Бүрээдэлтийн өдөр

36,160 үзэлт

Бүрээдэлтийн өдөр нь 3 удаагийн 7 баярын дундаас намрын анхны баяр юм. Намрын баяр буюу 3 дахь удаагийн баяр болох Майхан баяр нь Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүлгийн өдөр, Майхан баяр гэсэн баяруудаас бүрддэг. Израиль ард түмэн бүрээн дуу хангинуулдаг Бүрээдэлтийн өдөр болох юм бол баярын зарлигийн дагуу сэтгэлээ ариусган Эвлэрүүлгийн өдөр хүртэл гэмшдэг байжээ.

Бүрээ нь сүр хүчит дуу гаргадаг хөгжмийн зэмсэг. Юунд зориулсан гэдгээсээ хамааран өглөө босох бүрээ, дайныг мэдүүлэх түгшүүрийн дохио гэх зэрэг янз бүрээр хэрэглэгддэг. Бурханы баяр болох Бүрээдэлтийн өдрийн тухайд Эвлэрүүлгийн өдөр ойртон ирж буйг урьдчилан мэдэгдэж, гэмшлийг шаардахын төлөө бүрээ үлээдэг юм. Бурхан яагаад Бүрээдэлтийн өдөр гэмшлийн бүрээ үлээлгэх болсныг, энэ цаг үед бидний үлээх ёстой бүрээ юу болохыг, бидний гэмших ёстой нүгэл юу гээд энэхүү баярт шингэсэн утга учрыг судлан үзэцгээе.

Бүрээдэлтийн өдрийн үүсэл

Бүрээдэлтийн өдрийн үүслийг ч бусад баяртай адилхан Мосегийн ул мөрөөс олж харж болно. Улаан тэнгисийг гатлан, Синаин цөлд хүрсэн израиль ард түмэн Арван тушаал авахаар Синаи ууланд өгсөн гарсан Мосег 40 хоногийн турш уулнаас бууж ирээгүй болохоор нь үхсэн гэж бодон, өөрсдийг нь хөтлөх бурхан болгож, алтан тугал шүтээн хийжээ. Египетэд боолын амьдралтай байхад нь удирдан хөтөлж, эрх чөлөө өгсөн Бурханы ивээл, хүч чадлыг мартан, шүтээн хийж үйлчилсэн ард түмэнд Бурхан хилэгнэв.

40 хоногийн дараа Арван тушаал бүхий чулуун хавтангаа бариад уулнаас бууж ирсэн Мосе ард түмнийг завхран шүтээн шүтэж байхыг нь хараад уур нь дүрэлзэв. Улмаар авч бууж ирсэн Арван тушаалаа уулын бэлд шидэн, хагалж бутлав. Энэ үед үймээн самуун болж, шүтээн шүтэхэд оролцож байсан 3000 орчим хүн алагджээ.

Төгс хүчит Бурханыг мартан, Бурханы өгсөн хууль тушаалаас холдсон гэдгээ ухаарсан израиль ард түмэн гоёл чимэглэлээ тайлж, Бурханд хандан чин сэтгэлийн гэмшлийн залбирал өргөжээ. Эцэст нь ариун тооллын 6 сарын 1-ний өдөр Бурхан Мосед Арван тушаал дахин авахын төлөө ууланд гарч ирэхийг тушаав. Мосе Синаи ууланд гарч 40 хоног мацаг барьсны эцэст 7 сарын 10-ны өдөр хоёр дахь Арван тушаал аваад бууж ирсэн аж. Бурхан Мосегийн хоёр дахиа Арван тушаал авч бууж ирсэн тэр өдрийг Эвлэрүүлгийн баяр болгон тогтоож, түүнээс арав хоногийн өмнө буюу 7 сарын 1-ний өдрийг Бүрээдэлтийн өдрөөр товложээ.

“ЭЗЭН, Мосед айлдахдаа —Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын эхний өдөр та нар бүрээдэлтээр сануулах бүтэн амралт, ариун цуглааныг сахь. Та нар ямар ч хар ажил бүү хий, харин ЭЗЭНд галан тахил өргөгтүн” гэж хэл хэмээв.” Лев 23:23-25

“Долдугаар сард, уг сарын нэгэнд та нар ариун цуглааныг хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээдэлтийн өдөр болох юм. Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр болох шатаалт тахилыг өргө. Идээн өргөл нь болох тосонд багсарсан сайн гурилыг, буханд ефагийн аравны гурвыг, хуцанд аравны хоёрыг, долоон хурга тусбүрд нь аравны нэгийг өргөх болой. Мөн өөрсдөдөө эвлэрүүллийг хийхээр нүглийн тахилд ямаан сүргээс нэг ухныг өргө. Эдгээрийг тогтоолынх нь дагуу тааламжит үнэр буюу ЭЗЭНд галан тахил болгон шинэ сарын шатаалт тахил болон үүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл ба эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөгтүн.” Тоо 29:1-6

Ариун тооллын 7 сарын 1-ний өдөр нь бүрээ үлээж, дурсан тэмдэглэх Бүрээдэлтийн өдрийн ариун цуглаан юм. 7 сарын 10-ны өдөр нь Эвлэрүүлгийн өдөр болохоор израиль ард түмэн өнгөрсөн нэг жилийн турш хийсэн бүх нүглээ уучлуулж, эвлэрүүлэл хийдэг баяр юм. Тиймээс Эвлэрүүлгийн өдөрт ариунаар бэлдэхийн төлөө арав хоногийн өмнөөс бүрээ үлээн урьдчилан мэдэгдэж байсан өдөр нь Бүрээдэлтийн өдөр юм. Бүрээдэлтийн өдөр үлээдэг бүрээнд нүглийг уучлах Бурханы амлалт биелэхэд аравхан хоног үлдсэн тул сэтгэлээ бүр ч илүү ариусган Бурханыг хүндэтгээрэй гэсэн гэмшил шаардсан утга учир агуулагддаг ажээ.

Бүрээдэлтийн өдөр болон Эвлэрүүлгийн өдөр нь холбоотой баяр. Үүн шиг гэмшил болон өршөөл уучлал нь салшгүй холбоотой. Чин үнэнээр гэмших үед эвлэрүүллийн ивээлийг бид хүртэх юм.

Тэнгэрийн хаанчлал айсуй тул гэмшицгээ

2000 жилийн өмнө Есүс ч мөн энэ газарт ирээд хүмүүсээс гэмшихийг шаардсан байдаг.

“Тэр цагаас эхлэн Есүс —Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуй гэж тунхаглаж эхлэв.” Мат 4:17

Тэнгэрийн хаанчлал ойртон ирсэн үед хүмүүсийн нэн түрүүнд хийх ёстой зүйл бол гэмшил. Учир нь төгс гэмшилд хүрэхгүйгээр Бурханы хүсэлд бүрэн дуулгавартай байж чадахгүй, тэнгэрийн хаанчлалд ч орж чадахгүй.

Хэрэг хийсэн ч үйлдсэн гэмээ ухаарч чадахгүй байгаа хүмүүсийн яриа сонин, телевизийн мэдээгээр гарах нь бий. Нүглээ ухамсарлахгүй, өөрийнх нь хийсэн хэрэг зөв үү, буруу юу гэдгийг ялгаж салгаж чадахгүй хүмүүс хичнээн хүнд шийтгэл авлаа ч гэм нүгэлдээ гэмшдэггүй, ухаарч сэхээрч чаддаггүй аж. Сүнсээр ч мөн хүн хийсэн нүглээ ухаарахгүй л бол гэмшиж чадахгүй, гэмшиж чадахгүй бол Бурханд итгэх итгэл ч, дуулгавар ч, жинхэнэ хайр ч тэр хүнээс гарахгүй юм. Библид хичнээн “Үргэлж баяртай бай, тасралтгүй залбир, бүх зүйлд талархлаа өргө” гэсэн ч ингэх ёстойн шалтгааныг ухаарахгүй шүү дээ.

“Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга. Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ. Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.” 1Иох 1:8-10

Библид биднийг нүгэлгүй гэвэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга хэмээн мэдүүлж байна. Бид бол нүгэлтнүүд. Энд хэлж байгаа нүгэл нь үндсэндээ бидний махан бие өмсөхөөс өмнө тэнгэрт үйлдсэн нүглийг зааж байгаа хэрэг. “Гэмшицгээ” гээд, нүгэлтэн гэдгийг маань ойлгуулсан Есүс бидний үйлдсэн нүгэл хилэнц, гэм буруугийн тухайд дараах сургаалт зүйрлэлээр ийн тайлбарласан байдаг.

“Тэр —Хоёр хүүтэй нэг хүн байжээ. Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө ногдох хувийг минь надад өгөөч” гэхэд… бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын орныг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв. … Тийнхүү тэр ухааран “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. Би босоод эцэгтээ очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв. Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв. …” Лук 15:11-21

Хүү эцэгтээ очъё гэсэн нь түүний сэтгэлд гэмшил бий болсныг илтгэж байна. Есүсийн зааж өгсөн тэнүүлч хүүгийн сургаалт зүйрлэлийн гол агуулгыг гэмшил гэж хэлж болно.

Сургаалт зүйрлэлд бидний нүглийн тухайд эцгийнхээ хөрөнгийг үрэн таран хийсэн мэтээр илэрхийлсэн боловч Библийг нягтлан судалбал урьд өмнө тэнгэр элчийн ертөнцөд үйлдсэн бидний нүгэл хэрхэвч хөнгөн биш юм. Библид биднийг тэнгэрийн сүр жавхлангаар бялхан, зүрх нь бардам болж, нүгэл үйлдээд энэ газар руу хөөгдсөн тэнгэр элч нар гэдгийг маань мэдүүлж байна (Езе 28:11-17, Иса 14:4-15 үзэх). Бидний үйлдсэн нүгэл бол бүр нүгэл нүгэлдээ цаазын ялтай дүйцэх хэмжээний онц хүнд нүгэл байсан юм (Ром 6:23).

Тэнгэрт үйлдсэн нүглээ мэдэхгүй энэ газарт махан биеийн шунал хүслийн араас хөөцөлдсөн бид тэнүүлч хүү шиг байдалтай байсан. Сургаалт зүйрлэлд гарч байгаа хүү гэмшсэн үедээ эцэг эхийнхээ хайрыг дурсаж, эх нутагтаа эргэн иржээ. Үүн шиг бид ч гэмшсэн үед л нүглийг маань уучилж, баяртайгаар угтан авсан Эцэг Эхийнхээ ивээл хайрыг ухаарч, тэнгэрийн эх нутагтаа буцаж чадах юм.

Гэмшсэн хүнд Бурхан баярладаг

Бүрээдэлтийн өдөр бид жинхэнэ гэмшлийг биднээс шаардсан Бурханыхаа хүслийг зөв зүйтэй ухаарч, сэтгэлээсээ Бурханыг хайрлан хүндэтгэж, мөнхийн тэнгэрийн хаанчлал өөд чиглэн гүйх хэрэгтэй. Өнгөрсөн үеийн нүглээ мартан, одоо ч Бурханы хүсэлд бүрэн дуулгавартай байж чаддаггүй нүгэлт төрхтэй хэвээр байгаа бол одооноос бүрэн гэмших хэрэгтэй. Бурхан үхэх заяатай болсон нүгэлтэн чин үнэнээр гэмшин сүнс нь амьдрахад хамгийн их баярладаг аж.

“Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө. Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе. Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо” гэв. … Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.” Лук 15:22-32

“ийм сургаалт зүйрлэл тэдэнд айлдав. —Зуун хоньтой байтал нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй хүн та нарт байна уу? Тэгээд хонио олбол тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн, гэртээ ирж, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ. Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвтөөс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.” Лук 15:3-7

Юу юунаас илүүтэй нүгэлдээ гэмшин, Өөр рүү нь ирж байгаа хүүхдүүдээ Бурхан тэнгэрийн хаанчлалын хаалган дээр хүлээж байгаа. Бид Эцэг Эхийнхээ энэ сэтгэлийг ухаарч, өнгөрсөн гэм нүглээ бүрэн гэмших хэрэгтэй юм.

Бидний нүглийг уучилсан Христ

Биднийг нүглээс чөлөөлөхөд Өөрийнхөө үнэт цусыг бидний нүглийн хөлс болгон өмнөөс маань төлсөн Христийн золиос байсан юм. Есүс бидний час улаан нүглийг уучлахаар загалмайд үнэт цусаа урсган бидний өмнөөс үхсэн билээ. Ийнхүү нүглээсээ болоод үүрд үхэх заяатай байсан биднийг нүгэл дундаас аварч гаргасан юм.

“Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь, нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үйлдсэнээр үхэл нь бүх хүнд иржээ. … ирэх байсан Түүний дүрс болох Адамын… Ганц хүний алдаа зөрчлөөс болж ганц хүнээр дамжин үхэл нь ноёрхсон юм бол, тэгэх тусмаа нигүүлслийн баялгийг болон зөвт байдлын бэлгийн дүүрэн хүртэгсэд нь Есүс Христ гэгч ганц Хүнээр дамжин амь дор ноёрхоно. Тийнхүү ганц алдаа зөрчлөөс болж бүх хүн ялд унасны адил, ганц зөвт үйлээс болж бүх хүн амийн зөвтгөлд хүрэв. Учир нь ганц хүний дуулгаваргүйгээс болж олон нь нүгэлтэн болсны адил Ганцын дуулгавраас болж олон нь зөвт болгуулна.” Ром 5:12-19

“Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Хэдийгээр Тэрээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй, харин Өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон Тэрээр Өөрийгөө мөхөс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв. …” Фил 2:5-11

Есүс Христ “Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч” хэмээн тэгтлээ залбирах хэмжээнд тийм их зовлон тарчлал амссан. Гэвч тэр л явцыг дамжихгүйгээр хүүхдүүдийнхээ нүгэл, алдаа эндлийг өмнөөс нь төлж чадахгүй гэдгийг мэдэж байж. Тиймээс Библид зөгнөсөн Бурханы хүслийг даган, бидний гэмийг үүрч, үхэлд хүртэл дуулгавартай байжээ. Тэрээр загалмай дээрх золиосоороо дамжуулан бүх хүнийг нүглийн гинжнээс чөлөөлж, авралын замд хөтөлсөн юм.

Биднийг хайж энэ газарт ирсэн Христ эвлэрүүллийн үнэт цусаараа бүх нүглийг маань уучилсан байхад бид дахин нүглийн сүүдэрт халхлагдан, нүгэл үйлдэж болохгүй. Бүрэн төгс гэмшсэн хүн дахин нүгэл үйлдэхгүй. Сионы гэр бүлүүд маань Христтэй хамт дахин амьдрахаар шийдсэн л бол хуучин хүнээ тайлаарай гэсэнчлэн нүгэлт зуршлаа бүгдийг хаяад, шинэ хүнийг өмсөцгөөе. Библид итгэгчдийн сайн үйлсийг Хурганы Сүйт бүсгүйн нарийн маалинган хувцас гэж мэдүүлж байна (Илч 19:6-8).

Бид өөрсдөө гэмшихгүй бол дэлхий дахиныг гэмшүүлж чадахгүй. Биднийг гэсэн Бурханы золиосыг ухаарсан бол өөрсдийнхөө амьдралыг эргэн харж нүгэл, гэм буруугаа Бурханы өмнө өчин бүрэн гэмшээд, ариун байдал ба итгэл сүсэг бүхий төрхөөр Бурханыг баярлуулах хэрэгтэй.

Дэлхийд хандан гэмшлийн бүрээ үлээ

Бүрээдэлтийн өдрийн тухайд хуучин гэрээний үед Эвлэрүүлгийн өдөрт бэлтгүүлэх бүрээ үлээдэг байсан төдийгөөр утга учир нь дуусчихгүй. Энэ үед бидний үлээх ёстой бүрээ юу болохыг зааж өгдөг баяр юм. Сүүлчийн сайн мэдээний үед амьдарч байгаа бид дэлхийг чиглэн гэмшлийг шаардсан бүрээ үлээх хэрэгтэй. Бурхан бидэнд Бүрээдэлтийн өдрийг зөвшөөрч өгсний цаана бид зөвхөн өөрсдөө гэмших биш, бүх хүнийг чиглэн гэмшлийн бүрээ үлээ гэсэн хүсэл агуулагдаж байгаа.

Бурханаас холдон зугтсан Иона эш үзүүлэгч гэмшсэний дараа шууд гэмшлийн бүрээ хүчтэйгээр үлээж, Ниневе хотын зуун хорин мянган хүнийг гэмшүүлсэн байдаг. Есүсийг үгүйсгэсэн Петр гэмшээд, Христийн сайн мэдээг тунхаглан, өдөрт 3000 хүнийг гэмшүүлж үнэн рүү хөтөлсөн. Бид ч бас гашуудан харуусаж, гэм нүглээ улайн гэмшиж, дэлхий дахинд хандан гэмшлийн бүрээ үлээн хүн төрөлхтнийг авралын замаар хөтлөх учиртай.

Энэ бүрээ нь “Тэнгэрийн хаанчлал ойрхон ирсэн тул нүглийн уучлал аваад тэнгэрийн орон яваарай” гэсэн сайхан мэдээг сонордуулж байгаа шүү дээ. Бүрээн дууг сонсоод, гэмшиж тус тусын нүглээ ухаарсан хүмүүс Бурханы өмнө ирээд нүглийн уучлал авах юм. Энэ мэт сүнслэг агуу их утга учир шингээстэй баяр бол Бүрээдэлтийн өдөр.

Библийн түүхийг сөхөн харвал бүрээ үлээсний ард ялалтын үр дүн байдаг. Гидеон болон гурван зуун дайчин нэг зэрэг бүрээ үлээн хашхирах үедээ Мидианы зуун гучин таван мянган цэргийг үлдэн хөөж ялалт байгуулсан. Мөн Иошуагийн цэргүүд Иерихо хотыг долоон удаа тойроод бүрээ үлээмэгц хот нурж унасан байдаг шүү дээ. Тэд Бурханыг түшин, тушаасных нь дагуу л гүйцэтгэсэн төдий. Ямар үр дүн гарахыг нь бол мэдээгүй. Харин Бурхан ялуулах нь гарцаагүй гэсэн итгэлтэйгээр гүйцэтгэсэн.

Сүүлчийн Ариун Сүнсний үеийн бидний үлээх ёстой сайн мэдээний бүрээ ч адилхан. Бүрээ үлээсний ард зайлшгүй ялалтын түүх дагалддаг. Бүрээ барьчихсан хэрнээ үлээхгүй бол ямар утга учир байх билээ? Бүгдээрээ дэлхийн бүх хүнийг чиглэн сайн мэдээний бүрээгээ тодорхой бөгөөд хүчтэйгээр үлээцгээе. Тэгэх явцдаа чин сэтгэлээсээ гэмшицгээе. Тийнхүү Бурханы хаанчлалд орохдоо толбогүй, гэм зэмгүй төрхөөр цэх зогсох хүүхдүүд болоорой хэмээн дахин захих байна.