Нэгэн цаазын ялтны харуусал

Зимбабве, Хараре / Шава Макдоналд

12,752 үзэлт

Тэнгэрийн оронд үйлдсэн миний нүгэл ямар харгис хэрцгий болохыг, Елохим Бурханы хайр хичнээн агуу болохыг гүнээ ухаарахад хүргэсэн нэгэн үйл явдал надад тохиолдсон юм.

Манай Булавайо Сион Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ойролцоо байрладаг тул бидэнд нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзах боломж гарч ирдэг л дээ. Нэг өдөр би гэр бүлүүдээ хүлээх зуураа нэгэн настантай уулзсан юм. Тэрээр хуучин ном, хувцсаар дүүрэн гялгар ууттай юм барьчихсан хажууд ирээд суулаа. Тэгснээ надтай мэндлэн, өнгөрсөн амьдралынхаа үүх түүхийг надад хуучлав.

“Хүү минь, чамд төвөг удаж байгааг минь өршөөгөөрэй. Би олон жил шоронд сууж байгаад, өнгөрсөн долоо хоногт өршөөлийн хуулиар суллагдаад гарч ирсэн юм. Би 1985 онд эхнэр, авга ахыгаа хөнөөсөн хэргээр хүн амины хэргээр ял сонссон. Хэргийн дараа шүүхээс надад цаазын ял оноосон. Яг тэр мөчид хамаг амьдрал дуусаж байх шиг л санагдаж билээ. Эхэндээ би зүүдэлж байна уу гэж бодтол сүүлдээ амьдралынхаа эцсийн мөчийг угтах гэж байгаагаа, энэ бүхэн бодит гэдгийг ойлгосон доо.

Манай улсад хэн нэг хоригдолд цаазын ял оноохдоо шоронгийн дүрэмт хувцсан дээр нь “цаазын ялтан” гэсэн тэмдэг тавиад, бүртгэлд оруулдаг юм. Хоригдлууд төрөл төрөгсөдтэйгээ цагийг өнгөрөөх ч эрхгүй, нийгмээс бүрэн тусгаарлагдах ёстой. Тэд хэзээ ч нийгэмд эргэн ирж чадахгүй. Хэрэг гарсны дараа манай гэрийнхэн надаас айж байсан болохоор намайг цаазын ял сонссон тэр өдөр тэдний минь санаа амарсан гэх үү дээ. Олонх нь намайг өршөөлд хамрагдах ёсгүй, үхвэл таарна гэцгээж байлаа.

Яг тэр шөнөдөө би төв шоронд хүргэгдэж, ял гүйцэтгэх өдрийг хүртэл тэнд хоригдох болов. Очиход над шиг үхлээ хүлээсэн олон ялтан тэнд байсан. Намайг шоронгийн дүрэмт хувцас өмсөхөд хянагч нар миний гар дээр бусад ялтнуудынхтай нэгэн адил томоос том “V” үсэг нааж өгсөн юм. Тэр тэмдэг нь удахгүй энэ хүн цаазлуулна гэсэн утгыг илэрхийлж байгаа юм л даа. Бид цаазын ялын дарамтнаас ангижрахын тулд шоронгийн гаднах амьдралын талаар ярилцах, тоглоом тоглох зэргээр хэвийн амьдралаар амьдрах гэж оролдох ч хэн нэг хоригдолд ял гүйцэтгэх бүрд дуут дохио хангинан, бүгд нам гүм байдалд автчихна. Тэр өдөр би үхэх үү, өөр хэн нэгэн үхэх үү гэдгийг хэн ч үл мэднэ. Тийм мөчид бүгд айдаст автдаг ч хэзээ нэгэн цагт би ч бас үхнэ гэдгээ бодож, төд удалгүй тэрийгээ мартчихна.

Тэгээд нэг өдөр би сүрьеэ тусаж, өвчнийхөө улмаас цаазын ялаас чөлөөлөгдсөн юм. Өвчтэй хүн угаасаа л үхэх хойно гээд чөлөөлчихдөг юм билээ. Шоронд багагүй хугацаа өнгөрөөж, өршөөлийн хуулиар би суллагдсан. Гэхдээ хэн ч намайг гэртээ эргэж ирээсэй гэж хүсэхгүй байгаа.

Үйлдсэн хэрэгтээ би туйлын ихээр харамсаж байна. Нийгэмд ч уучлагдашгүй, төрөл төрөгсөд маань хүртэл хүлээж авахгүй болохоор би өөрийгөө дүүжилье гэж бодсон. Хүмүүст өөрийнхөө энэ түүхийг ярих болгонд тэд намайг огт өрөвдсөн шинжгүй байдаг юм. Зарим нь намайг “адгийн амьтан” гээд чичилдэг. Хийсэн үйлдээ би одоо ч харамссаар байгаа. Нүглээсээ болж би гэдэг хүн хэзээ ч амар заяа үзэхгүй дэг ээ.”

Түүний яриаг сонсож байхдаа би маш олон зүйл ойлгож авав. Миний толгойд орж ирсэн хамгийн эхний бодол бол энэ сүүдрийн ертөнцөд ч хэн нэгэн уучлагдашгүй нүгэл үйлдэх юм бол насан туршдаа ийм зовлон шаналан дунд амьдардаг юм байна. Тэгвэл бодит болох тэнгэрийн хаанчлалд үйлдсэн миний нүгэл хичнээн хүнд, хичнээн ноцтой байсан бол оо? Хийсэн хэргээсээ болж тэрээр цаазын ял сонссон шиг би ч бас тэнгэрийн хаанчлалд байхдаа аймшигтай нүгэл үйлдээд “Нүглийн хөлс нь үхэл” гэсэн хувь тавиланг хүлээн авсан шүү дээ. Тэнгэрийн тэнгэр элч нар үйлдсэн гэмийн минь талаар нэгд нэггүй тэнгэр Эцэг Эхэд өчиж байгаа дүр зураг сэтгэлд төсөөлөгдөнө. Тэр настан шоронд хоригдох болсон шиг би ч бас сүнсний шорон болсон энэ дэлхий рүү хаягдаж, үхлээ хүлээхээс өөр аргагүй болж. Дэлхий нээрээ л сүнсний шорон юм даа.

Шоронгийн хоригдлууд хэзээ л бол хэзээ өөрсдөд нь ирж болох үхлийн тухай мартахын тулд янз бүрийн сатаарах зүйл эрж олдог шиг ертөнцийн үй олон хүн эрх мэдэл, эд баялаг, зугаа цэнгэл төдийхнөөр өөрсдийгөө тайтгаруулахыг оролддог юм байна. Миний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлсэн зүйл бол асар ноцтой нүгэл үйлдсэн надаас болж тэнгэрийн гэр бүлийнхэн минь яасан их гашуудаа бол. Үйлдсэн гэмээсээ болж тэнгэр Эцэг Эх, тэнгэрийн ах эгч дүүсээ зовоож шаналгаж дээ гэж бодохоос тэднийхээ өмнө хүлцэл өчихгүй байхын аргагүй.

Нийгмээс тусгаарлагдсан байсан тэр настан шиг би ч бас тэнгэрийн нийгмээс тусгаарлагдсан нүгэлтэн билээ. Нүглээ бодвол би юу ч хүртэх эрхгүй хүн. Гэтэл тэнгэр Эцэг миний хийсэн нүгэл юу гэдгийг мэдүүлж, аврал өгөхөөр энэ газар бууж ирээд загалмайн зовлон эдэлсэн. Тэнгэр Эх минь ч нүгэлт намайг аврахаар энэ дэлхийд ирээд байгаа. Тэнгэр Эх минь олиггүй надаас болж ямар их зовж шаналан, золиос амсаа бол гэхээс сэтгэл шимшрэх юм. Зөрүүд, дуулгаваргүй зангаасаа болж Бурханаас урвасан нүгэлт намайг уучилж, агуу хайраа соёрхсон ивээлд тань талархал өргөе.

Түүнчлэн цаазын ял сонсож байсан настнаар дамжуулан сүнслэг байдлаа олж харах боломжийг надад олгосон тэнгэр Эцэг Эхдээ талархаж байна. Нүгэлт мөн чанараа ялан дийлж, төгс гэмшил, эв нэгдлээр Елохим Бурханаа баярлуулдаг үзэсгэлэнтэй хүүхэд болгож өгөөрэй. Нүгэлт надад соёрхсон хязгааргүй хайр, золиосонд тань мөнхийн талархлыг өргөн барья.