгт, түүнчлэн шинэ гэрээний үнэн дотор байгаа ард түмнээ мөнхийн тэнгэрийн хаанчлал руу хөтөлнө гэдэгт итгэдэг. Бүх зүрх сэтгэл, оюун ухаанаараа Бурханыг хайрлан, сайн мэдээний үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж, Бурханы бүх тушаалыг бүрэн сахиад Бурханы хүслийг дагаж үйлдэхийн тулд бид хичээж байгаа. Ийнхүү итгэлээ үйлс болгон хэрэгжүүлэхийг л Бурхан “зөвт” хэмээн тодорхойлсон юм. Тиймээс Бурхан юу ч хэлсэн хийдэг хүмүүс нь зөвт бөгөөд Бурханы нүдэнд төгс хүмүүс юм.
Ноа, Абрахам нарыг зөвт хэмээн нэрлэсэн шиг мөн өнөө үед зуун дөчин дөрвөн мянгыг зөвт хэмээн дуудах болно. Учир нь тэд Бурханд сүнсээрээ, үнэнээр итгээд зогсохгүй итгэлээ үйлс болгон хувиргасан юм. “Амралтын өдөр үнэн юм байна!” гэж зөвхөн итгэдэг хүн ерөөл авч чадахгүй. Амралтын өдрийг ариунаар сахидаг хүн л Амралтын өдрөөр амласан Бурханы ерөөлийг авч чадна. Үүнтэй адил “Алгасал баяр үнэн байна!” гэж ердөө итгэсэн төдийд хэрхэн ерөөл авах билээ? Есүсийн айлдсанаар Алгасал баярын талх, дарсыг идэж, ууж байж л амласан мөнх амийн ерөөл, Бурханы тамгыг авч чадна.
Итгэлээ үйлс болгосон хүмүүс бүгд ерөөл авсан. Өнөө үед ч авралын зар тарааж, 3 удаагийн 7 баяраар байгуулсан шинэ гэрээ сахин, Бурханд үйлчилж итгэлээ үйлс болгох үед бид ч мөн зөвт хүн хэмээн магтуулж, ерөөл авах юм. Ингэх нь л Бурханы зүй тогтол, хүсэл юм. Тиймээс Библид хүн дан ганц итгэлээр биш, үйлсээрээ зөвтгөгдөнө хэмээжээ.
Бүхээг бэлд гэсэн Бурханы үгийг сонсоод ингэж бэлдэх нь зөв нь ч зөв юм аа гэж итгэсэн хэрнээ үгийг нь дагаагүй байсан бол Бурхан Ноаг зөвт, төгс хүн гэж нэрлэх байсан уу?
Тухайн үеийн байдлаар бол Ноа биелүүлэхэд үнэхээр хэцүү зүйлийг дуулгавартай хийсэн юм. Ноагийн бүхээг хийсэн хугацааны талаар Библид тодорхой тэмдэглээгүй боловч эрдэмтэд үзэхдээ хэдэн арван жил шаардагдсан байх гэж таамагладаг. Тэр хугацаанд шаардагдсан зардлыг бодож үзвэл ажилчдын ажлын хөлс, материал худалдан авах зардал, хоол хүнс гээд маш их хэмжээний мөнгө шаардагдсан байх. Технологи хөгжөөгүй байсан тухайн үед бүх зүйлийг хүний гараар хийх хэрэгтэй тул дор хаяж зуун хүн дайчилж, өдөр шөнөгүй, цаг наргүй ажиллах хэрэгтэй байсан байх. Ноа асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж, бүх амьдралаа бүхээг хийх ажилд зориулсан байх.
Түүнээс гадна тэр үеийг хүртэл нэг удаа ч үер үзээгүй хүмүүс бүхээг хийж дуусах хүртэл хэдэн арван жилийн турш Ноа болон түүний гэр бүлээр доог тохуу хийн, нүд үзүүрлэж байсан юм. Гэвч Ноа зөвхөн Бурханы үгийг л дуулгавартай даган, хөвөгч авдраа хийсээр л байв. Үүнийхээ хүчинд тэрээр хойч үеийнхэндээ гэрэлтэх зөвт, төгс хүн гэж Бурханд магтуулсан юм.
Итгэлийн өвөг Абрахам ч бас цорын ганц эрхэм хүү Исаакаа тахил болгон өргө хэмээсэн Бурханы үгэнд нэг ч гомдол гаргалгүй, дуулгавартай дагасан. Зуун настайд нь гарсан энхрий нандин хүү Исаакаа шатаалт тахил болгон өргөнө гэдэг Абрахамын хувьд дагаж биелүүлэхэд туйлын хэцүү байсан нь мэдээж. Бүх эд хөрөнгөөрөө тахил өргө гэх юм уу эсвэл эрх мэдлээ орхи гэсэн бол хавьгүй амар байх байтал Бурхан харин аминаас нь ч илүү эрхэм нандин ганц хүү Исаакийг нь тахил болгон өргө гэсэн юм. Зүрх сэтгэл нь урагдаж, дотроо хичнээн их зөрчилдөж, хэцүү байсан бол оо?
Хүүгээ тахил болгон өргө гэхэд хүний бодол орж ирсэн бол Абрахам Бурханд эргэлзэж болох л байсан. Гэвч тэрээр хүний урманд дургүйцэж гомдоллоогүй. Исаакийг өгсөн нь ч Бурхан, авах нь ч Бурхан гэж бодоод Абрахам хүү Исаакаа тахил болгон өргөхөөр шийддэг. Абрахамын тэр итгэл, тэр дуулгавартай байдалд нь Бурхан яасан их баярласан бол оо! Тэрээр итгэлийн өвөг хэмээн дуудуулахын сацуу Бурханы ерөөлийг хальтал хүртсэн юм.
Энэ ертөнцөд хүн бүрд хамгаас эрхэмлэдэг зүйл гэж байдаг. Абрахамд бол хүү нь, Ноад бол эд хөрөнгө нь байсан юм. Бурхан заримдаа хүний хамгийн эрхэм зүйлийг шаарддаг. Энэ нь Бурхан тэр хүнд дургүйдээ биш, харин илүү их ерөөл өгөхийн тулд байдаг аж.
Зөвт Ноа ба зөвт Абрахамын үйлсийг өөрсдийнхөө итгэлтэй харьцуулж үзээд бидний итгэл зөвхөн амаараа хэлдэг үйлсгүй итгэл үү эсвэл хэрэгжүүлдэг үйлстэй итгэл үү гэдгээ шалгах хэрэгтэй юм. Энэ үед Бурханаар зөвт хэмээгдэн, Бурханыг хамгийн их баярлуулдаг итгэлийн үйлс бол өөрт байгаа эрхэм нандин зүйлийг золиосолж, сүнс аврах явдал юм.
Бид тэнгэрийн хаанчлалд найдан, Сүнс болон Сүйт бүсгүйг дагаж, ертөнцөөр нэг тарж бутарсан тэнгэрийн гэр бүлүүд маань удахгүй Сион руу буцан ирнэ гэдэгт баттай итгэж байгаа. Тиймээс Бурханы өмнө зөвт үйлстэй итгэлээр, үхэж буй өрөвдөлтэй сүнснүүдийг аврахын төлөө амь аврах татлага болсон үнэнийг тунхаглан шидэж байгаа билээ. Ноагийн үйлдсэн шиг бид дэлхий даяар авралын бүхээг болох Сионыг байгуулж, олон сүнсийг тэрхүү бүхээгтээ дуудан цуглуулж байна. Бурханы зөгнөлийн дагуу сайн мэдээнд ийнхүү оролцох Сионы ах эгч дүүсийнхээ төрхийг харвал Ноа болон Абрахамтай адил үйлсээр үлгэр дуурайл үзүүлэх энэ үеийн зөвт хүмүүс болж байгаа байх нь гэж санагдана.
Одооноос эхлээд сүүлчийн энэ үед Бурханыг баярлуулах зөвт зуун дөчин дөрвөн мянган хүн болохын төлөөнөө энэ тэрийг тооцоолдог өөрийн бодлыг хаяж, итгэлээр дуулгавартай байх Ноагийн үйлсийг сурцгаая.
Бурхан “Зөвт хүн алга, ганц ч алга” хэмээсэн өнөө үед хэрхэн бид зөвт хүн болох юм бол оо? Библид тэмдэглэгдсэн итгэлийн өвөг дээдсээр дамжуулан зөвт хүн болох аргыг Бурхан бидэнд ухааруулсан. Зөвхөн итгэлээр бус, үйлсийг ч мөн хамтатгах үед л тэрхүү итгэл нь зөв итгэл, амьд итгэл болж чадна.
Итгэлийн өвөг дээдэс итгэлээ үйлс болгон хэрэгжүүлснээрээ зөвт хүн болсны адил бид мөн Бурханы үгийн дагуу итгэж, үйлс гаргавал Бурханд зөвт хүн хэмээн дуудагдах юм.
Энэ ертөнцөд зөвт ба зөвт бус бузар муу зэрэгцэн оршдог. Тэгвэл энэ зөвт ба бузар мууг юугаар ялгаж болох вэ? Үйлдэж буй үйлсээр нь ялгаж болно. Өнгөрсөн үеийн итгэлийн өвөг дээдэс зөвт үйлсээрээ зөвт хүн хэмээгдэж, ертөнцийн хүмүүс бузар мууг үйлдсэнээрээ муу хүн гэгдэх болсон юм.
“хуучны дэлхийг хэлтрүүлэлгүйгээр, харин сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол,” 2Пет 2:5
Одоо бид үлдсэн хугацаандаа бүхээг бэлддэг зөвт үйлсээр, бүхээгт суух ёстой хүмүүсийг бүгдийг дуудан цуглуулж, Бурханы нүдэнд зохистой зөвт хүн болох хэрэгтэй. Ноа Бурханы тушааснаар өөртэйгөө нийлээд гэр бүлийнхээ найман хүнийг, төрөл бүрийн амьтдыг хос хосоор нь бүхээгт оруулсан. Амьтад ч хүртэл Бурханы үгийг дуулгавартай дагаж ирсэн атал хүмүүс яасан билээ? Дуулгаваргүй байж, бүхээгт ороогүй шүү дээ.
Библид израиль үндэстэн биш хүмүүсийг харь хүн хэмээгээд мөн амьтнаар зүйрлэсэн байдаг. Харин харь хүн байсан ч Бурханы үгийг дуулгавартай дагах л юм бол авралын бүхээг болох Сионд ирж, үйлстэй итгэлээр Бурханд үйлчилбэл эцсийн өдөр аварна гэж Бурхан амласан. Энэхүү амлалтынх нь учир харь хүн болох бид тэнгэрийн хаанчлалд найдан Бурханы үгэнд дуулгавартай байгаа билээ.
“Учир нь Хүний Хүүгийн залрал Ноагийн өдрүүдтэй адил байх юм. Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг бүхээгт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж, бүгдийг хаман одох хүртэл тэд мэдээгүй юм. Хүний Хүүгийн залрал ийм байх болно.” Мат 24:37-39
Эцсийн үеийг Ноагийн өдрүүдтэй адил хэмээсэн. Аврал авах ард түмэн бүгд сүнслэг бүхээг болох Сионд хоргодож байж энэ үеийн сайн мэдээний ажил бүрэн биелэгдэнэ. Бүхээг бэлэн болсон атал аврал авах ард түмэн суухгүй бол ямар ашиг байх билээ. Тэгвэл авралын бүхээг рүү яавал олон хүн хөтлөхийг анхны сүмийн элч нарын үйлсээс сурцгаая.
“… Тэд, элч нарын сургаалд мөн нөхөрлөлд, талх хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. … Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, бүх юм нь нийтийнх байв. … Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон, Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.” Үйл 2:41-47
Пентэкостын өдрийн Ариун Сүнс дүүрэн авсан бүх элч нар залбиралд хүчээ нэгтгэн, хичээнгүйлэн тунхаглаж, зөвт сайн үйлс гаргаснаар олон хүнд магтуулж байсан юм. Үүний адил сүнс аврах ажилд хүчээ дайчилбал Бурханы сэтгэл хөдлөн баярлаад, аврагдах хүмүүсийн тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж өгнө.
“Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур… Тэд, тэднийг баривчилж, өглөө болтол шоронд хорив. Учир нь хэдийнээ орой болсон байжээ. Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.” Үйл 4:1-4
Анхны сүмийн үед баяртай, чин сэтгэлээр цугласан хэвээр, тэр үеийн Аврагч Христ бол Есүс гэдгийг зоригтой хашхирсанд Бурхан сонсогчдын сэтгэлийг нээж, хоромхон зуур таван мянган сүнс аврал авах гайхалтай түүх гарсан билээ.
Бид бүхэн итгэлийн өвөг дээдэс маань ямар үед, ямар үйлсээр ерөөл авсныг, ямар нөхцөлд аврал авах хүмүүсийн тоог Бурхан нэмэгдүүлж өгснийг судалж үзэн, анхны сүмийн ариун хүмүүсийн итгэлээс жишээ авч, өнөө үед ч өдөр бүр аврагдагсдын тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Бурханд итгэдэг гэсэн хэрнээ Бурханы хүслээр үйлдэхгүй байгаа энэ үе бол “Зөвт хүн алга. Ганц ч алга” хэмээсэнтэй адил үе юм. Сүүлчийн эш үзүүлэгчийн үүргийг авсан бид зөвт үйлстэй амьд итгэлээр Бурханд илүү ойртож очих ёстой.
Зөвт байдлаар ажиллах юм бол тэндээс үргэлж баяр баясал төрнө. Дүүрэн баяр хөөртэйгөөр Бурханд яруу алдар өргөн ямар ч ажил байсан Бурханы хүслээр хийх юм бол Библийн 66 номонд тэмдэглэсэн Бурханы зүй тогтол болон хүслийг нь ойлгох болно. Үйлсгүй хүн Библийг зуун удаа, мянган удаа уншсан ч Бурханы үгийн далд утгыг огтхон ч ухаарч чадахгүй. Зөвхөн Бурханы хүслээр үйлддэг хүн Библи дэх ойлгоход хэцүү хэсгийг ч хүртэл бүрэн ухаарах юм.
Зуун дөчин дөрвөн мянгыг хурдан олж, тэнгэрийн хаанчлалд орох нь бидний найдвар мөн л бол анхны сүм хэрхэн богино хугацаанд тийм олон ариун хүмүүсийг үнэн рүү хөтөлж чадсан бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Зөвхөн Библийг бүрэн дагаж үйлдсэн үед л ингэх боломжтой юм. Зөвийг үйлдэх бүхий л аргыг Библи бидэнд зааж өгдөг.
Бурхан биднийг төгс бүтээл болгон бүтээж байгаа. Бурханы хүслийг ёсчлон дагаад, Ноагаас ч илүү зөвт байдлыг үйлдэн, Бурханаас зөвт хүн, төгс хүн гэсэн магтаал сонсох хүмүүс болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Итгэл, үйлсийг хослуулан зөвийг үйлддэг зөвт хүмүүс ээ! Анхны сүмээс долоо дахин илүү агуу хүчтэй Ариун Сүнсний ажлаар унтаж байгаа, үхэж яваа өнөө үеийг сэрээцгээе!