Аврал бидний Бурханд байдаг

9,274 үзэлт

Бурхан хуучин гэрээний үед хуучин гэрээгээр, шинэ гэрээний үед шинэ гэрээгээр үе тус бүрд өөр өөр арга замаар хүн төрөлхтөнд авралын сургаалаа зааж, тэнгэрийн хаанчлалд орох замыг нээж тавьсан билээ. Хуучин гэрээний гол агуулгад Бурхан Сүнсээр авралын үйл явцыг гүйцэлдүүлж байгаа тухай тэмдэглэл байдаг. Харин шинэ гэрээнд махан бие өмсөн энэ газар ирсэн Бурханд хэрхэн хандах тухай сургаал дүүрэн бий.

Библийн 66 номыг судлаад үзвэл Сүнсээр оршиж байсан Бурханыг мэддэггүй хүмүүс, махан бие өмсөөд ирэхэд нь таниагүй хүмүүс, Сүнсээр оршиж байхад нь ч, махан биеэр ч оршиж байхад нь ч төгс хүлээн авч, үйлчлээд ерөөгдсөн хүмүүс гээд 3 төрлийн хүмүүс гарч байна. Бидний сүнсний аврал бол авралын бүхий л түүхийг хөтлөн явуулдаг Бурханыг таньж мэдэхээс хамаарч байдаг. Энэ талаар Библийн сургаалаар дамжуулан судалж үзэцгээе.

Бурханыг мэдэж, Бурханаас эмээхүй нь мэргэн ухааны эхлэл

Хүн төрөлхтний аврал Бурханыг таньж мэдэх, эмээн үйлчлэхээс хамаардаг гэдгийг Библи хүн төрөлхтөнд заан ухааруулж байдаг. Библийн бүх сургаалд сүнснийхээ авралын төлөө бид Аврагч Бурханд зөв итгэх хэрэгтэй гэсэн дүгнэлт бүхий утга агуулагддаг.

“ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл. Ариун Нэгэнийг мэдэх нь ухаарал.” Сур.Үгс 9:10

Энд Ариун Бурханыг мэдэх нь мэргэн ухаан болон ухаарал гэжээ. Хуучин гэрээний үед Сүнсээр оршиж байсан Бурхан шинэ гэрээний үед махан бие өмсөж, газар дээрх ард түмнийхээ дунд оршин, тэдэнтэй ижил амьдрал туулж, хүмүүний амьдралын бүхий л зовлонг биеэрээ амсаж мэдэрсэн юм. Ингэснээрээ хүний амьдралын мөхөс байдлыг ойлгож, бидэнд туслан, бүх сорилтыг ялан дийлүүлэх замаар биднийг хөтөлж байна. Бурханы энэ зүй тогтлыг ойлгосон хүн нь мэргэн ухаантай хүн билээ.

Сүнсээр болон махан биеэр оршдог Бурханыг мэдэж, хүлээн авна гэдэг үнэхээр амаргүй хэрэг. Ялангуяа махан биеэр ирсэн Бурханыг, өөрөөр хэлбэл Христийг ухаарах нь Бурханы нууц бөгөөд Түүн дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг (Кол 1:26, 2:2-3).

Библид махан биеэр ирсэн Бурханыг зөв ухаарч, хүлээн аваад асар их ерөөл авсан итгэлийн өвөг дээдэс гардаг. Мөн Бурханыг ухаарахгүй, саад хийсээр байгаад мөнхийн тамын галд унах болсон мунхаг улсууд ч олон бий.

Бурханыг нүд үзүүрлэсэн хүмүүс

“Орой болоход Тэр арван хоёртойгоо ширээнд тухлан байлаа. Тэднийг зооглон байх үед Тэр —Үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана хэмээхэд… Хүний Хүү Өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна. Харин Хүний Хүүг бариулах тэр хүн золгүй еэ! Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан гэлээ.” Мат 26:20-24

Библид гардаг хүмүүсийн дундаас Есүс Христээс урван, Түүнийг худалдсан Искариотын Иудас шиг мунхаг хүн байхгүй. Тэрээр махан биеэр ирсэн Бурханыг “Багш” гэж өргөмжлөөд, ямагт дагаж байсан атлаа Ариун Нэгэнийг мэдэж чадаагүй юм. Хэрэв таньж мэдсэн бол хэрхэн Бурханыг заръя гэсэн увайгүй мунхаг бодол тээж зүрхлэх билээ? Бурханыг 30 мөнгөн зоосоор солих хэмжээний тиймхэн оршихуй гэж үзсэн Искариотын Иудас сүнсээрээ ч тэр, махан биеэрээ ч тэр дэндүү золгүй төгсгөлтэй учирсан билээ. Есүс түүнийг “Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байхсан” гэсэн байдаг.

Бид Сүнсээр орших Бурханыг ч сайтар таньж мэдэх хэрэгтэй, махан бие өмсөн энэ газарт ирсэн Бурханыг ч хэрхэн таньж, үйлчлэх ёстойг Библиэс сайн ойлгох хэрэгтэй. Бурханыг зөв таньж мэдэх нь үнэхээр дээдийн дээд мэргэн ухаан хийгээд гоц гойд оюун ухаан билээ. Сүнсээр ч оршсон, махан бие өмсөөд ч ирсэн ямар ч нөхцөлд Бурхан бол бидний Бурхан.

“Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвтийн хөшөөг чимдэг. Тэгээд “Бид эцэг өвгөдийнхөө үед байсансан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад, тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэгсдийн хөвгүүд гэдгээ гэрчилж байна. … Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?” Мат 23:29-33

Есүс хуулийн багш, фарисайчуудын хэлбэрдсэн хуурамч итгэлийг ихэд буруушаан зэмлэж, тэднийг золгүй еэ хэмээсэн байдаг. Тэд амаараа Бурханд итгэдэг гэдэг ч тэрхүү Бурханаа алахаар чулуу шидэж (Иох 10:30-33), цохионоос түлхэн унагаж алахаар завдаж ч байв (Лук 4:21-30). Бурханыг танилгүй, ийм бузар муу хэргүүд үйлдсэнийхээ үр дүнд тэд золгүй еэ гэгдэх болсон хэрэг. “Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно” гэж айлдсанчлан тэдний хөтлөлийг дагасан ард олон ч мөн тэдэнтэй адил төгссөн юм.

“… Пилат тэдэнд —Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна? гэсэнд бүгд —Түүнийг цовдол гэцгээв. … харин тэд —Түүнийг цовдол гэж улам ихээр хашхирч байлаа. Пилат… —Би энэ зөвт Хүний цусанд буруугүй. Өөрсдөө мэдтүгэй гэжээ. Тэгтэл бүх хүн —Түүний цус бидний ба үр хүүхдүүдийн маань дээр байг гэцгээв. Тэгээд тэр Барабыг тэдэнд суллан, Есүсийг ташуурдуулаад, цовдлуулахаар өгчээ.” Мат 27:15-26

Иудейчүүд бүр цус урсгасан нүглээ өөрсдийн болон үр хүүхдүүдийнхээ дээр байг гэж хүсэх хүртлээ өөрийнхөндөө ирсэн Бурханыг алахаар завдаж байв. Тэд өөрсдийгөө хэрэндээ л Бурханд сайн үйлчилж байгаа гэж бодсон. Гэвч энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг биш байв (Иох 16:2 үзэх). Энэ мэтээр Бурханд үйлчилдэг гэж ярьдаг хүмүүс махан биеэр ирсэн Бурханыг нүд үзүүрлэж, эсэргүүцсэнээрээ харь хүмүүст аврал нь шилжсэн харамсмаар үйл явдал болжээ.

Бурханыг хүлээн авсан хүмүүс

Өнөө үед бид Библийн бүх сургаалыг үзэж байгаагийн хувиар Бурханыг зөв ухаарч итгээд, махан бие өмсөн хүн болж ирсэн Бурханы бурханлаг чанарыг ойлгож чаддаг байх нь зүйтэй.

“Та нарыг хүлээн авах нь Намайг хүлээн авсан хэрэг юм. Намайг хүлээн авах нь Намайг Илгээгчийг хүлээн авсан хэрэг юм. Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна.” Мат 10:40-41

Эш үзүүлэгчийг таньж, эш үзүүлэгчийг хүлээн авсан хүмүүс нь эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна хэмээсэн. Үүний адилаар Бурханыг танин мэдэж, Бурханы нэрээр Бурханыг хүлээн авсан хүмүүс нь Бурханы шагналыг хүртэх болно.

Израильд олон олон уяман өвчтөн байсан ч Арам улсын Нааман л эдгэрч, үй олон бэлэвсэн эмэгтэйн дундаас Зарефатын бэлэвсэн эмэгтэй л Бурханы ивээлийг олж, 3 жил хагас нүүрлэсэн өлсгөлөнг эсэн мэнд давж гарсан. Гагцхүү тэд л Бурханы хүслийг зөв ухварлан, эш үзүүлэгчийг эш үзүүлэгчээр нь таньж, хүлээн авсан байв (Лук 4:25-27). Үүний адил Бурхан махан бие өмсөн энэ газарт ирэхэд нь Бурханыг ухаарч, үйл хэрэгт нь бага ч болов тусалсан хүмүүст, мөн эмээх сэтгэлээр Бурханыг хүлээн авч, итгэлээр гуйсан хүмүүст хэрхэвч үгүй болшгүй мөнхийн шагнал тэнгэрийн хаанчлалд бэлтгэгдсэн байгаа.

“… их үнэтэй тос бүхий гөлтгөнөн сав барьсан эмэгтэй Түүн дээр ирээд, Түүнийг хооллохоор тухлахад толгойд нь тосоо цутгав. Шавь нар нь хараад зэвүүцэж —Юунд ийм үрэлгэн байна вэ? Энэ тосыг өндөр үнээр зарж, ядууст өгч болох байлаа шүү дээ гэцгээв. Харин Есүс үүнийг мэдээд, тэдэнд —Та нар юунд энэ эмэгтэйд төвөг удна вэ? Тэр Надад сайныг үйлдэв. Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Энэ эмэгтэй бие дээр минь үнэртнийг цутгаснаараа Намайг оршуулгад минь бэлтгэв. Үнэнээр Би та нарт хэлье. Энэхүү сайнмэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно гэлээ.” Мат 26:6-13

Үнэртэн цутгасан энэ явдал уг нь тэгж дурсагдах хэмжээний үйл хэрэг биш л дээ. Харин түүний махан бие өмсөн энэ газар ирсэн Бурханыг хүндэтгэх сэтгэлийг олж харсан учраас л Есүс “Энэхүү сайнмэдээ ертөнцийн хаа ч тунхаглагдсан, энэ эмэгтэйг дурсаж, үйлс нь яригдах болно” хэмээсэн юм.

Бурхан махан биеэр ч оршсон, Сүнсээр ч оршсон ямар ч үед зөв таньж мэдэн, аврал хүссэн хүмүүст л ивээлтэй үр дүн гарч байв. Баруун талын дээрэмчин ч мөн адил. Бүгд л Есүсийг доромжлон гүжирдсэн тийм байдалд Бурханыг таньсан тэрээр загалмай дээрх Есүсээс аврал гуйж байсан. Есүс тэр даруй “Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” гэсэн ганц өгүүлбэрээр аврал хайрласан байдаг (Лук 23:32-43).

Бидэнд ч бас махан биеэр ирсэн Бурханаас эмээн хүндэтгэх ийм сэтгэл байгаа эсэхээ бодож нэг үзээрэй. 2000 жилийн өмнөх Есүсийн үеийн бүхий л үйлс сүүлчийн үетэй золгосон бидэнд шилдэг сургамж болдог. Бурханыг таньж мэдсэн хүмүүс авралын түүхийг үргэлжлүүлсээр эдүгээ Христийн үнэр ертөнцийн төгсгөл хүртэл анхилан түгсэн билээ.

Аврал Бурханд бий

Үр хүүхэд нь эцэг эхийнхээ сэтгэлд том шарх үлдээхээр муу муухай хэрэг хийлээ гэж бодож үзье. Тэр хүүхдээ шийтгэх эсвэл өршөөх эрх мэдэл гагцхүү эцэг эхэд нь бий. Шийтгэх, өршөөх аргыг тогтоох нь бас л эцэг эхээс хамаарна.

Бид нүгэл үйлдээд энэ газарт хөөгдөж ирсэн нүгэлтнүүд. Нүглийг уучлах эрх мэдэл сүнсний маань Эцэг Эх болох Бурханд л бий. Тиймээс хүн төрөлхтөн Бурханы тогтоосон нүглийн уучлалын зам руу ирж байж л авралд хүрч чадна.

Нэгэн өдөр Петр тэнгэрээс бүтээлэг шиг юм доошилсоор газардаж, дотор нь төрөл бүрийн амьтад байгааг үзэгдлээр харжээ. Хаа нэгтээгээс “Петр ээ! Бос, нядлаад ид” гэсэн дуу сонсогдоход тэрээр бузар амьтан идэхээс татгалзав. Учир нь тэрээр Мосегийн хуулийн дагуу цэвэр ба бузар амьтан гэж ялгадаг иудей хүний хоолны зан үйлийг урт удаан хугацаанд уламжлан сахиж ирсэн аж. Тэгтэл дахиад “Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ” гэх дуу сонсогдлоо. Тухайн үед зөвхөн иудейчүүдэд л сайн мэдээ тарааж байсан Петр уг үзэгдэл нь хүмүүсийг харь гэж ялгаварлалгүй, дэлхийн бүх үндэстэнд сайн мэдээ тунхагла гэсэн Бурханы хүсэл болохыг ухаараад, тэр үеэс сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж эхэлсэн байдаг (Үйл 10:1-48).

Энд ч бас Петрийн шийдвэрээр биш, Бурханы шийдвэрээр л аврал тогтоогдож байна. Аврал зөвхөн Бурханд л бий.

2000 жилийн өмнө фарисайчууд болон хуулийн багш нар үсэгт хамаарагддаг тушаалын хуулийг баримталдаг байхад нь Есүс тэдэнд шинэ гэрээний замыг зааж өгчээ. Тэдний хувьд Алгасал баярыг хурганы цусаар биш, талх ба усан үзмийн дарсаар тэмдэглэнэ гэсэн нь ойлгогдошгүй хэрэг байв. Харин Бурхан “Миний цэвэр болгосон юуг ч чи бузар гэж болохгүй” гэж айлдана.

Тэнгэрт үхлийн нүгэл үйлдээд, энэ газар хөөгдөн ирсэн хүүхдүүдийнхээ төлөө Бурхан шинэ гэрээ хэмээх аргаар нүглийг нь уучилж, мөнхийн тэнгэрийн хаанчлалд орж чадах авралын зам нээж тавьсан. Үүнийг зааж ухааруулахын төлөө нэг дэх удаагаа, мөн хоёр дахь удаагаа махан биеэр энэ газар ирсэн юм.

Аврал нь Бурханыг мэдэхээс улбаатай. Авралын үндэс болсон Бурханаа таньж мэдэхгүй, махан биеэр ирээд биечлэн үзүүлж зааж өгсөн авралын чиг шугамаас нь хүртэл татгалзаж байсан анхны сүмийн үеийн түүхийг хараад, бид Бурханаа зөв таньж мэдэн, хүлээн авч, авралын сургаалыг нь бүрэн дагадаг мэргэн ухаантай байх ёстой.

Эцсийн өдрүүдэд Сионд орших махан биеэр ирсэн Бурхан

Бурхан эцсийн цаг үед ч анх ирсэн үеийнх шигээ энэ газар махан бие өмсөж ирээд, авралын замыг зааж өгнө гэж зөгнөсөн байдаг.

“Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүнд цутгана. Олон үндэстэн ирээд, “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.” Мик 4:1-2

Энэ бол эцсийн өдрүүдэд биелэх авралын түүх. Дэлхийн үндэстнүүд хэн аврал өгөхийг мэдэж авчихаад, Бурханы сургаалыг дагахаар Эзэний өргөөний уул болох Сион руу цутган ирцгээж байна. Бурханы тогтоосон зорилго огтхон ч бүтэлгүйтэхгүй, заавал биелдэг.

Эрт үед фарисайчууд Бурханыг танилгүй, амнаас нь гарах шижир алт мэт үгийг эсэргүүцэн мунхаглаж байв. Махан бие өмсөж ирсэн Бурханыг хүлээн авалгүй, ад үзэж байгаа тэр байдал нь өөрөө мөнхийн тамын галд орохоос өөр аргагүй бузар муу үйл байсныг Библи бидэнд хэлж өгдөг.

Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн биеэр ирээд, авралын замыг зааж өгч байна. Үнэхээр авралыг хүсэмжилж байгаа хүн бол Искариотын Иудас шиг “Төрөөгүй байсан бол дээр байхсан” хэмээн гэрчлүүлж, хоёр нүүрт хуулийн багш, фарисайчууд шиг “Хоёр нүүрт та нар золгүй еэ!” гэсэн шийтгэлийн үг сонсохын оронд Христийг зөв таниад, мөнхийн авралд хүрэх хэрэгтэй шүү дээ.

Сионд заадаг Бурханы сургаал нэг бүр нь авралын зам, тэнгэрийн хаанчлалын зам гэдгийг сайтар анхаарч, ой тойндоо шингээх хэрэгтэй. “Энэ бол бидний Бурхан байна” хэмээж, Өөрийг нь баяртайгаар хүлээн авсан хүмүүст Бурхан үхлийг нь мөнхөд залгичихаад, авралаа соёрхдог (Иса 25:6-9).

Сүнс ба Сүйт бүсгүй рүү ирээд амийн ус аваарай

Аврал авч ирсэн Бурханаа таньж мэдээд, сургаалыг нь дагаж байж л итгэлийн эцсийн зогсоол болох авралд ивээлтэйгээр хүрч очно. Харин таньж мэдэж чадахгүй хүн нь ямар ч үнэтэй сургаал зааж өглөө гээд ухаарч чадахгүй. Бурханаас ерөөл авах өч төчнөөн боломж өгөөд байхад хүртэл ядаж Магдалын Мариа, баруун талын дээрэмчин хоёр шиг Бурхан руу ирж, ерөөл авах гэж хүсдэг ч үгүй, гуйдаг ч үгүй.

“Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон “Надад уух юм өгөөч” гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан гэж айлдсанд” Иох 4:10

Бурханыг таньж мэдсэн сэн бол очоод амийн ус гуйх л байсан. Хүн төрөлхтөн бүгд ирээд авсан ч, Бурхан хальтал өгсөн ч Бурханы хувьд энэ нь тун шалихгүй зүйл. Тиймээс бүгдийг өгөхөд бэлэн байдаг Бурхан “Тасралтгүй залбир” хэмээн айлдсан.

Өнөө үед Бурхан Сүнс ба Сүйт бүсгүй болж бидэнтэй хамт байна. Сүүлчийн энэ үед Сүнс ба Сүйт бүсгүй болон ирсэн болохоор сургаалыг нь хүлээн аваагүй хүн огтхон ч аврал авч чадахгүй байхаар Бурхан хүслээ тогтоосон (Илч 22:17). Харин олон хүн Бурханыг таньж мэдэхгүй, махан бие дотор халхлагдсан бурханлаг чанарыг нь харж чадахгүй учраас Сүнс ба Сүйт бүсгүйгээс амийн ус авахгүй харамсмаар байдалтай байгаа.

Аврал нь зөвхөн Бурханд л байдгийг ухааран, бидэнд ирсэн Бурханаа хүлээн авч, эмээн хүндэтгэж, Түүний авралыг даян дэлхийд тунхаглах мэргэн ухаантай байцгаая. Христийг зөв таньж, хүлээн авах итгэлтэй болж, Сүнс ба Сүйт бүсгүй рүү ирээд амийн ус авахыг бүгдээс нь хүсье.