Итгэл ба гайхамшиг

21,355 үзэлт

Олон хүн Христэд итгэхээсээ өмнө гайхамшиг үзэх гэдэг. Мэдээж Бурхан төгс хүчит учраас ямар ч гайхамшиг үйлдэж чадна.

Тэгвэл Христийн үйлддэг гайхамшиг гэж юу юм бол? Хүмүүс суугаа өвчтөн босож алхах, сохор нь хараа орох төдийг л гайхамшиг гэлцдэг. Харин Бурхан аль хэдийн илүү том, илүү агуу гайхамшгийг тоймгүй олон удаа үйлдсэн болохоор иймэрхүү хэмжээний гайхамшиг нь үнэндээ тийм ч сүртэй юм биш.

Юмсыг итгэлийн нүдээр харвал бид хязгааргүй олон гайхамшиг харж болно. Тэр дундаас Бурханы үйлдсэн хамгийн агуу гайхамшиг нь нүглээсээ болж үхэх тавилантай байсан бидний сүнсийг мөнх амийн үгээр аварч амьдруулсан явдал юм. Энэ бол шинэ гэрээний гайхамшиг.

Есүсийн үйлсээр дамжуулан чухам ямар хүн гайхамшиг үзэж чадах вэ гэдгийг судалж үзээд, Бурханы хамгийн агуу гайхамшгийг биеэрээ үзэцгээе.

Гайхамшгийг биеэрээ үзсэн хүмүүсийн онцлог

“Тэр завинд сууж, туулан явсаар Өөрийнхөө хотод ирлээ. Үзэгтүн, нэгэн саа өвчтөнийг дэвсгэртэй нь Түүнд авчрахад Есүс тэдний итгэлийг хараад, саа өвчтөнд —Хүү минь, зоригтой бай. Нүгэл чинь уучлагдсан гэв. … —Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь гэсэнд мөнөөх нь босож, гэрийнхээ зүг явлаа. Харин хурсан олон үүнийг хараад айн сүрдэж, хүнд ийм эрх мэдэл өгсөн Бурханыг алдаршуулав.” Мат 9:1-8

“… Есүс босож, түүнийг дагахад шавь нар нь ч бас дагав. Гэтэл арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрсэн агаад тэр эмэгтэй —Түүний дээлд нь л хүрчихвэл би эдгэнэ гэж өөртөө үглэн байжээ. Есүс харин эргэнгээ мөнөөх эмэгтэйг хараад —Охин минь, зоригтой бай. Итгэл чинь чамайг аврав гэлээ. Тэр цагаас эмэгтэй эдгэрчээ.” Мат 9:18-22

“Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. Айлд орсных нь дараа сохрууд Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд —Тийм ээ, Эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. …” Мат 9:27-30

Есүсийг хүч чадлаа харуулах бүрд нь үргэлж нэг чухал болзол тавигддаг байв. Энэ бол итгэл юм. “Итгэлийн чинь дагуу болог” гэж хэлэхэд нь хоёр сохор хүнд хэрвээ итгэл байгаагүй бол чухамдаа нүд нь хараа орох байсан болов уу? “Итгэлийн чинь дагуу болог” гэсэн үг тэдний итгэлтэй хосолж байж л гайхамшиг бий болгожээ.

Саа өвчтэй хүний өвчнийг эдгээхдээ ч Есүс тэдний итгэлийг харсан байдаг. Итгэл сайтай цус алддаг өвчтэй эмэгтэйд ч мөн гайхамшгийг мэдэртэл нь ухаарал өгсөн юм. Гагцхүү итгэлтэй хүн гайхамшиг үзнэ хэмээн Библид тайлбарласан байдаг.

Елишагийн үед Израильд үй олон уяман өвчтөн байсан ч сири хүн Нааман ганцаараа л Елиша руу очиж, эдгэрэх гайхамшиг үзсэн. Мөн Елиагийн үед олон бэлэвсэн эмэгтэй байсан ч Зарефатын бэлэвсэн эмэгтэй л Елиаг дайлж, гурил нь дуусахгүй байх гайхамшгийг үзсэн (Лук 4:25-27). Тэд гайхамшгийг үзэж чадсан нь эш үзүүлэгчийг зөв таньж, хүлээж авах сэтгэлтэй байсных юм.

Гэвч энэ хэмжээний гайхамшиг бол Бурханы хүч чадлын хажууд тийм ч том гайхамшиг биш. Итгэлтэй байж, сүнслэг нүдээр харвал Бурханы үйлдэж байгаа дуусашгүй их гайхамшгийг бид харж чадна.

Итгэлийн нүдээр харах гайхамшиг

Бурханы мутар хүрч, Бурханы үг тархсан газар бүр гайхамшиг бий болохгүй байна гэж байдаггүй. Үнэн эгэл юмсын дунд оршдогийн адил гайхамшиг ч бас эгэл юмсын дунд оршдог.

Үнэндээ Бурхан тоймгүй олон гайхамшгийг энэ дэлхий дээр харуулж байдаг. Гэвч ихэнх хүмүүс энэ бүгдийг гайхамшиг биш жирийн нэг байдаг л зүйл мэт үздэг. Харин эргэн тойрондоо байгаа бүхий л зүйлийг ухаалгаар ажиглан харвал Бурханы бүтээсэн энэ ертөнц өөрөө тэр чигтээ гайхамшиг гэдгийг, бид гайхамшиг дотор оршин байдгаа мэдэрнэ.

Бодоод үзэхээр дэлхий гэгч өөрөө гайхамшиг биш үү? Бөөн шороонд үр суулгаж, услах төдийд л нялх нахиа соёолж, ургаж томроод цэцэг дэлбээлэн үр жимс гаргана. Яаж ганцхан бяцхан үр суулгахад хожим нь сүрлэг сайхан мод болж ургадаг байна аа. Илбэчин ханцуйн дотроосоо ямар нэг юм гаргаад ирэхэд хүмүүс үүнийг ер бусын гайхамшиг гэж алмайрдаг ч энэ нь ердөө нүд хуурахаас хэтрэхгүй зүйл. Үнэн хэрэгтээ бидний эргэн тойронд байнга л оршдог байгаль эх маань өөрөө жинхэнэ агуу гайхамшиг шүү дээ.

Дэлхий ингэж хурдтай эргэлдэж байхад бид яагаад доргилт мэдэрдэггүй юм бол оо? Эдгээр нь цөм гайхамшиг. Магадгүй хэн нэгэн хүн хана өгсөн алхдаг ч юм уу таазнаас тонгоргоо харан зүүгдвэл та бүхэнд сонин жигтэй санагдах байх. Харин бид өдөр тутам иймэрхүү байдаг хэр нь үүнийгээ мэдэрдэггүй. Бид, мөн бөмбөрцгийн нөгөө өнцөгт байрладаг улс орны иргэд ч тэр бүгд л толгойгоо тэнгэр өөд харуулаад, хөлөө газар тавин зогсож байгаа мэт байвч сансраас ажиглаж харвал аль нэг тал нь уруугаа харсан байгаа. Нөгөө өнцгийнхөн зогсож байхад бид уруугаа харан зүүгдсэн байгаа.

Эргэн тойронд өдөр тутам ийм олон гайхамшиг үзэгдэж байхад хүмүүс байнга хараад байдаггүй ямар нэг зүйлээ харж байж л гайхамшиг гэж боддог. Тиймээс 2000 жилийн өмнө ч гайхамшиг тэмдгийг нэхэж байсан иудейчүүдэд “Эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй” хэмээн Есүс айлдсан байдаг.

Ионагийн тэмдгээс өөр тэмдэг өгөгдөхгүй

“Тэгтэл хуулийн багш нар ба фарисайчуудын зарим нь Түүнд —Багш аа, бид Танаас тэмдэг үзэхийг хүсэж байна гэсэнд Тэр харин тэдэнд —Ёрын муу болоод завхай үеийнхэн тэмдэг эрж хайдаг. Гэвч эш үзүүлэгч Ионагийн тэмдгээс өөр тэмдэг тэдэнд өгөгдөхгүй. Иона аварга загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байсанчлан Хүний Хүү газрын зүрхэнд гурван өдөр, гурван шөнө байх болно.” Мат 12:38-40

Эш үзүүлэгч Иона гурван өдөр, гурван шөнө загасны гэдсэн дотор байсан шиг Есүс мөн гурав хоногийн турш булшин дотор байсан. Тэгээд үхлийн эрх мэдлийг ялж, амилснаар биднийг мөнх амьдрах амьд найдвартай болгосон.

Гайхамшиг дундаас үхсэн хүнийг амьдруулах нь хамгийн алмайруулам гайхамшиг. Дахин амьдруулахдаа сайндаа л хэдэн арван жил амьдраад дуусчих хязгаарлагдмал амь биш, мөнх амийг өгнө. Энэ нь л хамгийн том гайхамшиг. Тиймээс Есүс “Ионагийн гайхамшиг”, өөрөөр хэлбэл үхлийг мөхөөж, мөнх амь өгөх гайхамшгийг Христийн цорын ганц тэмдэг, гайхамшиг хэмээн айлдсан.

Бурхан ганцхан үгээр далай хуваах гайхамшгийг ч үзүүлж чадна. Өндөр уулсыг нүүлгэж, тэнгэр газрыг ч бүтээж чадна. Харин ийм гайхамшгийг үзүүллээ гээд энэ нь бидэнтэй ямар хамаарал байх билээ?

Гагцхүү сүнсийг минь хайрладаг Бурхан нүглийнхээ улмаас үхэж байсан бидэнд шинэ гэрээний үгээрээ мөнх амийг өгсөн. Өөр бусад ямар ч гайхамшгаас илүү ганцхан үгээр мөнх амь өгөх энэ гайхамшгийг үзэх үед бид Бурханаа олж илрүүлж чадна.

Мөнх амийн гайхамшиг хараад дагах итгэл

Есүсийг таван арвайн талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллож, үлдэгдэл нь арван хоёр сагс дүүрэхэд хүмүүс ихэд гайхан шагширчээ. Эцэстээ тэд Есүсийг хаан хүртэл болгох гэв. Харин Есүс иймэрхүү зүйлийг гайхамшигт тооцоогүй.

Бурхан юуг хамгийн том гайхамшигт тооцдог юм бол? Египетэд арван гамшиг буулгах үед голын усыг цус болгож, бүх нутгийг мэлхийгээр дүүргэн, гурван өдрийн турш түнэр харанхуй болгож байлаа. Сонин содон гайхамшгуудыг ар араас нь үзүүлж байв. Гэсэн ч итгэлгүй Фараон хормын зуур гайхсан ч шөнийн зүүдээ унтаж босоод мартахтай адил Бурханы хүч чадлыг тэр дороо мартаж байсан юм. Дээрээс нь бас голын усыг цус болгох үед Египетийн илбэчид ч адилхан ид шид үзүүлсэн болохоор Фараоны зүрх улам хатуурч байв.

Гагцхүү Бурханы л хийж чадах ажил бол мөнх амь өгөх. Зөвхөн Бурхан л бидэнд мөнх амь өгч чадах болохоор Есүс үүгээрээ Өөрийгөө гэрчилж байлаа.

“Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ.” Иох 6:27

Есүс зөвхөн Өөрийгөө л мөнх амийн хоол өгч чадна хэмээн айлдсан. Харин мөхөж устах хоолонд л сонирхолтой байсан хүмүүс Есүсийг таван арвайн талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллоход сонин содон гайхамшиг гэж дагаж байснаа мөнх амьтай холбоотой үг айлдангуут ойлгохгүй, бүгд зайлан оджээ. Тэдэнд жинхэнэ гайхамшгийг харах итгэлийн нүд заяасангүй.

“… Үүнээс болж Түүний дагалдагчдаас олноороо буцаж, цаашид Түүнтэй хамт явсангүй. Тэгээд Есүс арван хоёртоо —Та нар бас явахыг хүсэж байна уу? гэхэд Симон Петр Түүнд —Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна. Та бол Бурханы Ариун Нэгэн мөн гэдэгт бид итгэсэн мөн таньж мэдсэн гэсэнд” Иох 6:65-69

Дагалдагч нар жинхэнэ гайхамшгийг үзсэн. Таван мянган хүн Есүсийг талх, загасаар өлийг нь түрхэн зуур дарахыг л харсан. Харин Петр болон бусад дагалдагч өөр гайхамшиг үзсэн болохоор эцэс хүртлээ Христийн зам мөрийг дагасан.

Таягаа могой болгох эсвэл голын усыг цус болгохыг илбэчид ч хийж чадна. Харин үгээр мөнх амь өгөх гайхамшгийг түүхэнд хэн ч дуурайж чадахгүй. Энэ гайхамшгийг үйлдэж чадах Нэгэн Бурханаас өөр байх уу? Тиймээс Петр “Бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна” гэж сөргүүлэн асууж, Христийг дагасан байдаг.

Мөнх амийн гайхамшиг үйлддэг бидний Бурхан

Жинхэнэ гайхамшгийг зөв таньж Христийг дагасан Петр шиг бид ч мөн Бурханы л үйлдэж чадах гайхамшгийг итгэлийн нүдээр харж, Сүнс ба Сүйт бүсгүйг дагах хэрэгтэй. Исаиа эш үзүүлэгч эцсийн өдрүүдэд Сионд Бурханы үйлдэх гайхамшгийн тухай дурдаад, үүгээр нь Бурханыг таньж мэднэ хэмээжээ.

“Түг түмдийн ЭЗЭН энэхүү уулан дээрх (Сион уулан дээрх) бүх ард түмэнд хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ. Энэ уулан дээр Тэр ард түмний нүүрний халхавч, бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина. Тэр, үхлийг мөнхөд залгина. … Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол Бурхан маань байна. Тэр аврахыг бид хүлээж байсан. Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ. Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэцгээе!” гэх болно.” Иса 25:6-9

Бурхан хуучин дарсаар үхлийг мөнхөд залгих гайхамшгийг харуулсан. Мөн энэ гайхамшгийг үйлдэх Нэгэнийг бидний Бурхан гэж таниарай хэмээсэн байна.

Итгэлийн зөв нүдтэй хүмүүс Бурханы гайхамшгийг зүй ёсоор харсан. Тэд баяр хөөртэйгөөр Аврагч болох Бурханаа хүлээн авч байхад ихэнх хүмүүс харин ч 2000 жилийн өмнөх иудейчүүд хэрхэж байсны адил хамгийн том гайхамшгийг нь ухааралгүй, Христийг зөв хүлээн авч чадаагүй.

Ертөнцөд талх ба усан үзмийн дарсаар хэн мөнх амийг өгч чадах вэ? Зөвхөн Бурхан л ийн өгч чадна. Тэгээд Бурхан яаж ч содон гайхамшиг үзүүллээ гэсэн итгээгүй хүмүүс огт ухаарч чадахгүй бөгөөд Христийг орхиж, авралаас салан одно.

Бурханы үг гарсан газар бүрд Бурханы гайхамшиг гарна

Бид одоо Бурханы цогцлоосон түмэн зүйлийн гайхамшиг дунд амьдарч байна. Итгэл л байвал тэр бүх гайхамшгийг харж чадна.

Бурханы үг гарсны дараа итгэлийн ертөнцөд ямар өөрчлөлт гардгийг бодоод үзээрэй. “Амралтын өдрийг ариунаар сахь” гэвэл энэ үг гарсны дараа болох өөрчлөлтийг бодож үзэцгээе. Энэ үг гарах газарт биелэгдэх мөнхийн амралт харагдахгүй байна уу? Итгэлээр энэ үгийг харах үед бид Бурханы авралын их үйл хэргийн ард дагалдах мөнхийн аз жаргал, амар амгалан, тэнгэрийн амралт гэдэг гайхамшгийг мэдэрнэ.

Алгасал баярын талх, усан үзмийн дарс өгөөд “Идэж, уувал мөнх амьтай” гэж айлдвал энэ үгийн ард гарах өөрчлөлтийг бодож үзье. Мөн “Олныг зөвт байдалд авчрагчид од мэт үүрд мөнх туяарах болно” гэсэн үгийн ард биелэх Бурханы гайхамшгийг мэдэрч үзэцгээе.

Бурхан бол гайхамшгийн Бурхан. Бурханы үйлддэг гайхамшиг дунд хамгийн том гайхамшиг бол талх, усан үзмийн дарсаар мөнх амийг зөвшөөрч, бидний дотор Бурхан оршиж, Бурханы дотор бид орших Алгасал баярын гайхамшиг билээ.

Бүхий л зүйл гайхамшиг байхад зүгээр л Библид гардаг ид шидийн үг хэмээн бодож, тоомжиргүй өнгөрөөж бид болохгүй. Ертөнцийн түг түмэн хүн гайхамшгийг гайхамшиг гэж харж чадахгүй, хажуугаар нь өнгөрдөг. Харин бидэнд Бурханы гайхамшгийг зөв харж чаддаг ухаан хэрэгтэй. Петр шиг итгэлийн нүдээр жинхэнэ гайхамшгийг харж, Сүнс ба Сүйт бүсгүй хаашаа ч хөтөлсөн эцсээ хүртэл дагах мөнх амийн хүүхдүүд болохыг бүгдээс нь хүсэж байна.

Сүнслэг нүдээр харах юм бол бидэн шиг том гайхамшиг дунд амьдарч байгаа хүн гэж үгүй. Самари болон дэлхийн хязгаар хүртэл Бурханы яруу алдрыг улам хүчтэй тунхаглаад, олон хүнийг энэ ер бусын гайхамшиг дотроо уриад, сүнслэг дамжуулагчийн үүргээ бүрэн биелүүлэхийг хүсье.